Хайх зүйлээ бичнэ үү

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн зуны дугаарт гарсан Mongolista буюу Н.Нандинцэцэгийн ярилцлагыг хүргэж байна. 

Инстаграм: Н.Нандинцэцэг (@mongolista)

-Нандин ямар мэргэжилтэй бэ?

-Хуульч мэргэжлээр Ливерпүүлийн их сургуулийг төгссөн.

-Ливерпүүлийн юу нь чамд таалагдав?

-Амьдарч байсан газар нь хүн бүрд дотно үлддэг байх. Түүний адилаар Ливерпүүл миний хувьд халуун дулаан, гэрээс өөрцгүй санагддаг.

-Лондонд амьдарсан бол гэж бодогддог уу?

-Заримдаа боддог. Хөдөлгөөнтэй, метрополитан төрх нь сайхан санагддаг. Магадгүй боломж олдвол тэнд хэсэгтээ амьдармаар байна.

-Та блогоо хэзээнээс бичиж эхэлсэн бэ?

-2014 оны хоёрдугаар сарын 18-наас.

-Таван жил болжээ.

-Уг нь тогтмол бичээд явсан бол аятайхан болчих байсан байх.

-Яагаад блог бичиж эхэлсэн юм бэ?

-Өөрийгөө илэрхийлэх арга хайгаад л. Гэхдээ блогоо би ийм тийм гэсэн ангилалд оруулж чаддаггүй. Бүхэлдээ фэйшн ч биш, хоол ч биш...

Хэрэв анзаарвал би ярихдаа их тааруу, бичихдээ сайн. Тийм болохоор ч хуульчийн мэргэжлийг сонгосон. Их уншиж, бичих хэрэгтэй болохоор тэр. Их мэдээлэл авч байгаа хүн түүнийгээ тодорхой хэмжээгээр гаргах хэрэгтэй биз дээ?

-Блог бичиж, зураг авна гэдэг бол бусадтай өөрийгөө хуваалцдаг хүний зан юм болов уу. Блоггер болъё гэсэн нь таны хувьд урсгалаараа хийж явсан зүйл үү, эсвэл зорилгын тань нэг хэсэг байв уу?

-Анхны нийтлэлүүдийг минь харвал загварын талдаа байсан. Тухайн үед тийм блог Монголд байгаагүй болохоор яагаад болохгүй гэж бодсон юм. Нөгөөтэйгүүр хуулиар суралцах нь сонирхолтой ч гэсэн хааяа уйдах үе байсан болохоор өөрийгөө арай өөр хэлбэрээр сатааруулах хэрэгцээ байлаа. Гэхдээ хувцас загварт үнэхээр дуртай шүү.

-Тухайн үед уншигчдаа монгол, гадаадын аль нь байна гэж харж байсан бэ?

-Хоёуланг нь гэж харж байна.

-Одоо тэд өөрчлөгдөв үү?

-Холимог хэвээрээ л байдаг. Өөрийгөө би их эх оронч хүн гэж боддог хэр нь иймэрхүү юман дээр глобал хандлагатай. Нэг газраа харьяалагдъя гэсэн бодол надад байдаггүй.

-Хаана ч байгаа мэт виртуал орчинд өөрийгөө харагдуулахыг хүсдэг гэж ойлгож болох уу?

-Болно оо.

-Яагаад бичвэр бас гэрэл зурагт дурлах болсон юм бэ?

-Хэрэв анзаарвал би ярихдаа их тааруу, бичихдээ сайн. Тийм болохоор ч хуульчийн мэргэжлийг сонгосон. Их уншиж, бичих хэрэгтэй болохоор тэр. Их мэдээлэл авч байгаа хүн түүнийгээ тодорхой хэмжээгээр гаргах хэрэгтэй биз дээ?

-Цахим орчинд хүн өөрийгөө магадгүй илүү сайхнаар харагдуулах боломжтой. Эсгээрээ илүү бодитоор ч харагдуулах боломжтой байж болох юм...

