Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Залуусын сэтгэгдэл | Lead Mongolia хөтөлбөрөөс олж авсан үнэтэй 5 туршлага


LEAD Mongolia хөтөлбөрт өөр, өөрийн салбартаа манлайлж яваа залуусыг шалгаруулж авдаг билээ. Энэ жилийн АНУ дахь солилцооны хөтөлбөрийн шалгаруулалт ид дундаа явагдаж байгаа бол Монгол дахь хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байна. 

Бид өмнөх хөтөлбөрт оролцсон таван залуугийн туршлага, сэтгэгдлийг энэ удаад онцолж байна. Хэрэв Та ч бас LEAD гэрбүлийн гишүүн болохыг хүсвэл хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг дараах холбоосоор аваарай. 


1. Б.Баттөмөр, LEAD Mongolia 2018 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, BPREDU ХХК-ийн захирал 

Миний хувьд нийгэмдээ чухал үүрэг, хариуцлага үүрч байгаа залуу манлайлагчидтай танилцаж, нөхөрлөсөн маань чухал байлаа. Тэдний санаа, бодлыг сонсч, ярилцах боломжтой, хамтдаа суралцсан хөтөлбөр байсан. Мөн нэг анги, хамт олны хэсэг болсондоо баяртай байна. Зөвхөн энэ он төдийгүй өмнөх төгсөгчидтэйгээ танилцаж, LEAD fellow гэх хамт олон болсноор хийж байгаа ажилд маань ч маш их тус болж байгаа. 


2. Ч.Болортуяа, LEAD Mongolia 2017 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, IKON News-н Ерөнхий редактор 

LEAD хөтөлбөрт хамрагдсанаар ардчилалд иргэд, иргэний нийгмийн оролцоо ямар их ач холбогдолтой, ардчиллын суурь зарчим болох хянаж тэнцэх (Check & balance) зарчим зэрэг өөрийн хайж байсан зүйлсээ газар дээрээс нь, шилдэг экспертүүдээс нь олж мэдсэн үр дүнтэй олон хичээл, сургалтыг авсандаа сэтгэл хангалуун байдаг. Мөн залуус нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хэрхэн амжилттай болгох талаарх олон хичээл, дасгал ажлуудыг ажилласан нь хөтөлбөрийн хүрээн дэх багийн төслөө хэрэгжүүлэхэд ч одоогийн ажил хөдөлмөрт маань их тус нэмэр болж байна. 

Хэрэв залуус ардчиллын утга учрыг илүү гүн гүнзгий ойлгож таних хүсэлтэй, мөн нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг бол LEAD хөтөлбөр хамгийн богино хугацаанд, онол, практик хослуулан хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг өгөх хөтөлбөр юм. 


3. Н.Ганчимэг, LEAD Mongolia 2017 Монгол дахь хөтөлбөрийн оролцогч, LEAD Төгсөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Залуучууд хүсэл зориг, хүч чадлаа нэгтгээд, түүнийхээ төлөө үйлдэл хийж, улмаар тууштай байх юм бол ямар ч том зүйлийг бүтээж, бий болгож чадахыг олж харсан нь миний хувьд хамгийн чухал ололт байсан. Мөн LEAD хөтөлбөрт хамрагдсанаар хүмүүсийн ялгаатай байдлыг мэдэх болсон төдийгүй, хүн бүрийн оролцоог дэмжиж, мэдээллээр хангаж байх нь ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй, үнэ цэнэтэй болохыг илүүтэй ойлгосон.      

LEAD хөтөлбөрт оролцсоноор харах өнцөг, хамрах хүрээ, хувь хүний чадварын хувьд нэжгээд алхамаар урагшлах боломжийг олж авна. Амьдарч буй орчин, нийгмээ одоо байгаагаас илүү сайжруулахын тулд чамтай хамт зүтгэх, чамайг сэдэлжүүлж, дэмжих олон залуус байгааг олж мэднэ, тэдний нэг болно. Ажил, амьдралын тань зорилго тодорхой бус байсан бол тодорхой болж, том байсан бол илүү том болно.   


