Алдарт ихэр бөхчүүд Сергей, Анатолий Белоглазовууд өнөөдөр 68 нас хүрлээ.
Сергей олимпын хошой аварга, дэлхийн 6 удаагийн аварга бол Анатолий Белоглазов 1980 оны аварга, дэлхийн 3 удаагийн аварга. Чөлөөт бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн ихэр ах дүүс болох Анатолий, Сергей Белоглазовууд. Тэдний замнал тэр чигээрээ түүх. Ингээд ОХУ-ын Спорт Экспресс сонинд гарсан Анатолийгийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Анатолий Парис-2024 олимпын наадмыг дүгнэсэн юм.
Никита Горшенин
-Хэрэв таны ихэр Сергейг яг ид үед нь Парисын олимпын 57 кг-ын жинд барилдуулсан бол яах байсан бол?
-Ид үеийн Сергейтэй өрсөлдөх хүн гарахгүй л дээ. Миний ихэр болохоор нь хэлж байгаа юм биш бодит үнэн. Түүн шиг техниктэй бөх одоо байхгүй. Би тэр үеийн чөлөөт бөхийг одоогийнхтой байнга харьцуулдаг. Сергейн ур чадвар, хандлагыг нь сайн мэднэ. Сая түрүүлдэг япон бөх маш сайн бөх байна. Гэхдээ бид япончуудтай маш олон удаа барилдаж байлаа. Жинхэнэ шилдгүүдтэй нь барилдаад Сергей ялдаг байсан. Бид хоёр япон барилдааныг сайн мэднэ. Сергей Японд олон жил ажилласан, би ч бас тэнд байсан. Ид үеийн Сергей зовох зүйлгүй түүнийг ялах байлаа. Тэр чөлөөт бөхийн талаар бүгдийг мэднэ.
-Сергей их сонин накат хийдэг байсан. Харин одоо тэр мэхийг хийдэг бөх огт байхгүй болжээ.
-Тиймээ, одоо хүртэл хийдэг хүн цөөхөн. Би өөрөө хийгээд, бичлэг үзүүлээд ч тэр мэхийг заахад хятадууд зөв хийж чадахгүй, сурахгүй байгаа. Сергейн барилдаан, мэхийг дэлхий судлаад, бичлэгийг нь үзээд, бэлтгэл хийсэн ч Сергей бүгдэд нь мэхээ хийж л байдаг байсан. Харахад амархан мэт санагдав ч үнэндээ тэр нэг мэх нь болохгүй бол дараагийн мэхээ угсруулан хийгээд л ялдаг. Таны хэлсэн мэхийг би 20 жил хэн нэгэн хийж байхыг хараагүй. Маш их техник, нюанстай. Хятадуудад хийж үзүүллээ, бүгд хийх гэж оролдоод л, “Ямар сонирхолтой юм бэ” гэцгээж байна. “Сонирхолтой байж болно. Гэхдээ та нар техникийн хувьд хийж чадахгүй” гэлээ. Татаад, босгоод, заримдаа биеэ суллаад, тэгээд барьцаа суллаад, энэ гарыг нь татаж, нөгөө гарыг нь доороос нь бариад, эргэх, татаад эсэргүүцэхээр нь инерцийг нь ашиглаад дайрах гэх мэт маш олон нюанс бий. Хятад шавь нар маань “Бид мэднэ” гээд тэгвэл хийгээд үзүүл гэхээр “Бид бичлэгээр үзсэн” гээд. Хэзээний бичлэг гэхээр 1988 оны Сергейн бичлэгээс харсан байгаа юм.
