Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Humans of UB | Сайн дурын ажлаас би үүнийг ойлгосон...


Сайн дурын ажил хувь хүнд хэрхэн нөлөөлж, харах өнцөг, ирээдүйн амьдралд ямар өөрчлөлтийг бий болгодог вэ? Сайн дурын болон нийгмийн ажил хийж, өөрийгөө танин нээж, хөгжүүлж, бусдад туслахын зэрэгцээ өөртөө болон нийгэмдээ нөлөөллийг бий болгож буй дараах эрхмүүд бидэнтэй түүхээ хуваалцлаа. 

У. Ганбаяр: Сайн дурын ажилд хариуцлагатай хандаж сурсан хүүхэд залуус ямар ч ажилд хариуцлагатай ханддаг

"Би багадаа дуугүй дотогшоогоо хүүхэд байсан бол иргэний нийгмийн байгууллагад ажилласнаар өөрийгөө танин нээж, илүү нээлттэй нэгэн болсон. Сайн дурын ажлыг нийгэмд дутагдаж буй залуусын оролцоог хангах маш том боломж гэж хардаг. Залуус сайн дурын ажил хийхдээ сэтгэл хөөрлөөр биш хариуцлага дагаж явдаг гэдгийг санаж хариуцлагатай, цаг зав шаардагдах салбар гэдгийг санаж, зөв хандлагатай оролцоосой гэж хүсдэг. Яг л мэргэжлээ сонгодог шиг ямар салбарт ямар сайн дурын ажил хийхээ тухайн салбарынхаа хүмүүстэй нээлттэй ярилцаж хэлэлцэх нь туслах болно. Сайн дурын ажилд хариуцлагатай хандаж сурсан хүүхэд залуус ямар ч ажилд хариуцлагатай ханддаг. Зөв газраа, өөрт сонирхолтойгоор өөрийгөө хөгжүүлж, нийгэмдээ ч хувь нэмэр оруулах боломж энэ салбарт л байдаг. Лайк дарж, пост бичихээс илүүтэй залуусын бодит жижигхэн үйлдэл, нөлөө нийгэмд асар ихийг авчирч, өөрийнх нь ч ирээдүйд хөрөнгө оруулалт болдог."


Д.Эрдэнэбүрэн: Сайн дурын ажил өөрийн гэх үнэт зүйлийг минь надад өгсөн

"Би анх 2014 оноос ЛГБТ Төв НҮТББ-д сайн дурын ажил хийж эхэлсэн. Одоо тус төвд Эрх зүйн хөтөлбөр хариуцсан менежерээр ажилладаг. Бэлгийн болон хүйсийн цөөнхийн төлөө сайн дурын ажил хийнэ гэдэг нь миний хувь хүний хувьд маш чухал алхам байсан. Анх сайн дурын ажлын тухай юу ч мэдэхгүй байж байгаад сонирхлоороо өөрийгөө хөгжүүлж, санаачилж, санаагаа хөгжүүлэх боломжийг өөртөө бүтээсэн гэхэд болно. Залуус ажлын туршлагагүй байлаа ч мэргэжлийн туршлагатай багт сайн дурын ажилтнаар ороод тэднээс суралцаж, багийн нэг гишүүн болох давуу талтай нь сайхан санагддаг. Өөрийн гэсэн үнэт зүйлстэй болох, түүнийхээ төлөө ажиллах, хүний эрх, нийгмийн ялгаатай бүлгүүдийг ойлгох, өөрийгөө хөгжүүлэх, байгууллагынхаа дотоод соёл, хүндэтгэлд  суралцах гэхчлэн надад маш ихийг өгсөн. Залууст хандаж хэлэхэд сайн дурын ажлыг хүн өөрийн хүсч, сонирхож буй салбартаа сэтгэлийн дуудлагаараа хийх боломжтой учир битгий айгаарай, зоригтой байгаарай гэж хэлмээр байна." 

