UBLife Logo
Ном

А.Даваасүрэн: Хүүхдийн ном миний дотор орших бяцхан охиныг нойрноос нь сэрээсэн

А.Даваасүрэн: Хүүхдийн ном миний дотор орших бяцхан охиныг нойрноос нь сэрээсэн

Сүүлийн жилүүдэд хүүхдийн зохиолын төрлөөр идэвхтэй бичиж буй хүмүүсийн нэг бол Арцбазарын Даваасүрэн юм. Тэрбээр өдгөө “Үүлэн үст”, “Ув улаан зүрх”, “Энэ бол Улаанбаатар”, “Би Чи Бид”, “Миний Чиний Бидний гэр”, “Аа-Чүү” зэрэг номуудын зохиолчоор ажиллаж, хэвлүүлэн гаргажээ.

Зохиолч Маурис Сендак “Томчууд үргэлж хүүхдүүдийг өөрсдөөсөө ялгаж ярьдагт би дургүй. Хэлэх гэж буй зүйл чинь хэрэв үнэн л бол хүүхдэд тэр бүхнийг ярих хэрэгтэй” гэж хэлсэнчлэн хүүхдийн уран зохиолын тухай бидний яриа ч мөн томчуудад хамаарна гэдэгт итгэлтэй байна.  


-“Үүлэн үст” номыг тань өдгөө худалдаанаас хайгаад ч олдохооргүй болжээ. Хэн нэгэнд таалагдахын тулд заавал гадаад төрхөө өөрчлөхгүйгээр харин өөрийгөө ойлгуулахад л болохыг өгүүлснээрээ энэ ном гарцаагүй чухал ач холбогдолтой санагддаг. Хүүхдийн ном бичих сэдэл анх хаанаас төрсөн бэ?

-Үнэнийг хэлэхэд, хүүхдийн номын зураг чимэглэл миний дотор орших бяцхан охиныг нойрноос нь сэрээсэн. Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакцад ажилд орохоос өмнө хүүхдийн номын талаарх төсөөлөл маань явцуу, баригдмал байсан юм. Харин Эрик Карл, Маурис Сендак нарын номуудыг хараад “Хөөх, хүүхдийн номыг ингэж бүтээж болдог байх нь ээ” гэсэн цоо шинэ мэдрэмж төрсөн. Энэ үеэс л хүүхдийн ном зурах сан гэдэг нууцхан хүсэл дотроо тээж эхэлсэн гэхэд хилстэхгүй. Үүнээс хэдэн жилийн дараа цар тахлын үеэр гэртээ хүүгээ харж байхдаа зохиолоо бичиж, зургаа өөрөө зураад анхны бие даасан ном болох “Үүлэн үст” номоо гаргаж байлаа.

Мөн “Үүлэн үст” номынхоо зургийг өөрөө зурахаар зориг шулуудахад надад томоохон түлхэц өгсөн хүн бол өөрийнхөө багшийг хэмээн хүндэтгэн хайрлаж явдаг, сургуулийн өмнөх насны мэргэжилтэн Кимико Такахаши юм. Кимико багш “Хэл яриа хөгжүүлэх” таван цуврал номынхоо зургийг өөрөө зурж, зарим зургийг нь гараараа хайчилж, нааж бүтээсэн байдаг. Номуудынх нь зургийг харахад хүүхэд зурчихсан юм шиг энгийн өнгө дүрс, зураглалтай атлаа өөрийн гэсэн гоо зүйтэй байлаа. Кимико багшийн зургаас багшийн хүүхэд шиг хиргүй цагаахан сэтгэл нь мэдрэгдээд байх шиг санагддаг юм. Ингээд л би хүүхдийн номын зураг заавал мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн байх шаардлагагүй юм байна шүү дээ. Өөрийн гэсэн өнгө аяс, өгүүлэмжтэй байх нь л чухал гэж бодсоны үүднээс номынхоо зургийг өөрөө зурахаар шийдсэн гэх үү дээ. Мөн тухайн үед “Domestika” сайтын хичээл ч цар тахлын улмаас хямдрал зарласан байж таарсан. Энэ боломжийг ашиглан Испанийн нэгэн зураачийн хүүхдийн зурагт ном бүтээх тухай хичээлд мөн сууж байлаа.

-“Үүлэн үст” номыг бичих болсон нь амьдралын тань туршлагаас үүдэлтэй юу?

