Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Залуу эцэг эхчүүдийн мэдэж байвал зохих хүүхэд хүмүүжүүлэх аргууд

Та ямар хүмүүжлийн арга барилтай ээж, аав бэ гэдгээ тодорхойлж байсан уу?


“Би ямар арга барилаар хүүхдээ өсгөж байна вэ” гэж бодож үзсэн үү. Та ямар хүмүүжлийн арга барилтай ээж, аав бэ гэдгээ тодорхойлж байсан уу? 

Сэтгэл судлаач Диана Баумринд эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилыг олон жил судалсны үндсэн дээр дараах дөрвөн хэлбэрийг тодорхойлон гаргажээ. 

1. Хүүхдээ захиргаадах байдлаар өсгөн хүмүүжүүлдэг эцэг эхчүүд хүүхэд дүрэм журмыг хатуу дагаж мөрдөх ёстой гэж боддог. Хүүхэд цаад учир шалтгааныг лавлаж асуухад ихэвчлэн “Би тэгж хэлсэн болохоор...” гэж тайлбарладаг. Ийм арга барилтай эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тохиролцох тухай бараг боддоггүй бөгөөд өөрийнх нь хэлснийг дуулгавартай дагаж байгаа эсэхэд л анхаардаг. Түүнчлэн хүүхэд саад бэрхшээлтэй учирч түүнийг бие даан даван туулах, шийдвэрлэхийг дэмждэггүй ба хүүхдийн үзэл бодлыг үл харгалзан үр дүнг тулган хүлээлгэдэг аж. 

  • Эцэг эх нь шийтгэлийн арга хэлбэрийг ашиглах хандлагатай байдаг тул хүүхэд гаргасан шийдвэрээ засаж сайжруулах тухай бодохын оронд хийсэн үйлдэлдээ харамсах хандлагатай болдог.

  • Захиргаадах арга хэлбэртэй гэр бүлийн орчинд хүүхдийн үзэл бодлыг үнэлж, хүндэтгэдэггүй тул өөртөө итгэлгүй байх магадлалтай.

  • Мөн хүүхэд дайсагнасан, түрэмгий зан авиртай болж өсдөг. Аливааг хэрхэн сайжруулах вэ гэж бодохын оронд эцэг эхдээ уурласан байдал илүү ажиглагдана. 

  • Хамгийн анхаарууштай нь хатуу дүрэмд баригдаж өссөн хүүхэд худлаа хэлж, шийтгэлээс зайлсхийхдээ гаргууд нэгэн болдогт оршино. 

2. Шаардлага тавьдаг эцэг эхчүүд дүрэм журмыг ашиглахын зэрэгцээ хүүхдийнхээ санаа бодлыг сонсож, тэдэнтэй ойр дотно харилцаатай байхыг эрмэлздэг, дүрэм журмыг учирлан тайлбарладаг. Түүнчлэн хүүхдээ зөв хүмүүжилтэй болгохын тулд магтах, урамшуулах зэрэг эерэг хүмүүжлийн аргуудыг ашиглах нь бий. 

  • Ийм гэр бүлд өссөн хүүхэд шийдвэр гаргахдаа сайн, аз жаргалтай, амжилттай нэгэн болж торнидог. 

  • Судалгаагаар шаардлага тавьдаг, ардчилсан гэр бүлд өссөн хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хариуцлагатай бие хүн болж төлөвшдөгийг баталжээ. 

3. Хүүхдээ хэт эрхлүүлдэг эцэг эхчүүд “Хүүхэд л бол хүүхэд шүү дээ” гэсэн байр сууринаас ханддаг ба тэдний хийсэн буруу үйлдэлд өршөөнгүй загнаж, ноцтой асуудал үүссэн нөхцөлд л анхаарал хандуулна. Дүрэм гаргадаг ч өөрсдөө дагаж мөрддөггүй, хүүхдээ гуйх төдийд хэлснээсээ буцаж, буулт хийх хандлагатай байдаг гэнэ. 