Э.Баасанням: Нийгэмдээ туслах зорилготой ч, сайн дурын ажил хийж буй хүмүүс өөрсдөө маш их суралцдаг

"Би анх тодорхой нарийн зорилгогүйгээр сайн дурын ажлыг эхэлж, энэ салбарт орж байсан ч явцын дунд олон ялгаатай нас хүйс, ажил мэргэжилтэй хүмүүстэй хамтран ажиллах боломж олдсонд талархдаг. Гэрэл зураг, сошиал хариуцах зэргээр өөрийн хүсч буй салбартаа чаддаг, сонирхдог зүйлээрээ тус нэмэр болж буйдаа сэтгэл хангалуун байдаг. Жендэр, нийгмийн ялгаатай байдал, хүний эрхийн ойлголтууд гэхчлэн миний өдөр тутмын амьдрал, биеэ авч явах байдал, нийгмээ харах өнцгийг маань сайн дурын ажил нээж өгсөн. Сайн дурын ажил нийгэмдээ туслах зорилготой мэт харагддаг ч хийж буй хүмүүс нь өөрсдөө маш их суралцдаг. Залуус юу хийж чадахаараа нийгэмдээ тус хүргэдэг байгаасай гэж хүсдэг." 

Б.Мөнхжин: Сайн дурын ажлаас сургуульд заадаггүй олон ур чадваруудыг үнэгүй олж авдаг

"Би 12 настай, дунд сургуулийн сурагч байхдаа анхны сайн үйлсийн аянаа зарлаж, зохион байгуулж байсан. Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд өнөөдрийг хүртэл тасралтгүй 9 жилийн турш сайн дурын ажлыг хийж байна. Сайн дурын ажил нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж буй хамгийн энгийн гаргалгаа. Сайн дурын ажлыг хийхийг хүсдэг залуус их томоор төсөөлөөд зориглож хийж эхлэхгүй байгаа мэт санагддаг. Хийх юмсан гэж бодоод завтай болохоо, мөнгөтэй болохоо, туршлагатай болохоо хүлээгээд байдаг. Яг үнэндээ сайн дурын ажил хийхэд эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу ямар ч хамаагүй, 6 настай манай дүү ч хийж чадна. Сүрдэхгүй, тусад нь цаг гаргахгүй хүн бүр өөрийнхөө чадах энгийн зүйлээр ойр орчиндоо сайн үйл бүтээх нь том асуудлын шийдлийг гаргаж чаддаг гэдгийг ойлгоосой гэж бодож байна. Эелдгээр инээмсэглээд эерэг уур амьсгал бүрдүүлэх нь хүртэл нөлөөлж байгаагийн илрэл шүү дээ. Сайн дурын ажил хийж, шинэ зүйлийг туршиж үзэх нь ямар ч үнэтэй сургалтаас илүү олон зүйлийг мэдрүүлж, амьдралыг өөр өнцгөөс харах боломжийг олгодог. Сургуульд заадаггүй олон ур чадваруудыг үнэгүй олж авдаг. Би сайн дурын ажил хийж, бусдад туслах сонирхолтой. Энэ хоббигоо өдөр тутамдаа хийдэг ажлаа болгож чадсан. Сайн дурын ажилтан хүүхэд залуучуудыг сургаж, бэлтгэх, чиглүүлэн зааварчилж, хөгжүүлэх нь миний ажил. Багаасаа хийж дадсан зүйлээ одоо хийдэг учраас ядах юмгүй, стрессгүй бас их аз жаргалтай ажилладаг. 

Сайн дурын ажил хийж нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэлтэй, өөрийгөө сорих, хөгжүүлэхийг зорьдог л бол тохиромжтой цагийг хүлээж, сүрдэж суухын оронд шууд эхлээрэй. Хаанаас эхлэх, хэнд туслах, юу хийхээ мэдэхгүй байгаа бол сайн дурын байгууллагуудад хандаж сургалтад хамрагдаад чиглүүлгийн дагуу ажиллах нь зүйтэй. Дэлхийн хаана ч амьдардаг байсан "Улаан загалмай нийгэмлэг" хамгийн ойр чиглүүлэгч нь байдаг." 