-Би ялгаварлан гадуурхалтад өртсөн, дээрэлхүүлсэн амьдралын туршлага багатай. Тэгэхдээ арван жилд байхдаа ч, оюутан болсон хойноо ч ялгаварлан гадуурхалтыг биеэрээ мэдэрсэн. Надад цөөхөн тохиолдсон хэр нь ээ мэдрэмж нь гүн үлдчихсэн юм билээ. Далд ухамсартаа хадгалаад байсан тэрхүү мэдрэмж гадагшлах гэж хүчтэй тэмүүлж байсан шиг санагддаг. Нэг л өдөр дотор холгоод байгаа зүйлээ зурж, охиныхоо дүрийг бүтээсэн юм. “Үүлэн үст”-ийн түүх эндээс л улбаалж хөвөрсөн. Зохиолч, уран бүтээлчдэд өөрсдийнх нь туулсан туршлага, мэдрэмж, эргэн тойрноос харж байгаа зүйлс нь ямар нэг хэлбэрээр зохиол, бүтээлд нь зайлшгүй тусдаг. Миний амьдралын туршлага, мэдрэмж ч гэсэн “Үүлэн үст” зохиолоор илэрч гарсан л гэж бодож байна.

-“Үүлэн үст” ном хэвлэгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ зуурт уншигчдаас захидал хүлээж авсан тохиолдол бий юу?

-Өнгөрсөн жилүүдэд өөрийн хөтөлдөг “Бяцхан уншигчид Little readers” фэйсбүүк хуудсаараа дамжуулаад уншигч олонтой ойр байлаа. “Үүлэн үст” номынхоо арын хуудсанд “Уншигч та өөрийнхөө бүтээлийг манай хуудас руу илгээгээрэй” гэж бичсэн болохоор ч тэр юм уу, их л олон хүүхдээс зурагт захидлууд ирсэн. Хамгийн хөөрхөн нь хүүхдүүд миний бүтээсэн дүрийг яг дуурайлгаж зуралгүй, өөр өөрийнхөөрөө баяжуулж, өөр өөрийн өнгө будгаар зурсан байлаа. Дөрвөн настайдаа “Үүлэн үст” номыг маань ээжийнхээ хамтаар уншаад зураг зурж байсан охин сургуульд орсныхоо дараа номоо дахиж уншин, зураг зурж над руу илгээсэн удаатай. Зурагт номыг нэг уншаад орхичихгүй, дахин дахин хэрэглэдэг юм шүү гэдгийн тод жишээ энэ болов уу. “Үүлэн үст” номын маань тусламжтай гадуурхалтыг даван туулсан 6 настай охины ээж надад бодит түүхээ хуваалцаж, баярласан талархсанаа илэрхийлсэн нь ч асар том урам зориг өгч байлаа.

-Зохиолч, зураач хоёрын чухам хэнийх нь төсөөллөөр дүрийн төрх байдал бүтдэг юм бол?

-Зохиол бичиж байхад оюун тархинд минь амилж, ургуулан төсөөлөгдөж байгаа үйл явдал, дүрүүд гэж бий. Түүнийгээ цаасан дээр ноороглож, зураачдаа харуулан ярилцах тохиолдлууд бий ч дүрийн маань үс, зүс, нүд, дээл ийм л байна шүү гэж ер тулгадаггүй. Зураач маань өөрөө сэтгэж, шинэ зохиол бичих хэмжээнд ажиллаж байгаа учраас тэр орон зайг нь хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ зохиолч, зураач нар ном бүтээх явцад хоорондоо ярилцаж, мэдрэмжээ хуваалцах байдлаар хамтарч ажиллавал илүү сайн ойлголцож, бие биеийнхээ санааг нөхөж чаддаг юм шиг санагдсан.

-Таны зохиолын хамгийн эхний уншигч хэн байдаг вэ?

-Би зохиолоо биччихээд хамгийн түрүүнд нөхөртөө уншуулдаг. Манай нөхөр бичвэрийг маань уншчихаад хайр найргүй шүүмжилдэг. “Эртний Орос ардын үлгэрүүд шиг... Ямар нуршуу юм бэ...” гэх зэргээр төрсөн сэтгэгдлээ шууд хэлдэг юм. Харин толгой дохивол ер нь дөхөж шүү гэсэн мэдрэмж төрдөг.   

-Хүүхдийн ном бичихдээ насных нь ангиллыг хэрхэн тогтоодог юм бол?

-Азийн сангийн “Хүүхдийн ном бүтээх феллоушип хөтөлбөр”-т оролцож байхдаа энэ асуултад гадаадын зохиолчдоос хариулт авсан юм. Бид нарт туршлагаа хуваалцсан зохиолч Грэйс Лин, Катрина Гоүлдсято, Маринна Дюбюк нар “Би юу хийхийг хүсэж буй, хүүхдүүдэд юу хүргэмээр байна вэ? гэдгээ л бодоод бичдэг. Харин номын маань насны ангиллыг хэвлэн нийтлэгчид тогтоодог юм” гэж хариулсан. Монголд ч гэсэн хэвлэн нийтлэгчид л тухайн номын насных нь ангиллыг тодорхойлно. Эцэг эхчүүддээ зөвлөхөд, номын хавтсан дээр бичсэн насны ангилалд баригдахгүй байхыг хичээгээрэй. Тухайлбал, 4-6 насныханд зориулав гэдэг нь зөвхөн тухайн насны хүүхэд уншихад тохиромжтой гэсэн үг биш. Ямар ном уншуулбал тохиромжтой вэ гэдэг нь таны хүүхдийн уншлагын түвшнээс хамаарна. Ялангуяа зурагт ном насаар хязгаарлах боломжгүй өргөн цар хүрээтэй. Тиймээс энэ төрлийн номыг гэр бүлээрээ хамтдаа уншдаг. Зохиолч Маурис Сендак нэгэнтээ “Би хүүхдэд зориулж байна гэж бодож номоо бичдэггүй. Хүмүүс л миний номыг харчхаад ‘хүүхдийн’ гэсэн шошго тавиад, нас зааж хэвлэдэг” гэж хэлсэн удаатай шүү дээ.

