Хөлбөмбөгийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 6-р сарын 15-наас 7-р сарын 13-ны өдрүүдээр АНУ-д явагдана.
Өмнө нь жил болгон долоон багийн хооронд зохион байгуулагддаг байсан эл тэмцээн ирэх улирлаас форматаа өөрчилснөөр дөрвөн жил тутамд 32 багийн дунд явагдахаар болж хүрээгээ тэлсэн нь энэ.
Тухайлбал, ирэх жил энэхүү тэмцээнд Лионел Мессигээр хүч зузаатгасан “Интер Майами” клубээс гадна Европын шилдэг 12 клуб хүч сорино.
Европ тивийг төлөөлж эл тэмцээнд оролцох багуудыг сонгохдоо сүүлийн дөрвөн улирлын Аваргуудын лиг дэх амжилтаар нь эрэмблэхийг илүүд үзжээ.
Гэхдээ нэг улсаас хамгийн ихдээ хоёр баг л оролцох боломжтой гэж тогтоосон тул 2022 оны Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарсан “Ливерпүүл” ирэх жилийн өрсөлдөөнд сонгогдсонгүй.
Харин Ази, Африк, мөн Хойд болон Төв Америк тивийг төлөөлж тус бүр дөрвөн клуб оролцоно.
Тэгвэл Өмнөд Америкаас зургаан баг, Далайн орнуудын бүсээс нэг клуб энэхүү тэмцээнд хүч сорих эрхтэй.
Гэхдээ Лионел Мессиг яагаад энэ тэмцээнд оролцуулахаар шийдэв?
Хариулт нь маш энгийн бөгөөд тэмцээнийг зохион байгуулагч оронд нэг клубээ оролцуулах эрхийг бэлэглэсэн.
Ингээд 32 баг хэдийн бүрдэж, пүрэв гарагт явагдсан сугалааны дараа найман хэсэгт хуваарилагдлаа. Улмаар хэсэг тус бүрээс эхний хоёр байрт шалгарсан багууд хасагдах шатнаа өрсөлдөх юм.
ДАШТ ч юм уу, эсвэл түүнтэй төстэй форматаар явагддаг бусад тэмцээнээс ялгаатай нь клубүүдийн ДАШТ-д гуравдугаар байрын төлөөх тоглолт гэж байхгүй. Шигшээ тоглолтыг 2025 оны 7-р сарын 13-ны өдөр явуулахаар товложээ.
Энэхүү тэмцээний тоглолтууд АНУ-ын 12 цэнгэлдэх хүрээлэнг дамнан явагдана. Тус улс Канад, Мексиктэй хамтран 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах бөгөөд үүний чанх өмнөх жил клубүүдийн түвшний хамгийн том өрсөлдөөнийг эх орондоо хүлээн авч байгаа нь энэ.
Түүнчлэн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шинэ форматаар явуулахад тулгарч буй томоохон хориг нь хөлбөмбөгчдийн хэт шахуу хуваариас үүдэлтэй.
Тухайлбал, “Ливерпүүл”-ийн Алиссон Бекер, “Манчестер Сити-гийн Родри нарын тэргүүтэй хэд хэдэн тоглогч клуб болон шигшээ багуудын тоглолт хэт шахуу хуваарьтай байгаа нь тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд бодитой эрсдэл учруулж байна гэж мэдэгдээд буй.
Учир нь клубуудын ДАШТ-ий шигшээ тоглолт болон наймдугаар сарын 16-ны өдөр болох Премьер лигийн 2025-2026 оны улирлын эхний тойргийн тоглолт хооронд ердөө тавхан долоо хоногийн хугацаа зааглаж байна.
Иймд, “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола Премьер лигийн шинэ улирлын эхлэх хугацааг хойшлуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн бол тус багийн тоглогч Кевин де Брейне “УЕФА болон ФИФА-гийн зүгээс клуб, шигшээ багуудын тоглолтын тоог нэмэхдээ тоглогчдын аюулгүй байдлаас илүүтэй зөвхөн мөнгөний тухай ярьж байна” гэж шүүмжилсэн.
Үргэлжлүүлэн та бүхэнд 2025 оны клубүүдийн ДАШТ-д оролцох багуудын хэсэгт хуваарилагдсан байдлыг танилцуулья.