Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан


Гэмгүй, талархал ч үгүй амьдрал. Оюун, зүс төгөлдөр хүмүүст ногддог том санаа, бардам зан гэж айхтар юм бас бий. Ядуу тарчиг ахуйдаа дарлагдаж, ичиж гутарч бас өширхөн хонзогнож яваа хүн. Булан тойрох бүрт таарах мухардалд цухалдсаар л. Үзэн ядалтад автаж ахуйд хэн Таныг ийм байдалд оруулав, түүнийг ор тас үгүйсгэн амьдралаасаа арчаад хол шидчихмээр, болдогсон бол үхүүлчихмээр мэдрэмжтэй тулгарч байсан уу? “Бүр яаж ч хичээгээд байхад л...” гэж өөрийгөө өмөөрөн зөвтгөх ч өрөөлийн яхир хахир, тойрны хүйтэн хөндийн өмнө бахардан унаж үзсэн үү?

“Гэм зэм” романыг СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн багш Я.Баяраа жүжгийн зохиол болгон хөрвүүлжээ. Дүрүүдийн харилцан яриа наалдацтай, романаас сайтар шүүрдсэн логик өгүүлэмжтэй, нүсэр эхийн үйл явдлыг ойлгоход дөхөм. Дүрүүдийн хүүрнэлийг үзэл санаа, зөрчил хийгээд зангилааг өчин илчлэхүйц уртай буулгажээ. Жүжгийн зохиолд хөрвүүлэн бичигчийн чансааг диалог, монолог илтгэдэг учиртай. Гэж үзвэл Я.Баяраа тун чиг нягт ажиллажээ. “Орфей” театрын ерөнхий найруулагч М.Батболд “Гэм зэм”-ээс Я.Баяраагийн нийтгэсэн хувилбарыг шугам болгож, пост драм хэлбэрээр дэглэн тавив. Түүний өмнөх ажил Гётегийн “Фауст” байсан гэхээр сэтгэл зүйн том асуудлуудтай л ноцолдохоор шийдсэн нэгэн найруулагчтай бид танилцаж байна. 

Жүжиг эхлэхээс дуусах хүртэл Та үзэгчийн суудлаас Петербургийг донсолгосон дуулиант аллагыг үйлдсэн Родион Романович Раскольников гэгчийг шүүх хуралд гэрчээр “ажиллана”. Улсын яллагч Алена Ивановна, өмгөөлөгч Разумихин хоёрын дуэль жүжиг эхэлсэн цагаас гэрчүүдийг хором ч тайван орхихгүй. Та нэг бол Ганцэцэгийн бүтээсэн туршлагатай яллагчид автаж, нөгөө бол Түвшинбаярын тоглосон залуухан өмгөөлөгчийн талд эрхгүй татагдана. Ийнхүү зүрх булиглаж, тууштай, тогтвортой хэмээн бодож явсан итгэл үнэмшил, үзэл бодол нэг суурин дээр хоёр тийш холбирч байхуй. Д.Ганцэцэг шүүх хуралд сэжигтнийг яллангаа иог хийж, хоолоо идэж, нүүрээ будаж, үсээ янзалж амжих бөгөөд улсын яллагчийн уян хатан хөдөлгөөнүүд цагаан дээр хараар бичсэн хууль хатуу байдгийг, заримдаа л нинжин биш цаг мөч бүрт хүнлэг явбал хууль зөөлөн хандаж болдгийг ёгтлох мэт. 

Дэлгэцээр яллагч, өмгөөлөгч хоёрын харц, дүр хувирлуудыг томруулан харуулах бөгөөд тэдний өгүүлэн буй нотлох баримтууд нүдний өмнө агшин зуурт дэглэгдэнэ. Хөдөлгөөнт хоёр тавцантай тайз, түүнээс тал тал тийш дэлгэгдэж хураагддаг шат. М.Батболд найруулагч “Пост драм мөн юм байна” гэх хүртэхүйг үзэгчдэд зөвхөн тайзны эл хөдөлгөөнт шийдлүүдээр нотлоод зогссонгүй. Сонгодог жүжиг сэн бол дүрүүддээ огт тохирохооргүй жир бус хөдөлгөөнүүдээр жүжигчид тоглож байна. Бүжиг юм уу гэхээр бүжиг биш хөдөлгөөний эрчмээр дүрүүдийн зан чанарыг, дотоод сэтгэлийг, заримынх нь сэтгэл хөдлөлийн илэрхийллийг гайхалтай дэглэсэн нь энэ жүжигт хөдөлгөөний найруулагчаар ажилласан У.Эрдэнэбаярыг цаашид ажиглах нэгэн харц үлдээлээ. 

