Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ё.Баатарбилэг: Багш нарын их хурлаар хэлэлцсэн асуудлууд тухайн цагийн нийгэм, хөгжлийг тольдох боломж олгодог


Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон багш нарын төлөөлөл оролцож мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Багш нарын VII их хурлыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Анхдугаар хурал нь 1935 онд болж байсан бол сүүлийнх нь хурал 1996 онд болж байсан түүхтэй. VII их хурлыг дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулана. Үе үеийн боловсролын байгууллага, багш нарын их хурлууд дээр хэлэлцэгдэж байсан асуудлууд нь тухайн цаг үеийнхээ нийгэм, хөгжлийг тольдон харах боломж олгож байсныг хуралд бэлдэх явцдаа харж байлаа. Энэ удаагийн хуралд Монгол Улсын бүх сум, аймгийн төв, нийслэлээс 800 гаруй төлөөлөгч оролцоно. Бид Багш нарын VII хурлаа "Сайн багш сайхан ирээдүй" гэсэн уриатай зохион байгуулж байгаа. Монголын төр засаг багш нараа хөгжүүлэх, урамшуулах асуудалд  үргэлж анхаарлаа хандуулж ирсэн. Монголын төр засаг ДНБ-ийхээ 20 хүртэлх хувийг боловсролын салбарт зарцуулж, цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Энэ удаагийн хурлаар ч багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулахад анхаарал хандуулж, шийдлүүд гаргана.

Дараагийн дугаарт багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллын асуудлыг ярина. Багш нарын цалин дээр хамгийн их яригддаг нь практик ажлын хөлс байдаг. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн багш нарын цалин хөлс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Энэ жилдээ инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх шаардлага гарвал Монголын Засгийн газраас гурван талт хэлэлцээ хийгдсэн.  

Гуравдугаарт, багшийн хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудал дээр манай улс нэлээд ахиц гаргасан орнуудын тоонд орж байгаа.

Энэ удаагийн хурлаар их, дээд сургуулиудын багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэдлэг чадварын асуудал нэлээд яригдана. Мөн дараа нь багш нарын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудлуудыг ярина. Мэдээж багш нарын нийгмийн асуудал, орон сууц, ажиллах орчны тухай асуудлуудыг их хурлаараа ярилцана" гэлээ.

Үүний дараа БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Манай улсад нийтдээ 47 мянга гаруй багш ажиллаж байгаа. Бид VII их хурлдаа 800 багш, төлөөлөгчийг урьж оролцуулна. Монгол Улсын өнцөг булан бүрээс төлөөлөл оролцуулахын тулд 330 сумаас багш нар ирж байгаа. Хурлын төлөөлөгчдийн 70 хувь нь багш, 30 хувь нь удирдлагууд байх удирдамжийг яамнаас гаргасан. Хурлын эхний өдөр нэгдсэн салбар хуралдаан болно. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын багш нар маань их танхимдаа, МСҮТ,  их дээд сургуулийн багш нар тусдаа танхимд хуралдаж, асуудлаа хэлэлцэх юм. Хурлын үеэр аль болох олон багшаас санал авах зорилгоор Багшийн хөгжлийн төв болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын байранд бичгээр болон сайтаар санал авч байгаа. Эдгээр саналыг нэгтгээд хурлаасаа уриалга гаргана. Хүний нөөцийн цөм болсон улсын маань хамгийн гол асуудлыг хариуцаж байгаа багш нарынхаа асуудлыг дорвитой шийдэх үр дүнтэй хурал болно гэдэгт зохион байгуулагчид бүгд итгэлтэй байгаа" гэсэн юм.

Хурлын үеэр өмчийн хэлбэр харгалзахгүй 6 нас хүрсэн хүүхдийг ямар нэгэн уралдаан шалгалтгүйгээр сургуульд элсүүлэх тушаал гаргасныг БСШУС-ын сайд хэлэв. Сургуулиуд хүүхдийг бүртгэх нэрийдлээр 5000-50000 төгрөгийн хураамж авч, уралдаант шалгаруулалтад оролцуулаад цөөн хэдэн хүүхдийг авдаг. Үүнийг бизнес болгож байгааг тэрбээр шүүмжлэн "Цэцэрлэгээс дөнгөж гарч байгаа хүүхэд юугаа шалгуулах юм бэ. Түүнчлэн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа" гэв. 

Дашрамд дурдахад, манай улсын хэмжээнд 1053 цэцэрлэгийн барилга байгаагаас 150 нь 45-аас дээш жилийн насжилттай байна. 90 сум 9 баллын газар хөдлөлтийн бүсэд багтаж, тус бүсэд 45-аас дээш жилийн насжилттай 17 барилга байгаа аж. ЕБС-ийн 1026 барилгын 60 хувь нь буюу 616 нь 30-аас дээш жилийн насжилттай байгаа бол 1055 спортын барилга байгууламж байгаагаас 155 нь 45-аас дээш жилийн насжилттай байна. Цаашид шинэ сургууль, цэцэрлэг барихаас илүүтэйгээр хуучин барилга, байгууламжид их засвар хийх бодлого баримтлахаа энэ үеэр онцоллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.