Бага насны баатрууд минь одоо хаана явна вэ? Боевик кино, нинжа, Шаварценеггер гэсэн үгнүүд монгол хэлэнд нэвтэрч, тэднийг дууриан зодолдох хүүхэд багачууд бүгд хөх нүдтэй явцгаадаг байлаа. Тэд шударга ёсыг нударгаар л тогтоож болно гэж бидэнд “ухуулсан”. Гэхдээ хамгийн гол нь сайн зүйл үргэлж ялдаг гэдгийг ойлгуулсан. Баярлалаа баатрууд аа.
Арнольд Шварценеггер
Киноны ертөнцөд орохоосоо өмнө Арнольд бодибилдингийн дэлхийн аварга, шилдэг тамирчин байсан ч монголчууд бид сайн мэддэггүй байлаа. “Конон-варвар” кинонд тоглоод дэлхийд алдартай жүжигчин болсон гэдэг ч монголчуудын хувьд тэр Терминатор байсан, цаашдаа ч Терминатороороо үлдэнэ. Калифорни мужийн амбан захирагчаар гурван удаа сонгогдсон нь ч бидэнд огт хамаа байхгүй. Сүүлийн үед Арнольд зүрхний асуудалтай болж, мэс засал хийлгэсэн сурагтай. 77 настай.
Чак Норрис
Уокер хэмээх аймшиггүй зоригт цагдаагийн дүрээр тэр бидний санаанд үлдсэн. Эсрэг талын баатруудыг хайр найргүй зодож, ихэнхийг нь алж орхидог Норрисийг алдартай тамирчин гэдгийг мэддэг хүн ховор байсан байх. Чак каратэ, таэквондо, жижицүг төгс эзэмшсэн, каратэгийн дэлхийн аварга хүн. Тэрээр 2012 онд “The Expendables 2” кинонд энд дурдагдах бараг бүх жүжигчинтэй цуг тоглосон. Түүний нэр алдар буураагүй. 84 настай.
Жан-Клод Ван Дамм
Тулаантай киноны ихэнх баатруудаас ялгаатай нь Ван Дамм жинхэнэ мэргэжлийн тулаанч. Каратэ, кикбоксоор Европын аварга болж байсан, шилдэг тамирчин. “Цуст спорт” кино Монголд гарсны дараа түүн шиг шпагат сууж сурах гэж оролдон, өмдөө ураагүй ганц бацаан Монголд үлдээгүй юм гэнэ лээ. Дутагдалтай тал нь эхлээд дандаа зодуулдаг, шүтэн бишрэгчид нь өрөвдөөд уйлж эхлэх үед л дайснаа балбаж эхэлдэг байлаа. Харин хэний ч мэддэггүй нэг нууц дэлгэхэд Ван Дамм Чак Норрисийн бэлтгэл хангагч байсан аж. Одоо ч кинонд тоглосон хэвээр байгаа. Гэхдээ хамгийн амжилттай кино нь дээр дурдсан “The Expendables 2”. Царайлаг залуу байхдаа эерэг талын баатар болдог байсан бол одоо эсрэг талын дайсны дүрд тоглох нь ихсэж байгаа гэнэ. 64 настай.
Боло Янг
Дээр үеийн дорнын тулааны урлагтай киноны дайсан болгоныг Боло Янг л бүтээдэг байсан. Булчинлаг том бие, солир нүд нь түүний “брэнд”. “Цуст спорт” кинонд Ван Даммтай тулалдсан нь түүнд нэр алдрыг авчирсан юм. Гэхдээ нүдийг нь “сохолдог” эм цацаад ч тэр Ван Даммыг ялаагүй. Одоо ач нараа хараад гэртээ сууж байгаа. Сүүлийн 10 жилд ганц удаа кинонд гарсан нь Казахстаны кино. Гол баатрын бие хамгаалагчийн дүрийг бүтээж, зодоон хийгээд амжсан гэж байгаа. Энэ жил 78 настай.
