Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

"Univision" видео сангаас санал болгох сонирхолтой кинонууд I Tegshee's Movie Corner


Кино бол сайтар төлөвлөсөн гайхамшигт аялал гэж суут найруулагч Феллини нэгэнтээ хэлсэн байдаг. Үнэхээр ч үзэгч, кино хорхойтнуудын хувьд кино хэмээх гайхамшигаар аялах нь, кино үзнэ гэдэг сайтар төлөвлөсөн үйлдэл байлаа. Харин энэ цаг үе бидэнд эл аялалыг хялбарчлах олон боломжуудыг санал болгодог. Хүртэхэд хялбар тусам гэвч бид гонсойх биш илүү талархах учиртай. Гэртээ сууж байхдаа хэдхэн товчлуур дарж, багахан мөнгө төлөхөд л хүссэн киногоо үзнэ гэдэг хэдэн жилийн өмнө бол сайхан мөрөөдөл байлаа. Одоо бол энэ бодит байдал. Тиймээс “Tegshee’s Movie Corner” эл боломжийн хүрээнд үзсэндээ хэзээ ч гонсойхгүй, сэтгэл хангалуун үлдэх 8 киног Univision видео сангаас санал болгож байна. Гагц миний сонголт, үнэлэлт хангалтгүй санагдаж мэдэх тул орон орны кино үзэгч болоод шүүмжлэгчдийн хамгийн тулхтай, нэгдсэн, нийтийг хамарсан үнэлгээний цахим хуудсууд болох IMDb, Rotten Tomatoes-ийн үзүүлэлтийг мөн давхар орууллаа. 


Avengers: Endgame

Avengers: Endgame бол 2007 оноос хойш Marvel-ийн комиксоор тасралтгүй 12 жил нийт 23 кино хийгдсэн урт аялалын төгсгөл юм. Тэгэхээр өсвөр наснаасаа идэр залуу болтлоо Avengers-ийн баатруудыг дагаж үзсэн фэнүүдийнх нь хувьд Avengers: Endgame бол жирийн нэг супер баатар чуулсан кино биш харин үнэнч үзэгчийн хувиар гагц дэлгэцнээс л мэдэрч болох адал явдалт амьдралынх нь салшгүй хэсэг, үнэт дурсамж, бас тайлал гэж болно. Бусдын хувьд хэчнээн үнэ цэнэтэйг нь мэдэх тусам тухайн зүйл чамд нэг их хамааралгүй байсан ч өөрийн эрхгүй  хүндэтгэлтэй ханддаг. Эл цувралыг алдаг оног үзсэн мань мэтийн хувьд “Avengers: Endgame”-ийг яг ийм л сэтгэгдлээр үзсэн. Гэхдээ бусдын хошуурч, татагдаж, таашааж буй тааруухан зүйлийг хүчээр таашаах ёстой юм шиг тийм дарамт танд мэдрэгдэхгүй. Эл цувралыг бүрэн мэдэхгүй, үзээгүй байсан ч “Avengers: Endgame”-ийн хийц, өрнөл, хүмүүн бус супер баатруудын хүн ёсны уналт, цөхрөл, тэмцэл, дүрүүдийн хошигнол, үзэмж төгс үнэхээр ховор сайхан баатар Thor таргалж гүзээтэй болсон нь, түүний “Би хэн байх ёстойгоо биш хэн гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал” гэсэн үгс таныг гонсойлгохгүй. Нэмээд Iron Man. Эл киноны үнэхээр цохилох зүрх байсан. 