Фадзаев бүх өрсөлдөгчөө толгойноос нь барина, хөлөө сул өгөөд хөлд нь орохоор дараад авна. Бүр автомат хөдөлгөөн болчихсон. Сергей бид хоёр өмнө нь хөлд ороод гаргаж ирээд, чирээд л, чирээд л байна. Арваас хоёрт нь алдаж орхино. Гранит Иванович багш муу байна гээд л. “Яагаад гэж асуухаар арван удаа хөлд ороод арван удаа оноо авбал сайн” гэдэг байлаа. Ираны школа байна. Хөл авсан л бол унагаана. Нэг ДАШТ-д танихгүй иран бөх гараад ирлээ. Гэхдээ би тэдний школыг сайн мэднэ. “Харж бай, хэрэв тэр таван удаа хөлд орвол таван удаа унагаана. Нэг ч алдахгүй” гэлээ. Суугаад тооллоо. Үнэхээр тэр таван удаа хөлд ороод бүгд амжилттай. Гэтэл манайхан яаж байна? Хөл авчихаад татаад л байна, нэг ч оноо авалгүй, буцаагаад орхино. ЗХУ-ын үед бидэнд япон бөхтэй барилдахдаа хөлөө хэзээ ч алдаж болохгүй гэж заадаг байлаа. Япончууд уян хатан, маш их сунгалт хийдэг. Хөлөө алдчихвал, нуруугаа хугалуулна шүү гэж хэлдэг. Япончууд маш хүчтэй татна. Тэдний нээж олсон мэх. Тасэхара яг тийм бөх байлаа. Хамгаалах аргагүй, нуруу хугална, аюултай.
-Жамаловын барилдааны талаар?
-Маш авьяаслаг залуу. Би эртнээс ажиглаж байгаа. Дасгалжуулагч нь Адам Сайтиев. Жамалов уян хатан, хөлөө албаар өгөөд сөрөг мэх хийдэг. Түүний энэ сөрөг мэхийг хийдэг хүн цөөхөн. Яг л Адам, Бувайсар хоёр шиг биеэ 200 хувь ашиглана. Хүч бяр гэхээсээ илүү техник, мэдрэмжээр барилддаг залуу. Тэсвэртэй, дайчин. УАШТ-д ялагдахад нь би түүнийг олимпын аварга болно гэж хэлж байлаа. Даруухан, ажилсаг залуу.
-Ахмед Тажудинов 21 настайдаа дэлхий, олимпын аварга боллоо. Тэр яаж ялаад байна вэ? Гялалзсан техник, бяр, хурд илүүрхэх зүйл байхгүй л байх шиг.
-Тажудинов ялна гэдэгтээ их итгэлтэй. Техникийн талд дутуу зүйл байгаа. Гэхдээ өндөр, урт мөчтэй болохоор хаана ч хүрч чаддаг. Хөлд ороод алдсан ч дахин нэг сунаад л хөл авчихна. Одоо тэр нэг алхам биш хоёр алхмаар өсөж хөгжих болно.
-Ингэхэд Сергей одоо хаана юу хийж байна вэ?
-Сергей Калининградад байгаа. Олимпын дараа амарч, гэрийн ажлаа амжуулахаар ирсэн. Америкчууд түүнтэй гэрээгээ дахин нэг жилээр сунгах хүсэлтэй байгаа. Тэнд түүнд авьяаслаг шавь нар олон бий.
-Харин та Хятадын багт ажиллахаа больжээ.
-Би Хятадын шигшээд 2,6 жил ажиллаад есдүгээр сард гэрээ дууссан. Үргэлжлүүлж ажиллаж болох ч одоо тэдэнд зорилго алга. Олимпын наадам, Азийн наадамд амжилттай оролцох зорилготой байхад нь миний ажил тэднийг сайн бэлтгэх байлаа. Удахгүй БНХАУ-ын Бүх ард түмний спартакиад болно. Аймаг, сумаараа бэлтгэх болохоор шигшээ баг ойрдоо цугларалт хийхгүй. Хятадад систем өөр, дараагийн олимпын өмнө дахин урих юм ярьж байна лээ. Харин надад тэнд ажиллах хүсэл алга. Тэдний тогтолцооноос бага зэрэг ядарлаа. Үргэлж ямар нэг зүйл баталж, харуулах ёстой гээд утгагүй. Тэд ЗХУ-ын туршлагыг нэвтрүүлж, хятад онцлогоо ч оруулах гээд, харин тэр нь 2,6 жилийн дотор амархан хийдэг зүйл биш. Би саналыг нь хүлээж авалгүй, бодьё гэж хариулсан. Хятадын хоёр аймгаас урилга ирсэн ч татгалзлаа. Хоёр жил хагас хагас, бүтэн сайнгүй ажиллалаа. Гэр бүлтэйгээ уулзалгүй удлаа.
