Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

С.Ундармаа: Хайр татам байгаарай, охид оо

Уйтгартай загварт үл баригдах нь тэр үеийн өсвөр насны охидын мөрөөдөл байлаа. Зориглосон нь л Ума байж чадсан хэрэг


1980-ад оны сүүлчээр Улаанбаатарын төв хэсгийн дүр төрх Зөвлөлтийн гэмээр байшин барилгаас бүрдэх ч одоотой харьцуулахад шугамдсан мэт эмх цэгцтэй хорооллууд, сонгодог загварын театрууд, модот гудамжуудтай, нийтийн тээврийн автобус, троллейбусаас өөр хөлхөх хувийн тэрэгтэн цөөн тул түгжрэл гэж мэдэхгүй, нэг тийм амар амгалан газар байлаа. Тэнд Монголын сэхээтнүүд, урлаг соёлын алдартнууд, социалист хөдөлмөрийн сайчууд төрөөс өгсөн орон сууцандаа айл хөрш болон амьдарна даа. Хотын хамгийн ганган охид бүсгүйчүүдийн олонх нь яагаад ч юм мөн л энэ хэсгээс тодорно.

Энэ удаагийн ярилцагч маань Сүрэнхорлоогийн Ундармаа. Тэрбээр ЗХУ-ын Ленинградад Нисэхийн академид суралцаж байсан аав, Польш улсад эдийн засагчийн мэргэжил эзэмшиж байсан ээждээ ууган хүүхэд нь болон Варшав хотноо мэндэлжээ. С.Ундармаа бага насаа Булган аймгийн Сайхан суманд өвөө, эмээгийндээ өнгөрүүлж, дунд сургуульд орох жилээ гуравугаар хороолол дахь гэртээ иржээ. “Хөдөөгийн” охиноо тэр үеийн Монгол, Зөвлөлтийн хамтарсан 23 дугаар сургуульд элсүүлснээр С.Ундармаа орос хэлийг маш сайн эзэмшсэн байна. Харин ахлах ангидаа нэгдүгээр сургуульд шилжин суралцаж төгсчээ. Тэрбээр сурлагадаа сайн хэдий ч тэр үеийнхний нүдээр бол сахилгагүй охин байлаа. 

Орчин цагт охид үсээ халимаг засуулах, чихээ олон цоолж ээмэг зүүх нь энгийн үзэгдэл бол харин тэр үед ёстой л “эвэртэй туулай” мэт харагдана. Ума яг тийм охин байв. Үеийнхээ хүүхдүүдээс хавьгүй өндөр, урт хөлтэй, мөн монгол хүмүүст тэр бүр байдаггүй ногоон нүдтэй гээд түүнийг онцгой харагдуулах “хүчин зүйлс” хийгээд цаг үеэсээ түрүүлчихсэн мэт загварын мэдрэмжээрээ тэр нэг хэвэнд цутгасан хайрцагтай нийгэм дэх хүмүүсээс эрс ялгарна.  

С.Ундармааг найзууд нь Ума гэж дуудна. Ума найз нөхөд олонтой, тэднийхээ дунд өөрийн гэсэн өвөрмөц зан чанараараа хүндлэгдсэн охин болж байлаа. Тэрбээр үнэнч шударга, хөгжилтэй, зоригтой байх дуртай, бас мэдээж дэгжин, содон хувцасласах нь маш их таалагддаг байв. 

Түүний аав, ээж нь боловсролтой, дөрвөн хүүхдэдээ өндөр шаардлага тавьж, зөвхөн хичээлдээ шамдахыг захьдаг байв. Гэвч шилжилтийн насанд ирсэн Ума эцэг эхээсээ арай өөр хүсэлтэй. Өөрийн оёсон гоё хувцаснуудаа өмсөөд найзуудтайгаа ихэнх цагийг өнгөрөөн хамтдаа хөгжим сонсож, кино үзэж, дискотект очихыг хүсэх болов. Нэгэн удаа Ума ээжийгээ дагаад Польш явжээ. Тэнд очоод ёстой л нүд нь нээгдэх мэт болсон аж. Тэр үед Монголд огт байдаггүй дэгжин загварууд, өвөрмөц үс засалтууд, залуу хүн бүрийн өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлсэн содон төрхүүдийг хараад Ума соронз адил татагдаж явлаа. Аав, ээж нь даруулгатай өссөн охиноо “барууны” маягийн зүйлд автахвий хэмээн ихэд болгоомжлон 14 настайд нь хүртэл хөдөөгийн артелиас цагаан ултай гутал авч өгсөөр л...      

