Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

#WomenWhoDare | Өрхийн эмчээр ажилладаг боксын улсын аварга Н.Мягмарсүрэн


Эмч гэдэг хэн бүхний хийж чаддаг мэргэжил биш. Бокс ч мөн адил хамгийн их тэсвэр хатуужил шаардсан спорт. Нөгөө талд хоёулаа өндөр эрсдэлтэй учраас алдаа гаргалгүй эмчлэхгүй бол эрчимтэй тэмцэж тулалдахгүй бол нэг хүн гарцаагүй ухаан алдаж унана. Харин энэ хоёр хоорондоо хослоод, тэр байтугай бие биедээ тустай байж болохыг Н. Мягмарсүрэн эмч надад ойлгуулж өглөө. Тэрээр одоо өрхийн эмнэлэгт резидент эмч бөгөөд цаашид зүрхний мэс засалч болох том мөрөөдөлтэй нэгэн. Эрсдэлгүй, хэцүү биш зүйл түүний сонирхлыг нэг их татдаггүй бололтой. Боксын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан эмч тамирчин  бүсгүй Н.Мягмарсүрэнг Ub.life “Women who dare” булангаараа танилцуулж  байна. 

-Анх боксын спорт руу яаж оров, яагаад заавал бокс гэж? 

-Анх боксын талаар ямар ч төсөөлөлгүй байлаа. Жингээ хасах шаардлагатай байсан тул найзынхаа зөвлөснөөр боксоор хичээллэж эхэлсэн. Бокс миний характерт тохирсон спорт гэдгийг цаг улирах тусам ойлгож дуртай болсоор хобби, амьдарлын хэвшил болсон. 

Хүн эрүүл байхын тулд идэвхтэй хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй. Хүмүүс идэвхтэй идэвхгүй хөдөлгөөний ялгааг сайн мэддэггүй юм шиг. Жишээ нь зогсоо ажил чинь идэвхгүй хөдөлгөөн. Идэвхтэй хөдөлгөөн гэдэг нь долоо хоногт гурваас дөрвөн өдөр эрчимтэй хөлс гаргасан дасгал хийхийг хэлнэ. Би багадаа өвөө эмээ дээрээ хөдөө мал маллаж, хурдан морь унаж, өвөөгөө дагаад явдаг хүүхэд байсан учраас гэрийн ажилд оролцоод байдаггүй байлаа. Хонь мал хариулахаар, бяр сууж, булчин сайн хөгждөг. Ер нь тийм эршүүд хүүхэд байсан. Энэ бас нөлөөлсөн байх. 

-Саяхан алтан медал авсан байсан. Орж байсан тэмцээнүүдээсээ сонирхуулаач…

-2010 онд “Ширэн Бээлий” клубт орж, боксоор хичээллэж эхэлсэн. Хоёр сар бэлтгэл хийгээд Улсын Аврага шалгаруулах тэмцээний 69 кг-д орж хүрэл медал авсан. Тэр үед эмэгтэйчүүдийн бокс дөнгөж хөгжиж эхэлж байсан үе. 2014 онд Улсын аваргад 60кг-д орж, хүрэл медал авсан. 2015 онд Сандо боксын улсын аваргын тэмцээнээс алтан медал авлаа.  2018 онд “Мутай Кикбоксын Улсын Аварга” шалгаруулах тэмцээнээс алтан медал, боксын улсын аваргаас хүрэл медал, “ШҮҮТ бокс Улсын Аврага” шалгаруулах тэмцээнээс алтан медал авч оноо их амжилттай дуусгалаа. Одоо бол “One Team” клубын тамирчин. 

Би сэтгэл санаагаа ялагдалд ч гэсэн бэлддэг.

-Эмч мэргэжил боксын спорт хоёр хоорондоо хэрхэн хослож байна? 

