Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Байхгүй болсон хойно нь л анзаарч, эргүүлэн олж аваад баярласан 4 зүйл


Алисагийн тэмдэглэл булангаараа та бүхэнтэй уулзаагүй уджээ. Зуны налгар өдрүүдийн амралт зугаалга ард хоцорч, их ажлын үе ирлээ. Тиймээс одоо та бүхэнтэйгээ долоо хоног болгон уулзах болно гэдгээ амлаж байна.

Энэ удаагийн нийтлэлээр би Коронавирусийн улмаас алдаж, бас буцаагаад эргүүлэн олж авсан зүйлсийг болон ер нь л амьдралдаа алдсан хойноо л ухаарсан тийм зүйлсийг бичихээр шийдлээ. Энэ нийтлэлээс та одоогоороо байх, аливаа зүйлийг байгаа дээр нь үнэлж, дэмжих ёстойг бага ч болтугай ойлгох биз ээ.


1. Кино театр минь 

Бид өдөр болгон л зурагтаар, утсаар, лаптопоороо кино үзэж байгаа. Мэдээж хэрэг кино театр хаагдлаа гээд бид кино үзэхээ бүрэн болиогүй ч бидний авдаг мэдрэмж тэс ондоо болсон билээ. Нөгөө халуун попкорны үнэр, тасалбар аваад цагаа харж догдолдог мөч, олон хүмүүсийн дунд, тэр бараан танхимд зөвхөн том дэлгэцээр гарах кинонд уусан шингэж, дуу хөгжимд нь ховсдуулах үе зүгээр л гайхамшиг. Кино театраас холддоггүй, гарсан кино болгоныг алгасдаггүй над шиг хүмүүсийн хувьд энэ хэдэн сар хүндхэн өнгөрсөн.

Харин би саяхан хүсэн хүлээсний эцэст кино театр кино үзэж, сэтгэлээ дэвтээлээ. Гэгээнтэн цогцолборт байрлах Гэгээнтэн кино театрт би ажлаа тараад явж очсон юм. Хөл хорионы дэглэмээ сахин хоёр хоёр хүний зайтай сууж үзэхэд яг үнэндээ бүр ч тухтай санагдсан гээч. Хувийн кино театрт кино үзэж байгаа аятай л байсан. 

"Хойг" киног их удаан хүлээсэн байсан болохоор хөдөөнөөс ирээд л шууд үзсэн юм. Дунд нь ороод явчих шиг тэр мэдрэмж ямар гоё байсан гээч. Дээрээс нь би золтой л тасалбараа хаяж орхиогүй шүү. Харин хартал тэнд Паркийн тоглоомын багцыг 50 хувь хямдруулж авах эрхийн бичиг давхар хэвлэгдэж гарсан байсан юм даа. Киногоо үзээд шууд л тоглоом дээр тоглоно гэхээс сайхан санагдсан. Энэ хүнд хэцүү үед бүгдээрээ кино театрт кино үзэж амьд мэдрэмж авангаа бас тэднийг дэмжих хэрэгтэй санагдсан шүү. Яваандаа бүр олон гоё кино гараад салахаа болих вий.

2. Хаашаа ч хамаагүй явах эрх чөлөө 

(Зураг - Хөвсгөлд)

Яг үнэндээ хилээр гарах, орох хориотой хэвээр байгаа л даа. Гэхдээ л саяхан хот-хөдөө хоорондох замыг хүртэл хаачихсан байсан үеийг бодоход аялж зугаалаад эхэлсэн чинь ямар сайхан байсан гээч. Машинд суугаад хүссэн газраа очих, тэндээ зугаалж амрах энэ мэдрэмжийг хүн болгон авахаар яарсан байх. Та ч бас амарч зугаалж амжаагүй байсан бол үлдсэн энэ хэд хоногт амжуулах хэрэгтэй шүү. 

Эх орондоо хүссэнээрээ аялах эрх чөлөөг мэдрэнгээ хариуцлагатай аялаад ирээрэй. 

Мэдээж бид цэвэр цэмцгэр байж, орчноо бохирдуулахгүй байх нь чухал шүү дээ.

Тэгээд нэг л өдөр бид гадаад руу хүссэнээрээ аялдаг болох өдөр ирнэ дээ. Итгэлээ алдаж болохгүй шүү. Бас байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

3. Амар амгалан байдал 


Анх ЭМЯ-наас өглөө болгон хийдэг лайв бичлэгийг үзээд би айсандаа уйлчихдаг байж билээ. Маш их стресс, айдас бид бүгдийг л эзэмдэж, дээрээс нь хуурамч мэдээллээс болж бүгд л цочирдсон. Тэр үеийн байдал одоогийн байдлыг харьцуулахад тэнгэр газар шиг л ялгаатай байна гээч. 

Одоо бид илүү тайван бас хүлээцтэй хандах болж. Гэхдээ ингэлээ гээд бүр тайвширч, маскаа зүүхгүй, гараа ариутгахгүй яваад байж болохгүй. Энэ амар амгалан тайван байдлаа байнга хадгалан үлдээж, сэтгэл амар амьдрахыг хүсвэл та бүхэн минь бүгд дор бүрнээ хариуцлагатай байгаарай. Бид энэ байдлаа эргүүлэн алдахад амархан гэдгийг ч мэдэрсэн шүү дээ. 

4. Дотно хүмүүс 

Яагаад ч юм энэ цаг үед сэтгэл санаа тавгүй байгаа болохоор ч тэр үү бид бүгд л ямар нэг байдлаар буруу шийдвэр, үйлдэл гаргаж байна. Үүнээс болж хайртай хүмүүсээ гомдоох, тэднээс холбоо тасрах зүйл олон тохиолдсон. Миний хувьд би тэр хүмүүсийг гомдоож, өөрөөсөө түлхсэнийхээ дараа л юу хийж орхив доо гэж харамссан юм. Тэд бидний амьдралд ямар том орон зайг эзэлж, бид тэдний ачаар өдөр хоногийг яаж дүүрэн жаргалтай өнгөрөөдөг вэ гэдгийг би анзаарсан. Холдох үед, холбоо тасрахад харин хоосорч, үнэхээр их харамссан шүү. 

Тиймээс та одоо хүмүүсээс холбоо тасарсан байгаа бол, хэн нэгнийг гомдоосон бол уучлал гуйж, болзоонд, оройн хоол, кофе, кинонд урь.

Бид хамт байх мөчийг, хүмүүсийг юугаар ч орлуулж чадахгүй учир айж, гэмшиж суухын оронд цаг хугацааг бүрэн утгаар нь ашиглаж бас мэдрээрэй. Энэхүү тахлын цаг үе бидэнд хайртай хүмүүстэйгээ ойр байж, эрх чөлөөг мэдрэх ямар сайхан бэ гэдгийг ойлгуулж байна. Тиймээс сэтгэлээр унаж, айдаст автахгүйг хичээж хайртай хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй. Чадлаараа дурсамж бүтээж, нэгнээ хайрлаж, уучилж, хамт байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.