-Хүүхдийн ном эцэг эхийн шалгуурыг давж уншигчдадаа хүрдэг. Гэвч хүүхдэд зориулж ном сонгоно гэдэг амаргүй ажил шиг санагддаг юм?

-Миний хувьд, хүүхдэдээ ном сонгохдоо тухайн номын зураг чимэглэл, хэвлэлийг түрүүлж хардаг. Үүний зэрэгцээ хэл найруулга, агуулгыг нь заавал уншиж үзнэ. Энэ хоёр шалгуураар ном сонгох нь нийтлэг байдаг. Хүүхдийн номын талаар ревью бичдэг сайтууд, энэ чиглэлээр дагнан ажиллаж буй мэргэжилтнүүдийн бичвэрүүдийг тогтмол унших юм бол хүүхдийн номын талаарх мэдлэгээ тэлж, учиргүй муу ном сонгочихгүй байхад дэмтэй. Тэгээд ч номын дэлгүүрт буй олон зуун номд шүүлтүүртэй хандахад тодорхой мэдлэг, боловсрол шаардлагатай болно.

Ихэнх эцэг эхчүүд бичвэр ихтэй номыг түлхүү чухалчилж үздэг. Унших гэдэг үйл явцыг хүүхэд сургуульд орж, бичиг үсэг сураад, үеэр таслан унших болсон үеэс эхэлдэг гэж ойлгодог учраас тэр юм. Гэвч хүүхдийн унших үйл нь номын зургийг үзэхээс эхэлдэг. Номын зургийг үзэхдээ төсөөлөн бодоод ойлгож байгаа нь бичвэрийг уншаад ойлгож байгаатай тэнцэнэ гэсэн үг. Бичиг үсэг мэдэхгүй хүүхэд номынхоо зурагт хуудсыг эргүүлээд яг уншиж байгаа юм шиг сонирхон үздэг шүү дээ. Энэ бол хүүхдийн унших үйл хэдийн эхэлчихсэн байна гэсэн үг.

-Таны хувьд, өнөөгийн хүүхдийн ном бүтээгчид хэр дэвшилттэй ажиллаж байна гэж хардаг вэ?

-Би дипломын судалгаагаа “Хүүхдэд зориулсан туужийн дүр, дүрслэл” гэсэн сэдвээр бичсэн. Монголын хүүхдийн номын зах зээлд орчуулгын зохиол нэлээд жин дарж буй. Нэн ялангуяа 6-9 насныхны унших номуудын жагсаалтыг орчуулгын бүтээл бараг дангаараа эзэлж байна. Өдгөө Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакц, Гаруна, Болорсудар, Непко Кидс, Гэрэн редакц тэргүүтэй хэвлэлийн газрууд өөр өөрсдийнхөө хэмжээнд хүүхдийн ном, зохиолыг бүтээн туурвиж байгаа. Монголын нөхцөлд өдгөө хүүхдийн уран зохиол хөгжих хөрс суурь хэдийн бүрэлдчихсэн гэж би хардаг. Цаашид хүүхдийн номын салбарт хэвлэл, агуулга, сэдэв, бичлэгийн төрөл бүрийн хэлбэрээр ахиулан гүйцэтгэх шаардлагатай ажил их бий. Энэ бүхэнд бид өмнөх үеийнхээ ном бүтээлүүдээс болон орчуулгын уран зохиолоос суралцаж буй.

-Урцанд, орон сууцанд, гэр хороололд, хөдөө амьдардаг хүүхдүүдийн гэр орны тухай тусгасан ном, зохиол ховор байдаг болов уу. Тэгэхээр “Миний Чиний Бидний гэр” ном тань энэ сэдвээрх хүүхдийн бүтээлийн анхны шанг татлаа гэж харж байна?

