Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Зөвлөгөө: Бэлгийн хүчирхийллийн талаар хүүхэдтэйгээ ярилцахдаа анхаарах 10 чухал зүйл


Бага насны хүүхдийг хүчирхийлсэн аймшигт мэдээ ар, араасаа хөвөрч, үр хүүхэдтэй хүн болгоны сэтгэл түгшиж байна. Ийм сөрөг мэдээллийн дунд бага насны хүүхэдтэй эцэг, эх тайван байх хэцүү. Хамгийн түрүүнд тэд "Миний хүүхдэд ийм зүйл битгий тохиогоосой" гэж хүсдэг хэдий ч найдвартай баталгаа алга байна шүү дээ. Тийм учраас болохоос урьдчилан сэргийлж, хүүхдээ бага, нялх гэхгүйгээр ярилцах нь чухал. 

Дөрвөн охин тутмын нэг нь, зургаан хөвгүүн тутмын нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа бий. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь 2.9 дахин илүү байдгийг "Time" сэтгүүлийн нийтлэлд дурджээ.

Та энэ бүх зүйлд итгэмээргүй, сонсохыг ч хүсэхгүй байгаа нь тодорхой. Гэхдээ бид хүүхдээ хамгаалах нь үүнээс илүү шүү дээ. Хамгийн харамсалтай нь хүчирхийлэлд өртсөн ч гэсэн түүнийгээ нуудаг, хэн нэгэнд хэлдэггүй, бүр хүчирхийлэлд өртсөнөө ч мэдэхгүй өнгөрөх тохиолдол маш их байдаг. Тэр нь даамжраад олон удаагийн давтамж болж, явсаар эцэст нь аймшигтай үр дүнд хүргэх нь ч бий. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд бид юу хийж чадах вэ?


Хүүхэдтэйгээ дараах зүйлсийг ярилцлаарай.

1. Тухтай, чимээгүй уур амьсгалд хүүхдээ айлгахгүйгээр тайван ярилцах хэрэгтэй.

Тэгвэл хүүхэд таны яриаг ойлгоход амар. Хэрэв та тухгүй уур амьсгалд, уурласан, стресстэй үедээ ярьвал таны ууртай араншинг л анхаарахаас биш юу хэлэх гээд буйг ойлгохгүй.

Мөн ямар нэг хориг цээр, болохгүй зүйлийн тухай ярих гэж буй мэт аяглаж болохгүй. Хүүхдүүд гярхай байдаг учраас өчүүхэн жижиг хөдөлгөөн, үг хэлж буй байдлаас ямар нэг болохгүй зүйл гэдгийг анзаарч чаддаг. Улмаар хориотой зүйл юм байна гээд, энэ тухай ярих нь ч болохгүй, муухай зүйл гэж бодож мэднэ. Тэгэхээр яриагаа эхлэхдээ аль болох тайван, дотно уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй.

2. Хоёр наснаас нь эхэлж ярих хэрэгтэй

Хэтэрхий эрт санагдаж мэдэх ч 12 нас хүртэлх хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөх хамгийн эрсдэлтэй нас нь 4. Эртнээс энэ талаар ойлгуулж байсан нь дээр гэсэн үг. 2 настай бяцхан үрс бүрэн ярьж чадахгүй ч дэлхий ертөнцийг таних гэж хичээсээр байдаг. Жишээ нь, хүүхдээ усанд оруулж байхдаа нууц газрыг нь зааж, эцэг эх нь л усанд оруулах гэж цэвэрлэж болно, өөр хүмүүсийн хувьд хаалттай бүс гэдгийг нь ойлгуулж эхлэх.

3. Нууц газруудын нэрийг зааж өгөх

Хүүхдэдээ эд, эрхтнийх нь нэрийг цээжлүүлэхдээ чих, нүд, хөл гэж бодитоор нь нэрлэдэг шигээ бэлэг эрхтэн, мээмийг ч алгасч болохгүй. Өхөөрдөж нэрлэх ч хэрэггүй. Ингэснээр өөр хүнд хүрсэн, халдсан үед яг хаана нь, аль газар нь оролдсон гэдгийг бодитоор хэлэхэд тустай. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль алины онцлог хэсгүүдийг зааж өг.