  • Хүүхдээ өсгөхдөө эцэг эхийн гэхээсээ найз нөхдийнх шиг байр сууринаас ханддаг. Хэдийгээр хүүхдээ өөрт тулгарч буй асуудлынхаа талаар эцэг эхтэйгээ ярилцахыг дэмждэг боловч муу зан авир, буруу шийдвэрийг нь болиулахын тулд хүчин зүтгэл гаргадаггүй. 

  • Мөн хүүхэд дүрэм журмыг үл тоомсорлосон, өөртөө итгэлгүй, гуньж гутарсан байдал гаргах хандлагатай. 

  • Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай зүйлийг хориглож чаддаггүй тул таргалалт, шүдний өвчлөл зэрэг олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай байдаг. 

4. Хүүхдээ үл хайхардаг эцэг эхчүүд тэдний юу хийж, хаана, хэнтэй байгааг сонирхдоггүйгээр үл барам тэдэнд зарцуулах цаг ч бага байна. Хүүхэд эцэг эхийн халамж анхаарал, дэмжлэгийг хангалттай хэмжээнд хүртэж чаддаггүй. Тэд хүүхдээ үл хайхарч байгаагаа анзаардаггүй бөгөөд энэ нь хүүхдийн хөгжил, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх талаар мэдлэг дутмаг байдал, ажил, гэр орны асуудал, санхүү зэрэг өөр бусад зүйлд илүү анхаарал хандуулснаас үүдэлтэй байх нь бий. 

  • Ийм гэр бүлд өссөн хүүхэд мөн л өөртөө итгэх тал дээр асуудалтай, сурлагадаа тааруухан байх эрсдэлтэй. 

Бодит байдал дээр эцэг эхчүүдийг зөвхөн захиргааддаг эсвэл шаардлага тавьдаг хүмүүжлийн арга барилтай гэж нэг бүлэгт хамааруулах боломжгүй юм. Учир нь нөхцөл байдлаас шалгаалж зарим үед хэт эрхлүүлж, заримдаа захиргааддаг эцэг эхчүүд ч байдаг. 

Хүүхэд хүмүүжүүлэх шинжлэх ухаанч шалгарсан аргууд:

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотойгоор шинжлэх ухааны хүрээнд олон сонирхолтой аргуудыг санал болгосон байдаг. Тэдгээрээс сэтгэлзүйн шинжлэх ухаанаар батлагдаж, дэлхийн нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр аргын тухай товч мэдээллийг хүргэж байна. 

Эерэг хүмүүжил: Хүүхэд тань ямар ч үйлдэл хийж, муухай ааш гаргасан байлаа энэ бол нь тэдний хувьд хамгийн зөв гэж бодсон үйлдэл нь гэдгийг ээж, аав болсон хүн бүр ойлгох хэрэгтэй. Тиймээс хүүхдийнхээ үйлдлийг болиулах гэж хичээхээс илүү яагаад ингэх болов гэдгийг олж мэдэх нь л эцэг эхчүүдийн хийх ёстой зүйл юм. 

"The 101s: A Guide to Positive Discipline” номыг зохиогч Кэтрин Кэрси “Томчууд хүүхдээ хянах бус өөрийгөө хянахад л анхаарах хэрэгтэй. Хэрэв хүүхэд байж боломжгүй ааш авир гаргавал гүнзгий амьсгаа ав, бүр болохгүй бол түр холдож тайвшираад дараа нь ярилц” гэж зөвлөжээ.  

  • “Үгүй”, “Болохгүй” гэж хэлэхийн оронд хийж болох зүйлийг нь хэлж өг, шийтгэлийн оронд шийдлийг эрэлхийл

  • Хүүхдээ хахуульдаж аливаа зүйлийг хийлгэхийн бус сонголт өгч, хариуцлагаа хүлээх, урамсарлах боломж олго 

  • Алдаа гаргах нь шинэ зүйлд суралцах боломж гэдгийг ойлгуулж, өөрийнхөө туршлагаа хуваалцаарай. 

