Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

ХОБО ЖИБЭ | Аваргаа гэх бидний сэтгэл, Бэлла Хадидын сэтгэл гутралын өдрүүд, Парис Хилтоны нижгэр хурим


Эрдэмтэй Хакухо даруу
#CrushLandingOnSumo


Монголд од байна уу? Хаана байна, гаргаад ир гэвэл Хакухо аваргыгаа гаргаж өгнө дөө. Дорнын ард түмэн бид чинь сайн сайхан хүмүүсээ хүндэтгэн дээдлэх, бахархан талархах сэтгэхүйгээрээ өрнийнхнөөс ондоон билээ. Даруу зантай, ажилч хичээнгүй, төлөв төвшин атлаа амжилт нь өмнөөс нь ярьдаг хүмүүст л крашлах дуртай даа тийм үү? Үүний нэгэн жишээ, жудагтай сайхан эр хүн гэдгээрээ гадна дотногүй хүндлэгдсэн М.Даваажаргал аваргынхаа тухай хобо бичье дээ.

Ямар ямар амжилтын эзэн болж, ямар цол зиндаанд хэрхэн хүрсэн тухай энд бичихэд илүүц биз ээ. Гагцхүү урд өмнө хүмүүс нэг их дуулаагүй хобог нь л бичье гэж саналаа. Юуны өмнө та Гүүглээс бүх цаг үеийн хамгийн шилдэг сумоч хэн бэ гэж асуувал Хакухо гэж хариулна. Аварга маань 36 настай, загасны орд. Эээе загасны ордныхон байна уу? Үг дуу цөөтэй, ажилч, хичээнгүй, жиаахан уйланхай, эмо загасныхан өөрсдийгөө мундаг гэдгээ мэдэж байгаа дөө. Ахын маань инстаграм хаяг энэ шүү, дагаарай.

Өнгөрсөн жил Японы ард түмнээс санал асуулга авахад оролцсон хүмүүсийн 19 хувь нь аваргыг маань дуртай сумочоороо нэрлэсэн. Түүний нийт хөрөнгийг зарим сайтад нэг сая, зарим сайтад таван сая доллараар үнэлжээ. Аль нь ч байсан яах вэ, надад бол нээх ялгаагүй.

2019 онд тэр иргэншлээ сольж, Японы иргэн болсон. Энэ шийдвэрээ аавдаа хэлэхээс зүрхшээж байсан тухайгаа хэвлэлд ярьжээ. Харин Ж.Мөнхбат аварга маань хүүдээ юу гэж хэлсэн байх нь уу? “Заа миний хүү хаана, яавал аз жаргалтай байна тэндээ л амьдар, энэ бол чиний л амьдрал” гэж хэлсэн гэнэ. Ээж аав нар үр хүүхдээ яавал жаргалтай байхаар байна түүнийг нь дэмжинэ гэдэг нь агуу юм. Дуртай ажлаа хийгээрэй, хайртай хүнтэйгээ гэрлээрэй, зүрх сэтгэлээ дагаарай, бэлгийн ямар чиг баримжаатай байхаа өөрөө шийдээрэй, хамгийн гол нь чи л өөрөө жаргалтай байх ёстой шүү гээд л... гоё эцэг эх болох юмсөөн том болоод.

Хакухо аварга 2004 онд Осакад явахдаа эхнэр Саёко Вадатай танилуудаараа дамжин танилцжээ. Түүнээс зургаан сарын дараа бүсгүйгээ болзоонд урьж, анхны болзоон дээрээ Токиогийн соёл амралтын хүрээлэнгээр зугаалсан гэнэ. Тэгээд гурван жилийн дараа гэрлэх санал тавихдаа ингэж хэлсэн гэнээ. “Ирэх Хару башё болоход би чамтай хамт баймаар байна. Чамтай хамт чадах бүхнээ хийж амьдармаар байна.” гэжээ. Саёко хариуд нь “Тэгье хамтдаа хамгийн сайнаараа хичээе” гэж. Хайр сэтгэлийн хамгийн сайхан нь хоёр хүн хамтдаа нэг баг болж, чадах бүхнээ хийхэд л оршдог тийм биз дээ? Хоёулаа нэг тал шүү андаа гэдгээ мэдэж байхад бусад нь аяндаа болдог болов уу.

 За ингээд 2000 жилийн түүхтэй сумо бөхийн дэвжээнээ 20 жил барилдахдаа бүх л рекордыг эзэмшиж, түүхэнд нэрээ үлдээсэн аварга маань өвдөгний бэртлийн улмаас зодог тайлсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгээд монгол бөхчүүдийн адил улс төр, урлаг соёлоор занималдах нь уу гэтэл зүгээр л сумогийн ордонд баруун жигүүрийн хамгаалалтын ажилтан болж, даруухнаар тасалбар таслан зогсож байна. Энэ нь дэвжээний багш нарын хийдэг ажлын нэг хэсэг ажээ. Эрдэмтэй хүн даруу гэж энэ үү?