-Илүү зөвөөр харагдуулж болно гэж бодож байна. Сайхнаар илэрхийлэх, сайхнаар харуулна гэдэг яагаад ч юм хүнийг хуураад байгаа юм шиг санагдаад байдаг.

Нийтлэл, гэрэл зургийг З.Энхмөнх

Миний нийтлэлүүдийг уншиж байгаа олон зуун хүнд өөрийн гэсэн стресс байхад өөрийнхөө стрессийг би нэмээд яах юм бэ. Харин ч эсрэгээрээ тэдэнд нэг удаа ч гэсэн инээмсэглэл бэлэглэх юмсан гэж боддог.

-Сонирхолтой юм аа. Яг ийм байдал дээр л хүмүүс сошиал орчин “тоглолт” хийдэг шүү дээ. Чи дотогшоо хүн үү. Тийм болохоор цахим орчин чамд гадагшаа байх нөхцлийг бүрдүүлдэг юм шиг санагдлаа.

-Дотогшоо хүн гэдэг үнээн.

-Хэчнээн бид зөв, бас өөрийнхөөрөө байхыг хичээвч нийгэм, олон нийтийн зүгээс бидэнд эерэг сөрөг янз бүрийн л хариу үйлдэл ирдэг. Тэгэхээр бид сошиалын нийтлэлүүдээ зөвхөн өөртөө биш, бусдад таалагдахаар байлгахгүй бол болдоггүй. Нэг үгээр бол миний харагдахыг хүсэж байгаа, бодит би хоёр өөр хоорондоо ялгаатай байна.

-Сонирхолтой өнцөг байна. Харагдахыг хүсэж байгаа хүн нь чиний дотор байгаа хүн биш үү?

-Миний төсөөллийн хүн учраас надаас арай дээр би байгаа юм л даа. Хүмүүсийн ямар хариу үйлдэл үзүүлэх нь миний өөрчлөлтөд тийм их нөлөөлдөггүй. Мэдээж эерэг хариу ирвэл сайхан байх нь ойлгомжтой.

-Хариу үйлдлийг та тэгвэл сурамгай зохицуулж чаддаг юм байна.

-Тийм гэж бодож байна.

-Тэгвэл та өөдрөг хүн байх нь ээ?

-Үнэндээ миний дотоод хүн гутранги. Үүнийгээ би багаасаа мэддэг байсан болохоор өөдрөг байхыг хичээсээр ирсэн.

Надад үүнээс өөр бизнесийн санаанууд бий. Репутац босгоод, дагагчдын хойноос хөөцөлдөх бодол надад байдаггүй.

-Анх блогоо нээж байсан Нандин таван жилийн дараа илүү өөдрөг болж чадав уу?

-Тэгэлгүй яахав. Миний сэтгэлийг яг энэ хэсэг нь өөрчилсөн гээд оноод хэлэх зүйлгүй ч намайг эерэгээр өөрчилсөн гэдгийг би баттай хэлнэ.

-Урьд нь ганцаарддаг байв уу. Одоо тэгж санагдахаа больсон уу?

-Энэ талаар ерөөсөө бодож үзээгүй юм байна.

-Таны инстаграм нийтлэлүүдээс харахад бүх юм сайхан байгаа юм шиг харагддаг. Ер нь сошиал амьдрал, бодит амьдрал хоёроо хэрхэн зохицуулдаг вэ?