Сильвестр Сталлоне
Сталлоне маш олон кинонд тоглосон ч тэр хэзээд “Рокки”, “Рэмбо” хэвээр үлдэнэ. Ихэнх боевик оддын тоглодог байсан дорнын тулааны урлаг, хонгил доорх нууц тэмцээнтэй кинонууд мэдээж сүртэй сайхан ч Сталлонегийн “Рокки” кино л жинхэнэ спорт гэж юу болохыг үзэгчдэд харуулж, боксоор хичээллэх дур хүслийг нь бадраасан юм. Ядуу хорооллын залуу ямар амжилтад хүрч байгааг харсан хүүхэд багачууд эр зоригийн үлгэр дууриаллыг түүнээс авдаг байлаа. Холливудын хамгийн орлоготой жүжигчин байсан бол одоо найруулагч, продюсер гээд бүгдийг нь хийдэг болжээ. Нас ахиад сэтгэл нь нялхарч, эртний өрсөлдөгч Арнольдтойгоо хамт тоглодог болсон гэж байгаа. 78 настай.
Дольф Лундгрен
Шаргал үст, швед залуу “Рокки” киноны орос боксчны дүрээр алдаршсан. ЗХУ-ын гавьяат тамирчин Иван Драгог харсан үзэгчид үзэн яддаг байлаа. Зураг авалт дээр Сталлоне бүх тулааныг үнэнээс нь хийнэ гэж байж, Лундгренд хавиргаа хугалуулж байсан гэдэг. Аргагүй, Дольф кёкүшинкай каратэгийн аварга хүн. 1990-өөд онд алдар цууд гарсныхаа дараа ч жүжигчний замналаа үргэлжлүүлсэн боловч амжилт бараг олоогүй. “The Expendables 2”, “Universal Soldier” киноны хоёр, гуравдугаар ангид тоглосон. 67 настай.
Жеки Чан
Жеки Чан бидэнд хөгжилтэй сайхан зодолдож болдог гэдгийг харуулсан ачтан. Тулааны урлагийг хошин шогийн мэдрэмжтэй хослуулсан Жекигийн зодоонууд хөгжил баясал дүүрэн, инээд хөөртэй байдаг байлаа. Жеки Чаны зодоон бол күнфүгийн урлагаас гадна гар доорхи зүйлс, өрөөний тавилгыг идэвхтэй ашиглсан, шинэ төрлийн зодоон. Жеки бол зодоонтой киноны мастеруудаас хамгийн гэгээлэг, эерэг энергитэй нь билээ. Мэдээж кинонд тоглосоор байгаа. Найруулагч, продюсер, дуучин. 70 настай.
Стивен Сигал
Сигал бол Жеки Чанаас тэс өөр. Түүний зодооныг харахаар инээж баярлах биш харин эсрэг талын баатрынх нь өмнөөс өвдөж зовон, нүүр үрчийх нь олонтаа. Уг нь манай талын баатар ч дайснуудаа даанч хамаагүй ална. Хөл гарыг нь хугалаад, хүзүүг нь мушгиад л яваад байна. Стивен Сигал айкидогийн долоодугаар дантай, жинхэнэ тулаанч. Айкидог дэлхий дахинд түүн шиг сурталчилсан хүн үгүй. Жүжигчин гэхээсээ илүү нийгмийн зүтгэлтэн болж хувирсан. Монгол улсын хүргэн Сигал ОХУ-ын иргэн болсон. 72 настай.
Брюс Ли
Тулаантай киноны бэлгэ тэмдэг Брюс Лиг дууриан, сандлын хөлөөр нунчак хийгээд, ар дагзандаа хүнд цохилт авч байгаагүй хүүхэд байхгүй байсан биз. Ингэлээ гээд Брюс Лиг хайрлах бидний сэтгэл дундраагүй. Тэр үнэхээр супер од байлаа. Брюс нэг гарынхаа хоёр хуруун дээр суниаж, цохилт нь хэт хурдан байсан тул тэр үеийн камер бичиж амждаггүй байсан гэдэг. Бид чамайг хэзээ ч мартахгүй, Брюс Ли. Насан эцэслээд 51 жил өнгөрсөн ч түүнийг гүйцэх тулаанч-жүжигчин гараагүй хэвээр. Компьютерийн зодоонтой ямар ч тоглоомд түүний дүр байсаар.