-Тийм ээ. Монгол улс нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралын хэв маяг руу шилжиж буй шилжилтийн үедээ явна. Тэр ч утгаараа бидний соёл, аж байдлын нэг хэсэг нь зарим хүмүүсийн үзэн яддаг гэр хороолол мөн. Гэр хорооллыг тэр чигт нь нураачихвал л хөгжил ирнэ гэдэгт би эргэлздэг. Харин бидэнд жишиг гэр хороолол хэрэгтэй. Тийм ч учраас би “Миний Чиний Бидний гэр” номдоо гэр хороололд, орон сууцанд, урцанд, хөдөө амьдарч байгаа дөрвөн хүүхдийн өвөрмөц онцлогтой аж байдлын тухай бичсэн юм. Сайн ажиглавал 4 дүрийн маань ярьж хэлж буй үгийн сан ч өөр байгаа. Дөрвүүлээ л монгол хүүхэд, гэхдээ тухайн амьдарч байгаа орчин, ахуй, үгийн сан нь өөр өөр. Хэдийгээр тэр бүхэн өөр өөр боловч бид бүгдээрээ нийлж нэг улс орон болно. Хүмүүс хаана төрсөн, хаана амьдардаг гэдгээрээ хуваагдаад, бие биеийнхээ өвөрмөц ахуй, соёлыг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, нэг нэгнийхээ дээр гарах гээд үзэлцээд байдаг нь намайг эмзэглүүлдэг юм. Гэр хаана байгаагаас үл шалтгаалан эзэндээ эрхэм нандин шүү дээ. Мөн хаана ч магтах давуу тал болон засаж залруулах сул тал бий.

Ялгаатай байдлын тухай ном бичих болсон бас нэг шалтгаан нь, хүүхэд өөртэйгөө адилхан дүр төрхтэй, ижил төстэй гарал үүсэлтэй, туршлагатай дүрүүдтэй танилцсанаар харьяалагдах, нийгэмд өөрсдийн бат бөх байр суурийг мэдрэх мэдрэмжийг төрүүлдэг. Үүгээр ч  зогсохгүй нийгмээс мэдэрч болох сөрөг, хэвшмэл ойлголтыг эсэргүүцэх хүчтэй болдог. Нөгөө талаар өөрөөсөө өөр хүмүүс, соёлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицох чадварыг дэмждэг гэж үздэг.

-Таван жилийн өмнө та амьдарч буй хотоо танилцуулсан “Энэ бол Улаанбаатар” нэртэй ном бичсэн шүү дээ. Энэ номоороо дамжуулж ямар утга агуулга хүргэхийг зорьсон бэ?

-Хүүхдүүд өөрсдийнхөө амьдарч, төрж өсөж буй хотын талаар ойлголттой болоосой, улмаар Улаанбаатар хот гэдэг бол бүхэлдээ бидний гэр юм шүү гэдэг санааг тусгахыг зорьсон.  Тийм ч учраас “Жангар” хүүхдийн номын редакцынхан ярилцаад уг номд хот суурин газар нийтээрээ хамтарч амьдрахад зайлшгүй хэрэгтэй хотын соёлын талаар мөн тусгах хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь, бие биедээ эелдгээр шаардлага тавих, оочир дараалалд зогсох, амьдарч буй орчноо хэрхэн хайрлах талаарх дүрслэлүүд бага ч гэсэн багтсан байдаг.

-Та ном бүтээхдээ ямар дарааллаар ажилладаг вэ?

-Эхлээд сэдвээ эргэцүүлнэ. Тухайн сэдвээ хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар яаж илэрхийлэх вэ гэдгээ бодож, зохиолоо хөгжүүлэх явцад ном маань ямар зураглал, хэвлэлттэй байх вэ гэдэг нь аяндаа шийдэгдчихдэг юм. Зохиолч Крис Хаутонаас “Таны зохиолууд яаж ийм хөгжилтэй, хүүхдийн сонирхлыг татах шидтэй байдаг юм бэ?” гэж асуухад “Би цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй ажилладаг байлаа. Тэднийг инээлгэх гэж, анхаарлыг нь татах гэж жүжиглэнэ, ер нь л янз бүрээр хичээнэ. Тэр үеэ эргэцүүлж байгаад би номдоо юу оруулбал хүүхдүүд инээх бол оо гэж бодож бичдэг юм” хэмээн хариулсанчлан “би юу өгүүлэхийг хүсэж байна вэ?” гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй юм шиг санагдсан. Үүнийхээ дараа хэрхэн илэрхийлэхээ бодож олдог.

- Хүүхдийн ном бүтээх хөтөлбөрийн үеэр та бүхнийг чиглүүлж байсан багш Катрина Гоүлдсято “Зөвхөн өөрийнхөө өгүүлж чадах түүхийг тэмтэрч олоорой. Тэр л чиний өгүүлэх түүх шүү” гэж хэлсэн гэдэг. Та зөвхөн өөрийнхөө өгүүлж чадах түүхийг олсон уу?