Өсөн хөгжих сэтгэлгээ: Хүүхдэд төрөхөөсөө л шинийг сурах, орчин тойрноо танин мэдэх хэрэгцээ өндөр байдаг учир “Яагаад” гэсэн асуултыг хамгийн их асуудаг. Нэгэн сонирхолтой судалгаа дурдахад, хүүхэд таван нас хүртлээ дор хаяж 40 мянган удаа "үгүй" гэсэн үг сонсдог бол эргэн тойрны хүмүүс нь ердөө 5000 удаа "тийм" гэсэн хариултыг түүнд өгдөг аж. Түүнчлэн хүүхдийнхээ урмыг хугалахгүйн тулд худлаа магтах, хичээл зүтгэлийг нь биш авьяас чадварыг дөвийлгөх зэрэг нь тэдний өсөн хөгжих сэтгэлгээнд сөргөөр нөлөөлдөг аж. Иймээс хүүхдээ магтаж урамшуулахдаа зөв талаас нь харж, урам өгөх нь зүйтэй. Тухайлбал:

Ингэж хэлж болно. Яагаад?Ингэж хэлж болохгүй. Яагаад?
Миний хүү их хичээж сайн хийсэн байна шүү
(Хичээл зүтгэлийг нь үнэлж байна гэдгийг хэдгийг ойлгох болно)
Миний хүү ухаантай шүү
(Би угаасаа ухаантай юм байна гэсэн ойлголт төрүүлнэ)
Миний бодлоор бид шинэ арга хайсан нь дээр байхаа. 
(Сайн үр дүнд хүрэхийн тулд өөр өөрөө оролдож үзэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулна)
Зүгээр дээ. Ийм зүйлд дахиж цагаа үрээд хэрэггүй. (Би үүнийг сайжруулж чадахгүй юм байна гэж бодоход хүрнэ)
Энэ чиний хувьд хэтэрхий амархан юм шиг санагдлаа. Дараагийн удаа илүү хүчин чармайлт шаардсан зүйл хийвэл чи илүү хөгжинө дөө.
(Ингэж хэлснээр суралцах нь хүчин зүтгэл, хөдөлмөр шаарддаг, хэт амархан зүйл хийвэл хөгжихгүй гэдгийг хүүхдэд ойлгуулна)
Хөөх ямар хурдан хийчихэв ээ. Сайн байна.
(Бүх зүйлийг ингээд хичээхгүйгээр сайн хийчихэж болох юм байна хандлагыг бий болгоно)

Ингэж хийх нь зөв биш. Магадгүй чи үүнийг хараахан ойлгоогүй байх. Чи илүү сайн хийхийн тулд ямар арга ашиглая гэж бодож байна?
(Хүүхдийнхээ мэддэг болон мэдэхгүй зүйлийг үнэнээр нь хэлэхийн зэрэгцээ үүнийгээ сайжруулах боломжтой гэдгийг ойлгуулна)
Ингэж хийхгүй ээ. Чи ер нь хичээлдээ анхаарал хандуулсан уу, оролдож үзсэн уу ядаж?
(Дараагийн удаа хичээгээд ч хэрэггүй юм байна гэж бодоход хүрч болзошгүй)

Сайн бичихийн тулд их хичээсэн байна. Одоо илүү ахисан түвшинд өөрийгөө сорьж, мэдэхгүй байгаа зүйлээ суръя.
(Хүүхдийг тав тухтай бүсээс нь гаргаж, өөрийгөө сорих боломж олгосноор ирээдүйд байнга шинийг суралцдаг дадал хэвшилтэй болгоход сайнаар нөлөөлнө)
Чи бичихдээ мундаг сайн юм байна. Тиймээс эссэ бичлэгийг хичээл авъя.
(Хүүхэд зөвхөн өөрийнхөө сайн хийдэг зүйлийг л хийсэн нь дээр юм байна гэж бодно, шинэ зүйл туршиж үзэхээс эмээнэ)


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
7 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
11 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.