-Олон хүмүүс ингэж асуудаг. Дандаа л сайхан зүйл, дандаа л эерэг постууд... Хүн л юм чинь болохгүй бүтэхгүй юм, стресс, айдас хүйдэс надад зөндөө бий. Тэр болгоноо би хуваалцахыг хүсдэггүй. Яагаад гэвэл миний нийтлэлүүдийг уншиж байгаа олон зуун хүнд өөрийн гэсэн стресс байхад өөрийнхөө стрессийг би нэмээд яах юм бэ. Харин ч эсрэгээрээ тэдэнд нэг удаа ч гэсэн инээмсэглэл бэлэглэх юмсан гэж боддог. Би гэрсэг, гэр бүлсэг хүн. Азаар маш сайхан гэр бүлд өсч хүмүүжсэн. Нэг эгч, дүүтэй. Юмс болохгүй байвал гэрийнхэндээ ний нуугүй ярьчихаар сайхан болчихдог юм. Тийм болохоор надад өөрийнхөө бэрхшээл саадаа сошиалд яриад байх шаардлага байдаггүй байх. Инстаграмаа тогтмол хөтөлдөг боловч блогоо сэдэл төрөхөөр л бичдэг. Муухай сонсогдож магадгүй. Гэхдээ инстаграм дээр тавьж байгаа нийтлэлүүд нь заавал би, эсвэл миний амьдрал гэсэн үг биш, харин тухайн зүйлийн талаар тэр хүнийг бодоосой гэсэн санааг агуулдаг. Иймээс ч би өөдрөг, гэрэл гэгээтэй зүйлийг хуваалцахыг хүсдэг.

-Инстаграмаа хөтлөөд тав гаруй жил болсон байх. Дахиад таван жилийн дараа чи үүнийгээ бизнес болгоё гэсэн бодол бий юу, нууц биш бол?

-Тэгж төлөвлөөгүй л байна. Надад үүнээс өөр бизнесийн санаанууд бий. Репутац босгоод, дагагчдын хойноос хөөцөлдөх бодол надад байдаггүй. Тийм болохоор ч миний дагагчдын тоо удаанаар өсч байгаа байх.

-Бизнесийн санаа чинь загвартай холбоотой болов уу?

-Үндсэн санаа нь фэйшнтэй холбоогүй ч загвар өөрөө бүхий л зүйлд шингээтэй байдаг шүү дээ.

-Өөрийгөө хэзээ хэрхэн олсон бэ. Одоогийн Нандин чиний идеал хүний хаах нь явж байх юм?

-Миний тулгуур зүйл миний хүмүүжил гэж бодож байна. “Legally Blonde” киног үзээд хуульч болмоор санагдаж байсан л даа. Үнэн хэрэгтээ догь санагдсанаас бусдаар би ерөөсөө энэ чиглэлээр суръя гэж бодож байгаагүй. Өөрийгөө олоогүй л байсан гэсэн үг. Миний ээж хуульч, аав эдийн засагч мэргэжилтэй. Тэд өөрийнхөө мэргэжлийг санал болгоход эхэндээ ерөөсөө  нухацтай хүлээж авсангүй. Бодож байгаад бизнесийн менежментээр суръя гэхэд тэд “Бизнесийг хүн номноос биш туршлагаар олж авдаг юм аа” гэж тайлбарласан. 2012 онд дунд сургуулиа төгсөх үед бүтээлч салбарын мэргэжил толгойд ер орж ирээгүй юм даг. Ингээд бодож, ярилцаж байгаад арай хэцүүг нь сонгоё гэж шийдсэн. Хэрэв хэцүүг нь эхлээд сурчихвал нөгөөхийг нь дараа сурахад амархан байх гэж бодсон юм.

-Хуулийнхаа сургуульд ороод ямар байсан бэ?

-“Би юу хийчих вэ” л гэж бодсон. Гэхдээ сурч байхдаа, сураад дууссаныхаа дараа энэ мэргэжлийг сонгосондоо баярласан. Яагаад гэвэл гэр бүлийн хууль, төрийн хууль, байгууллага, банк, бизнесийн гээд бүхий л хуулийг үзсэн болохоор юм юмны зах зухтай болсон. Олон мэргэжлийг жаахан ч гэсэн ойлгож чадахаар болсон юм шиг санагдсан. Нээрэн анзаарвал би хоолонд их сонирхолтой. Багаасаа тогооч болохыг мөрөөддөг байсан.

-Одоо тэр санаагаа хэрэгжүүлж болохгүй гэж үү?

-Болох л юм. Шийдээгүй байгаа. Ингээд харахаар өөрийгөө бүрэн дүүрэн олоогүй л байна. Ер нь хэн ч өөрийгөө 100% олдоггүй байх. Үхэн үхтэлээ өөрийгөө хайсаар байдаг байх.

-Та тэгвэл яагаад хоолонд дурласан юм бэ?