-“Би Чи Бид”, “Миний Чиний Бидний гэр” номуудаа бичиж байхдаа би бусдын ялгаатай байдлыг илэрхийлсэн ном гараад хэрэгтэй ч юм уу даа гэж эргэлзсэн удаатай. Крис Хаутон шиг хөгжилтэй, Эрик Карл шиг энгийн ном бичих сэн гэдэг хүсэл сонирхолтой маань зөрчилдөөд байсан хэрэг. Тэгсэн хэр нь ээ дотроос маань ундарч байгаа нь танин мэдэхүйн чиглэл бүхий номууд байж таарсан. Энэ тухайгаа Катрина Гоүлдсятод хэлэхэд “Чи заавал хөгжилтэй ном бичих шаардлагагүй шүү дээ. Зохиолч болгон өөр өөрийн гэсэн өнгө аястай, гагц өөрт чинь таалагдах ном л бичих хэрэгтэй” гэж хариулсан юм.

Гэхдээ Крис Хаутон шиг хөгжилтэй ном бичих сэн гэдэг хүслээ жаахан ч гэсэн биелүүлж чадсан нь Жангар редакцаас хэвлүүлсэн “Аа-Чүү” ном юм. Хэдийгээр танин мэдэхүйн ном ч гэсэн хөгжилтэй байдлаар бичихийг хичээсэн. Анхны уншигч нь бас л манай нөхөр. Зураггүйгээр уншиж байгаа хэр нь ээ инээхэд нь “Би чадлаа” гэж бодсон. Дараа нь Монсудар хэвлэлийн газрын Р.Энхбат захирал уншихдаа бас л инээсэн гэдэг. Тиймээс энэ ном маань уншигчдаа инээлгэж дөнгөнө байх аа гэж боддог юм. “Аа-Чүү” номынхоо хар зургийг нь хүүхдэдээ харуулж, уншиж өгөхөд хэд хэдэн хэсэг дээр хөхөрч инээдэг нь өдгөө ч хэвээрээ. Үнэхээр сайхан мэдрэмж.  

-Тэгэхээр номоо хэвлүүлснээс хойш засчих сан гэх бодол хатгадаггүй гэсэн үг үү?

-Хүн цаг ирэх тутамд өсөж хөгжиж байдаг. Өөр өөр туршлага хуримтлуулж, өөр өөр зүйлс танин мэдэж байна. Тэгэхлээр яаж ч бодсон эргээд харахад засах, сайжруулах зүйлс заавал гарч ирдэг. Гэхдээ анхны хэвлэл нь муу, зассан нь сайн гэсэн үг биш.

-Та “Үлгэрийн цаг”-аар хүүхдүүдэд үлгэр уншиж өгдөг. Энэ ажил ном бичихэд тань тус дэм болдог уу?

-Үлгэр уншиж өгөхдөө хүүхдүүдийн нүүр царайны хувирлыг нь ажигладаг юм. Хүүхэд тухайн номыг төдий л хичээхгүй сонсож байгаад зөвхөн нэг нүүрийг нь онцгой анхаарч, гайхах тохиолдол байдаг. Тэрийг л алдалгүй олзолж хараад урам зориг авчихдаг.

-Хэдэн жилийн өмнө асуухад хүүгийн тань дуртай ном нь “Мөчрөн хүн” гэж хариулсан. Өдгөө сайн уншигч болж төлөвшсөн гэж бодож байна, ээжийнхээ бичсэн номуудыг сонсоод ямар сэтгэл хөдлөл гаргадаг вэ?

-Би хүүдээ ном уншиж өгөхдөө “Энэ ээжийн чинь бичсэн ном” гэж хэлдэггүй. “Миний Чиний Бидний гэр”, “Аа-Чүү” номуудаа бичиж, ноороглож байхыг хажуугаас харж байсан болохоор ээжийн маань номууд гэдгийг мэднэ. Харин өмнө нь бичсэн номуудыг маань минийх гэж мэдэхгүй. Тэгээд ч нас нь бага болохоор “Ээж минь бичсэн учир би заавал гоё үг хэлэх ёстой” гэсэн ойлголт тэр хүүхдэд байхгүй. Зөвхөн өөрийнхөө мэдэрч байгааг л хэлнэ. Хүүд маань “Би Чи Бид” ном их таалагдсан. Саяхныг хүртэл орой болгон л уншуулдаг байлаа. Өөрийнхөө бичсэн номыг олон удаа уншина гэдэг залхуутай ажил юм билээ. Сүүлдээ ч бүр өөр ном л авчирч ирээсэй гэж залбирахад хүрсэн. Мөн “Би Чи Бид” номын зурах, будах дасгалыг нь хамт ажиллахдаа хүүгийнхээ сэтгэлийг шинээр таньж мэдсэн.

-Хүүхдэд ном уншиж өгөхөөр урамшаад улам ихийг сонсох сон, мэдэх сэн гэж шунадаг. Харин энэ байдлаас эцэг, эхчүүд залхах нь түгээмэл. Ном уншиж өгснөөр хүүхдэд тань гарч буй бодит өөрчлөлт юу анзаарагдаж байна?

