UBLife Logo
Ном

“Болор цом-42” наадмын шилдэг ТАВАН яруу найрагчийн шүлэг

“Болор цом-42” наадмын шилдэг ТАВАН яруу найрагчийн шүлэг

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам 11-р сарын 26-ны өдөр явагдаж өндөрлөлөө. Эл наадмын эхний шатнаа 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 шүлэгчийг Эгшиглэнт эхийн хишигт найрагчийн төлөө өрсөлдүүлэхээр шийдвэрлэх шатнаа тунааж үлдээсэн юм.

Өнөө жилийн “Болор цом” наадамд А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ түрүүлсэн бол дэд байрт Л.Торой, III байрт Н.Батболд, IV байрт Ч.Ууганбаяр, V байрт Д.Нямдорж нар шалгарлаа. Үргэлжлүүлэн та бүхэнд “Болор цом-42” наадмын шилдэг таван найрагчийн шийдвэрлэх шатнаа уншсан шүлгүүдийг хуваалцаж байна.


“Болор цом-42” наадмын тэргүүн найрагч Аюурбуниагийн Лхагва

“Морин хуурын хэл”

Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярна

Тэнгэрийг, тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туульсын их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг, талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Тальн хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон Монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансрыг ч уяраана

Дэлхийг дахин дагуулна


“Болор цом-42” наадмын дэд байрт Лхамсүрэнгийн Торой шалгарав.

“Эхийн нулимс хатдаггүй …”

Сэрж ядсан зүүдний мухраас

Эрж ягтсан эрлээ олох шиг

Сэлүүн бурханы оронд одсон

Ижийтэйгээ уулзав...

Энэрэхүйн их Будда

Ижийн минь сүүрслэх чимээ

Аниргүйн ханыг нэвтлэн

Амьдын сонорт унав.

Гагц үрээ өрөвдсөнгүй

Газар дэлхийд минь нүүрлэсэн

Гамшигт үйлийн гашуунд

Гасалсан байж ээ, ээж минь.

Хайрлахуйн их бурхан

Ижийн мнь алтан нулимс

Харанхуйг цуулан гэрэлтсээр

Илтийн алган дээр унав.

Өнчин үрээ гэсэнгүй

Өөжин дэлхийд минь хаяалсан

Буйлсан чөтгөрийн аашинд

Уйлсан байж ээ, ээж минь

Буруу зөрүүг хийхэд

Ухаант буурал ээж минь

Бурхны нутагт хүртэл

Уйлж байдаг байна

Эсэн цэнхэр дэлхийгээ

Эс нь болсон үрс нь

Ивээж, хайрлаж л байвал

Инээж суудаг байна

Ээ, хүмүүс минь, хүмүүс минь

Ижийгээ л бүү уйлуул

Их хайраас унасан

Эхийн нулимс хатдаггүй...


“Болор цом-42” наадмын III байрт Нарантуяагийн Батболд шалгарлаа.

“Түүх сөхөхүй”

Уйгарын Пүгү аймгийн тэргүүн Итүгийн дурсгал болох

Шороон бумбагараас сэдэвлэв.

Хагацаж чадамгүй хүмүүн гэж байна

Хагацавч мартагдахгүй дурсамж гэж байна

Хаадаа дуурьсаж гашуудсан ураг гэж байна

Халуут Монголын минь их шастир гэж байна

Алтан тэргүүт мөнхийн зэгстэй нутаг юм

Алтан титэмт хаадын өссөн нутаг юм

Алдрыг дуурьсаж суусан үрсийнх нь нутаг юм

Алдарсан итгэлийг тайтгаруулдаг ихсийн газар юм

Зэллэх шувуудын ганганах нь гашуудан уйлахаас ч бага

Зэгсний тэргүүн намрын салхинаа бөхөлзөх нь мөргөлөөс ч олонгүй

Туулын их усан ор гашуун нулимс төдий

Тэргүүнээ алдсан нь овог урагтанд орлуулах зүйлгүй

Одтой тэнгэр, Туулын хөндийн дунд орон зайгүй

Оготор гутал, огоорох тэргүүний хооронд цохилох зүрхгүй

Зүсэн зүйлийн хорвоо байсаар атал зүйрлэх юмсгүй

Зүс ижил төрөлт нь дэргэд атал түших мөргүй гэнэ

Цагаан нуурын түмэн шувууд л ганганаа байлгүй

Цэлэлзэн давлагаалж живаа зэгс бөхөлзөө байлгүй

Цэлийн мэлтэлзэх Туулын урсгал халгиа байлгүй

Цэгц зогсоод буман цэрэг нь үдээ байлгүй

Итүгийн булшны бичээс ийм гунигт аястай

Итгэл болгон бунхалж тахисан гэгээн совинтой

Ганцаардлыг мэдэрсэн хэн нэгэн урласан олон дурсгалтай

Гагц тэгээд цаашдаа хэрхэн амьдарсан нь асуултын тэмдэгтэй.


“Болор цом-42” наадмын IV байрт Чулуунбаатарын Ууганбаяр шалгарав.

“Дөрвөн улирал”

Хайртай чи минь цасанд дуртай гэлээ

Хацрын чинь хонхорхойноос тэр цас будардаг гэлээ

Дүн хүйтэн шөнөөр дуу аялж, торгомсог биеэ нимбэгээр арчдаг гэлээ

Дуугүй байх чинь хүртэл мөсөн уул шиг гэлээ

Ийм жимслэг өвөлд чинь би өөрийгөө нөөмү

Инээд чинь цасны уран талст болоод

Нүдэн дотор минь шүхэрлэн гэрэлтэхэд

Энхэн насны энэхүү биеэ ганцхан чамдаа би зөөмү.

