Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Дооёогийн "стриптиз"


Худал санаагүй бол 88 оны хавар Пионерийн ордны тайлан тоглолтын үеэр драмын дугуйлангийн жүжигчин-сурагч Ш.Доржсүрэнг анх тайзнаас харжээ. Дооёогийн бүтээсэн олон дүр бий. Хэнхэгтэй эд ч бий, зусарч хошин амьтас ч бий, архичин, наймаачин, дарга, даамал, амьдралаас тасрагч, зуурагч, хожигч, хожигдогч олон эрийг тэр “хийсэн”. Одоо түүний амьдралыг кино, жүжиггүйгээр төсөөлөх аргагүй 30 гаруй жил оршин тогтсон байна.  

“Гэм зэм” жүжигт Ш.Доржсүрэн Раскольниковын дүү Дунягийн сүйт эр хуульч Петр Петрович Лужинд тоглож байна. Кино сонирхогч олон үзэгч түүнийг Г.Аюурзанын зохиолоор найруулагч С.Бямбын бүтээсэн “Хэвтрийн хүн” киноноос “Гэм зэм”-д уригдсан хэмээн миний адил тааварлаж байгаа болов уу. 

Үнэндээ сүйт залуу гэхэд хөгшдөх 45 настай Лужин залуухан, боловсролтой, сайхан бүсгүй дагуулан Петербургийг байлдан дагуулахаар шилжин ирж буй “хөөрхөн” амжилттай, овоо зоорьтой, том зорилготой яах арагагүй тухайн цагийнхаа шинэ орос, зайтай эр юм. Лужин Дуня Раскольниковаг ядуу учраас олзуурхан гэрлэх санал тавьсан билээ. Яагаад гэвэл, тэр юуны өмнө тун гомдомхой хүн. Ядуу зүдүүгийн балчгаас өөрийн сийлсэн ухаанаар салахдаа тэр салж унатлаа ядарсан шархтай ялагч юм. Тиймээс залуухан, сайхан, ядуу бүсгүйтэй гэрлэх мөрөөдлөө биелүүлэх хүртлээ мөнгө хурааж, хожмын эхнэр нь зөвхөн түүнийг аврагч эзэн хэмээн биширч, боолын ёсоор мөргөн залбирч амьдрахыг хүссэн юм. 

Ийм нэгэн хөөрхийлөлтэй, далд хүчирхийлэгч, зандалчин Лужин Ф.М.Достоевскийн романд хоёрдугаар зэргийн дүрээр гардаг ч өнөөгийн бидний бодит амьдралд тэр тэргүүн зэргийн түгээмэл дүр билээ. Жишээ нь, улстөрчид сонгогчдод яруу сайныг амлавч дуулгавартай дорой байлгахыг л хүсдэг. Түүний сонгуулийн сурталчилгаанд тэр эрхэм сонгогч олныхоо л адил эгэл бор амьдралаас өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрийн цараагүй их цадигаар өндийн босож, дэлхийд гарч, өнөөдрийн өндөрлөгт ирснийг заавал оруулдаг. Бид сүүлийн үед нэгнээ тодорхойлохдоо олонтаа хэрэглэх болсон тэрхүү аюулт “дутуугийн комплекс”-ийн түгшүүрийг ойлгоход “сайхан” дүр ажээ.   

Хэрэв гол баатар Родион Расскольниковт Лужиных шиг “ухаан” заяасан бол аль эрт үзэсгэлэнт дүүгээ ашиглан мань Лужинаас ч өндөрт дүүлэх харизмтай хуульч болох байсансан... Гэтэл Р.Р.Р үргэлж сүүлчийн боломжоо золин шударга, энэрэнгүйн үртэсийг түүн бядсан.    

Дооёо ийм Лужиныг нүцгэлэв. Саяхан л хамартаа үнэртэн шингээсэн алчуураа наачихаад ядуугийн өмхий ханх тавьсан оромжийг тэвчиж ядан байсан чинь... Босгон дээр нь хэлээ унжуулчих чинээ өөрөө ч санаагүй хормын явдлыг Дооёо чухам л стриптиз шиг таашаалтай дэлгэв. “Ухаант” өөрийг нь жигшин зэвүүцэж буй үгээгүй, “заяагүй” юмнуудын төлөө бачуурч буй эрийг тэр энэ удаа шатаагаад хаячихлаа. Гоёмсог үнэт бэлзгээ, угладаггүй хэр нь ёслол төгөлдөр барьж явдаг торгомсог арьсан бээлийгээ, хараа булаам бүрх, донжтой хөнгөхөн алхахад нь хэмнэл өгдөг таяг сэлтээ нэг нэгээр нь мултлан гээж байна. Алтан товчнууд нь байх ёстой газраасаа бүлт үсрэн унана. Дооёо Лужиныг урж тасдаж байна. Дооёо тээр өндрөөс эхний эгнээ рүү ямар аймшигтай харсан бэ, тэр үдэш. Түүнд өөрт нь энэ тухай хэлбэл намайг санах болов уу? Тэр гомдолтой нүдийг харснаас хойш амьсгалах нь, алхах нь хүртэл чихэнд чийртэй болсон. Бас цаашид хэнд ч гомддоггүй, юунд ч эмзэглэдэггүй хүн болж амьдрахыг өөртөө чин сэтгэлээсээ хүссэн. Тэр нь ч дээр юм шиг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шүрэнзан 2021.12.02 64.119.31.20

Анх Дооёог гэм зэмд нэгдэнэ гэхэд үзэгч хүний үүднээс голж байснаа нуух юун. Гэвч Хэвтрийн хүнээс л тэр олон жилийн туршлагатай жүжигчин хүн гэдгээ ноотлосон шүү дээ, тэрийг би яаж мартаж чадав аа л гэж бодож байна. Түүнийг хошин шогийн Дооёогоор хайрладаг юм. Одоо бол театрийн, тайзны Дооёогоор хайрлах хэрэгтэй бололтой.

0 Хариулах