Аз болж Ума орос хэл дээр гардаг загварын сэтгүүлүүдээс хүссэн мэдээллээ авч чадна. Ээждээ дээл оёход нь тусалсаар эсгүүр, оёдлын дүйтэй болсны хэрэг гарч, аавынхаа хуучин хувцаснуудаас өөртөө хачин гоё өмд оёлоо. Аав нь өөртөө авсан ч багадаад өмсөлгүй орхисон хромыг тайрч янзалтал аль ч дэлгүүрээс хайгаад оломгүй хачин дэгжин гутал гараад ирэх нь тэр. Ингээд өглөө гэрээсээ сургуулийн дүрэмт хувцсаа өмсөж хичээлдээ суучихаад, тармагц нөгөөх гоё өмд, гутлаа өмсөөд найзуудтайгаа зугаална даа. Энэ бол түүний хувьд өөрийгөө илэрхийлэх боломж, уйтгартай загварт үл баригдан гангалах гэсэн тэр үеийн өсвөр насны охидын мөрөөдөл байлаа. Зориглосон нь л Ума байж чадсан хэрэг. 

Тэр үеийн “Ялалт” кинотеатрт диско болдог байсныг одоо ч дурсан санах хүмүүс бий. Жинхэнэ хотын охид, хөвгүүдийн очих дуртай зүйл тэр байв. Тэнд Улаанбаатарын хамгийн дэгжин залуус цуглаж, Modern Talking, Sandra, Sabrina, Samantha Fox, “Сан Ремо”-гийн оддыг сонсон диско бүжиг бүжиглэнэ. Ума эхэндээ тэнд очдог найзуудынхаа цүнхийг харан гадаа нь сайн дураараа хоцордог байсан бол сүүлдээ өөрөө ч ордог болж, бүр америк киноноос үсрээд буучихсан мэт тэс өөр монгол “од” болж гялалзсан билээ.  

Зарим нь түүнийг нүднийх нь өнгөөр “ногоон” Ундармаа гэж хочлох болсоор энэ нэр 90-ээд оны эхээр хотын төвийн залуусын эчнээ танил болж байлаа. Бүсгүй гадаад төрх, өвөрмөц араншин, зоригтой хувцаслалтаараа социализмаас шинэ нийгэмд шилжиж байсан Улаанбаатарын чөлөөт иргэдэд стилийн хичээл заагч нь байсан.

Одоо үзэсгэлэнт Ума маань гурван охины ээж, тохь суусан халамжит хань. Бас эмээ болж амжсан гээч. 

Дэгж дэрвэж, “Гоёл” наадмын тайзнаа загвар өмсөн гунхаж, хилийн дээс алхан сурч боловсорч, харчуудын нүдэнд ээрэгдэн бүсгүй хүний хувьд ёстой л амсахыг хүссэн бүхнээ атгаж явсан түүнд нэгэн аймшигт хар өдөр тохиолдсон юм. Ума одоогоос 20 жилийн өмнө ахуйн осолд орж, хоёр хөлөө тайруулсан билээ. 

Бидний дунд “хөгжлийн бэрхшээлтэй” гэгдэн ажиллаж, амьдарч яваа цөөнхийн нэг гишүүн С.Ундармаа. Цэл залуугаараа хөлөө тайруулж, хиймэл хөл дээр тэнцэж ядахдаа өөртөө гутрах, амьдралд цөхрөх үес бишгүй тохиож байж. Яах учраа олохгүй бачуурч, зовлон бэрхшээлээ мартахын тулд архи дарс ууж ч үзсэн үе түүнд бий. Ээж, аав, үр хүүхэд, дүү нар, хайртай хүмүүсээ зовоохгүй, амар тайван байлгах гэсэн ганцхан бодол түүнийг хөл дээр нь дахин босгосон гэдэг. 