IMDb үнэлгээ: 8.6

Rotten Tomatoes: 94%


Us

“Us”киноны найруулагч Жордан Пил бол аймшигт муухай дүр зураглал, чөтгөр, шулмасаар голдуу үзэгчдийг айлгаж дадсан Холливуд маягийн аймшгийн киноны төрөл жанрт бэлгэдэлт утга бүхий ухаалаг сэтгэлзүйн аймшгийг бий болгосноороо шинэчлэлийг авчирсан уран бүтээлч. Түүний өмнөх кино “Get Out” 2017 оны Оскарын шагналаас шилдэг кино зохиолын шагналыг авч, тун цомхон зардал, ухаалаг шийдлээр хийсэн эл кино Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн нь аймшгийн киноны хувьд тун дээгүүр дүүлсэн ховор тохиолдол болж байлаа. “Us” кино ч найруулагчийнхаа эл хэв маягийг бүрнээ хадгалсан бүтээл. “Us” бол ямар нэгэн аймаар зүйл таныг айлгахыг хүлээж үзэх бус киноны жигтэй өрнөл, үйл явдлыг идэвхитэй мөшгиж, таавар, бэлгэдлүүдийг нь өөрөө тайлж үзвэл илүү аймаар кино. 

IMDb үнэлгээ: 7.0

Rotten Tomatoes: 93%


Shazam!

Багадаа эхээсээ төөрч асрамжийн газар дамжин өссөн 14 настай Билли Батсон хүүд гэнэт л булчин шөрмөс нь зангирсан насанд хүрсэн хүний бие хаа, цагаан нөмрөг бүхий сүржин өмсгөл, юунд ч дийлдэшгүй супер хүч чадалтай супер баатар болох хувь тохионо. Тэрхүү супер баатрын нэр “Shazam!”. Гэхдээ сэтгэлдээ шархтай 14 настай өсвөр насны жаал гаднаасаа хэчнээн супер хүчтэй боллоо гээд “супер баатар” байж чадах болов уу? 

Хүн болгоны дотор гавьяа байгуулах, мундаг байх, өөрөөрөө бахархах “баатарлаг” хүсэл нуугдаж байдаг. Гавьяатай, мундаг байснаараа бусдаар хайрлуулна, хүлээн зөвшөөрүүлнэ гэж давхар найддаг. Энэ кинон дээр биш л дээ. Өөр нэгэн хүүхдийн кинон дээр “Заавал гавьяа байгуулж байж ааваараа хайрлуулна гэж ойлгуулсан бол уучлаарай” гэж аав нь хүүдээ хэлдэг. Үүнтэй л адил, чамайг супер хүчтэй супер баатар болохоор чинь биш 14 настай өөрийгөө ойлгоогүй, хэдэр, бүтэлгүй жаал байсан ч хайрлана. Тийм хайрыг харин гэр бүл өгдөг.  Энэ мэт учир шалтгаанаар гэр бүлийн үнэ цэнийг тун зугаатай хэр нь сэтгэл хөдлөм байдлаар харуулсан супер баатартай кино гэвэл  Shazam! л байх. Тиймээс гэр бүлээрээ үзэх кино гэж хэлмээр байна.

“Shazam!”магад супер баатар байж чадаагүй байж мэднэ, харин зүгээр л “баатар” байж чаддаг. Учир нь бусдыг хайрлана гэдэг бидний хамгийн “супер хүч” байж мэдэх юм.

IMDb үнэлгээ: 7.2

Rotten Tomatoes: 91%


Alita: Battle Angel

“Avatar”-ийн Жэймс Камерон, “Sin City”-ийн Роберт Родригуз нарын 2003 оноос эхлүүлсэн ч хэрэгжүүлж, хийж чадахгүй хойшлуулсаар өдий хүрсэн урт удаан хугацааны төсөл бол “Alita: Battle Angel” юм. Киноны зориудын анимэйшн болгосон хийц шинжлэх ухааны зөгнөлт санаа, агуулгатай нь онцгой хосолно. Үзэгчийг үйл явдлын өрнөл, адал явдал, шинжлэх ухааны уран зөгнөлдөө автуулахаас гадна киноны киперпанк хэв маяг, уур амьсгалаараа давхар татах бүтээл. 