Аллага үйлдэж буйг хараад “тансаг” гэж бахдаж болдгийг зөвхөн театр үзүүлж чаддаг аж. Раскольников хүн амины хэрэг үйлдсэн үйл явцыг У.Эрдэнэбаяр сандалтай хөдөлгөөнөөр нэгбүрчлэн “бүжиглэхэд” агуулгад хирдхийх, чадварт алмайрах зэрэгцэн эрхгүй амьсгал түгжих буй за. Энэ мэт санаанд оромгүй шийдлүүдийг үйл явдал, дүр болгонд шигтгэснийг жүжиглэлтүүдээс ажин суухуйн тансаглал М.Батболдын “Гэм зэм”-д буй. Төрийн шагналт, гавьяат жүжигчин гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Г.Урнаа, Д.Ганцэцэг, мөн жүжигчин Ш.Доржсүрэн, Б.Одгэрэл, Х.Баярмаа, Г.Золзаяа, Х.Цасчихэр нар дүр бүтээж байна. 

Ф.М.Достоевский “Гэм зэм” романаа бичиж эхэлсэн тэртээх 155 жилийн өмнөх Петербургийн ядуусын хорооллын зовлон зүдүүр хийгээд хүний амьдрахуйгаас ханхлах бохир заваан нэг л ёозгүй танил санагдвал юундаа ч гайхах санж. Нийгмийн сэтгэлзүй цаг үргэлжид л эмзэг байдаг бололтой. Цагаас цагт шинэ хэрэгцээ шаардлагууд даалгавар болон өгөгдөж, тэдгээрийн чухал, чухал бишийг зааглан тунгаах, гүйцэтгэх, эс гүйцэтгэх тухайгаа бодох явцад орооцолдон гашилж, тэндээс сайн муу, цэцэн тэнэг алив алхам урган гарч буйг, эсвэл мухардан арга барагдахыг ч “хөгжил дэвшил” гэлцэж, хүн гээч дараа дараагийн шинэ эндээ ирцгээдэг, цаашид ийм л замаар “хөгжиж дэвжих” зүй тогтолтой юм шиг. “Гэм зэм” бусдын үйлдсэнээс өөрийнхийгөө таних, бясалган задлах сэтгэлзүйн үйл явц, бас тайтгарал байх тул үзэгч бүрийн хүртээл ялгаатай л байх. 

155 жилийн хугацаанд арилаагүй сонирхолтой нийцлүүд, давхцалууд болон зөрчил буйг ажигласнаа хуваалцъя. Найруулагч М.Батболд жүжгийн бэлтгэл явагдаж байх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ийм нэг эшлэл хэлсэн байх юм. Юу гэвэл “Раскольников бол өнгөц харахад жирийн нэг алуурчин. Нарийн харвал мөнгө хүүлж эдийн засгийг туйлдуулж, ядуусыг сорон мөлждөг системийг өөрийгөө золиослон байж задалснаараа бусдын аж амьдралыг сэргээдэг дүр. Одоогийнхоор бол онц сурлагатай, Харвардын оюутан. Сэтгэгч, шинэчлэгч, хувьсгалч залуу. Нөгөө талаас нь харвал аврагч, чөлөөлөгч хүн. Ф.М.Достоевский болон бидний нэгдэж байгаа өнцөг бол “Гэм зэм” роман дээр бурангуй системтэй тэмцэх нь зөв үү, буруу юу гэдэг эргэлзээнд хүргэнэ. Буруу бол яагаад, зөв бол яагаад? Энэ асуулт дээр хүмүүсийг аваачна, нийгэмтэйгээ хэрхэн уялдаж байна вэ гэдгийг жүжгээр харуулна” хэмээн өгүүлжээ. Тэгвэл Ф.М. Достоевский 1865 онд “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаа бичиж дуусгаагүй байхдаа “Русский вестник” сэтгүүлд эхнээс нь цувралаар хэвлүүлж байсан бөгөөд уг сэтгүүлийг эрхлэн гаргагч руу романыхаа талаар тайлбарлаж бичсэн захидалдаа ийн өгүүлжээ. “Энэ бол нэгэн гэмт хэргийн сэтгэлзүйн задлан байгаа юм. Сургуулиасаа хасагдсан оюутан залуу тарчигт туйлдсанаас гүехэн бодож, тэдгээр бодолдоо төөрөлдөн гүйцэд боловсроогүй үзэл санаануудад сөхөрчихөж байгаа талаар... Тэр залуу ээж, дүү хоёроон аз жаргалтай болгох гэж мөнгө хүүлдэг нэгэн эмгэнийг алж орхино. Түүнийг л үгүй хийчихвэл их сургуулиа дүүргэчих юм шиг, гадаад оронд очоод насан туршдаа үнэнч, хүчирхэг, хүн төрөлхтний өмнө нугаршгүй энэрэнгүй амьдарч чадах юм шиг санаж л дээ” гэж тайлбарлажээ.

