Английн “Манчестер Юнайтед” клуб зуны солилцоо наймааны цонх хаагдахаас урьтаж багийн ахлагч Бруно Фернандесийн гэрээг сунгахаар хэлэлцэж байна.
Түүний хувьд, 2020 оны Нэгдүгээр сараас Улаан чөтгөрүүдийн эгнээнд нэгдсэн бөгөөд одоогийн гэрээ нь 2026 онд дуусах юм. Уг хэлэлцээр амжилттай болбол Фернандес 2027 оны зуныг хүртэл “Юнайтед”-д туслах агаад мөн цаашид гэрээгээ нэг жилээр ахин сунгах боломжтой болно.
Шинэ гэрээнд гарын үсэг зурснаар Фернандес “Манчестер Юнайтед”-ийн хамгийн өндөр цалинтай тоглогчоор тодрох юм.
Фернандес “Юнайтед”-д дөрвөн жил хагас тоглохдоо бүх тэмцээний хүрээнд 220 тоглолтод оролцож, 73 гоол оруулан, 65 гоолын дамжуулалтыг бүртгүүлээд байна. Тэрбээр 23 гоолоо торгуулийн цохилтоос хаалганд шигтгээд буй.
Фернандес 2023 онд багийн ахлагчийн туузыг Харри Магуайраас авсан.
Өдгөө 29 настай түүнийг Юнайтедийн удирдлагууд багийнхаа “дархалсан” тоглогчдын тэргүүнд нэрлэсэн төдийгүй энэ зун ямар ч үнийн санал сонсохыг хүссэнгүй.
Фернандес бямба гарагт явагдсан Коммунити Шиелдийн тоглолтод 90 минутыг талбайд өнгөрүүлсэн бөгөөд гэвч баг нь “Манчестер Сити”-тэй 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор ялагдал хүлээсэн билээ.
“Юнайтед” өдгөө төвийн хамгаалагч Маттийс де Лигт болон хамгаалагч Нуссаир Мазрауи нараар хүчээ зузаатгахаар зэхэж, эдгээр хэлэлцээрт онцгой анхаарал хандуулж байна.
Тэд мөн энэ зун “Лилл”-ээс Лени Йоро, “Болонья”-гаас довтлогч Жошуа Зиркзе нарыг эгнээндээ нэгтгээд буй.
“Манчестер Юнайтед” клуб Премьер лигийн 2024-25 оны улирлыг баасан гарагийн шөнө “Фулхэм”-тэй тоглосноо эхлүүлнэ.