Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

#Stopbullying | НҮҮРГҮЙ ХҮМҮҮС


“Өмнө нь би сошиалд цацагдсан сенсацины дор хүмүүс шүүмжилж, муулсан байхыг хараад тоохгүй, уншихгүй байхад л болно гэж боддог байлаа. Гэтэл өөрөө ийм нөхцөл байдалд орохоор ач холбогдол өгөхгүй байж яагаад ч чаддаггүй юм байна. Ньюсфийд гүйлгэж байтал бичлэг нь гараад ирвэл хүмүүс юу гэсэн бол гэж бодоод сэтгэгдлүүдийг уншина, дараалаад олон сөрөг сэтгэгдэл уншчихаар эрхгүй хоолой зангирч, дотор харанхуйлна. Бичлэг тарсан эхний гурав хоногт тэр бүх хүнд мэдрэмж надаас холдоогүй. Орноосоо босмооргүй, хүнтэй ч үг солих хүсэл төрөхгүй байв. 

Би сэтгүүлчээр ажиллаад 4 жил болж байна. Цахим орчинд миний хөтөлж байсан нэвтрүүлгийн хэсгээс цацагдаж, болсон үйл явдлыг буруугаар ойлгосон хүмүүс ямар харгис “шүүлт” явуулдгийг өөрийн биеэр мэдэрснээ хуваалцахыг хүслээ. 

Сугалааны үйл ажиллагаа зохион байгуулдаг компани 45 хоногийн турш өдөр бүр нэг цаг нэвтрүүлэг явуулахаар манай байгууллагатай гэрээ хийсэн юм. Энэ үйл ажиллагаанд манай гурван сэтгүүлч ээлжлэн ажиллаж, шууд нэвтрүүлгийн үеэр тухайн компанийн ажилтантай хамт сугалааг хуйлах, үзэгчдэд мэдээлэл өгөх үүрэгтэй байлаа. Намайг ажилласан өдөр маш олон хүн сугалаа худалдан авч, эфирт сууж байсан хоёр хөтлөгч хэвлэгч машинаас гарч буй сугалааг хуйлж амжихгүйд хүрсэн тул тэнд байсан сугалааг зохион байгуулагч компанийн хоёр ажилтнаас тусламж авахаар болсон юм. Ингээд зар сурталчилгааны дундуур сугалаанаасаа тэдэнд өгч хуйлуудаад буцааж авах зарчмаар ажилласан байв. Гэтэл тэр өдөр эфирт найруулагч ганцаараа суун олон тоног төхөөрөмж дээр зэрэг ажиллаж таарсан. Мөн студид байгаа сэтгүүлчтэй ярих холбоо зүүж өгөөгүй байсан тул намайг хөтлөлтөө хийхэд бэлэн болсон эсэхийг анзаарахгүйгээр шууд эфирээ цацчихсан юм билээ. Хуйлуулах сугалаагаа өгч дуусаагүй байтал эфир эргээд цацагдаж эхэлснийг гэнэт мэдсэн болохоор би ч тухайн үед сандарч тэвдсэн. Гэтэл яг тэр хэсгийн бичлэгийг тасалж сошиал тавьснаас болж сугалааг хаядаг, луйварддаг юм байна гэх яриа тарсан. 

Тэр бичлэг вайрел болсны дараа манай телевизийн фэйсбүүкээр цацагдаж байсан лайвын дор доромжилсон, дайрч давшилсан сэтгэгдлүүд хөвөрч эхэллээ. Миний хөтөлдөг нэвтрүүлгийн лайв бичлэгийн дор бүр ч аймшигтай дайралт, ууртай эможи ирж байсан болохоор тухайн долоо хоногийн бичлэгүүдээ устгахаас өөр аргагүйд хүрсэн. Удахгүй намжчих болов уу гэж найдаад эхэндээ чимээгүй байв. Танихгүй хүмүүс над руу дайрахад “Тэд намайг ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй, тэр өдөр яг юу болсныг мэдээгүй шүү дээ” гэж дотроо бодно. Гэтэл таньдаг хүмүүс “Энэ үнэхээр үнэн юм уу” гэж эргэлзсэн өнгөөр асуухаар хүн эмзэглэж эхэлдэг юм билээ. Үүний хажуугаар болсон явдалтай огт хамаагүй гэр бүл, ээж аавыг минь элдвээр бичсэнийг хараад бүр ч тэсэхэд бэрх байсан. Ядаж таньдаг хүмүүс маань намайг битгий буруугаар ойлгоосой гэсэндээ болсон явдлыг тайлбарласан пост оруулсан. Гэтэл дахиад л маш олон сөрөг сэтгэгдэл ирсээр байлаа. Бичсэн зүйлс нь худал гэдгийг мэдэж байсан хэрнээ л би уйлаад байсан. 

