Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зеленский: Намайг Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүмүүс эхлээд бохир заваанд хутгах ч дараа нь хүндэлнэ, эцэст нь намайг ажлаа өгөхөд уйлна

Украины шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой сонирхолтой 7 баримт


Хэдхэн цагийн өмнө Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүн гарлаа. Эхний сунгаанд 37 хүн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлснээс хамгийн өндөр санал авсан Володимир Зеленский, Петр Прошенко нар хоёр дахь шатанд өрсөлджээ. Санал хураалтын дүн гарахад сонгогчдын 73.02 хувь нь комедиан Володмир Зеленскийд, 24.64 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Петр Прошенкод саналаа өгсөн байна. 

Санамсаргүй байдлаар Ерөнхийлөгч болж буй багшийн тухай өгүүлдэг "Servant of the People" цувралаараа алдаршсан Зеленский ийнхүү бодит амьдрал дээр Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

UBLIFE Украины шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой зарим сонирхолтой баримтуудыг дурдаж байна. 

1. Зеленский Эрдэнэтэд 4 жил амьдарчээ

Зеленскийгийн эцэг математикч, ээж нь инженер мэргэжилтэй юм байна. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард "Gordon" сайтад өгсөн ярилцлагадаа "Аав минь кибернетик, тооцооллын хэлтсийн даргаар ажилладаг профессор хүн. Энгийнээр бол математикч гэсэн үг... Харин ээж маань насаараа инженерээр ажилласан. Эцэг эх маань бараг 20 жил орчим Монголд ажиллаж амьдарсан хүмүүс. Харин би Эрдэнэт хотод дөрвөн жил амьдарсан. Гэхдээ одоо хэдхэн үг санаж байгааг эс тооцвол монгол хэлийг бараг мартжээ. Аав маань уул уурхайн баяжуулах үйлдвэрт Зөвлөлтийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг байсан... Эрдэнэтэд амьдарсан нь сайн бас муу үр дүнгүүдийг авчирсан. Хамгийн харамсалтай нь эцэг эх маань эрүүл мэндээ золионд гаргасан даа" гэжээ. 

2. Тэрээр дипломат болохыг хүсдэг байжээ 

Мөн тэрээр "Би нэгэн цагт олон улсын харилцааг маш их сонирхдог байлаа. Тиймдээ ч англи хэлтэй төрөлжсөн сургуулийг төгссөн" гэжээ. Зеленский Кривой Рог хотын Эдийн засгийн институтыг хуулийн чиглэлээр суралцаж төгссөн боловч энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй аж. 

3. "Servant of the People" цуврал амжилттай болсны дараа ижил нэртэй улс төрийн нам байгуулж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ


Зеленский 2003 онд өмнө нь хамтран ажиллаж байсан уран бүтээлчдийн хамт "Квартал-95" компанийг үүсгэн байгуулсан ба компанийн бүрэлдэхүүнд концерт, шоу хөтөлбөр, сериал зэрэг төрөл бүрийн контент бүтээдэг 'Studio 95' хэмээх продакшн, 1 + 1 болон STS гэсэн хоёр телевизийн суваг багтдаг. Тэд “Evening quarter” шоу болон гурван бүлэг гараад буй "Servant of the People" цувралаараа ихэд алдаршсан байна. 2018 оны гуравдугаар сард тус продакшн телевизийн цувралтайгаа ижил нэр бүхий улс төрийн нам байгуулсан ба арванхоёрдугаар сард 'Studio 95'-ийн шинэ жилийн тусгай хөтөлбөрийн үеэр Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа албан ёсоор зарлажээ. 

'Radio Free Europe' өнгөрсөн нэгдүгээр сард Зеленскийгийн эзэмшдэг "Квартал-95" Оросын 'Grin Films' компанитай холбоотой гэх баримтыг дэлгэж байсан юм. Харин Зеленский сүүлд үүнийг үгүйсгэсэн юм. 

4. "Квартал-95" Орос дахь үйл ажиллагаагаа зогсоожээ

"Квартал-95" компани болж өргөжихөөс өмнө тус студийн уран бүтээлчид Украин болон ОХУ-д нэрд гарсан, Орост ч тогтмол концерт, тоглолт хийдэг байж. Харин одоо Зеленский Орост тоглолт хийхээс татгалзаж буй гэдгээ ярилцлагадаа дурджээ. Тэрээр "Өмнө нь бид цуврал бүрийн нэг ангиас 150-200 мянган долларын ашиг олдог байсан. Харин Орос дахь бизнесээ хааснаар дээд тал 30 доллар л болсон... намайг Москвад ирж тоглооч гээд 250 мянган доллар амлахад нь би татгалзсан" гэсэн юм. 

5. Forbes сэтгүүл Зеленскийг Украины энтертайнмент салбарын хамгийн чинээлэг хүн гэж нэрлэж байв

Тэрээр 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахдаа 353,5 м.кв талбай бүхий орон сууц, 1,2 мянган м.кв талбайтай тэнцэхүйц хэд хэдэн орон сууцны барилга, хоёр машины зогсоолтой гэжээ. Мөн 'Kinokvartal', 'Studio 95' компанийг эзэмшигч төдийгүй өөр өөр салбарт үйл ажиллагаа явлуулдаг компаниудын хувьцааг давхар эзэмшдэг аж. 

6. Зеленский дайныг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ 

Зеленский "Gordon" сайтад өгсөн ярилцлагадаа улс төрийн байр суурь, Ерөнхийлөгчөөр сонгогдвол баримтлах бодлогынхоо талаар хуваалцсан байна. Тэрээр "Намайг Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүмүүс эхлээд бохир заваанд хутгах ч яваандаа хүндэлж эхэлнэ, эцэст нь намайг ажлаа өгөхөд тэд уйлна... Минскийн хэлэлцээр бүтэмжгүй байгаа юу гэвэл тийм. Гэлээ гээд дайн хийх гэж үү? Би хувьдаа үүнийг эсрэг байгаа. Эцсийн эцэст энд хүмүүсийн амь амьдрал яригдаж байна. Тиймээс миний нэн тэргүүний зорилт бол тэнд байгаа хүмүүсийг аврах" гэдгийг онцлон тэмдэглэжээ. 

7. "Ерөнхийлөгч болсон ч тайзан дээр гарахаас татгалзахгүй"

Зеленскийгийн гэр бүлийнхэн бүгд урлагтай холбоотой гэхэд хилсдэхгүй. Тэрээр эхнэр Еланатайгаа 17 настайдаа анх танилцаж байсан бөгөөд хос хоёр 2004 онд охинтой, 2013 онд хүүтэй болжээ. Елана жүжиглэхийн зэрэгцээ шоу, тоглолтуудын зохиолыг бичихэд нөхөртөө тусалдаг аж. 2015 онд Зеленскийн охин аавтайгаа хамтран  "8 new dates" кинонд тоглосон байна. Харин Зеленский Ерөнхийлөгч болсон ч тоглох санал ирвэл тайзан дээр гарахаас татгалзахгүй гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Gordonua.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
13 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
1
0
0
0
3
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мунгол 2019.04.23 192.82.66.101

Эдний манай 2 гэж сүйрсэн улсууд байна

0 Хариулах