-Бага балчир наснаас нь эхлээд үдэш бүр ном уншиж өгвөл өдөр бүр шүдээ угаадагтай адилхан энгийн дадал болоод хэвшчихдэг. Хүү маань оройдоо заавал ч үгүй ном уншуулж, үлгэр яриулж байж л унтана. Ингэхдээ уншуулах номоо тавиур дээрээс өөрөө сонгож авчирдаг юм. Манайх өдрийн цагаар зурагтаа асаадаггүй. Хүү маань өдөртөө тоглож байгаад нэг харахад гурав, дөрвөн ном хажуудаа тавьчихсан, буйдан дээрээ хэвтээд хээв нэг үзэж байх тохиолдол элбэг. Үсэг мэдэхгүй учир зургийг нь хараад л өөрөө зохиогоод уншчихдаг юм. Нэгдүгээрт, хүү маань номоос дулаахан мэдрэмжийг хайж, өөр өөр ертөнцөөр аялахын сайхныг мэдэрч байна. Хоёрдугаарт, үгийн сангийн хувьд баялаг болж буй. Адилтгал, зүйрлэлийг яриандаа хэрэглэж, зарим үед сонин, өвөрмөц үг хэллэг цухуйлгаж буйг нь хэд хэдэн жишээнээс анзаарсан. “Амьтдын багт наадам” гэдэг шүлэглэсэн бүтээлийг нэлээд олон орой уншиж өгсөн юм. Тэгтэл дөрвөн настай хүү маань толгой холбоод оньсого зохиосон. Ингэхээр ном уншиж өгснөөр хүүгийн маань хэлний мэдрэмж нь төлөвшиж байна гэж ойлгодог.  Мөн танин мэдэхүйн цар хүрээ тэлж буй нь анзаарагддаг.

-Дэгжин бөхөнгийн бусдаас онцгой ув улаан зүрх хөө шиг хар болчихсоноор “Ув улаан зүрх” номын үйл явдал өрнөдөг. Та энэ номынхоо бөхөнгийн дүрийг аль үзүүрээс нь гогцоолдон босгож байв?

-Зүрхнээс нь. Хувцастай адилхан хүний зүрх сэтгэл хиртдэг. Хүн муу үйл хийх, муу үг хэлэх, муу зүйлийг үзэх явдлыг ахин дахин давтах тусам түүндээ дасаж, зүрх сэтгэл нь хиртдэг. Түүнчлэн “Ув улаан зүрх” ном маань шинэ жилийн сэдэвтэй. Монголчуудын хувьд шинэ жилийн бэлгэдэлт амьтан гэхээр цаа бугаас өөр байдаггүй. Тэгэхлээр яагаад бөхөн шинэ жилийн бэлгэдэлт амьтан байж болохгүй гэж? Энэ ч утгаараа уг номд маань тэмээ, бодон, сарлаг, хулан, шаазгай гээд монгол амьтад дүрслэгдсэнээрээ онцлог болов уу.

-Та С.Баатарцогтын “Цасан хуй”, Харүки Муракамигийн “Эрэг дээрх Кафка”, Нацүмэ Соосэкигийн “Боччан”, Оэ Кензабүрогийн “Тэжээмэл” тэргүүтэй үндэсний болон орчуулгын уран зохиолын “Нохой-хүн”, “Будда унтлагын цагаар” зэрэг хүүхдийн номуудын редактораар ажилласан. Хүний бүтээлийг засах гэдэг хэр төвөгтэй ажил байдаг вэ?

-Редакторыг Монголын нөхцөлд үг үсэг, найруулгыг л хянах үүрэгтэй гэж ойлгодог. Гадаадын зохиолчид, хэвлэлийн газруудтай хамтарч ажилладаг туршлагаас харахаар үүнд редакторын үүрэг, оролцоо асар чухал байдаг юм билээ. Редактор тухайн зохиолын хэсгээс уншиж үзээд л цааш нь хөгжүүлэх боломжтой эсэхийг шийддэг. Зохиолч Катрина Гоүлдсятогийн номынх нь редактор түүний бичвэрээс ганцхан өгүүлбэрийг үлдээж “Чи энэ өгүүлбэрээ л хөгжүүл” гэж хэлсэн түүхээ бидэнтэй хуваалцаж байсан. Редактор гэдэг хүн зохиолчдын зам чигийг нь зааж өгдөг юм уу даа гэж ойлгосон. Маурис Сендакийн “Мангасуудын оронд” ном эхлээд “Зэрлэг морьдын нутагт” нэртэй байж л дээ. Сендак нэг удаа редактор Урсула Нордстромд “Би морь зурж чадахгүй байна” гэж хэлэхэд хариуд нь “Чи хамгийн сайн чаддаг зүйлээ л зураач дээ” хэмээн зөвлөснөөр тэр бээр том араа шүдтэй, үслэг амьтдыг зурсан гэдэг.

Редактор зохиол бүтээлийг нь засах, санаагаа хуваалцахад манай зохиолчид эмзэг хандах нь бий. Засуулахгүй хэмээн хэрэлдэх ч тохиолдол гарна. Энэ бүхнээс үзэхэд редактор – зохиолч хоёрын хамтын ажиллагааны талаарх ойлголт хараахан төлөвшөөгүй байгаа юм болов уу даа.