-Тайлбарлахад хэцүү юм. Би угийн л ийм байсан. Одоо бодоход зургаа билүү, долоон настайдаа эмээдээ хоол хийхэд нь туслахад цаанаа нэг л сайхан байсныг санаж байна. Харин ээжтэйгээ хоол хийсэн дурсамж цөөн юм байна. Янз бүрийн хоолыг турших, олж нээх дуртай.

-Дуртай амттанаа нэрлэвэл?

-Шоколадтай мөхөөлдөс. Ер нь хар шоколадтай, ногоон цайтай амттан бүхэнд дуртай юм байна.

-Фэйшн чинийхээр юу вэ. Ямар утга учрыг амьдралд чинь нэмж байдаг вэ?

-Өмнө нь амьдралын туйлын зорилгыг би карьер, амжилт, гэр бүл зэргээр тодорхойлдог байсан бол одоо миний хувьд хайр болсон. Өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, юмсыг хайрлах гэдэг жинхэнэ утга учир юм байна. Фэйшн үүний нэг эд эс нь. Надад өгдөг сайхан мэдрэмжүүд, өөртөө итгэх итгэл, аз жаргал утга нэмдэг. Ямар нэг зүйлийг хэрэглээд сайхан мэдрэмж авна гэдэг өөрийгөө хайрлахын эхний алхам гэж ойлгодог.

-Тэгвэл Улаанбаатарчуудын загварыг хэрхэн харж байна?

-Улам л гоё болж байна. Энэ салбар манайд хөгжиж байна. Миний анзаарахад өмнө нь хэрэглэгчид өөрт нь өгөх тухыг хангаж байвал болдог байсан бол одоо илүү бодож сонгосон нь мэдрэгддэг. Бүгд биш ч гэсэн зарим нь зоригтой сонголтуудаар өөрсдийн дотоод төрхөө илэрхийлэх болжээ.

Багаасаа тогооч болохыг мөрөөддөг байсан

-“Pecha Kucha” -д тавьсан илтгэл байгальдаа ээлтэй амьдрах тухай ярьсан. Тэгвэл амьдралдаа үүнийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ. Бид загварын салбарыг байгальд халгаатай гэдгийг сонссоор л байна.

-Хувьдаа байгальд ээлтэй, бага хаягдалтай амьдрахыг хичээж л байна. Загварын салбар байгальд үзүүлж байгаа хор хөнөөл их байгаа нь үнэн. Монголд ямар явцтай байгааг сайн мэдэхгүй ч дэлхий даяар “fast fashion”-аас татгалзаад, нэг хувцсыг удаан хэрэглэхийг эрмэлзэж байна. Өмнө нь би ч ялгаагүй таалагдсан хувцсаа шууд авдаг байсан бол одоо материалын чанарыг нь харах, хэр удаан өмсөхөө бодох гэх зэргээр илүү анзааргатай хандах болсон.

-Ингэж өөрчлөгдсөн нь хэзээнээс вэ. Юу нөлөөлөв?

-Эргэн тойронд, олон газраар энэ асуудал яригдаж, олон мэдээлэл цацагдаж байна. Хоёр жил орчмын өмнө энэ тал дээр өөртөө шийдвэр гаргасан юм. Махнаас татгалзах болсон маань ч үүнтэй холбоотой. 100% хог хаягдалгүй болно гэх нь ч хаашаа юм. Яагаад гэвэл эх дэлхийгээ хайрлаж байгаа ч хүн өөрөө амьдрах хэрэгтэй шүү дээ. Амиа аргацаах бус, амьдрах тухай ярьж байна л даа. Бүх зүйлсэд байнгын ухамсартай хандана гэдэг хүнд айдас төрүүлэх байх аа. Өөрөөр хэлбэл, амьдралыг таашаах зуураа аливаа зүйлд ухаалаг, бодолтой хандахыг хэлэх гээд байна л даа.

Мэдлэг боловсрол гэдэг сайхан зүйл шүү. Гэхдээ үүнийг зөвхөн тоо бодох биш, илүү өргөн хүрээтэй зүйл гэж боддог.

