Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

#WomenWhoDare | Г.Ариунсанаа: Би амархан замыг сонгодоггүй, бүх ажлыг сорилт гэж бодоод зүтгэдэг


Түүний талаар  олон сонирхолтой зүйлсийг сонсоод их хорхой хүрч, хурдан танилцах юмсан гэж бодож явсаар нэгэн сайхан нартай өдөр уулзаж ярилцав. Амьдрана гэж адал явдлаар дүүрэн, үргэлж өөрийгөө нээж, туршиж, хөгжүүлж, дээшилж, дэвшиж явахыг л хэлдэг ажээ. Яг өөрийнхөөрөө байгаа нь, ямар амар тайван байгааг нь харахад түүнээс нэг их  тайвшрал мэдрэв.  Ярилцаж дууссаны дараа түүний мөрөөдөл удахгүй биелэх нь тун тодорхой санагдлаа. Ёстой юу л бол юуг л хийж бүтээх чадалтай  бүсгүй Г. Ариунсанаааг  Ub.life “Women who dare” булангаараа танилцуулж  байна. 


-Одоо ямар ажил эрхэлдэг вэ?

-"Steppe Fixers Mongolia" компанид продюсер, зураглаачаар ажилдаг. Гаднын уран бүтээлчид  клип, кино, реклам хийхээр Монголд ирэхэд нийлээд ажиллана.  Жишээ нь, зуун морьтой зуун хүүхэд, англи хэлтэй бөх хайх гээд юу эсийг хийнэ. Монголд ирэхээс өмнөх судалгаа, төсөв, хэн хаана унтах уу, хаана хэзээ ямар хоол идэх үү гэдгээс эхлээд бүх зүйлээ төлөвлөнө. Монголынхоо бүх аймгуудаар аялж үзсэн.

-Яаж яваад зураглаач болсон бэ?

-14 настайдаа нэг хамтлагт гоцлол гитарчин байлаа. Дараа нь гэрэл зураг сонирхож, хальсаар зураг авч эхэлсэн. Хятад хэлэндээ сайн байсан учраас Хятад руу явж сургуульд сурахаар боллоо.  Камер, техник хэрэгсэлд их дуртай байсан болохоор “За ямар ч байсан нэг хэрэгтэй юм суръя” гэж бодоод зураглаачийн ангид оров. Эхэн үедээ юу ч ойлгохгүй уйлах шантрах үеүд зөндөө байлаа. Дараа нь ангийнхантайгаа дотносоод, гэрэл зураг аваад, богино, баримтат кинонууд хийж үзээд мэргэжилдээ дурласан. 16 настайдаа бол амьд хөгжим сонсдог, “dark” төрлийн охин байлаа (инээв). Ер нь сонирхол татсан зүйлээ ядаж л оролдоод үзэх, шинэ юм сураад туршаад явах сонирхолтой. Саяхан морин хуур дээр дөрөв таван ая тоглож сурсан.

-Саяхан Оман улс руу яваад ирсэн байсан, энэ аяллынхаа талаар хуваалцаач?

-Ачаалалтай ажилдаг учраас жилдээ нэг сар чөлөө аваад аялахыг боддог. Энэ жил манайхтай хамтарч ажилдаг аялал жуулчлалын Араб компаниас Оманд сар ажиллах боломж байсан учраас тийшээ явж шинэ улс орон үзэнгээ ажлаад ирье гэж бодсон. Тэнд олон сайхан хүмүүстэй танилцаж маш сонирхолтой байсан учир аялалаа нэг сар сунгасан. Шинэ жилээр 100 гаруй Араб хүнтэй шинэ жил тэмдэглэж байлаа. Үнэхээр “супер” эмэгтэйчүүдтэй танилцсан. Исламын шашны хувцсаа өмсөөд, толгойгоо алчуураар ороосон хэрнээ сурфинг хийж байгаа эмэгтэйг харахад сүрдмээр сайхан байдаг юм билээ.


-Арабын орны хүмүүсийн онцлог шинж чанар, таалагдсан зүйл нь юу байв?

