Уругвайн “Насионал” клубийн хамгаалагч Хуан Изкиердо наймдугаар сарын 22-нд явагдсан Копа Либертадорес тэмцээний тоглолтод оролцох үеэрээ талбай дээр ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгджээ.
Харамсалтай нь, тэрбээр 27 насандаа таалал төгслөө.
“Сан-Паулу”-гийн эсрэг эл тоглолтын үеэр түүний зүрхний хэм алдагдаж, гэнэт ухаан алдсан байна.
Энэ мэдээг сонссон Бразилийн “Сан Пауло” клубийн хэвлэлийн төлөөлөгч "Хөлбөмбөгийн хувьд гунигтай өдөр тохиолоо" гэж мэдэгдэв.
"Интер Майами"-гийн довтлогч Луис Суарез "Зүрх маань өвдөж, яагаад ингэж их уйтгарлан гуниглаж байгаагийнхаа шалтгааныг тайлбарлая гэхэд үг ч олдохгүй юм. Түүний сүнс нь амгалан тайван нойрсох болтугай. Гэр бүл, найз нөхдөд нь хүч чадалтай байхыг хүсье” гэжээ.
Испанийн El Pais сонинд бичсэнээр Изкиердогийн эхнэр арав хоногийн өмнө амаржиж хоёр дахь хүүхдээ төрүүлсэн байна.
Хуан Изкиердогийн эхнэр Селенагийн салах ёс гүйцэтгэх захидалд:
"Өнөөдөр би нэгэн биенийхээ хагас, насан туршийнхаа хайрыг үдэх ёстой боллоо. Олон хүний хувьд, Хуан Изкиердо байх. Харин миний хувьд, Хуанма бол хамгийн сайн найз маань төдийгүй нөхөр маань, хүүхдүүдийн минь эцэг, болзолгүй хайрын маань эзэн юм. Өнөөдөр миний нэгэн хэсэг чамтай хамт намайг орхин одлоо. Гэсэн ч би хүүхдүүдийнхээ төлөө үргэлжлүүлэн амьдрах учиртай. Чиний эзгүй энэ газар хүчтэй байх ёстой боллоо. Та эцсийн мөч хүртлээ амьдралын төлөө тэмцсэн. Таны цорын ганц хүсэл бол хэзээд бидэнтэй хамт байх гэдгийг би мэднэ. Би чамайг бүх насаараа санаж, үгүйлнэ гэдгээ ч ойлгож байна. Чиний эзгүйд алхам болгон минь өвдөлт гэдгийг би мэдэрч байгаа ч, чи надад амьдрах асар том шалтгаан үлдээсэн шүү дээ, Хуанма минь. Энэ удаад би ялагдал хүлээсэн ч би чамайгаа насан туршаа хайрлах болно оо, дайчин минь” хэмээн бичжээ.
Изкиердо талбай дээр ухаан алдаж унахаасаа урьд өмнө ямар ч ужиг өвчингүй байжээ.