UBLife Logo
Спорт

Импорт уу, легионер уу?

Импорт уу, легионер уу?

Монголын спортын лигт гадаад орны тамирчид ирж тоглох болсоор нилээд олон жилийг үдэж буй билээ. Манай хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейболын лигт гадаадын тамирчид тоглодог.

Ялангуяа сагсанбөмбөгийн лигт ирж буй нэр хүндтэй, ур чадвартай тоглогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, бүүр NBA-д тоглож явсан тамирчин ч ирдэг болсон. Багийн гол тоглогчид болж, амжилтын гол түлхүүр болдог тэдний үүрэх үүрэг, хариуцлага, нөлөө их тул спорт, сагсанбөмбөг сонирхогчид хоорондоо ярилцах төдийгүй хэвлэл мэдээллийнхэн, тэр тусмаа спортын сэтгүүлч, сурвалжлагчид тэдний тухай бичиж, мэдээлэх нь ихэссэн нь зүй ёсны хэрэг л дээ.

Ихэнхдээ гадаадын тоглогчдыг "Импорт тоглогч", "Импорт" гэж нэрлэж, бичиж байх шиг байна.

Яг ингэж нэрлэж болохгүй гэсэн дүрэм, журам байхгүй хэдий ч миний бодлоор оновчтой нэршил огтхон ч биш санагддаг.

Сагсанбөмбөгийн дэлхий дээрх хамгийн шилдэг, хамгийн хүчирхэг лиг NBA-д л лав гадаадын тоглогчдыг ийн нэрлэж байхыг огт дуулж, сонссонгүй.  Лигт тоглож буй АНУ-аас бусад орны иргэншилтэй тоглогчдыг "International players", " foreign players" гэх мэтээр ярьж, бичдэг.

Эхнийх нь буюу олон улсын тоглогч гэдэг нь  тухайн орныхоо шигшээ багт тоглодог тамирчдад  илүү зохимжтой хэллэг, харин хоёр дахь нь зүгээр гадаадын, " харийн" тоглогч л гэсэн ойлголт өгдөг.

Мөн Австралийн лигт гадны тоглогчдыг "overseas player" буюу далайн чанадаас ирсэн тоглогч гэсэн утгатай үгээр ярьж, бичнэ. Хааяа Америкт ч энэ хэллэг ашиглагддаг ч Австралид ашиглах нь хамгийн тохиромжтой. Учир нь Австрали бол хуурай газраар нэг ч оронтой хиллэдэггүй улс гэдгийг та бид мэднэ. Тэгэхээр Австралид хөл тавьж буй хэн ч зайлшгүй тэнгис, далайг гэтлэн, гатлан давж ирсэн байх нь ойлгомжтой тул "overseas player" гэдэг уг туйлын оновчтой болж байгаа хэрэг.

Тэгэхээр улс орны онцлог, ондоошилоос шалтгаалж ямар үгийг сонгож, хэвшүүлэх вэ гэдэгт сэтгүүлч, сурвалжлагчид анхаарч, бас уншиж, судалж байж бичвэл илүү тухайн үг хүнд дотно буудаг.

"Импорт тоглогч" гэсэн нэршил Азийн зарим орны лигт хэрэглэгддэг гэж бичсэн байсан. Магадгүй, тийм ч байж болно.

Гэхдээ "Импорт" гэсэн үг өөрөө гадаад худалдаа, эдийн засаг, зах зээлд их хэрэглэгддэг, олон улсад гадны бараа, үйлчилгээний бүтээгдэхүүнийг оруулж ирэх, хилээр нэвтрүүлэхийг хэлдэг, оруулах, нэвтрүүлэх хэмээх утга бүхий "inportare" гэсэн латин гаралтай үг юм. Бараа таваар, үйлчилгээ гээд " амьгүй" зүйлд хэрэглэдэг үгийг  хүн дээр хэрэглэхээр миний хувьд л лав тун тохиромжгүй, хөндий хүйтэн, нэг л "бууж өгөхгүй" байгаа санагдаад байгаа хэрэг.

Тэгвэл гадны тоглогчдыг (зөвхөн сагсанбөмбөг ч биш) хэрхэн нэрлэвэл зохистой вэ гэсэн асуулт бас урган гарна.

