Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: "Хоёр зураас"-аас эхэлсэн аялалд ойлгож авсан 5 зүйл


Нэг өглөө би юу ч бодохгүй босоод, яг л нөгөө янзаараа хувцаслаж, бэлдэж, хооллож аваад ажилдаа гарсан. Гэхдээ ажлын ариун цэврийн өрөөнд олж мэдсэн тэр зүйл миний амьдралыг яг тэр мөчөөс эхлэн бүхэлд нь өөрчилж орхисон юм. Хоёр зураас. Нэг нь маш тод, нөгөө нь бүдэгхэн. Нүдэн дээр илт тодорч эхэлсэн тэр хоёр дахь зураас амьдралд минь ямар их өөрчлөлт авчрахыг би тухайн үедээ огт мэдээгүй. Гэхдээ аливаа зүйл гэнэтийн бас үл мэдэгдэм, нууцлаг байх тусмаа сонирхолтой, амттай байдаг аж. Одоо болтол туулсаар буй тэр бүх айдас, догдлол, аз жаргал, гуниг, өөрчлөлтөөс олж харсан хэдэн зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг хүсэж, мэдээ нийтлэл хүргээгүй энэ урт хугацааны дараа дахин мэндчилж байна. 


1. Би хамгийн сайн нь байхыг хүссэн.


Өөрчлөлт хийнэ дээ, ингэнэ дээ гэж бодож явсан өчнөөн өдөр хоног бий. Гэхдээ яг хоёр зураастай зэрэгцэж л жинхэнэ өөрчлөлт хийх хүч чадал ирсэн юм. Би эрүүл бус хооллохыг хүсэхгүй байна, амьдралын буруу хэв маягуудаа засах ёстой юм байна гэх бүх бодол энэ мөчөөс яг биеллээ олж, би тууштай нэгэн болж эхэлсэн. Анх удаа өдрийн хоолны цагаар шинэ ногооны салат дангаар нь зорин авч идэв. Анх удаа дэлгүүр орохдоо бүх зааврыг нэг нэгэнгүй уншиж танилцсан. Бүр зарим мөрийг хоёр давтан уншиж, дэлгүүрт өнгөрүүлэх цаг минь ч уртасч эхэллээ. Хааяахан найзуудаараа гарч ордог байсан минь бүр больж, агаар салхинд цагийг өнгөрүүлэх хүсэл минь нэмэгдсэн. Хүүхэдтэй болох гэж буйгаа мэдсэн цагаас л бүх эмэгтэй хамгийн сайныг хэрэглэж даддаг юм шиг байгаа юм. Түүнээс өмнө юугаа бодож явсан юм гэмээр л.

2. Миний галзуу зориг алга болчхов.

Хэн нэгэн надаас гэнэт л "Хоёр цагийн дараа явж онгоцноос шүхэртэй үсрэх үү" гэж асуувал би "Тэгье л дээ" гэж эргэлзэлгүй хэлдэг хүмүүсийн нэг л дээ. Шинэ зүйл сонирхож, турших асар их хүсэлтэй. Одоо бол тэр үеэ бодохоор яс янгинаж байна. Би энгийн алхаанаасаа арай том алхахад л айдаг болчихсон. Юм болгон аюултай санагдаж, хүүхдийг минь өвтгөх вий гэж санаа зовно. Шатаар буухдаа бариулыг бараг тэвэрдэг болж, ид хүйтнээр гэдэс томорч байсан болохоор ч тэр үү халтирч унах вий гэхээс яс хавталзана. Гэтэл яг нэг удаа би халтирч, бүр гэдсээрээ унасан байдаг юм. Тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй. Би гаднаа дув дуугүй, тайван харагдах хэрнээ дотор минь асар их зүйл өрнөж, ганц эвгүй үг дуулахад л асгарахад бэлэн байлаа. Цагаа тулахаар хүн айдсын өмнө ямар өчүүхэн юм бэ гэдгийг тэгэхэд мэдэрч билээ. Тэр үеэс хойш би өөрийн үйлдэл болгоныг чадлаараа хянаж, аливааг анхаарах болсон юм. Өмнөх хайнга, галзуу, шинийг туршигч, азаа үзэгч тэр охин бага багаар дотогш зүтгэсээр, одоо сэтгэлийн гүнд л оршиж байна. Магадгүй хэзээ нэг өдөр гарч ирэх байх л даа. Гэхдээ хөөрхий миний зүрх тэр үед давж, тэсэж чадах юм болов уу даа.

3. Юу ч хийхгүй байх чинь бас тийм гоё биш юм байна.