Нэг болсон явдлаар жишээлэхэд, бяцхан охин эцэг эхдээ гэдэс нь өвдөөд байна гэж хэлж, эмчид үзүүлэхэд үнэндээ бэлгэ эрхтэн нь гэмтсэн байжээ. Охин бэлэг эрхтнээ хэлж мэдэхгүй учраас гэдэс нь өвдөөд байна гэсэн нь тэр аж.

4. Юу зөв, юу бурууг ялгахыг заах

Нууц газарт нь хэн ч хүрч, оролдож болохгүй гэдгийг сайтар ойлгуул. Ээж аав нь, эсвэл эмч л усанд оруулах, цэвэрлэх, үзлэг хийх үедээ хүрч болно, бусад хэн ч бай, дотнын хамаатан, ах эгч ч хүрч болохгүй гэдгийг хэл.

Гэхдээ яаж гэдгийн заагийг хэлээрэй. Усанд оруулахдаа, цэвэрлэхдээ, үзлэг хийхдээ ингэдэг гэдгийг нарийн зааж, бусад үйлдлүүд хориотой, болохгүй гэдгийг хэлснээр хүүхэд ялгаа, заагийг нь мэдэж авна. Хэрэв таагүй, тухгүй, эсвэл өвдөж байвал түүнийгээ хэлдэг болгож хүмүүжүүлээрэй.

5. Нууц газрууд бол онцгой, нандин хэсэг гэдгийг ойлгуул

Энэ сэдвээр ярилцахдаа хориг, цээр үүсгэхийн оронд онцгой, нандин, зөвхөн өөрийнх нь гэдгийг зааж өгөөрэй. Олон удаа давтаж байгаачлан зөвхөн усанд оруулах, цэвэрлэх, эмчлэх үед л хүн хүрэхээс бусдаар өөр хүнд хүрүүлэхгүй нандин хэсэг. Хэрэв хэн нэгэн нууц газарт нь хүрэх нь гижиг хүрмээр, эсвэл тоглоом шиг мэдрэгдэж байвал энэ буруу, болохгүй зүйл шүү гэдгийг ялгаж, зааж өг.

Мөн хамгийн чухал нь бусад хүмүүсийн нууц газруудад хүрч болохгүй гэж хэл. Том хүмүүс тэр газраа хүр гэж хэлсэн ч энэ бол буруу, хэрэв хэн нэгэн тэгж хэлсэн бол эцэг эхдээ шуудхан хэлж байхыг эелдгээр, хүүхдээ айлгахгүйгээр ойлгуулаарай. Хамгийн гол нь айлгаж, бүх насаараа жигшихээр ноцтой хэлж болохгүй гэдгийг анхаараарай. Тэд насанд хүрнэ гэдгийг мартаж болохгүй.

6. Өөрийнхөө биеэ өөрөө захирахыг зааж өг

Ихэнх хүүхэд эцэг, эхээсээ бүрэн хамааралтай байдаг, эсвэл тэгж мэдэрдэг. Гэхдээ тэдний бие тэдний хэрэг гэдгийг аль болох эвтэйхнээр ойлгуул. Жишээ нь, том хүмүүс, аав ээж нь хүртэл биед нь зохисгүйгээр хүрэх, өвтгөх, дургүй, хүсээгүй зүйлийг нь хийлгэхээр шаардвал "Үгүй" гэж хэлж чаддаг болгох.