Парис Хилтоны цуутай хурим
#ГангстеруудынӨвөгЭцэг


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Холливудын хөндий даяар дуулиан шуугиан, хобо жибэ тарьсан цуутай хурим болсон нь Парис Хилтоных байлаа. Бямба гарагт түүний хуримын гурав дахь буюу хамгийн том хүлээн авалт болж, нутаг нугандаа байтугай дэлхий ертөнц даяар чихтэй бүхэн сонстол найрлаж, хүнд гаруудын өвөг эцэг тэрээр айлын бэр болов. Хурим боллоо гэхээр хүүхэн нь хэдэн палааж сольж өмсөв гэж асуудаг хүмүүст хандан хэлэхэд ЗУРГААН палааж сольж өмссөөөн. 

Хилтон зочид буудлын сүлжээний өв залгамжлагч, найгүй шоучин охин 2000-аад онд гэнэт нэрд гарч, папарациуд тасралтгүй дагаж, хаана юу хийж яваа, хэнтэй болзож буйг нь байнга мэдээлдэг болсон нь энэ эмэгтэй байв. Тэр үед хэвлэл мэдээллүүд дуучид, жүжигчид алдартнуудын араас л хөөцөлддөг байснаас биш шоубизнестэй ямар ч хамаагүй, зүгээр л нэг партичин хүүхний араас тэгтлээ хөөж байсан нь үгүй юм. Тэгтэл энэ эгч маань зүгээр ч нэг партичин байгаагүй юм. Тэр бизнесийн алсын хараатай, өөрийгөө хэрхэн үнэд хүргэхээ мэддэг нөхөр байв. Шоудалтаа мөнгө болгож чадсан гэх үү дээ. 

Сүүлдээ тэр Лос Анжелесийн шоу ертөнцийн охин тэнгэр болж, энд тэнд болж байгаа үдэшлэг партинд хөлсөөр очиж царайгаа харуулдаг болсон юм. Хэдхэн минут ороод гарахад л хэдэн мянган доллар авдаг болов. Тухайн үед түүнтэй хамт шоудсан нөхдүүд хар тамхи, архины хамааралтай болж, Линдси Лоханаас авахуулаад Парисын хөлд чирэгдэж эхэлсэн. 

Харин эгч маань үе тэнгийнхнээсээ сугарч үлдэж, партины замналаа нэр хүнд, бизнес болгосон билээ. Юуун Ким Кардашиан мардашиан. Ким чинь зүгээр Парисын хувцасны шүүгээг эмхэлж өгдөг охин байлаа ш дээ. Сүүлдээ тэр хоёр жаахан найзалж, хамт шоудаж эхэлснээр Парисын хүрээлэл Кимийг таньдаг болж, Рэй Жэй тэр хоёр юу яаж... Ким алдартай болсон гэх үү дээ. Ерөнхийдөө тэгсгээд ойлгоход болно.

Гэхдээ энэ хоёрын нөхөрлөл нэг их удаагүй, Ким алдартай болоод эхлэнгүүт Парис шууд зайгаа барьж эхэлсэн. Өөрийнх нь нэр хүнд, орон зай хумигдах гээд байсан гэсэн үг л дээ. Тэгээд харин сүүлийн жилүүдэд эргэн найзалж эхэлсний шинж бол Кимийг хуримандаа урьснаас харагдана.

Парис ер нь “bad girl” имиджтэй, гэхдээ маш айхтар bad girl. Зүгээр ч нэг саваагүй охин биш, сэтгэлийн тэнкээтэй, одоогийн энэ инфлүүнсэр гэгдэх алдартай public figure хүмүүсийн өвөг эцэг гэж хэлж болохоор эмэгтэй л дээ. Ер нь энэ төрлийн карьерын эхлэлийг тавьсан хүн шүү. Тэр багаасаа л аав ээжтэйгээ таарахгүй, дур зоргоороо хүүхэд байсан тул эцэг эх нь хүмүүжлээ алдаж хэцүүдсэн хүүхдүүдийг хүчлэн сургаж, дэг журманд оруулдаг боардинг сургуульд явуулдаг байсан гэж байгаа. Тэнд очоод ч засарсан юмгүй, улам л wild болж, зөрүүдлэж явсан. Гэхдээ тэр ерөөсөө одооны алдартнууд шиг сэтгэл гутралд орлоо, breakdown боллоо гэж зарлаж, хүнд байдаг сул талуудаа бусдад нээдэггүй. Бүр юугсэн гээч? “Надад сэтгэл зүйн асуудлууд байх нь байдаг, гэхдээ сэтгэл зүйчдэд итгэдэггүй учраас тэдэн рүү зүглэхгүй” гэсэн. Өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй гангстер л даа эгч маань.

За тэгээд Хилтон сүүлийн жилүүдэд намба сууж, Картер Реум хэмээх бизнесмэн залуутай ийн гэрлэв. Замаа алдалгүй аятайхан явсаар ирсэнд RESPECT!  