-Амь аргацаах, амьдрах хоёр чиний хувьд ямар зааг ялгаатай вэ?

-Ямар нэгэн утга учир, амьдрах хүсэл эрмэлзэлтэй, эсвэл үгүй эсэхээрээ ялгагдах юм болов уу.

-Магадгүй залуу хүний амьдралд амьдрахын тулд эхлээд маш сайн ажиллаж, амь гарах үе байдаг юм шиг санагддаг. Жишээ нь зээлтэй хүмүүсийн хувьд ч юм уу?

-Санал нэг байна. Дээр дурдсанчлан өөрийгөө олох гээд явж байх үед хүн утгагүйдлыг биеэрээ мэдэрдэг гэж бодогддог. Ухамсарлаад ч өөрийгөө олдоггүй цаг үе гэж хүнд байдаг байх.

-Чи одоо тэгвэл амьдарч байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүх юм төгс биш ч гэсэн амьдрах сайхан байна.

-Сэтгэлээ юугаар тэжээдэг вэ?

-Номоор, нарны гэрлээр. Мэдлэг боловсрол гэдэг сайхан зүйл шүү. Гэхдээ үүнийг зөвхөн тоо бодох биш, илүү өргөн хүрээтэй зүйл гэж боддог. Яагаад ч юм сөрөг энергитэй юм надтай тулгарахад стрессдээд эхэлдэг. Тийм болохоор аймшгийн кино ч үздэггүй. /инээв/

-Өгүүллэг, романы алинд нь дуртай вэ?

-Триллерээс бусад төрлийн уран зохиолд дуртай.

-Хамгийн тод санаж байгаа зохиол чинь юу вэ?

-Айн Рэнд “Бид амьд хүмүүс”, Ханъя Янагихарагийн “Бяцхан амьдрал”. Миний ой жаахан тиймхэн болохоор тэр үү зохиолын баатруудыг санахдаа муу. Харин уур амьсгал, мэдрэмжийг нь огт мартдаггүй.

-Ямар нэг зүйлийг уншаад өөр дээрээ хүлээж авахдаа хэр мэдрэг хүн бэ?

-Маш мэдрэг. “Бяцхан амьдрал”-ыг уншиж байхад хэдэн удаа уйлсан гэж санана.

-Хуульч хүн сэтгэл хөдлөл багатай байх учиртай байх тийм үү?

-Тийм, юманд обьектив хандах шаардлагатай. Ийм болохоор надад энэ нь тэнцвэр болдог юм шиг байгаа юм.

-Өөрийгөө сошиалаар хуваалцаж байгаа арга барил чинь ирээдүйд өөрчлөгдөх болов уу?

-Тэмдэглэл маягаар явдаг болохоор тэгж бодогдохгүй л байна.

-Тэмдэглэлүүдээ ном болгох уу?

-Үгүй байх аа. Өөртөө зориулдаг болохоор.

-Өөртөө зориулаад л ном болгохгүй гэж үү?

-Нээрэн, тийм ч юм уу?

-Нарны туяаг таашаадаг хүн Англи улсад яаж олон жил амьдарсан юм гэж бодогдож байна. Английн өдрүүд дийлэнхдээ бүрхэг шүү дээ?

-Харин тийм ээ. Тэр хэмжээгээрээ надад төвлөрөх боломжийг олгож, сургуулиа ч дуусгасан.

-Дэлхий даяарх нарны тусгал бүр өөр туяатай. Чамд аль хотын гэрэл сайхан байдаг вэ?

-Монголд өвөл зунгүй нартай байдаг нь сайхан ч гэсэн хааяа хэт хөөргөөд байдаг юм. Англид амьдраад нарны үнэ цэнийг илүү ойлгосон юм байна. Хөгжилтэй байгаа биз? Юм үнэ цэнээ алдахгүйн тулд цөөн тоогоор байх хэрэгтэй байх аа. Жишээ нь, ээжийнхээ хийдэг гоё хоолыг би өөрөө ерөөсөө хийж иддэггүй.



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.