Олон нийтийн газар явахдаа хүүхдээ бусдааршууд үнсүүлж, тэврүүлэхээс зайлсхий. Тэд хүүхдээс чинь зөвшөөрөл авах ёстойг хүүхдэдээ үлгэрлэ. "Эгч нь хацар дээр нь үнсчих үү", "Эгч нь дүүгээ тэвэрч болох болов уу?" гэж танаас биш хүүхдээс чинь асуудаг болгож үлгэрлээд, хүүхэд чинь зөвшөөрсөн тохиолдолд л үнсүүлж, тэврүүлж байгаарай. Хэрэв хүсэхгүй байгаа бол дээрх асуултад "үгүй" гэж хэлэх нь буруу, бүдүүлэг зүйл биш шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

7. Хэн ч чамайг өвтгөх ёсгүй

Хүүхдийн хүчирхийллийн нийт тохиолдлын 85% нь таньдаг, мэддэг, ойрын хүрээллийн хүн байдаг гэх судалгаа бий. Тэд эцэг эх, хамаатан, гэр бүлийн найз, хөрш, багш ч байж болно. Эрэгтэй, эмэгтэй эсвэл хүүхэд, хэн ч байж болно.

Хүүхэд гэр бүлийнхэн, дотно хүмүүсийнхээ дунд эмзэг болдог. Тийм учраас хэн ч өөрийг нь өвтгөж, нууц газарт нь хүрч, оролдож болохгүй, тэр хүн гэр бүлийн гишүүн байсан ч адилхан гэдгийг хэлээрэй.

Өөрт нь хайртай учраас энэ талаар ярилцаж байгаагаа ойлгуулаарай. Тэгж гэмээнэ хүүхдэд чинь ямар нэг зүйл тохиолдвол үгүй, болохгүй гэж хэлснээсээ, бас энэ болсон зүйлийг танд хэлснээсээ айхгүй.

8. Зөн совинд нь итгүүл

Гэр бүл ойр, дотнын хэн нэгэнтэйгээ байхдаа тухгүй, жихүүцдэг бол битгий хамт байлгах гэж хүчлэ. Хэнтэй хамт байхдаа дуртай байдаг, хэнтэй хамт байхдаа дургүй байдгийг нь цаг гаргаж яриулаад, яагаад гэдгийг нь эелдгээр тодруулаарай. Эцэг, эх нь байнга хүүхдийнхээ хажууд байдаггүй учраас өөрийнх нь зөн совинд даатгаад, дургүй хүмүүстэй нь үлдээхгүй байхыг чухалчил.

9. Аав, ээжтэйгээ ярьсан бүхэн "нууц"

Хүчирхийлэгчид зохисгүй үйлдэл хийснийхээ дараа "Энэ тухай хэнд ч хэлж болохгүй, аав ээждээ хэлбэл хохино шүү" гэж айлгадаг. Тийм учраас аав, ээж бол хүүхдийнхээ хувьд хамгийн чухал хүн учраас тэдэнд бүхнээ ярьж, хэлж болно, тэр хэлсэн зүйл нь зөвхөн аав, ээж, хүүхэд гурвын л дунд үлдэнэ гэдгийг ойлгуулж, бас үлгэрлэ. Тэгвэл хүүхэд тань юмаа нуухгүй, бусдын занал, сүрдүүлгэнд орохгүй.

10. "Аав, ээж нь чамд итгэнэ"

Хүчирхийлэгчид "Чиний ярьсанд хэн ч итгэхгүй" гэж хүүхдэд хэлж, сүрдүүлдэг. Мөн тэд хүүхдийг ичээхийг оролдох нь элбэг. Тиймээс хүүхэд болсон зүйлд өөрийгөө буруутгах нь бий. Мөн үнэнийг хэлснээр оролдсон, буруу зүйл хийсэн хүнийг ээж, аав нь аймшигтайгаар шийтгэх вий гэж айхдаа хэлдэггүй тохиолдол ч бий.

Тийм учраас хүүхэд чинь болсон зүйлийг хэлэхэд тэр дор нь, хүүхдийнхээ дэргэд уурлахгүйгээр, үнэнийг, болсон явдлыг хэлсэн нь сайн зүйл гэж урамшуулаад, дараах үйл явдлуудыг нь өөрт нь мэдэгдэхгүйгээр, хол зохицуул.

Эх сурвалж: "Time.com"

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.