-Хүүхдийн ном бичихэд юу илүү хэцүү байдаг вэ?

-Энэ тухайд Эрик Карл “Өгүүллэг бичих гэж байгаа хүний санаа 35 үгэнд л багтдаг. Тэгээд үүнийгээ 35000 үг болгож дэлгэрүүлдэг. Харин хүүхдийн номын санаа 35000 үгээр илэрхийлэгдэх ч 35 болгож танахаас өөр аргагүй. Хэтрүүлэг байж магадгүй ч зурагт ном бүтээхэд иймэрхүү зүйл тохиолдоно шүү” хэмээн тун онож тодорхойлсон байдаг. Зурагт ном бичиж үзсэн хүн л үнэн байж шүү хэмээн шогшрох байх.

-Редактор хийхэд таныг өвөрмөц байдлаар сорьсон бүтээл гэвэл ямар номыг нэрлэх бол?

-Жулиа Доналдсоны “Таван царай муут” гэдэг шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн ном. Орчуулагч маань “Би шүлэглэсэн хэлбэрээр буулгаж чадахгүй, тиймээс өөрийнхөөрөө орчуулаад өгье” гэсэн юм. Ингээд шүлэглэсэн хэлбэр лүү хөрвүүлэх ажил редакторын нуруун дээр ирсэн.

-Багадаа шүлэг бичиж байсан тань энэ номд редактораар ажиллахад багагүй тус болжээ дээ?

-Тийм ээ. Өөртөө зориулаад шүлэг бичдэг маань өдгөө ч хэвээрээ. “Таван царай муут” номын редактораар ажиллахдаа ч шүлэг бичдэг мэдрэмжээ ашигласан.

-Бичсэн шүлгүүдээ хэвлүүлэх төлөвлөгөө бий юу?

-Зарим таньдаг хүмүүс маань шүлгүүдээ хэвлүүлээч гэж хэлдэг. Гэвч би шүлгийн ном гаргая гэж ер боддоггүй. Шүлэг бичнэ гэдэг нэг төрлийн бясалгал, эдгэрэл юм шиг санагддаг. Сэтгэлээр унасан, гутарсан, цөхөрсөн үедээ өөрийгөө чагнаад, доторх зүйлээ цааснаа буулгаж шүлэг бичихээр сэтгэл хөнгөрдөг юм.

-Та аль насандаа ямар номуудаас нисэх мэт ид шидийн мэдрэмжүүдийг авч байв?

-Хүүхэд байхдаа “Үл мэдэх ба түүний нөхөд” номыг уншаад инээн баясаж, догдолж байснаа санадаг. Хичээлийнхээ завсарлагаагаар номын сан руу бушуухан гүйж ороод хэсэг хэсгээр нь уншина. Хөгжилтэй гэж жигтэйхэн шүү дээ. Нэг удаа инээдээ барьж ядан жуумалзаж байгаад номын санчдаа “Яасан маягтай юм” гэж загнуулж билээ.

Өсвөр насандаа Ш.Нацагдоржийн “Болор толь”-ийг уншаад Чингүнжавын нас бардаг хэсэгт нь асгартлаа уйлсан. Энэ зохиолыг уншсанаар эх орны үнэ цэнийг зүрхэндээ ортол мэдэрч, өвөг дээдсээ хайрлах мэдрэмж гүн төлөвшсөн гэж боддог. “Болор толь”-ийг уншиж дуусгачхаад хонио хашихаар гарахдаа нулимсаа арчиж байсан маань өдгөө ч сэтгэлд тодхон байна.

Харин оюутан байхдаа С.Анударийн “4 биш 4”-ийг уншихад цэвэр агаараар амьсгалаад байгаа ч юм шиг, учир нь олдохгүй хар бараан, заваан зүйлийн дунд ирээд зогсчихсон ч юм шиг эсрэг туйлт мэдрэмж намайг эзэмдсэн. Г.Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-ийг уншиж дуусгахад үүр цайж байсан санагдана. Дотор хоосроод нуруун дээр маань айхтар том аалз суучихсан юм шиг мэдрэмж төрөхөд “Ийм сонин юмыг хаанаас ургуулан бодож бичдэг байна аа” гэж үнэн сэтгэлээсээ гайхсан. Маргааш өглөө нь багш маань хичээл дээр “Энэ зохиолыг ямар өнгөөр тэмдэглэх вэ?” гэж асуухад нь “Бүх будгийг нийлүүлээд хольж дүрсэлмээр байна” хэмээн хариулж байлаа. Надад тийм л сонин мэдрэмж төрсөн хэрэг.