Энхрий чи минь бороонд дуртай гэлээ

Энгийн гэдгээ хавар илүү их мэдэрдэг гэлээ

Энгэсэг сүрчгээ арилгаж эрхэмсэг хүлцэнгүйгээр бороонд өөрийгөө өгдөг гэлээ

Энэ буй биеэрээ нэгэн хийл хөгжим болоод

Эр хүний чинхүү тэврэлтэд хөг орон дуулдаг гэлээ

Хөгжим болон дуугардаг гэлээ.

Ийм сонсголонт хаварт чинь би өөрийгөө чагнаму

Гуниг чинь хурын ариун дусал болоод

Цэцгийн мандал шиг цээжийг минь услахад

Чиний бие дотор чинь завилан сууж өөрийгөө би чагнаму

Соньхон чи минь солонгонд дуртай гэлээ

Нумарсан сормуус чинь зунд илүү их зохидог гэлээ

Мөнгөн онгоцонд нүцгэн хэвтээд зуны оддыг зүлгэдэг гэлээ

Мөдхөн уснаас гараад зүлгэн дээр гишгэх чинь долоон өнгийн утгатай гэлээ

Ийм нөмгөн зунд чинь би өөрийгөө ээмү.

Бодол чинь сарны мөнгөн туяа болоод

Нуурын мандал шиг уруул руу минь тонгойход

Тэнгэр газрын завсарт цагаан гэгээ татмуй.

Амраг чи минь навчинд дуртай гэлээ

Алагхан зүрх чинь намрыг илүү их мэдэрдэг гэлээ

Буй бие чинь бүхэлдээ ой болж, бяцхан Богширго үсэн дотор чинь жиргэдэг гэлээ

Араатан амьтан ч мөн адил чиний гүнд нуугддаг гэлээ.

Ийм гүн намарт чинь би өөрийгөө нууму

Зүрх чинь оддын гэрэлт лугшилт болоод

Зүүдэнд минь хүртэл үндсээ үрслүүлж үлдээхэд

Шинэхэн шинэс мод хөрсөө зөөлөн түрмуй.

Чамаас амтагдсан жимслэг өвөлд

Чамаас жингэнэсэн хөгжимлөг хаварт

Чамаас урссан цутгалант зунд

Чамаас алсарсан буданлаг намарт

Би дэндүү их хайртай

Чиний дөрвөн өнгийн инээднээс чинь

Чиний дөрвөн амттай уруулнаас чинь

Чиний дөрвөн нартай зүүднээс чинь

Таван бадаг шүлгээ тариан түрүү мэт хураав.


“Болор цом-42” наадмын V байрт Дагийраазайн Нямдорж шалгарав.

“Одоо”

Өчигдрийн толинд ирээдүйгээ харж суух

Өнөөдрийн шилэнд өнгөрсний хээ тодрох

Үл мэдэгдэм цар зэрэглээ мэт түрхэгдэх

Үе зузаарч ирээдүйн төрх зүүд мэт үзэгдэх

Одоо, өнө мөнхийн одоо!

Үл таних бүсгүй

Инээмсэглэн зөрөх шиг одоо!

Үзэсгэлэн гоо нь үл мартагдаж

Үе үесхэн бодогдох шиг одоо!

Өвсөн дээр үрэл мөнгөн шүүдэр үүсэх

Өчүүхэн дусалд нь нар багтах гялалзах

Өнхрөн бөмбөрөөд чулуун дээр бутрах

Үсэрсэн ширхэгт нь түмэн нар цацрах

Одоо, өнө мөнхийн одоо!

Торгон элсийг атгахад

Хуруун салаагаар урсах шиг одоо!

Тунгалаг мөрний цээлд

Тул загас тулбилзан одох шиг одоо!

Сая жилийн тэртээгээс оддын гэгээ урсах

Сансрын уудмыг туулж сүмэн үүлнээ шингэх

Цасан ширхэгт хувилж алган дээр минь будрах

Цацарсан солонго үлдээн шүлэг болон хайлах

Одоо, өнө мөнхийн одоо!

Хутга ханцуйлсан нөхөр

Хаалган дээрээс буцах шиг одоо!

Хүндлэл, итгэлийн ормоор

Хамгийн гүн шарх үлдэх шиг одоо!

Үйлийн үрийг үргэлжлүүлж бяцхан үр мэндлэх

Үнэн, худлыг эргэцүүлж өөрийнхөө дотогш алхах

Үй олон гэдэг өөрийнх нь дотор оршин буйг таних

Үзэн ядах, бишрэн шүтэх угтаа адилхныг ухаарах

Одоо, өнө мөнхийн одоо!

Үхэж буй хүн

Эцсийн амьсгалаа татах шиг одоо!

Үлдэж байгаагийнхаа сэтгэлд

Амьдарч эхлэх шиг одоо!

Цээжинд минь лугших цаг хугацаа

Цагаригласан могой шиг сүүлээ залгина.

Цагийн зүү ирээдүй рүү тэмүүлэвч

Цаг үргэлжид одоог л заана.

Одоо, өнө мөнхийн одоо!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.