Хоёр найз хоорондоо зохицож чаддаг, нэг нь исламын шашны хувцсаа өмсөөд архи дарс ууж болохгүй, нөгөө нь шар айраг уугаад л хоорондоо юм яриад сууж байдаг. Заавал алкохоль ууж хөгжилдөх шаардлагагүй хүмүүс юм билээ. Ажиллаж, амарч байгаа бүх хүмүүс нь боловсролтой. Нэг нь дуулааад л, нөгөө нь алга ташаад бүжиглээд,  цаанаа нэг тийм аз жаргалтай ард түмэн гэмээр. Хивсээ дэлгэж суугаад цайгаа ууна, яг одоо байгаа цаг хугацаандаа амьдарч чаддаг. Цайны соёл гэж их чухал. Цайгаа чанахдаа их сэтгэл цаг гаргаж чанаад, тэрийгээ их гоё төвлөрч яг тэр агшиндаа ууж хоорондоо харилцаж чаддаг. Ерөөсөө хэн ч хэнийгээ шүүмжилдэггүй юм шиг санагдсан.

-Монголчууд бид бие биенийгээ байнга шүүмжилж байдаг тийм үү?

-Заавал нэг юм хэлэх ёстой гэж боддог хүмүүсээс хол явдаг. Би өөрийнхөө ойлгосон юмыг яриад, өөрийн амьдралаараа аз жаргалтай явж байхад олон юм ярьдаг хүмүүс тааралдана. Яагаад хүнтэй суухгүй байгаа юм, яаж ийм хүнд камер үүрч явдаг байна, амьдралаа бод гэх мэт утгагүй юм ярьдаг хүмүүс байдаг.

- Чиний бодлоор амьдралаа бодно гэж юу гэсэн үг вэ? 

-Би өдөр болгон амьдралаа бодоод л гоё байгаа гэж боддог. (инээв) Ийм сэтгэлзүйн эрх чөлөөтэй байдалд хүрэх гэж олон жил болсон. Сэтгэцийн эмч дээр хүртэл очиж  байсан үе бий. Яах гэж амьдраад байгаа юм бол гээд л хямардаг үеүдээ давсан. Юм бүхний шалтгааныг олох гээд л толгойгоо гашилгаж суудаг цаг үе өнгөрсөн байна. Одоо бол юмыг хөнгөн хүлээж авдаг болсон. Сэтгэцийн эрүүл мэнд маш чухал гэдгийг ойлгож авсан. Өөрийгөө тайвшруулж сурсан. Ямар ч байсан би өөрөө өөрийнхөө ард байгаа гэж боддог. Өөр өөртэйгөө найз болсон.

-Ажлаа хийж явахдаа зөвхөн эмэгтэй хүн гэдгээсээ болж ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан тохиолдол байгаа юу?

-Надад бол Монгол эмэгтэйчүүд үнэхээр мундаг санагддаг. Автобус жолоодоод, Оюу Толгойд том машин унаад л явж  байгаа харагддаг.  Тийм болохоор ч тэр үү нэг их  эмэгтэй гэдгээсээ болж асуудалд орж байсан тал байхгүй. Жижиг сажиг зүйлүүд бол байгаа. Би өөрийгөө ажил мэргэжлийнхээ хүрээнд хаана л бол хаана, хэнтэй ч өрсөлдөх чадвартай гэж боддог. Амархан замыг сонгодоггүй. Яаж ажлаа сэтгэлээсээ чанартай хийх вэ л гэж бодно. Миний ажил угаасаа их сонин, гоё ажил. Элсгүй газрыг элстэй болгох, хоёр шонхор аваад би өөрөө тэжээж сургах гэх мэтээс авхуулаад зөндөө юм бий. Юуг ч хийж бүтээж болно, боломжгүй юмыг ч болгож болдог гэдэг сэтгэлийн хат надад суучихсан. Нөгөөтэйгүүр би энэ мэргэжлээрээ хаана ч ажиллах боломжтой.

-Өөрийгөө сорих дуртай юм байна тийм үү?