4. Д.Ганзориг, LEAD Mongolia 2016 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, UnreadToday-г үүсгэн байгуулагчдын нэг

Мэдээж хөтөлбөрийн гол цөм болсон ардчиллын тухай ойлголтоо тэлж, ардчилсан нийгмийн эд ангиуд хэрхэн эргэж, нийгмээ урагшлуулж байдгийг илүү сайн ойлгосон шүү. Иргэний нийгмийн хүчтэй залуу лидерүүд манай ангид байсан болохоор иргэний нийгмийн ойлголт ч их сайжирсан. Нийгмийн асуудлыг хэрхэн үнэлж дүгнэж, түүний шийдлийг яаж гаргаж ирэх ёстой вэ, нөлөөллийн ажлыг хэрхэн хийх вэ гэдэгт суралцсан. Олон салбарын, ид хийж бүтээж яваа, өсөж хөгжиж яваа залуучууд байсан болохоор олон салбарын онцлог, боломж ба асуудалтай танилцсаныг дурдах ёстой. Хөтөлбөрт оролцсон туршлагаа ерөнхийд нь дүгнэхэд, өөрийн дассан тухлаг орноос өндийн гарч, нийгмийн асуудлуудыг харах өнцгөө тэлсэн, шийдэхэд хувь нэмэр оруулах эрмэлзлээ бадраасан. Иргэн хүний хувьд шат ахиж, өөрийн үйлдэл болон ажлаар дамжуулан эерэг нөлөөллийг илүү сайн түгээе гэж бодох болсон доо.

Үүнээс гадна LEAD-д хамрагдах ёстой нэг гол шалтгаан бол олон салбарын залуу лидерүүдтэй “холбоотон" болох явдал юм. Тэд чиний бодлыг өөрчилнө, мэдлэг чадварыг чинь тэлнэ, мэргэжилтний хувьд шат ахиулна. Сайн найзууд болно. Нэг ангийнхнаар тогтохгүй LEAD-ийг төгсөгч 150 гаруй залуучуудыг багтаасан, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төгсөгчдийн холбооны нэг хэсэг болж, маш хүчтэй коммюнитигийн нэг хэсэг болох боломжтой юм. Хүнийг хүн л боломжид хөтөлдөг гэдгийг сануулах юун.


5. Ж.Хулан, LEAD Mongolia 2018 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, UB.life, “Гэрэг” сэтгүүлийн дэд захирал 

Манлайлал гэж үг орчин үед, ялангуяа манай хотод улиг болох хандлагатайг бүгд л яриж буй. Харин “Lead Mongolia” хөтөлбөрт хамрагдсан хугацаагаа би манлайллын тухай шинээр ойлгосон өдрүүд гэж хэлнэ. Албаны гоё хувцастай, тайзан дээр ярьдаг, тод дуутай хэн нэгнийг бус хүрээлэн буй орчин, хүмүүстээ зөв нөлөө үзүүлж чаддаг, бүлэг олны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа, хөдөлмөр бүтээлээ зориулж чаддаг хүнийг манлайлагч гэдэг юм байна, үүний тулд нийгмийн бүтцийнхээ тухай зөв ойлголттой, оролцоотой байх учиртай юм байна гэдгийг тод томруун харж авсан. 

Түүнчлэн ардчилалд эргэлзэх болсон энэ цаг үед өлгий нутгаас нь жинхэнэ ойлголттой нь танилцаж, бидний туулсан зам хариуцлага, үүрэг, тэгш хамруулах, хүртээмжтэй байх зэрэг олон үнэт зүйлийг нь хэрхэн гээгдүүлж вэ гэдгийг мэдэж цаашид энэ бүхний тухай илүү анхаарахсан гэж ойлгосон. 

Хөтөлбөрт хамрагдсан залуус салбар бүрээс сонгогдсон учраас аливаа асуудлыг 30 өөр өнцгөөс харж байгааг нэг танхимд сонсч, мэдэрнэ гэдэг гайхалтай байдаг. Сэтгүүлч хүний хувьд ийм олон талт дуу хоолойг алхам тутамдаа дуулж, маргаж, мэтгэлцэх боломж нь юугаар ч үнэлшгүй байсан бөгөөд одоог хүртэл LEAD-ийн төгсөгчидтэйгээ үргэлж холбоотой байж хамтран ажиллаж байгаа маань ололт юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.