“Хулгайч, луйварчин”, “Шорон руугаа яваач” гэх мэт доромжилсон сэтгэгдэл бичсэн хүмүүсийн профайл руу ороод харахаар ихэнх нь хэн нь мэдэгдэхгүй, хуурамч хаягууд байдаг. Арга буюу постынхоо сэтгэгдлийг хаатал танихгүй аккаунтуудаас тасралтгүй найзын хүсэлт ирээд л байсан, би аваагүй. Хувийн чатаар ирсэн хараалын үгтэй мессежүүдийг уншилгүй устгасан даа. 

Тайлбар пост оруулахад намайг, манай гэр бүлийг мэддэг эсвэл найз нөхөд, ажлын хамт олны хүмүүс л болсон явдлыг зөвөөр ойлгосон. Харин танихгүй хүмүүс хэзээ ч буруу ойлголтоо залруулахыг хүсдэггүй, хичээдэг ч үгүй юм шиг санагдсан. Бичлэгийг бүтэн үзээгүй, юу ярьж байгааг нь анхаарч сонсоогүй хэрнээ сэтгэгдэл бичсэн хүн олон байсан. Нэгэнт тарсан худал сенсаци, ташаа ойлголтыг засах үнэхээр хэцүү гэдгийг ингэж л өөрийн биеэр мэдэрсэн дээ. 

Манай хамаатны хүн намайг гэдгийг танилгүй сошиалд тарсан бичлэгийн дор сэтгэгдэл бичсэн байсан. Дараа нь намайг байсныг мэдээд “Өө, чи байсан юм уу. Уучлаарай, устгачихъя” гэж хэлэхийг сонсоод сошиал орчинд хүмүүс танихгүй нэгний талаар муу, муухай үгсийг ямар ч болгоомжгүй бичээд мартчихдаг, үүнийг уншиж байгаа хүнд ямар мэдрэмж төрөх вэ, хэр хүнд тусах вэ гэдгийг боддог ч үгүй гэдгийг ойлгосон. 

Хүмүүс муу мэдээллийг хүлээж авахдаа шүүлтүүр тавилгүй шуудхан итгэчихдэг атлаа эерэг мэдээлэлд эргэлзэж, хардах нь элбэг юм шиг санагддаг. Харин би ямар ч мэдээлэлд дүгнэлт хийхээсээ өмнө өөр өнцгөөс эргэцүүлэн бодож, бусдыг өөрийнхөө оронд тавьж үздэг байгаасай гэж хүмүүст захимаар байна." 

1. Сошиал хаягуудынхаа нууцлалын тохиргоог сайжруул. Сошиал платформууд нууцлалын тохиргоогоо байнга шинэчилж байдаг. Жишээ нь, та фэйсбүүкийнхээ Settings & Privacy - Privacy Checkup цэс рүү нэвтэрч нууцлалаа тохируулж болно. Фэйсбүүк дээрх таны хувийн мэдээлэл, пост, сториг хэн харах боломжтойг Who cam see what you share цэсээр тохируулж болдог. 

2. Утасны дугаар, и-мэйл хаяг гэх хувийн мэдээллээ хүмүүст бүү өг. Дарамтлагчид таны хувийн мэдээллийг ямар ч зорилгоор ашиглаж мэднэ. Мөн сошиал медиа дээрээ эдгээр мэдээллийг оруулсан байвал зөвхөн өөрөө харах (only me) боломжтой болгож өөрчлөөрэй. 

3. Цахим орчинд бусдад хүндэтгэлтэй хандаж, ёс зүйтэй байх. Компьютерийн цаанаас хүмүүстэй харилцах нь нүүр нүүрээ харж ярихаас тэс өөр зүйл юм. Тиймдээ ч цахим орчинд хүмүүс таныг амархан буруугаар ойлгох боломжтой. Жишээ нь, БҮХ ҮСГЭЭ ТОМООР БИЧИХ нь хашгирч ярьж байгаа гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энэ мэт санамсаргүй алдаанаас болж бусадтай муудалцах, үл ойлголцох цаашлаад цахим дарамтын хохирогч болохгүйн тулд ёс зүйтэй байж, бусдад хүндэтгэлтэй хандаарай. 