Б.Батчимэг: Нийгмийн олон бүлэг, өөр өөр амьдрал байдаг гэдгийг олж хараасай

"Би жендэрийн тэгш эрхийг хангах, залуусын оролцоог нэмэгдүүлэх, хуулийн нөлөөллийг түгээх зорилготой  "Өөрчлөлтийн төлөө Эмэгтэйчүүд" ТББ-д сайн дурын ажил хийгээд 6 жил болж байна. Сайн дурын ажлын нөлөөгөөр би хувь хүний хувьд нийгмийн олон ялгаатай хүмүүстэй харилцах чадварт суралцаж, нийгмийн асуудлыг цогцоор нь харах өнцгөө тэлсэн. Цаашлаад хувийн байгууллага, төрийн байгууллагад ажиллахад ч хэзээд арилахааргүй ур чадвар, үзэл бодолтой болсон. Залуучууд сайн дурын ажлыг өөр өөр зорилгоор хийдэг ч, эцэстээ өөрийгөө бодохоос илүүтэй нийгмийн олон бүлэг, өөр өөр амьдрал байдаг гэдгийг олж хараасай гэж хүсдэг."

Ц.Баасаннямбуу: Хийж байгаа зүйлдээ итгэл дүүрэн байхад эргэн тойрны хүмүүс ч хүлээн зөвшөөрч эхэлдэг юм байна лээ

"Анх сайн дурын ажил хийж эхэлж байхад эргэн тойрны хүмүүст ямар ч үнэ хөлсгүйгээр бусдын, нийгмийн сайн сайхны төлөө хичээл, даалгавар, бие даалтуудын хажуугаар цагаа зориулж байгаа нь сонин санагддаг байсан. Өдөр нь хичээлдээ суучхаад дараа нь сайн дурын ажил хийгээд шөнө сууж даалгавраа хийх нь цөөнгүй. Энэ үед “Юуны төлөө, яах гэж өөртөө ачаалал үүсгээд байгаа юм?” гэх эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам зөв зүйл хийж байгаа гэдэгтээ улам бүр итгэлтэй болж эхэлсэн. Хийж байгаа зүйлдээ итгэл дүүрэн байхад эргэн тойрны хүмүүс ч хүлээн зөвшөөрч эхэлдэг юм байна лээ. Сайн дурын ажлын талаар нэг үеэ бодоход залуучууд арай өөрөөр хардаг болж байгаа нь үнэхээр бахархмаар санагдаж байгаа. Хамгийн наад зах нь цаг барих дадлыг өөртөө маш сайн суулгаж өгсөн. Энэ нь хамт ажиллаж байгаа бусад хүмүүсээ болон тэдний ажлыг нь хүндэлж байгаа хэрэг бөгөөд бусдад төвөг удахгүй байхыг ухамсарласан учраас. Мөн дэмжлэгт харилцаа буюу өөрийн чаддаг зүйлээрээ бусдад тусалж чадахгүй зүйл дээрээ бусдаас санаа зоволгүй тусламж авах нь аливаа зүйлд ахиц дэвшил гаргахад чухал нөлөөтэй гэдгийг ойлгосон учир амьдрал дээрээ хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Би одоо “Хөөрхөн Зүрх” ТББ-д ажилладаг. Манай байгууллага хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна энэ төрлийн хүчирхийллийн хохирогч/даван туулагч хүүхдүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ салбарт ажиллахад хувь хүн өөрөө сэтгэл зүйн олон асуудалтай тулгардаг ч сайн дурын ажил хийж байхдаа олж авсан туршлага, арга барилуудын ачаар тууштай ажиллаж байгаа гэж боддог. Сайн дурын ажлыг олон нийтэд таниулж, сайн дурын ажилтан байгууллага хоорондын гүүр болж өгдөг iVolunteer.mn – ээр зочилж үзэхийг санал болгож байна."


Европын Холбоо, Канад Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн "Би сайн дураараа" медиа кампанит ажилд чи ч бас нэгдэх боломжтой! 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.