IMDb үнэлгээ: 7.4

Rotten Tomatoes: 60%


Hope (2013)

Univision-ий шинээр нэмэгдсэн кино цэсэнд орсон 2013 оны харьцангуй хуучны нэгэн киног санал болгомоор байна. “Итгэл” хэмээх сайхан нэртэй ч маш хүнд кино. Аав нь үйлдвэрт ажиллаж, ээж нь хүнсний дэлгүүр ажиллуулж, охин нь бага ангид сурдаг энгийн нэгэн гэр бүлд нэг л өдөр аймшигт зовлон тохионо. 7 настай охиныг нь сургуульд явах замд нь согтуу этгээд барьж хэрцгийгээр зодож, хүчирхийлдэг. Энэ зүрх урам явдал зөвхөн эхлэл. Цаашлаад бяцхан охин эл аймшигт явдлыг яаж даван туулж буй байдал, эрэгтэй хүнээс айх болсон охиндоо ойртож, ойлголцож чадахгүй болсон аавын охиноо гэсэн хайраас л ургах аргаа барсан, уярам үйлдэл, охиныхоо зовлонтой эвлэрч чадахгүй давчдах эхийн зовлон шаналал гээд эл кино үзэгчийн сэтгэлийг үнэхээр л хүнд чулуугаар дарна. Гэхдээ өгүүлж буй түүх ийм бараан хүнд ч гэсэн эл кинонд гэрэл гэгээ хангалттай бий. Ийм амаргүй түүх, хүнд зовлонг хэтрүүлсэн уянгын халилгүй маш тэнцвэртэй, хүндэтгэлтэй, хүнлэг байдлаар үзүүлсэн нь гайхмаар. Тиймээс үзэгч “Итгэл” хэмээх кинонд итгэж болно.

IMDb үнэлгээ: 8.3


Atonement (2007)

“Atonement”-ийг Univision-ий кино сан дотор байгаа нуугдсан эрдэнэ мэт нандин кино гэж юуны өмнө хэлмээр байна. Сүүл үед “Darkest Hour” киногоороо ихэд мандсан, английн өнөө цагийн хамгийн амжилттай яваа найруулагчдын нэг Жо Райтын хамгийн оргил бүтээл ч гэж дүгнэж болох юм. 

13 настай охины өөгүй дүгнэлт, эргэлзээгүй эндүүрэл эгч болоод эгчийнх нь хайртай залуугийн амьдралд гашуун хагацлыг авчирна. Үйл явдлын товчлол болсон ийм хэдхэн үгээр энэ киног илэрхийлэх, ер нь үгээр бүрэн илэрхийлж зураглах ямар ч аргагүй юм. Хүн болгоны дотор санах бүрт зүрхэн дотроос нь нухалдаг далдхан нэгэн харуусал, шимшрэл байдаг биз. “Atonement” бол кино урлаг дахь тийм нэгэн шимшрэм “харуусал” билээ. Гэхдээ зөвхөн кино гээч зүйлээс л мэдэрч болох үзэсгэлэнтэй харуусал. Маш олон үзэгчийн хувьд “Atonement” бол зүрхнийх нь наманчлал болсон кино юм. 

IMDb үнэлгээ: 7.8

Rotten Tomatoes: 83%


Almost Famous (2000)

“Star is Born”, “Bohemian Rhapsody”, “Rocketman” зэрэг шил даран гарсан хөгжмийн кинонуудын аль нь хамгийн “гоё” гэж та бодож байна? Тэгвэл эл гурван киноны алийг ч сэтгэл дотроо нэрлэсэн бай “Almost Famous” түүнээс чинь хавь илүү “гоё” кино гэвэл та итгэх үү? 

“Almost Famous”-т нэгэн цаг үеийг эзэгнэсэн гайхамшигт дуучны амьдрал, замналын тухай гарахгүй. Харин хөгжмийн хорхойтон өсвөр насны хүү "Rolling Stone" сэтгүүлд нийтлэл бичиж өгөхөөр Stillwater хэмээх рок хамтлагийн аялан тоглолтыг даган сурвалжилж буй тухай гарна. Өсвөр насны хүүгийн рок хамтлагтай хийх аялал хөгжмийн хорхойтон ямар ч үзэгчийн хувьд ч мөн мартагдашгүй аялал болно гэдэгт итгэлтэй байна.