Ф.М.Достоевский романыхаа талаар түүнчлэн “Гэмт хэргийн сэтгэлзүйн бүхий л үйл явц даруй сөхөгдөх юм. Алуурчны өмнө зөвшөөрч боломгүй асуултууд ургаад ирнэ, тааварлаагүй, хүлээгээгүй мэдрэмжүүд сэтгэлийг нь шаналгаад унана. Бурханы үнэн, газрын хууль гэдэг авах ёстойгоо авдаг хойно мань залуу ч өөрөө өөрийгөө илчлэхэд хүрнэ, тэгж ч төгсөнө. Цөллөгт тэр үрэгдэж болох ч тэр буцаж ирээд гэм хийхэд түлхсэн ертөнц, хүн төрөлхтөндөө эргэн нийлэх болно. Үнэний хууль ба хүний төрөлх чанар гээч нь ямар ч эсэргүүцэлгүйгээр гэм буруугийн өмгөөлөл хийгээд зөвтгөлүүдийг зэмлэн няцаадаг шүү дээ” гэжээ. Харин найруулагч М.Батболд “Хамгийн адгийн алуурчин ч гэгээрэлд хүрч болдог. Ямар ч буруу үзэл санаатай хүн аливааг тунгаан бодож, ойлгож чадвал хатуу зүйл ч уярдаг гэдгийн тод жишээ юм” хэмээн өгүүлжээ.

За ингээд нийтлэлийнхээ хамгийн эхэнд хэлмээр байсан санаагаа энд хуваалцъя. Гол дүрийг бүтээсэн Д.Лхагва. Аврагч, чөлөөлөгч, бурангуй тогтолцооны өмнөөс “ЯАГААД” гэж чангаар асуугч Расскольниковын дүрд тоглолоо. Гоёмсог үйл явдалтай, залуусын хайр дурлалын сэдэвт 2000-ад оны кинонд гол дүрүүдээс харж дадсан Д.Лхагва. Тэр “Гэм зэм”-д хүлээлтээс, төсөөлөн адгаж байснаас ялимгүй дээгүүр тоглов. Гэсэн ч гялалзаж чадсангүй ээ. Лхагваа дуулж бүжиглэдэг хүн шүү дээ. Түүний дуу хоолойн өнгө ямар таатай. Пост драм хэлбэрт чухам Лхагваа л гялалзах ёстой биш үү? Яагаад түүний монологууд дотроо бясалгаж байгаа хүн шиг “чимээгүй” өнгөрөв. Тэр чинь сэтгэцийн хувьд тэнцвэрээ алдчихсан байж ядаж байгаа хүн шүү дээ. Өөртэйгөө хүн чанарын нэг цэг дээр зогсож байсан Свидригайловтай ярилцах, бааранд Заметовтай мөчөөрхөх үед, мөн Соняд хэрэв өөрийнх нь оронд байсан бол амиа хорлох тухай хэлж байхдаа л Лхагваас Расскольниковын дүр тодорч байв. Найруулагч нь гол дүрээ дэндүү хайрлан бөөцийлөв үү, ганцхан түүнд л сонгодог тоглолт үзүүлэхийг зөвшөөрч орхив уу гэмээр далд санаа, эсвэл хайрцагт барьсан шиг. М.Батболдын Расскольников гаднаасаа турж эцээгүй, цонхийж ядраагүй, харц төрх нь ч эрүүл, тогтвортой, үгүй ядаж л чанар сайтай, урагдаж ноороогүй хувцастай байв. 

“Өвгөн би энэ өвлийг давахгүй дэг” хэмээн жавар тачигнах Петербургт зөгнөн өгүүлснээсээ ердөө л сарын дараа 60 настай Фёдор Михайлович Достоевский амьсгал хураасан. Жамт энэ явдлаас 140 жилийн хойно Улаанбаатарт өдгөө мөн л өвөл жам ёсоор эхэлж байнам. Монголчууд түүний мэндэлсний 200 жилийн ойгоор түүний суут “Гэм зэм” анх удаа тайзнаа дэглэгдэхийг үзэж байна. Намаг балчигаас арга залиараа ховхорч өндийсөн Ш.Доржсүрэн, ялж үлдэх гэж их удаан аргацаасаар амиа хорлож буй Ц.Төмөрбаатар, биеэ үнэлэгч бяцхан охиныхоо сүүлчийн зоосыг шавхан уухаар явдагтаа гутрагч П.Эрдэнэзаан. Гээд цааш үг дуугүй л үзэж байж бүтэн болох урлагийг бүтээгчид тайзнаа нэгджээ. “Орос байшин” гэх шинэ нэртэй болсон хуучны ДСНК ажлын цаг нь дууссан байтал оройд гэрэлтэй үзэгдэж, үүдээр нь унаа тэрэг сойлттой тав дахь үдэш, өнөөдөр...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.