Энэ тухайд тэртээ 30 гаруй жилийн өмнө манай " Таван цагариг" сонины редакцид томоохон хэлэлцүүлэг өрнөж (хэлэлцүүлэг гэхээсээ бараг маргаан болсон доо хэ хэ) Ото, Сугараа бид гурвын саналаар "легионер" хэмээх үг дээр тогтож, тэрнээс хойш манай "Таван цагариг" сонин эргэлзэлгүйгээр "легионер" хэмээн  ярьж, бичиж заншсан юм.

"Легионер" гэсэн үгийг тэгвэл яагаад сонгосноо тайлбарлая, одоо.

Мэдээж энэ үгийг хуучин ЗХУ-ын үеийн спортын сонин, хэвлэлд ихээхэн хэрэглэдэг, тэндээс орж ирсэн гэж ярьдаг хүмүүс бий. Үнэхээр ч "Футбол и Хоккей", "Советский спорт", "Спорт экспресс" зэрэг хойд хөршийн томоохон спортын сонин, хэвлэлд гадаадын тоглогчдыг "легионер" хэмээн бичдэг, одоо ч энэ үгийг хэрэглэдэг. Бид ч бас анх тэднээс уншсан, авч хэрэглэсэн нь үнэн. Учир нь спортын ертөнцөд гадны тоглогчдыг "легионер" хэмээн нэрлэж, бичих нь тун чиг оновчтой юм.

"Легионер" гэсэн үгийг зөвхөн Орост ч биш Европын олон орны спортын сэтгүүл зүйд ашигладаг хэллэг.

Латинаар Legionarius гэсэн үгнээс гаралтай энэ үгээр Эртний Ромын армийн нэгжийг "Legion" хэмээн нэрлэдэг байсныг бүгд мэдэх биз. Мөн Испанийн армийн гадаад орны албан хаагчдыг "Spanish legion", 1792-1796 онд АНУ-д байсан "Legion of the United States", 1831 онд Францын хаан Филипп I -ийн зарлигаар байгуулагдсан "Legion etrangere" зэрэг цэрэг, армийн алдартай нэршил  байдаг.

Гадаад улсын иргэд, цэргүүд тухайн орны армид алба хааж буйг ихэнхдээ нэрлэдэг үг. Цэрэг армид хэрэглэдэг энэ үг тэгвэл яагаад спортод тохиромжтой болчихдог билээ гэх хүн бас гарч магадгүй. Одоохон хариулая.

Спортын гарал үүсэл чинь угаасаа дайн, байлдаан , цэрэг армиас улбаатай юм. Дайн тулаангүй үед цэрэг дайчидаа байнгийн бэлтгэлтэй байлгах үүднээс элдэв дасгал сургуулилт хийлгэж, хооронд нь өрсөлдүүлдэг байснаас олон спортын төрөл үүссэн түүхтэй. Жад шидэлт, дүүгүүр, бөхийн төрлүүд, гүйлт, байт харваа, бокс, буудлага, морин спорт  гээд хэдийг л бол хэдийг нэрлэж болно.

"Тулааны спорт" гээд ч ярьж, бичдэг шүү дээ. Тиймээс ч спортын сэтгүүл зүйд цэрэг, армитай холбоотой үг өргөн ашиглагддаг, оновчтой байдаг хэрэг. Тактик, сахилга бат, жигүүр, төв, сөрөг довтолгоо, "мэргэн бууч", дундын бүс, блиц, "бөмбөгдөгч" гээд үгийг спортод анхнаасаа байсан үг шиг л сонсдог биз дээ, Та бүхэн.

"Энэ бүх золиослолыг хүлээн зөвшөөрч, дайсандаа довтлох боломжийг олгож, анхны довтолгоог нь тэсвэрлэж, дараа нь дайсны хуаранд шуурган довтолгооны үеэр хуримтлагдсан давуу байдал эсвэл байрлалын сул талыг ашиглах шаардлагатай байсан" ...

...Энэ бол ямар нэг армийн командлагчийн, хэн нэгэн цуут жанжин, генералын дурсамж биш шүү! Шатрын дэлхийн аварга Михайл Ботвинник өөрийн хожсон өргийн тухай ярьж буй хэрэг.

Иймээс цэрэг, армийн үг, хэллэгийг аль ч улс, оронд спортын сэтгүүл зүйд өргөн хэрэглэдэг, ямар ч уншигч ойлгоход энгийн хялбар байдаг ажээ.

Энэ бүгдийг эргэцүүлэн үзвэл өөр улсаас манай спортын лигт тоглож буй "харийн хүн", гадны тамирчдыг "импорт тоглогч" гэхээс  "легионер" гэх нь илүү зохимжтой санагдах авай.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.