IMDb үнэлгээ: 7.9

Rotten Tomatoes: 92%


Me and Earl and Dying Girl (2015)

Univision видео сангийн “Үзүүштэй кино” цэсэнд Millennial хэмээх шинэ ангилал нэмэгдсэн билээ. Тэрхүү ангилалд буй маш хөөрхөн, инди киног санал болгож байна. Гэхдээ "Хөөрхөн" гэдэг үгийг хаалтанд авахаас аргагүй. “Me and Earl and Dying Girl”  кино гурван хүний тухай, түүнээс нэг охин нь үхэж байгаа юм байна гэдэг нэрнээсээ ойлгомжтой. Үхэл хэзээ ч "хөөрхөн" байдаггүй билээ.

Кино эхлэхэд нэгэн түүх хүүрнэх өсвөр насны хүү багаасаа Earl хэмээх найзтайгаа европын артхаус, сонгодог кинонд дурлаж найзтайгаа цуг кинонуудын нэрийг өөрчилж хувьхандаа өнөөх мундаг кинонуудыг дуурайж хийдэг байжээ. Хоёр бяцхан хүү жижигхэн камераа бариад усан сангийхаа өмнө хар хувцас нөмөрч суучихаад шатардаж байгаа дүр зураг, мэдээж суут Бергманы "Долоо дахь хориг" киноны алдартай хэсэг (Үхэлтэй шатар тоглодог!), энэ мэтээр олон артхаус сонгодгуудийг дуурайж хийж буй зураглалууд хөвөрнө. Мөн дуурайж хийсэн кинонуудынхаа нэрийг ч бас элдвээр өөрчилдөг гэж байгаа Eye Wide Shut-ийг Eye Wide Butt гэх зэргээр. 

Ахлах сургуулиа төгсөх гэж буй өнөөх өгүүлэгч хүүд Earl-ээс өөр найз байхгүй, гэхдээ кино найруулагч болохыг хүсдэг, кино найруулагч Вернер Херцогийг шүтдэг, хувьхан ертөнцдөө бүгсэн, өсвөр насны хямралыг туулж яваа жирийн л нэг царай муутай жаал. Нэг өдөр ээжийнхээ шахалтаар хорт хавдар туссан танил охиныдоо очиж сэтгэл санаагаар өргөж, хань болохоос аргагүй болно. Ээж нь л хүүгээ өвчтэй найздаа хань бол, дэмж гэж шахсан хэрэг. Үхэж буй охин хүү хоёрын дунд нэг нэгнийхээ нулимсыг арчиж мөрийг нь түшилцсэн, "чи өвчнөө ялж чадна" зэрэг урмын үгтэй элдэв уянгын харилцаа үүсэхгүй. Гэхдээ кино төгсөхөд түүнээс ч илүү догдлом зүйл болно. Товчхондоо “Me and Earl and Dying Girl” бол нөхөрлөл, өөрийнхөө хэн болохыг ойлгох, бэдрэх тухай өсвөр насны сэдэвт кинонуудаас ойрд хийгдсэн хамгийн сайн кино гэвэл хилс болохгүй.

IMDb үнэлгээ: 7.7

Rotten Tomatoes: 81%


Энэ дашрамд дуулгахад, Та Юнивишнийн "Ладатай кино" цэснээс кино үзээд 2019 оны цоо шинэ "LADA Vesta SW Cross" автомашин, Playstation 4, Canon мэргэжлийн гэрэл зургийн аппарат, Acer laptop зэрэг супер бэлгүүдийн эзэн болоорой. Мөн дурын кино багцыг идэвхжүүлснээр танд урамшууллын хоёр эрх орох болно. Кино үзэх тоолонд бэлэг задлах бөгөөд уг бэлэгт Өргөө кино театрт кино үзэх эрх, Soyol Wellness center-д үйлчлүүлэх эрх, Zaisan Hill VR-т тоглох эрх зэрэг бусад +16000 бэлэг багтсан болно. Киногоо үзээд Ладатай болоорой.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
10
0
0
0
1
5

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.09.04 41.203.78.20

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

1 Хариулах


Зочин 2019.09.04 202.21.124.20

Баярлалаа

0 Хариулах