Ажлаасаа амралтаа авч, ер нь нэг ёсондоо юу ч хийхгүй болж, хэвтэх болов. Эхэндээ бол унтаад л байлаа, сайхан л байлаа. Гэтэл яваандаа хүний амьдрал чинь юу ч хийхгүй байгаад байхаар ямар хурдан, ямар бүтээлгүй өнгөрдөг юм бэ гэдгийг анзаарав. Бидэнд нэг зорилго, хийх юм байхаар цаанаасаа л хүн чинь өөрийгөө дайчлаад, өдөр хоног, цаг минут дороо өнгөрдөг юм билээ. Тиймээс би ажлаа хийхгүй байлаа ч өөртөө юм хийх цаг хугацааг их гаргахыг хичээсэн. Ядаж л юм бичих, гэртээ ликёр дарах зэрэгт өөрийгөө сатааруулж байсан нь надад их тус болсон шүү. Мэдээж өөртөө амрах цаг гаргах нь чухал ч хөгжүүлэх цагийг давхар гаргаж өгвөл илүү үр бүтээлтэй, сайхан байх болно.

4. Өдөр болгон ойртох зүйлд өөрийгөө бэлдэж эхлэх.

Жирэмсэн болсноос хойш мэдээж эмнэлэгт үзүүлэх, янз бүрийн зүйл бэлдэх гээд амьдралын хэв маягт их өөрчлөлт орно л доо. Тэр дундаас сэтгэл санааны өөрчлөлт их хэцүү. Гэнэтхэн л уйлмаар, уурламаар, бүр бүх зүйлд гомдож, бүхнийг орхимоор санагдах үе ч байна. Нэг өдөрт л гэхэд 4 удаа уйлж рекорд эвдсэн байдаг юм. Мэдээж 4 өөр зүйлээс болоод шүү бүр. Нэгхэн үг, өмнө нь юу ч гэж тоохгүй байсан жижигхэн үйлдлээс болоод маш их сэтгэлээр унаж, хямарч болдог юм билээ. Гэтэл төрөх өдөр бага багаар ойртсоор байдаг. Одоо сэтгэл санаа бүр ч хэцүү байна даа гэж бодсон ч түүнийгээ дагаад би өөрчлөгдөж, маш их сэтгэлийн тэнхээтэй болж байгаагаа мэдэрсэн нь хамгийн сайхан. 

5. Би ямар гэнэт, ямар хурдан том хүн болж орхив?


Тусгаарлалтад ч оров, эмнэлэгт ч хэвтэв. Хүмүүс жирэмсэн үедээ ёстой хүссэнээ идээд, хүссэн зүгтээ явдаг байсан гэж ярих ч миний хувьд нэгээс нөгөөд шилжсэн хөл хорио, шинжилгээ л байлаа. Мэдээж гоё хувцсаа хүмүүст харуулаад гадуур их явж чадаагүй ч, хүссэн бүх юмаа идэж бас амжаагүй байгаа ч, ийм их стресс дунд ганцаараа тэр тусмаа эмнэлэгт үлдсэн ч би өмнөхөө бодвол хавьгүй том хүн болжээ. Бие даасан, тайван, хүлээцтэй нэгэн болж. Хүүхдээрээ шахуу байж хүүхэдтэй болох нь гээд л ярилцдаг байсан ч энэ хэдхэн сарын дотор амьдралд минь болсон олон зүйл надад шинийг зааж сургасаар байна. Хүн нэг л өдөр гэнэт ээж болчихдоггүй, бүгд анхнаасаа тийм мундаг байдаггүй. Яана даа гэж бодож байсан ч гэсэн хүүхдийнхээ төлөө гэвэл юу ч хийж чадах мэт энэ мэдрэмж үнэхээр үнэн, бас хүчтэй байдаг юм байна. Та бүхэнтэй бага ч атугай хуваалцаж байгаадаа би бас баяртай байна.

Одоо хамгийн том даваа урд минь ирээд байна. Яг тэр мөчөөс хойш би бүр ихээр өөрчлөгдөж, маш олон зүйлийг ойлгож авах байх. Карьер, хоол, аялал, ном, дуу хөгжим л бодож явсан, ийм амьдралд өөрийгөө огтхон ч бэлэн гэж бодож үзээгүй охинд энэ 5 өөрчлөлт хамгийн ихээр мэдрэгдсэн бөгөөд цаашид өөрийн үзэж туулсан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байх болно. "Алисагийн тэмдэглэл" группт нэгдээрэй.

Illustrations: park2179

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

nomixxi 2021.04.15 172.69.252.133

Хайртай даа, Алис.. Огт мэдэхгүй ертөнцдөө таатайхан зугаалж яваа гэж найднам. Өөртөө бас бүхэл нэг ертөнцийг тээгээд цагтай туулай, цагаан хатантай болзоо тогтоон байгаа даа, та минь. Улаан тууз, дуртай загас, зүрхтэй латте, мөсөн талбай, төгөлдөр хуур, аа бас ойн дундах бяцхан байшинтай гайхамшгийн орондоо эргэн иртэл нь хүлээж л байх болно оо. Бид үргэлж байгаа шүү.

0 Хариулах