Тэр одоо шинэ амьдралаа олсон. Цэцэг шиг охид нь өсөж, хайрт хань нь хажуугаас нь түшиж, тэр урьдынхаараа эрч хүчтэй, өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэн алхаж явна. Нөгөөх л дэгжин загварлаг эмэгтэй өөдөөс инээмсэглэн алхалсаар ирлээ. Бид ярилцаж суусны эцэст түүнээс охидод зөвлөгөө өгөхийг хүссэн юм. С.Ундармаа “Охид болгон аавынхаа гэрт өсөж байхдаа энхрий ялдам, хайр татам байдаг шүү дээ. Энэ чанараа ямар ч насандаа огтхон ч бүү гээгээрэй. Чадлынхаа хэрээр боловсрол олж, мэргэжил эзэмшээрэй. Өөртөө итгэ. Ээжээсээ, эгчээсээ, ном, сэтгүүлээс ч бол харж байгаад хоол сайн хийж сурахыг хичээгээрэй. Цэвэрч нямбай яваарай. Цэцэг тарьж, арчлан ургуулж сураарай. Хүссэн хувцсаа өөрөө оёод өмсчихдөг, гоё ганган байгаарай. Бусдад итгэж, бусадтай хуваалцаж, талархаж, аз жаргалтай амьдраарай. Болзоонд яв, зөндөө яв. Харин хамгийн зөв хүнээ сонгож дотносоорой. Хуримд бүү яараарай. Ханьтай болохоороо чиний төлөө гаргаж байгаа хичээл зүтгэл бүрийг нь өчүүхэн бага гэлгүй үнэлж, урмаар тэтгээрэй. Архи хэтрүүлэн бүү хэрэглэ. Эрүүл мэнддээ анхаарч, элэг бүтэн жаргаарай” гэлээ. Энэ бол түүний ээжээсээ сонссон, өөрийнхөө амьдралын туршлагаас олсноосоо өгүүлсэн зөвлөгөө юм шүү, охид оо. 

С.Ундармаа одоо нэг зүйлээс айдаг. Осолд орохоосоо өмнө омголон дэврүүн, гэнэн залуугийн зангаар хүн гомдоосон байх вий гэж. Хэрэв тийм зүйл гарсан бол бүгдээс нь уучлалт гуйхыг хүссэн. Мөн өөрийн адил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст юун төлөө орос, англи хэлтэй, харьцангуй хөдөлмөрийн чадалтай билээ, туслахсан гэж боддогоо илэрхийлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс түүнийг фэйсбүүкээр таньдаг болж, өөрийнх нь адил хэдий ч амьдралын энгийн хэв маягийг агуулж явааг нь хараад янз бүрийн зөвлөгөө, тусламж хүсдэг болжээ. Жишээ нь, тэргэнцэр хаанаас авах вэ гэхчлэн асуухад нь С.Ундармаа хаана, хэнд хандах талаар мэддэггүй. Дэмий л урам зоригоосоо хуваалцаад өнгөрөх нь түүнд нэг л хангалтгүй санагдана. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд татварын буцаан олголтын сугалаанаас хонжвор хүлээдаг хүмүүс биш шүү дээ. Түүнээс илүүтэй одоо буцаагддаг хоёр хувийг сугалаанд зориулж буй найман хувьтай нь нийлүүлээд 10 хувь болгож бүтнээр нь буцаан олгож байвал ахуй амьдралд нь тустай болох юм. Үүнийг л нэг ажил хэрэг болгочих юмсан” гэж С.Ундармаа ярьж байна. 

Ума хайртай ээждээ, охиддоо, дүү нартаа болон өөрийг нь таньдаг бүх бүсгүйчүүдэд эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэснийг уламжилъя. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
35
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.09 112.72.11.102

Uma ugaasaa gaihaltai emegtei.Buun buun erch huch.

0 Хариулах


Зочин 2019.03.07 202.9.44.57

Yostoi Cool yumaa ohid ni ch gsn ih degjin undur bolovsroltoi bas ih avyastai uhaalag yum bnalee argagui iim eejiin ohid tiim bhaas ch yahavdee gej bodogdloo baharhmaar yumaa eniig unshaad huvtsasaa uuruu oyoj degjin huvtaslahaar shiidlee

0 Хариулах


Зочин 2019.03.07 203.91.114.244

wow gaihaltai emegtei bn. Tand hamgiin saihan buhniig husie :)

0 Хариулах