Netflix-ийн “Physical: Asia” реалити шоуны шилдэг 4 баг өчигдөр тодорлоо. Азийн шилдгүүдийн анхны “тулаанд” БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улс ур чадвар, ухаан мэдлэг, хүч чадлаараа шалгаран үлдлээ. Үнэхээр тэсвэр, хатуужил шаардсан хүнд даалгаврууд тамирчдыг хүлээж байв. Австралийн багийнхан “Бид бүгдээс илүү” хэмээн бардамнаж, Туркийн шигшээ “Бусад багийнхан манайхаас айн чичирч байна” гэж хэлж байлаа. Ингээд “Багана тогтоох” тэмцээнд манай баг Туркийн шигшээтэй халз тулсан. Учир нь Японы баг техникийн саатлын улмаас энэ тэмцээнийг 40 минутын дараа хийх болсон юм.

Багууд талбайд гарахад Туркийн багт Үндэсний тосон бөхийн аварга Режеп Кара, Токио олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Европын 7 удаагийн аварга, чөлөөт бөхийн Ясемин Адар хоёрыг илгээсэн бол манайх жүдо бөхийн А.Адъяасүрэн, холимог тулааны Б.Энх-Оргил нар гарч ирсэн. Биеийн жин, цол хэргэм гээд хавьгүй илүү Туркийн баг ялалт авах нь хэмээн баярлаж байсан билээ. Гэвч тэд монгол хүний хүч чадлыг дутуу үнэлжээ. Арван минут өнгөрсний дараа турк аваргуудын гар чичирч, сэтгэлийн бяд нь ганхаад эхлэв бололтой. Туркийн багийнхан “Монгол охины гар суларчихлаа, манайхан тэсээрэй” гэж хашгарна. Монголчуудыг “ядарсныг дуулаад” манай баг руу харсан Режеп Карагийн харц А.Адъяасүрэнгийн эрэмгий харцтай тулгарав.

Монгол бүсгүйн зоримог харцтай тулгарсан турк ёкозүна үг дуугүй, нүүр буруулан, доош харсан нь энэ даалгаврын ялагчийг тодруулав гэлтэй. Манай хоёр нэг нэгнийхээ цуцсан гарыг ээлжлэн амрааж, нэг нэгнээ дэмжсээр. “Ахаа сэтгэлийн хүчээр л давна шүү” гэсэн түүний үг Б.Энх-Оргилд эрч хүч өгч, харин турк аваргууд нэг нэгэндээ буруу өгсөөр гараа алдаж ялагдсан. Монголын баг “Багана тогтоох” даалгавраа 40 минут гүйцэтгэж, рекорд тогтоон, энэ төрлийн аварга боллоо.
Амарсайханы Адъяасүрэн гэж хэн бэ?
Энэ жил түүний хувьд үнэхээр одтой жил болж байгаа. 2025 оны Улсын аварга болж, УАШТ-ий 4 дэх алтан медалиа зүүсэн. Энэ оны Азийн АШТ-ий хүрэл медальтай. 25 настай.
“Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин.

Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн. Эмэгтэй + 78 кг буюу жүдо бөхийн хүнд жингийн Монголын гол найдвар. “Парис-2024” олимпод эх орноо төлөөлж оролцсон төдийгүй ДАШТ-д таван удаа зодоглоод байгаа.
“Тамирчин хүн ялж, ялагдах үетэй бишгүй л олонтаа нүүр тулна. Тэр бүрийд сэтгэлээ хатамжилж, ахин алдахгүйн тулд сул талаа сайжруулах нь алсдаа том амжилтад хүргэдэг” А.Адъяасүрэн
2014 оны есдүгээр сард Спортын төв сургуулийн Г.Эрдэнэбат багшийн гар дээр анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. 2019 онд жүдо бөхийн үндэсний шигшээ багт хамрагдаад Д.Цэрэнханд багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн байна.
Инстаграм хаяг нь: amarsaikhan_adiyasuren. Одоогоор 14 мянган дагагчтай ч одоо дэлхийн өнцөг булан бүрээс дагагч нэмэгдэж байгаа нь гарцаагүй.

Спортын амжилтууд:
Азийн наадмын хошой хүрэл медаль – 2023 оны Ханжоу наадам, Эмэгтэй + 78 кг болон багийн барилдаан.
Азийн АШТ – 2024 онд мөнгө, 2025 онд хүрэл медаль хүртсэн.
IJF Их Дуулга – 2021 оны Бакуд мөнгө, 2022 оны Улаанбаатарт мөнгөн медаль.
IJF Гран При – 2022 оны Алматы, 2022 оны Загреб, 2023 оны Душанбе Гран При тэмцээний хүрэл медальтай.
Азийн залуучуудын АШТ – 2019 оны Тайваньд мөнгөн медаль.
Цэргийн ДАШТ – 2024 онд Ташкентэд болсон тэмцээний дэлхийн аварга.
Блиц асуулт:
-Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ?
-Хүнийг хүндлэх, хүнлэг, ёс суртахуун
-Таны мөрөөдлийн өдөр?
- Өөрийгөө ялан дийлсэн бүх өдрүүд.