-Хятадын шигшээ баг Парис олимпод хэрхэн оролцов?
-Бага зэрэг алсаас яриагаа эхлэмээр байна. Тэд олимпын эрх аваад л тайвширчихсан. Энэ нь миний хувьд ёстой шок байлаа.Олимпын 6 эрхээс дөрвийг авлаа. Хятадын түүхэнд ийм олон эрх авч байгаагүй. Бүгд дарга цэрэггүй баярлаад л. Би тэдэнд “Бүх юм дөнгөж эхлэх гэж байна. Одоо өөр бэлтгэл хийх шаардлагатай” гэж хэллээ. Хятадын бөхийн найдвар, 20 настай Лю Фенг гэж бий. Гол асуудал нь тамирчдаа дээд түвшинд гаргах сайн мэргэжилтэн байхгүй. Би 2,6 жилийн дотор тэнд эмэгтэй багаас нь эхлээд бүх замыг тууллаа. Эмэгтэй бөх олон тул бэлтгэл хангагч хангалттай. Санхүү, нөхцөл нь илүү. Харин эрэгтэй багтаа тэд 57 кг, хүнд жингийн хоёр бөхдөө л найддаг. Хэрэв бид зөв бэлтгэсэн бол бүх бөхчүүдэд маань боломж байсан. 65 кг-ын сайн залуу бий. Тэр маань Мусукаевт 14-14 сүүлийн секундэд ялагдаж байлаа. Мусукаев дэлхийн аварга хүн шүү дээ. Тэнцүүхэн үзсэн. Гэтэл тэд “Үгүй, өөр хүн хэрэгтэй” гээд олимпод оруулаагүй. Хятадын аварга шалгаруулах тэмцээн нь тэдний хувьд бүх зүйл. Арван удаа Хятадын аварга боллоо гээд яах билээ дээ. Шалгуураа дээшлүүлбэл бүгдэд нь боломж байна гэж их хэлсэн. Дон Жи Вэй өмнө нь хөнгөхөн гурав ялж байсан Канадын бөхөд ялагдсан. Тэд олимпод ямар ч сэтгэл зүйн бэлтгэлгүй оролцсон. Яг сүүлийн мөчид гараа хумхисан, миний шок одоо ч арилаагүй байна. Би олимпод очоогүй ч байнга холбоо барьж байлаа. Харин тэд олимпын эрх авсан гэдгээрээ л аймагтаа од болчихдог юм байна. Зурагтаар гараад, дарга нар үдэж өгөөд л. Би “Залуус аа, бүх юм дөнгөж эхэлж байна шүү дээ” гэж харамсаж бодоод л. Хоёр эрэгтэй бөхийн хүнд жингийнх нь канад бөхөд ялагдчихлаа. 57 кг-ын залуу шууд дэлхийн аваргатай сугалаа таарсан. Эхний үед 0:3 ялагдаад, хоёрдугаар үеэс ажиллаж эхэлсэн. Хоёр оноо аваад 2:3 ялагдаж байгаа юм. Эхнээсээ ажилласан бол ялах байлаа. Хятадууд эхний үед барилддаггүй зуршилтай. Нэг хэсэг Хятадад сүүлийн минутад хоёр оноо авбал оноог нь хоёроор үржүүлдэг байлаа. Инээдтэй. Барилдааныг идэвхтэй болгох зорилготой гэнэ. Ингэхээр бөхчүүд нь сүүлийн минутад л барилддаг болчихож байгаа юм. Сүүлийн минутад ядарчихсан, зарим нь жин хасаад цуцчихсан бол алдаа гаргах эрсдэл өндөр. Энэ сэтгэл зүй нь надад таалагдаагүй. Энэ бас жижигхэн хэсэг нь шүү. Би Хятадын системтэй тэмцээд тэмцээд, хугацаа бага байлаа. Заавал хэн нэгэнд амжилт, медаль харуулах ёстой гэдэг бол буруу зүйл. Маш олон