-Бүх ажлыг сорилт гэж харахыг хичээгээд суралцаад явдаг. Өмнө нь олон улсын байгууллагад 9-5 цагийн хооронд ажилдаг, хангамж сайтай, оффист суудаг ажил хийдэг байсан. Энэ бол миний хийх дуртай ажил биш юм байна гэдгийг ойлгосон. Ажлынхаа хамт олноос, гаднаас ирсэн салбарынхаа мэргэжлийн хүмүүсээс их юм сурч сайн харилцаа холбоо үүсгэж чаддаг. Нэг ажилд 10 машин гарах ёстой, жолооч хүрэлцэхгүй үед би өөрөө механик том машинаа унаад л явчихдаг. Манай ажлынхан дандаа мотоцикл унадаг залуучууд байдаг, би эхлээд өөрийгөө мотоцикл унадаг залууд дуртай гэж бодоод байдаг байсан чинь мотоциклд л дуртай байснаа олж мэдсэн. (инээв) Одоо бол би өөрөө мотоцикл унаж сурсан. 

-Мотоцикл унаад, бас засаж сураад хаашаа явах гэж байна вэ? 

-Надад нэг мөрөөдөл байгаа юм. Ганцаараа мотоциклоор 20 орноор, 20 мянган км дөрвөн сар аялахаар төлөвлөж байгаа. Маш их төлөвлөгөө, бэлтгэл ажил хэрэгтэй.  Жишээлбэл, мотоциклоо өргөж сурахын тулд бие бялдрын хүчээ сайжруулж бокс, фитнесээр хичээллэж байгаа.

-Ямар гоё бас “аймар” мөрөөдөл вэ?

-Дэлхийг тойроод мотоцикл унаад аялдаг Чили улсаас ирсэн охинтой танилцаж байсан. Тэр үед их гоё урам зориг авч байлаа. Ер нь зөндөө л тийм охидууд байдаг. Бусад орны охидууд чадаад байхад би яагаад айна гэж. Хамгийн гол нь маш сайн төлөвлөж, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэнэтийн зүйлд ч бэлэн байх, өөрийгөө аваад гарчих, тайван байх, асуудлыг шийдэх чадвараа ч гэсэн бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Мэдээж гэмтэж бэртээд гэрийнхнийхээ санааг зовоочихвий гэхээс айж л байна. Сайн бэлтгэлтэй, зөв явбал болно, энэ хугацаанд зөндөө аялагч хүмүүстэй танилцсан учраас тэд нараас зөвлөгөө авна, уулзана. Санхүүгийн хувьд ч бас асуудлууд их бий, спонсоршип хайна гэх мэт. Явж байхдаа видео аян замын тэмдэглэл хийнэ. Болохгүй бол буцаад л ирнэ биз. Ямар ч байсан үзээд л алдсан дээр. Болохгүй бол байраа зараад ч явсан болно, дараа нь байр авчихаж болно шүү дээ. Ээж аавындаа түр амьдарсан ч болно.

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсөж, хүмүүжих тухай ээж аав тань юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?  

-Багадаа би гоц гойд хүүхэд байгаагүй. Зөрүүд өөрийнхөөрөө л хүүхэд байсан юм байна. Сургуульд байхдаа усан оргилуур луу унаад нүүрэн дээрээ сорвитой болсон. Эцэг эх маань тэр үед миний гоо сайханд их санаа зовж байсан. Би эхэн үедээ эмзэглэдэг байсан ч тэгэсхийгээд нэг их тоохоо больсон. Хүүхдүүд шоолохоор яагаад намайг шоолж байгаа юм бол гээд л өнгөрдөг байлаа. Аав ээжийнхээ үгэнд орох үедээ орно, дүрмийг мөрдөнө, мөрдөхгүй үедээ мөрдөхгүй. Дургүй юмыг минь хийлгэх гээд байвал яагаад заавал тэгэх ёстой гэж гээд тэмцэнэ. Одоо ч зөрүүд охиндоо дассан байх. (инээв) Олонтойгоо ижил яв гээд байдаг юм, яагаад ижил явна гэж вэ. Яг л өөрийнхөөрөө байх нь амьдралд ямар ч шаардлагагүй хүмүүсээс хол байхад тусалдаг.

