Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ё.Баатарбилэг: Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засаж, сайжруулна


Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан БСШУСЯ өнөөдөр "Хичээл эхэллээ" нээлттэй мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл өглөө. 

Ё.Баатарбилэг: Хичээлийн шинэ жилд багш бүрт боломж олгож байна

2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ЕБС-д 644,140 сурагч, цэцэрлэгт  275,800 хүүхэд хүмүүжих юм байна. Өөрөөр хэлбэл, ЕБС-д хамрагдах хүүхдийн тоо өмнөх оноос 50 мянга орчмоор, цэцэрлэгт хүмүүжих хүүхэд 15 мянгаар нэмэгдэж байгаа аж. Харин их, дээд сургуульд жил бүр 30-40 мянган оюутан элсдэг байсан бол энэ жил 10 гаруй мянган оюутан элсэн суралцахаар болжээ.  

Мөн энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт гарч буй гол гол өөрчлөлт, шинэчлэлүүдийн талаарх мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "2019-2020 оны хичээлийн жилд агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг 11 зорилтыг дэвшүүлсэн. Мөн сургалтын хөтөлбөрийг сайжруулж, багш бүрт эрхийг нь өгч, боломжийг олгож байна. Сайжруулсан хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор багш нарын ажлын ачаалал буурч, сургалтын агуулгын давхцлыг арилгасан, сурагчдын ачааллыг тэнцүүлсэн зэрэг хэд хэдэн ахиц гарсан. 

Үүнээс гадна хичээлийн жилийн бүтэц өмнөх жилүүдэд хичээлийн жил эхэлсний дараа эсвэл эхний улирлын амралт дөхөх үед батлагддаг байсныг өөрчилсөн. Энэ жил бага анги 32 долоо хоног, дунд анги 33 долоо хоног хичээллэхээр болсон. Мөн хичээлийн жилийн бүтэц нийслэл болон хөдөө орон нутаг ялгаатай байхаар батлагдсан. Нийслэлийн сургуулиуд утааны улирлын үеэр, орон нутгийн сургуулиуд мал төллөх үеэр буюу хавар амрахаар болсон. Хичээлийн жилийн амралт яг хэднээс эхлэх вэ гэдгийг тухайн үед нь зохицуулна" гэлээ. 

2019 онд улсын хэмжээнд 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орно 

Засгийн газраас гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Энэ зорилгын хүрээнд 2018-2019 онд нийт 603 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж буй. Харин 2019 онд улсын хэмжээнд нийт 21,420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13,140 хүүхдийн ортой 93 цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор болжээ. Одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажил улсын хэмжээнд 65-70 хувьтай явж байгаа бөгөөд энэ ондоо багтааж бүтээн байгуулалтын ажлыг дуусгах зорилт тавин ажиллаж байгааг БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ. 

Эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллана 

БСШУСЯ энэ хичээлийн жилээс эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэдгийг Ё.Баатарбилэг сайд онцлон дурдлаа. Эцэг эхчүүд хүүхдэдээ хангалттай анхаарал, халамж тавиагүйн улмаас хүүхдийн амь нас эрсэдсэн, осол гэмтэлд өртсөн, эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд БСШУСЯ-ын сайдын тушаалаар ЕБС-д суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах үлгэрчилсэн гэрээний загвар батлагдсан байна. Тухайн сургууль, цэцэрлэг уг загварт нийцүүлэн өөрийн онцлогийг тусгаж, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй зөвшилцөх замаар энэ хичээлийн жилээс эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах юм байна. 

Сурах бичгийг худалдаалахгүй, түрээсэлнэ  

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичиг зах зээлд худалдаалагдахгүй бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад хүрэх юм байна. Бага ангийн сурагчид 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь нь сурах бичгийг үнэ төлбөргүй ашигладаг зохицуулалт хэвээр үргэлжилнэ. Харин сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нь зөвхөн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувьд хамаарна. Төлбөрийг сурах бичгийн үнийн дүнгийн 20-40 хүртэлх хувиар тогтоох аж. 

"Иргэний боловсрол" хичээлийг бүрэн шинэчилж, сургалтын хөтөлбөрийг баталжээ 

Энэ хичээлийн жилд "Иргэний боловсрол" хичээлийг бүрэн шинэчилж, 1-5-р ангийн сурагчдад "Монгол ёс, хүмүүжлийн хичээл", 6-12-р ангид "Иргэний ёс зүйн боловсрол" нэртэйгээр орохоор болсныг салбарын сайд нь уламжиллаа. Уг хичээлийн сурах бичгийг гаргахын тулд тусдаа сурах бичиг зохиох, зургийн баг ажиллажээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийх үеэрээ "Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засаж, сайжруулна. Хичээлийн хөтөлбөр бол Үндсэн хууль шиг хэдэн арван жилээрээ хөдөлгөөнгүй байдаг зүйл биш юм. Цаг үеэ дагаж өөрчлөгдөж, шинэлэгдэж байх ёстой" гэдгийг онцлон хэллээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.