Бэлла Хадидын эмзэг өдрүүд
#ЖижиБэллаХоёртНомУншуулахсан


Эгч дүү Бэлла, Жижи нар ойрд жиаахан барцадтай байна уу даа? Эгч нь нөхрөөсөө салсан скандал гараад намдах хооронд дүү нь сэтгэлээр унаж, гунигтай инстаграм пост оруулсан байна. Энэ хоёртоо ном уншуулаад, сан тавиулчих анхиатай монгол фэн байхгүй юу?  

Тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийн 47 сая дагагчиддаа хандаж “Сошиал ертөнц бодит биш шүү, надтай адилхан сэтгэл зүйн асуудлаас болж шаналж байгаа хүн байвал чи ганцаараа биш гэдгийг хэлмээр байна.” гэж бичжээ. Бэлла өсвөр наснаасаа л хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай тэмцэж байгаа гэнэм. Миний гайхдаг зүйл юу хэмээвээс, америк англи гэлтгүй дэлхий даяараа л бүгд ийм сэтгэл зүйн асуудалтай юм уу, эсвэл энэ алдартай хүмүүс л ийм байдаг юм уу, эсвэл жирийн хүмүүс бид энийгээ өдөр тутмын амьдралын стрессээсээ болоод том асуудал гэж хардаггүй юм уу, сэтгэл зүйч дээр очиж оношлуулдаггүй юм уу, ер нь сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг гэж юу юм, бидэнд байна уу үгүй юу гэдэг дээрээ нэг анхаармаар санагдаад байдаг юм. Энэ төрөөд байгаа зовнил бухимдал, стресс, гуниг хаанаас яагаад төрөөд байна гэдгээ уншигчид минь нухацтай бодож үзэж байгаарай. Юмыг яаж мэдэх вэ, хүн бүхэнд л комплекс байдаг хойно. Бусдын амжилт, гоё сайхнаас үлгэр жишээ авдаг шигээ бүгдээрээ бусдын өвдөлт шаналлаас бас өөрсдийгөө харж, ойлгож байя өө.

Блэйк Лайвли, Райан Рэйнолдс хоёрын түүхийн эхлэл оршвой

#ӨнгөтэйӨөдтэйЯвааХэдМаань

Холливудад цөөхөн хэдэн хэл ам татлаад байдаггүй, аятайхан хосууд байдаг даа. Эмили Блант, Жон Красински хоёр байна. Блэйк Лайвли, Райан Рэйнолдс хоёр байна. Дэвид болон Викториа Бекхэм байна. Райан Гослинг, Эва Мендес байна. Өөр ямар хосуудад та нар дуртай вэ?

Өнөөдрийн сүүлийн хобо Блэйк Лайвли, Райан Рэйнолдс хоёрын танилцсан товч түүхийг өгүүлнэ. Инстаграмд бие биенээ троллдож, явуулдгаараа алдартай хос хоёр маань анх танилцахад Райан Скарлет Йохансонтой гэрлэсэн, Блэйк бас найз залуутай байсан юм. Тэд 2010 онд “Green Lantern” кинонд хамтран тоглосны дараахан нээх удалгүй тус тусынхаа хосоос салж, хоорондоо болзож эхэлжээ. Тэгээл хоёр жилийн дараа хуримаа хийгээл, тэрнээсээ хоёр жилийн дараа хүүхэдтэй болоол одоо нэг мэдсэн гурван хүүхэдтэй, холливудын power couple. 

Хүмүүс бие биенээ олж чадвал хамтдаа хөгжиж, хамтдаа өөрчлөгдөж, хамтдаа амьдралаа босгож, хөдөлмөрлөж бас хөгжилдөж чаддагийн жишээ юм уу даа. Скарлет Йохансон ямар мега стар билээ дээ. Райан тэр хоёр салахад хүмүүс Райаныг алдаа гаргаж байна л гэж бодоцгоож байсан. Харин алдаа байж уу, амжилт байж уу цаг хугацаа харуулаад амжжээ. Тэд хэвлэлд ярилцлага өгөхдөө нэг л зүйлийг давтан ярьдаг. Бид бүх зүйлээ хамтдаа хийдэг, бие биенийхээ хамгийн сайн найзууд, эхлээд нэг нэгэнтэйгээ нөхөрлөж байж гэрлэсэн болохоор харилцааны маань бат бэх суурь нөхөрлөл юм болов уу гэж боддог гэцгээж. За хэдүүлээ ч гэсэн хүнтэй суухаараа найзалж, нөхөрлөж бат бэх сууриа эхлээд тавьдгийм шүү, тэгэхгүй бол романтик харилцаа нэг л өдөр хөрнө, дуусна, тархинд чинь дурлалын бодис ялгарахаа болино, цаана нь юу үлдэх вэ? гэдгээ бодоцгооно шүү нөхөд өө.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
10
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

одоо би юмдаа 2021.11.18 202.21.109.82

янзтай үг сонгож бичих юмаа уншихад үнэндээ гоё байдагшөө

0 Хариулах