-Хайр дурлал, найз залуугийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Надад шашин, улс үндэстэн, царай зүс хамаагүй. Ямар ч байсан бие биедээ эрх чөлөөг нь олгодог байх ёстой л гэж боддог. Юмыг хэт төлөвлөх тусам дэмий гэж боддог, заавал хүүхэдтэй болно, гэрлэнэ гэх мэт. Гэрлэх, хүүхэдтэй болох хүн нь гараад ирвэл хүүхэдтэй болно, гэрлэнэ. Тэрнээс биш гэрлэхийн төлөө, ганц бие байхгүйн төлөө хүнтэй үерхэнэ гэж юу байхав. Юм болгон дээр нээлттэй, сайн ярилцдаг хүн таалагддаг. Хүн ярилцаж байх дундаа өөрийгөө ойлгож авдаг юм шиг. Мэдээж хайргүйгээр амьдарч чадахгүй. Хүмүүс хүүхэдтэй бол оройтлоо гээд байдаг юм, тэр хүнээ эхлээд олох ёстой биздээ. (инээв)

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

Сэтгэж чадахаа больчихвий гэхээс айдаг. Хөгшрөөд өөрийгөө алдахаас айдаг. Хүний амьдралд саад хийхээс, гай болохоос айдаг.

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?

Нэг хэсэг бол мотоцикл унаад өөрийгөө сонсохгүй явдаг байсан үе бий. Сонсохгүй гэж өөрөөсөө зугтаасан бүх юм хэзээ ч алга болдоггүй. Цуглараад ирэхээрээ бүр л хэцүү болно. Өөрийгөө сонсоод, ойлгоод, урт амьсгаа авахад тайвширч эхэлдэг. Өөрийгөө яагаад хямарсан гэдэг талаар сайн бодно, учир шалтгааныг нь олох хүртлээ бодно, тунгаана. Ер нь бол маргааш гайгүй болчихдог, нар гарна гэдгийг мэддэг. Би нэг хэсэг бясалгал хийх гэж оролдож байсан. Зүгээр суугаад төвлөрөх гэхээр сайн болж өгдөггүй. Тэгээд ханан хаданд авирдаг спортоор хичээллэж үзсэн. Авирах үед зуун хувь төвлөрөөд өөр юм бодохгүй толгой тархи амардаг. Надад бол жинхэнэ бясалгал болсон.

-Ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?

Өөртөө, өөрийнхөө бодолд үнэнч. Өөрийнхөө шийдвэрээр явдаг. Бусдын үгэнд автдаггүй. Зөрүүд гэсэн үг биш л дээ, зорьсон зүйл рүүгээ эргэлт буцалтгүйгээр, шантралгүйгээр тэмүүлдэг. Эргэлзээд байдаггүй, үзээд алддаг тийм л эмэгтэйг би Women Who Dare гэж хэлэх юм байна.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө юу байсан бэ?

-Мөрөөдөл тань удахгүй биелнэ гэдэгт маш итгэлтэй байна, баярлалаа

холбоотой мэдээ
1
2019.07.03
#WomenWhoDare | Д.Эрдэнэбаясгалан: Шударга байхаас би хэзээ ч ухрахгүй, болихгүй, айхгүй
2
2019.06.10
#WomenWhoDare | Б.Хулан: Өөрийнхөө хувьд хамгийн сайн хувилбар нь байвал өөртөө итгэлтэ...
3
2019.05.23
#WomenWhoDare | Э.Энхмаа: Би өөртөө хязгаар тавьдаггүй, хайрцаглагдсан нэр томьёонд өөр...
санал болгох
1
4 цагийн өмнө
Сэтгэл гутралын тухайд оюутан бүрийн мэдвэл зохих 13 чухал зүйл
2
4 цагийн өмнө
Миллениалууд хамгийн ганцаардмал үеийнхэн болохыг тогтоожээ
3
Өчигдөр
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
15
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tes 2019.05.02 91.11.177.240

Super !

0 Хариулах


Анаа нь 2019.04.27 202.21.116.78

Ийм мундаг охины яриаг өсвөр насны бүх охидуудад хүргэх юмсан

0 Хариулах


Зочин 2019.04.27 122.201.23.44

Яаж яваад зураглаач болсон бэ? гэнэ. Арай тохиромжтойгоор асуумаар юм

0 Хариулах


Odonboows 2019.04.26 103.10.21.72

ariuka amjilt hugshuun

0 Хариулах


Зочин 2019.04.26 124.158.88.8

wow. mundag busgui bna.ter saihan moroodol ni udku biyleh boltugai amjilt

0 Хариулах