-Бокс бол толгойгоо ажлуулж тоглодог спорт. Хурд хүч тэсрэлт гурав хосолдог. Толгой муутай хүн хожигдоно гэсэн үг. Гурван минут тулалдахад маш хурдан сэтгэж, тэр дор нь арга хэмжээ авч, хариу цохилт хийх ёстой. Нэг талаараа энэ чадварууд эмч хүнд байх ёстой. Бид богино хугацаанд бодож шийдвэр гаргах зайлшгүй шаардлага байнга гардаг. Жишээ нь хүн ухаан алдаад унахад маш хурдан шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ утгаараа эмч мэргэжилд минь хэрэгтэй ур чадвар бокс тоглосоноор илүү сайжирна гэж би боддог. Бусад спортыг бодвол эрсдэл өндөр, гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирч болох учраас тэр тусмаа тэмцэл нь эрч хүчтэй. Хүн бооцоо тавиад мөнгөө алдах тийм аймар юм биш, харин хүний эрүүл мэнд маш чухал, хохирол өндөртэй учраас илүү их тэмцэж тоглодог. Нөгөө талдаа эмчийн мэргэжил бокст бас туслана. Иймэрхүү гэмтэл үүсч болзошгүй гээд бодно гэх мэт. 

-Тэмцээний үеэр рингэн дээр гурван минут гарахад толгой дотор тань юу болоод өнгөрдөг вэ?

-Анхны тэмцээн дээр зургаан минут тоглоход ямар хүнтэй тоглосноо ч дараа нь мэдэхгүй байсан. Одоо харьцангуй туршлагажсан. Хүнээ судлаж, ямар тоглолттойг нь хараад түүнд нь зориулаад багштайгаа хамтраад тактик зохионо, бодно. Хүн бүр давуу болон сул талтай байдаг. Эхний минутанд ерөнхийдөө судалгаа явдаг, нөгөө хүн ямархуу юм хийгээд байна, миний хийж байгаа юм болж байна уу гэх мэт харна, тэгээд дараагийн хоёр минутанд тасралтгүй тулалдана. 

-Ялагдах үед ямар мэдрэмж төрдөг вэ?

-Магадгүй мэргэжлээсээ болоод би өөрийгөө харьцангуй сэтгэлийн тэнхээтэй болж төлөвшсөн гэж боддог. Эмчийн ажил маш их хэл амтай. Эмч хүний нэг хөл шоронд нэг хөл гадаа гэж ярьдаг. Нэг хальтирвал шоронд орох аюултай, байнга эрсдэл дунд байдаг мэргэжил. Хүний төлөө санаа зовоод нойргүйтнэ, алдаа гаргана. Гэхдээ энэ бүхэнд сэтгэл хатуужаад л явж байдаг. Байнга эрсдэлээ бодож төлөвлөдөг. Тийм учраас би сэтгэл санаагаа ялагдалд ч гэсэн бэлддэг. Сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй учраас учиргүй ялагдчихлаа гээд сэтгэлээр унадаггүй. Хүн сэтгэлийн амьтан гэж ярьдаг үнэхээр үнэн үг. Жишээ нь тоглолтын үеэр цуцаад эхэлвэл багш юмуу үзэгчид дэмжээд орилоход л  урмаар тэтгэгдээд гэнэт хүч орж хожих боломж гарч ирдэг. 

-Боксыг эрэгтэй хүний спорт гэж ойлгох нь нийтлэг. Эмэгтэй боксын тамирчин байхад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

-Эрэгтэй хүмүүс байгалиасаа харьцангуй чанга тэсвэртэй байдаг, тийм утгаараа бол тохиромжтой. Эмэгтэй хүн илүү уян зөөлөн, аймхай талдаа. Гэхдээ эмэгтэй хүн болгон тийм биш. Жишээ нь би эршүүд, тэсвэр хатуужилтай, эрсдэлд дуртай. Тамирчин найзууд бие биенээ сайн ойлгодог.  Одоо спортоо болиод “хүүхэд гарга, хүнтэй суу” гэх мэт юм хэлдэг хүмүүс бий. Гэхдээ энэ бүхэн хоорондоо ямар ч хамааралгүй зүйл л дээ. Ер нь бол хүмүүс эерэг сайхнаар хүлээж авдаг. Давуу тал болно уу гэхээс сул тал болно гэж бодохгүй байна. 

-Тулааны спорт, тэр дундаа бокс хүнийг яаж өөрчилж  болох вэ?

-Миний хувьд хамгийн том өөрчлөлт бол би өөрийгөө олж таниж мэдэж авсан явдал. Маш их тэвчээр шалгадаг спорт. Тэвчээрийн дундаас хүн өөрийгөө олдог юм шиг санагддаг. Юун дээр илүү авъяастай, юун дээр сул байна, хаана хулчийж байна гэх мэтээр өөрийгөө ойлгож таньсан. Анх жингээ хасахаас эхлээд, хүнд цохиулах гээд  өөрийгөө мэдэрч ойлгож эхэлсэн. Мөн танилын хүрээлэл нэмэгдэж, өөртэйгээ адил ойролцоо хүмүүстэй учирсандаа үргэлж талархдаг. Өөрийгөө мэдсэн учраас би давуу тал дээрээ илүү төвлөрөхийг хичээнэ гэсэн үг. 