даргатай. Нэгнийх нь дээр өөр дарга, тэрний дээр бас нэг дарга. “Өнөөдөр дарга бэлтгэл дээр ирнэ. Бүгд ийм хувцас өмсөөрэй” гэнэ. Жирийн бэлтгэл дээр хэн нь ямар хувцас өмсөх надад ялгаа байхгүй. Тэгээд нэг дарга ирээд хоёр минут харж байгаад яваад өгнө. Явахаар нь бүгд тайвшраад жинхэнэ бэлтгэл эхэлж байгаа юм. Дарга нар бөхчүүдийн бяр хүч бага байна гэсэн гээд бүгдээр нь хүчний дасгал хийлгэж, штанг өргүүлнэ. “Би 50 жил чөлөөт бөхөд байгаа хүн. Сүүлийн хоёр цугларалт дээр та нарын хийж байгаа зүйл буруу байна. Би туршлагаараа мэдэж байна” гэж хэлээд бараагүй. Шат шатны дарга нартай байнга тэмцлээ. Нэг дарга ирж, 10 минут зогссоноо “Бүгдийг өөрчлөх хэрэгтэй” гэнэ. Яагаад гэхээр хэн ч тайлбарлахгүй.
Эцэст нь би тэдэнд “Залуус аа, би амармаар байна” гэж хэлсэн. Бүх юм муухай байсан гэж хэлэхгүй. Бааз сайтай, бүх юм байгаа ч соёл нь огт өөр. Газар сайгүй камертай, бэлтгэлийн заал ч нил камер. Дарга өрөөндөө сууж байгаад тамирчид, дасгалжуулагч, илээч нар юу хийж байгааг харж байхад хэрэгтэй гэсэн. Нэг удаа бэлтгэлийн баазад явж байтал хөлбөмбөгийн хоёр талбай дээр теннисний ширээ дүүрэн, хүмүүс бэлтгэл хийгээд л. Хятадын нэгдүгээр шигшээ багийн бэлтгэл гэнэ. Би бөхийн танхимынхаа тагтнаас утсаараа зураг авлаа. Арван секундын дараа таван хамгаалагч ирээд бичлэгээ устга гэж шаардаж байгаа юм. Манай чөлөөт бөхийн бэлтгэлийг ч хэн ч бичиж болохгүй, ахлах дасгалжуулагч би хүртэл болохгүй. Хятадууд хэт ажилсаг, чөлөөт цаг бараг байхгүй. Тэд тамирчин хүн амарч болохгүй, заавал нэг юм хийж байх ёстой гэж үздэг. Би тамирчдаа робот биш гэж өмөөрсөн ч дарга нар тэд өдөр болгон ажиллах ёстой гэж хэлсэн. Би Хятадын соёл, заншлыг хүндэлж байгаа. Энэ бол тэдний гэр шүү дээ, би самовар барьж ороод ч яах билээ. Өглөө мэндлэх хүн бараг байхгүй. Орж ирээд, чимээгүй жагсаад зогсоно. Яагаад Өглөөний мэнд байхгүй байна гэж асуухаар ийм ёстой юм гэнэ. Тэгэхээр би та нар мэндлэх ёстой гээд загнаад байж болохгүй. Эвлэрэхээс өөр аргагүй болсон.
Анатолий Белоглазов 1956 оны есдүгээр сарын 16-нд Калининград хотод төрсөн. 1980 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга (1977, 1978, 1982). 48 кг, 52 кг, 57 кг-ийн жинд барилдаж байсан. Түүний ихэр Сергей Белоглазов 57 кг-ийн жингийн олимпын хошой аварга (1980, 1988), дэлхийн 6 удаагийн аварга (1981, 1982, 1983, 1985, 1986, 1987). Канад, Австрали, АНУ, Япон, Беларусь, Хятадад ажиллаж байсан.