4. Хожим асуудал дагуулах зураг, бичлэгийг бүү илгээ. Хувийн харилцаа хэзээ, ямраар дуусахыг бид хэлж мэдэхгүй. Өнөөдөр таны найз бүсгүй, залуу байсан хүн маргааш таны зураг, бичлэг, мессежийг ашиглан дарамталж, сүрдүүлж ч мэднэ. Тиймээс нүцгэн зураг, бичлэг гэх мэт хожим таны эсрэг ашиглаж болох ямар ч мэдээллийг бусад руу бүү илгээ, бүү хуваалц. 

5. Өөрийгөө Google-дэж үз. Таны ямар хүн бэ, юу сонирхдог вэ гэдгийг интернэтэд үлдээсэн ул мөрөөр мэдэж болно. Тиймээс интернэтэд таны талаар ямар мэдээлэл байгааг заавал шалгаж үз. Шаардлагатай бол зарим мэдээллээ устгаж, нуух нь ирээдүйд гарах эрсдэлээс таныг хамгаална. Сонирхуулахад, орчин цагт ажил олгогчдын 70 хувь нь шинэ хүн ажилд авахдаа сошиал медиагаар хайлт хийж, тухайн хүн онлайн орчинд ямар ул мөр үлдээснийг шалгаж үздэг болсон гэжээ. 

Холбоотой мэдээлэл: Өөрийнхөө тухай бүх мэдээллийг интернэтээс устгах 4 алхам

6. Танихгүй хүний найзын хүсэлтийг бүү ав. Ямар ч тохиолдолд танихгүй хүнд хувийн орон зайгаа дэлгэхдээ болгоомжтой ханд. Хуурамч хаяг, тролл, үзэн ядагч, дарамтлагч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. 

7. Таны сошиал хаягийг хайж олох боломжгүй болго. Таны сошиал хаягийг Google-ийн хайлтын илэрцээс нууж болно. Энэ мэтчилэн нууцлалаа сайжруулах нь болзошгүй дарамт шахалт, Stalker буюу чимээгүйхэн гэтэгчдээс, хувийн мэдээллийг фишинг хийхээс таныг хамгаална. 

  • Анзаар – Өөрийгөө Cyberbullying-ийн хохирогч болсон гэдгээ заримдаа хүмүүс анзаардаггүй. Хэрэв ойрд таны сэтгэл санаа, зан чанарт өөрчлөлт орсон бол юунаас шалтгаалав гэдгийг бодож үзээрэй. Cyberbullying нь цахим дарамт, сүрдүүлэг, үл тоох, доромжлох, гадуурхах, шоглох гэхчлэн өөр өөр хэлбэрээр илэрч болно. 
  • Ярилц – Энэ бүхэн юунаас эхлэв, хэн оролцов, одоо яг юу болж байна гэдгийг бусдаас асууж мэд.
  • Баримтжуул – Пост, сэтгэгдэл, мессеж гээд тан руу халдсан хүмүүсийн үйлдлийг скрин шот хийж, баримтжуулан хадгалах нь зүйтэй.  
  • Keep a record of what is happening and where. Take screenshots of harmful posts or content if possible. Most laws and policies note that bullying is a repeated behavior, so records help to document it.
  • Мэдэгд – Сошиал медиа платформууд бүгд Cyberbullying-ийн эсрэг бодлоготой бөгөөд хэрэглэгчид нь ийм нөхцөл байдалд орсон үед цааш мэдэгдэж, устгуулах боломжтой байдаг. Тиймээс Cyberbullying агуулсан аливаа зураг, бичлэг, постыг REPORT хийж хэвшээрэй. Цаашлаад цагдаагийн байгууллагад хандаж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч болох талаар ӨМНӨХ НИЙТЛЭЛД дурдсан.
  • Троллуудыг бүү хоолло – Cyberbullying-д өртсөн тохиолдолд “Unfriend, unfollow, unlink” хийж, ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхыг интернетийн сэтгэл зүйгээр мэргэшсэн судлаачид зөвлөжээ. Таныг дарамталж, сүрдүүлж буй этгээдийг блок хийж, найзаасаа хасах, дагахаа болих, мөн өдөөн хатгасан шинжтэй үйлдэлд нь огт хариу өгөхгүй байснаар тэдэнд та "уйтгартай бай" болж харагдах учраас сонирхол нь буурдаг гэжээ.  

Холбоотой мэдээлэл: #Stopbullying | Сошиалыг шуугиулсан пост мартагдсан ч...

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.