Хонконгийн "Wang Fuk Court” орон сууцны цогцолборт гарсан түймрээр амиа алдагчдын тоо 146-д хүрлээ гэж Хонконгийн засгийн газраас мэдэгдлээ. Одоогийн байдлаар 40 хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа тул амиа алдагчдын тоо өсөх шинжтэй байна.
Гал унтарсны дараа байшингийн шат, дээврээс цогцос илэрсээр байна. "Wang Fuk Court” орон сууцны цогцолборын найман цамхгийн долоод нь гал маш хурдан тархсан. Засгийн газраас Бямба гарагт 3 хоногийн гашуудал зарлаж, хүмүүс тус хороололд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхээр ирцгээж байна.

Одоо хүртэл гар түймрийн шалтгаан тодорхой болоогүй байгаа ч барилгын засварын ажлын авилгын хэргээр 8, санамсаргүйгээр хүний амь насыг хохироосон хэргээр 3 хүнийг баривчлаад байгаа юм. Мөрдлөгийн ажил сар хагас үргэлжилж магадгүй гэж Цагдаагийн газраас мэдээллээ.

Түймрийн үед байшинд засварын ажил хийгдэж байсан бөгөөд барилгыг хулс модон хашлага, хуванцар хаалт, тороор таглсан байжээ. Энэ хулс, хуванцар хаалт нь гал хурдан тархах шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Амиа алдагчдын дотор Индонезийн 8, Филиппин улсын нэг иргэн байна. 37 настай гал сөнөөгч мөн амиа алджээ. Түймрийн үед +500 хэм хүртэл халсан бөгөөд 12 гал сөнөөгч гэмтэл авсан ажээ.
Оршин суугчдын ихэнх нь галын түгшүүрийн дохио сонсоогүй гэж байгаа тул цагдаа нар барилгын ажилтнуудыг шалгаж байгаа. Энэ хэргийг шалгаж дуустал Хонконгод 30 хувийн барилгын ажлыг зогсоосон байна.