Хожмоо Японы зохиолч Мүроү Сайсэйгийн “Нэгэн охины үхэл хүртэл” өгүүллэгийн “Хүн дотроо гэрэл тээж явдаг. Тэр гэрлээ хиртүүлэхгүй байх хэрэгтэй” гэсэн үзэл санаа хүчтэй мэдрэмж төрүүлсэн. Зохиолын гол дүрийн эрэгтэй найзуудтайгаа архи ууж саатуулах өрөөнд хоночхоод гарч ирэхдээ “Миний сэтгэл хиртчихжээ. Хүүхдийнх шиг цайлган цагаан, хиргүй тунгалаг дотор хүнээ олж чадахгүй байна” гэж шаналдаг. Зохиолч маань тэрхүү хиргүй тунгалаг цэвэр ариуныг хөршийнхөө зургаан настай охиноос олж хардаг юм. Тэр бээр хүнд хэцүү, хар бараан амьдралыг туулсан ч сэтгэлгээ, сэтгэхүйн хувьд гэгээлэг байж, тэрийгээ алдахгүйг, арчилж тордож явахыг хүсдэг нь гүн сэтгэгдэл төрүүлсэн. Мөн Нацүмэ Соосэкид дуртай. Зохиол бүтээлд нь гэхээсээ илүүтэйгээр хувь хүнийх нь үзэл баримтлалыг ихэд хүндэтгэдэг. Дөрвөн лекцийг нь сонсчхоод ямар сайхан цэгц шулуун хүн бэ гэж бахархаж байсан. Энэ зан төлөв нь түүний зохиолд ч туссан байдаг.

-Зарим хүүхдийн зохиолч уншигчдаа дутуу үнэлэх, эсвэл сурган хүмүүжүүлэх гэсэн хүсэл тэмүүллээ илүү өндөрт тавьж бичдэг шиг анзаарагддаг юм. Иймэрхүү нийтлэг алдаанаас хэрхэн зугтаадаг вэ?

-Би бусдад зааварлах хэмжээний хүн биш ч гэлээ өөрийнхөө бодлоос хуваалцъя. Хүүхэд гэнэн цайлган сэтгэлтэй юм чинь хүүхдийн зохиолыг амархан биччихнэ гэж ойлговол төөрөгдөл болно. Хүүхэд номыг томчуудаас ч илүү зүрх сэтгэлээрээ мэдэрч, илэрхийлж чаддаг.

Яруу найрагч Ц.Гончигийн

“Яавал аав нь чам шиг

Тогтоол усыг гутлаараа туучаад

Бороо... бороо гэж хөөрцөглөх вэ? ...” гэдэг шүлгийн мөрүүд шиг аливааг хүүхдийн өнцгөөс харах, амьдрал ахуйг хүүхэд шиг сэрж мэдрэх чухал болохоос бус хүүхдийн зохиолыг хүүхдийнх учраас хөл гарынхаа үзүүрээр биччихээр амархан гэсэн ойлголт хаа ч байхгүй. Мөн хүүхдийн зохиол л гэхээрээ хөнгөхөн, хөгжилтэй байх ёстой гэсэн зааварчилгаа ч байхгүй. Би нэгэнтээ Кимико Такахаши багшаасаа “Багш аа, гэр бүл салалт гэх мэт асуудал нийгмийн ч, хүүхдийн хувьд ч эмзэг хүнд сэдэв. Аавгүй өсөж байгаа хүүхэд ч олон бий. Үүнийг хүүхдийн ном зохиолд ямар байдлаар тусгавал зохилтой вэ?” гэж асуусан юм. Багш маань “Чи хэчнээн хүнд, эмзэг сэдвээр бичиж байгаа ч гэсэн ном бүтээл чинь хүүхдэд урам зориг, итгэлийн дулаан оч, найдварыг өгөх ёстой” гэж хариулсан. Үхлийн тухай бичсэн хэдий ч, том хүн уншаад ч тайвширч болохоор хүүхдийн ном уншиж байлаа.

-Та цаашдаа ямар ном бүтээл гаргахыг зорьж байна вэ?

-Цаашид хэвлэлийн хувьд ч, сэдэв, агуулгын хувьд ч шинэлэг номууд бүтээх сэн хэмээн хүсэж байна. Энэ зорилгын маань эхний биелэлт нь хоёр талаасаа уншигддаг, дунд нь гол агуулгыг зангидсан “Миний Чиний Бидний гэр” ном юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.88.172
Гайхалтай номнуудтай хүүхэд гэлтгүй том хүнд ч нэгийг бодогдуулах ном бичдэг. Амжилт хүсье
ЗОЧИН\13.229.88.172
Гайхалтай номнуудтай хүүхэд гэлтгүй том хүнд ч нэгийг бодогдуулах ном бичдэг. Амжилт хүсье
ЗОЧИН\13.214.196.111
hairtai
Алтанзул Эрдэнэчулуун\47.129.154.229
Үнэхээр мундаг зохиолч шзү
ЗОЧИН\13.214.160.39
Үнэхээр мундаг зохиолч шзү