-Ирээдүйн карьераа хэрхэн  харж байна? 

-Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн VIII хорооны өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа. Мөн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авахад жижүүрээр ажилладаг. Анагаахын сургуульдаа үргэлжлүүлэн дотрын чиглэлээр сурна. Дотрын эмч хоёр жил хийгээд зүрхний эмчээр ажиллах сонирхол байгаа. Манай хорооны хэсэг их ачаалалтай, 22000 хүн ам хариуцаж ажилдаг. 

Өдөрт 32 хүн үзэх нормтой байхад, дунджаар 50-60 хүн үздэг, заримдаа 90 хүн үзэх тохиолдолд ч байна. Гэхдээ би залуу хүн, өөрийгөө азтай гэж бодож байгаа. Сурах хөгжих боломж ихтэй, олон эмчтэй сайхан хамт олонтой. Миний хувьд хамгийн үнэтэй зүйл бол миний мэргэжил. Боксын спортоороо бүр дэлхийн хэмжээний мэргэжлийн болохын тулд зөвхөн үүндээ л цаг заваа зарцуулах хэрэгтэй болно. Аль нэгийг нь сонгох хэрэг гарвал мэдээж би эмчийн мэргэжлээ түрүүнд тавина. Зүрх хамгийн хурдан арга хэмжээ авах ёстой эрхтэн. Би өөрөө их тайван хүн, гэхдээ би эрсдэл өндөртэй зүйлд дуртай учраас миний онцлогт тохирсон гэж бодож байгаа. 

-Мэс заслын эмч болох хүний хувьд хуруу гараа, толгойгоо сайн хамгаалах ёстой байх гэж бодож байна. 

-Бэлтгэл хийгээд байх тусам бүх зүйл мэдээж сайжирна. Эмчийн мэргэжлийн хувьд эрсдэл өндөр, үргэлж сурч, уншиж байх шаардлагатай, мөн яагаад гэсэн асуулт байнга гарч ирж толгойгоо ажлуулахгүй л бол болохгүй мэргэжил. Толгой руугаа цохиулаад байвал хөгшрөхөөрөө удаан болно гэж ярьдаг, хамгаалахын тулд би байнга оюун ухаан, сэтгэхүйгээ ажиллуулж ном уншиж байна. Мэргэжлийн онцлогоосоо болоод харин ч давуу талтай, дархлаатай байна гэж бодож байна. Мэдээж би өөрийгөө хамгаалахын тулд улам сайн тоглож, сайн бултана гэсэн үг. 

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж аав тань юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?  

-Манай гэр бүл бүх талыг дэмждэг, ойлгодог гэр бүл. Би нэг настайгаасаа эмээ өвөө дэрээ өссөн. Магадгүй илүү их хайран дунд эрх чөлөөтэй өссөн байх. Өөрийнхөөрөө эрхэлж өссөн, гэхдээ утгаа алдатлаа эрхэлж биш. Тэгж ингэж болохгүй гэхээсээ илүү өөрөөр нь ойлгуулвал хүүхдэд хэрэгтэй гэж боддог. Хэтэрхий их дарсан биш, бүр дураараа биш, яг нэг тунг нь тааруулах л хэрэгтэй юм шиг байгаа юм. Хэтэрхий эцэг эхдээ найдсан биш, өөрөө өөртөө найдаж сурвал сайн. Энэ бүхнийг надад багаас хэвшүүлсэн учраас би өөрийгөө бие даах чадвар сайн гэж боддог. 

-Хайр дурлал, найз залуугийн тал дээр ямар бодолтой байдаг вэ? 

-Цаанаасаа зөв хүмүүжил төлөвшилтэй, ухаантай, эрэгтэйлэг, хүчирхэг эр хүн таалагддаг. Худал хуурмаг хүмүүст дургүй. Эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг эрчүүдэд дуртай. Гэр бүл гэдэг миний хувьд хамгийн суурь зүйл. Би өөрийгөө гэр бүл зохиоход оройтчихлоо гэж боддоггүй, эрт ч гэж боддоггүй. Намайг чин сэтгэлээсээ хайрласан хүнийг би эргүүлээд л хайрлана. Мөн миний эмч мэргэжлийн онцлогийг ойлгох мэдрэмжтэй байх хэрэгтэй. Боксоо бол би ямар ч залууд ойлгуулж чадна. 

