Өнөөдөр Парисын олимпын наадмын сонгомол барилдааны 77, 97 кг, эмэгтэй 50 кг-ын жингийн барилдаантай. Манай Д.Отгонжаргал дэлхийн чансааны 2-т бичигдсэн тул хэсэг толгойлсон. Түүний анхны өрсөлдөгч нь Италийн Эммануэла Льюззи. Тиймээ, олимпын өмнөх допингийн шуугианаар нэр нь гарсан бөх.
Наймдугаар сарын 6
17:00 цаг. Эмэгтэй 68 кг жин дагах барилдаан. Эмэгтэй 50 кг урьдчилсан барилдаан.
00:15 цаг. Эмэгтэй 50 кг жин хагас шигшээ барилдаан.
01:30 цаг. Эмэгтэй 68 кг жин медалийн төлөөх барилдаан.
24 настай Эммануэла Льюззи 2023 оны Европын АШТ-ий хүрэл медальт бөх. 2024 оны Европын олимпын эрхийн тэмцээнд оролцсон ч эхний тойрогт ялагдсан. Дараа нь дэлхийн олимпын эрх олгох тэмцээнд барилдаад мөн л эрхээ авч чадаагүй. Харин азаар Хойд Солонгосын Ким Сон Хян, Мун Хён Гён нар Парисын олимпод оролцохгүй болсон тул тэдний оронд Парисын олимпод оролцох болсон юм.
Д.Отгонжаргал түүнийг ялахад Азербайжаны Мария Стадник, Германы Анастасия Блайвас нарын ялсантай таарах юм. Азербайжан бөх ялах магадлал маш өндөр. Украин гаралтай Мария 35 настай. Тав дахь олимпдоо оролцож байгаа нь эмэгтэй чөлөөт бөхийн түүхэн амжилт. Стадник Лондоне-2012-т мөнгө, Рио-2016-д мөнгө, Бээжин-2008, Токио-2020 наадамд тус бүр хүрэл медаль хүртэж байлаа. Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий 3 мөнгө, 1 хүрэлтэй, Европын 10 удаагийн аварга, Европын наадмын хошой аварга гээд цол хэргэмийг нь дурдаад байвал дуусахгүй. 2008 оноос Азербайжанд шилжсэн. Ер нь бол украинчууд түүнийг гомдоочихсон юм. 2006 онд Мария Стадник Украины шигшээ багт байхдаа Европын аварга болсон ч допингийн хэргээр эрхээ хасуулсан. 2007 онд шийтгэлээ дуусгаад ирэхэд нь Украины чөлөөт бөхийн холбоо түүнийг олимпын багийн сонгон шалгаруулалтад ч оруулаагүй. Ингээд 2008 оноос хойш Азербайжанд барилдах болсон билээ. 35 настай ахмад тамирчин маань олимпын эрхээ шууд авч чадаагүй. Европын эрхийн тэмцээнд хагас шигшээд шалгарсан ч ялагдсан. 2024 оны тавдугаар сард нь дэлхийн эрхийн тэмцээнд гуравдугаар байр эзэлж, Парисын олимпын эрхээ авсан юм.
Д.Отгонжаргалын талд АНУ-ын Сара Хильдебрандт, Хятадын Фэн Цзыци нарын хүчтэнүүд оржээ.
Харин нөгөө талд олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Японы Юү Сүсаки оржээ. 25 настай япон бөх замналынхаа ид үед явж байна. Тэрээр гадаадын бөхийг 100 дараалан ялсан амжилттай. Уг нь Сүсаки гялалзтал барилдаад, ямар ч алдаа оноогүй, өөртөө итгэлтэй Парист ирсэн бол өрсөлдөгчдөд нь амар байх байлаа. Яг л жүдогийн Абэ Үта шиг. Даанч тэр энэ жилийн Азийн АШТ-д түрүүлсэн ч гэсэн нэлээд хүнд барилдаанууд хийж, хятад өрсөлдөгчдөө 4 оноо хүртэл алдсан тул тун анхаарал болгоомжтой барилдах нь ойлгомжтой. Олимпын өмнө сануулга авсан гэсэн үг. Токио олимпоос хойш Сүсаки 41 барилдаанд 11-хэн оноо алдаж байсан бол Азийн АШТ-д нэг өрсөлдөгчдөө 4 оноо алдаад ихэд гайхаж байсан билээ. Азийн аваргын дараа тэр “Өрсөлдөгч нар маань намайг судалжээ. Тэд сүүлийн 30 секундэд идэвхтэй дайрдаг болжээ. Гэхдээ зүгээр. Би улам сайн бэлтгэнэ” гэж ярьж байсан билээ.