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Мэргэжлийнхээ хувьд дутуу дулимаг мэдлэггүй эмч болохвий гэдгээс л айдаг. Шилдгийн шилдэг сайн эмч болно доо гэж боддог. Эмчийн мэргэжил угаасаа дутуу дулимаг байж хэзээ ч болохгүй мэргэжил. 

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?  

-Баярлаж хөөрөх, сэтгэлээр унах, гутрах, гуних энэ бүхэн эрүүл хүнд тохиолдох ёстой үзэгдэл. Бүр их давчидсан үед уйлчихаар онгойгоод ухаан эрүүлждэг. Уйлсны дараа бүх юм гараад, зөв шийдвэр гаргах боломжтой. Хурцлах тал дээр өөрөө өөртэйгээ л сайн ярьдаг. Асуудлынхаа талаар сайн нухацтай бодож тунгааж гарц шийдлийг хайна. Мухардасан үед дотны хүмүүстэйгээ ярилцдаг. 

-Ямар эмэгтэйг WOMEN WHO DARE гэх вэ?

-Миний бодлоор эмэгтэй хүнд олон зүйлийг нэг дор амжуулж чадах давуу тал байдаг.  Энэ чадвараараа эрэгтэй хүнээс илүү онцгой. Энэ чадвараа ашиглаж чадаж байгаа бүхнийг  хослуулаад явж эмэгтэйчүүдийг би “women who dare” гэж хэлнэ. Эмчээ хийгээд, бусдад туслаад, зургаан хүүхэд өсгөөд явж байгаа эмэгтэй  гэдэг ч юмуу. Гэр бүл, ажил мэргэжил, өөрийн сонирхол хоббигоо ч бүгдийг нь тунг нь тааруулаад зохицуулж чаддаг эмэгтэйг хэлнэ. 

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?  

-Миний байнга бодож, чин сэтгэлээсээ итгэж явдаг нэг бодол бий. Чиний бодож байгаагаас хамаагүй илүү нөөц бололцоо, авъяас чадвар чамд бий гэдэгт итгэх хэрэгтэй. Чиний бодож ч байгаагүй нууц нэгэн авъяас чадвар чиний дотор нуугдсаар байгаа. Гагцхүү чи тэрийг олж нээж илрүүлэх нь чиний ажил. Илрүүлэхийн тулд, олон юм туршиж, хийж үзэж, зориглох л хэрэгтэй. 


холбоотой мэдээ
1
2019.07.03
#WomenWhoDare | Д.Эрдэнэбаясгалан: Шударга байхаас би хэзээ ч ухрахгүй, болихгүй, айхгүй
2
2019.06.10
#WomenWhoDare | Б.Хулан: Өөрийнхөө хувьд хамгийн сайн хувилбар нь байвал өөртөө итгэлтэ...
3
2019.05.23
#WomenWhoDare | Э.Энхмаа: Би өөртөө хязгаар тавьдаггүй, хайрцаглагдсан нэр томьёонд өөр...
санал болгох
1
18 цагийн өмнө
Ажлын байрны дарамт үзүүлбэл хорих ялаар шийтгэх шинэ хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эх...
2
18 цагийн өмнө
Оросууд Леонардо ДиКаприогоос Байгал нуурыг аврахыг хүсчээ
3
19 цагийн өмнө
Монголчууд ажлаа чин СЭТГЭЛЭЭСЭЭ хийж чаддагийг батлах 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ариун 2019.04.24 178.62.237.143

сайхан ярилцлага байна. Улам их амжилт хүсье

0 Хариулах


Зочин 2019.01.10 150.129.143.102

Ажил, спортод нь өндөр амжилт хүсье. Их дайчин, хөдөлмөрч, бас оюунлаг, сайхан бүсгүй байна. Мэргэжилдээ хайртай, үргэлж өөрийгөө хөгжүүлж байдаг нь үлгэр дууриалал болж байна шүү

0 Хариулах


Зочин 2019.01.09 103.26.194.110

Sain emch shuu mundag ymaa amjilt husey

0 Хариулах


Зочин 2019.01.08 124.158.88.8

manai emch chine mundag daichin uhaantai shuu.ulam ih amjilt husie

0 Хариулах