Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Миллениалуудын ажлын орчин: Залуу уран бүтээлчид хэрхэн ажилладаг вэ?


Соёл урлагийн ертөнцөд ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй залуус хэрхэн ажилладаг бол? Бид энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгээд буй залуу зураач, хагас зууны түүхт "Баянмонгол" чуулгын аргил гитарчин, залуу реппер болон продюсер, дүрслэх урлагийн үнэт бүтээл судлаач, 23 насандаа гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаасан балетын гоцлооч гээд соёл урлагийн өөр өөр салбарт уран бүтээлээ амжилттай туурвиж буй залуусын ажлын орчинтой танилцлаа. 


Улсын Филармонийн “Баянмонгол“ чуулгын аргил гитарчин Н.Тулга: Тайзан дээр гараад нэг тоглочиход сандрахаа больдог

Нас: 29 

АЖЛЫН ХЭВ МАЯГ: 

Тоглолтгүй үед өглөө аажуухан цуглаад дөрөв таван цаг бэлтгэл хийгээд тардаг. Ер нь гол ажил бол бэлтгэл сургуулилт. Шинэ зохиолууд орж ирэхээр түүнийгээ давтаж, өөриймшүүлж, яаж тоглохоо ярилцана. Хөгжмийн бэлтгэл сургуулилт удаан суувал ядардаг ажил.

АЖИЛЛАХ ОРЧНООСОО ОНЦЛОХ ЗҮЙЛ:

Улсын Филармонийн энэ барилга дотор миний очиж суух дуртай газар бол тайзны арын нэг жижиг өрөө. Тоглолт эхлэхийн өмнө сандрах үедээ тэнд очиж суухаар тайвширдаг юм. 

ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? 

“Баянмонгол” чуулга бол монгол улсад байгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглодог ганц жазз оркестр юм. Үүгээрээ бид маш их бахархдаг. Би ер нь багаасаа л хөгжимчидтэй хамтран тоглох дуртай байсан, тиймээс ч энэ хамтлагтаа ороод маш их зүйл сурсан, мэргэжлийн хөгжимчид ийм байдаг байх нь гэж гайхаж, бишрэхээс эхлээд сурах мэдэх зүйл чамгүй их байлаа. Одоо ч мөн сурсаар л явна. 

ЯГ ОДОО ЯМАР АЖИЛТАЙ БАЙНА ВЭ?

Өнөө орой “Ганган дагшаа” тоглолттой, бэлтгэлдээ ирээд байна. Тоглолттой өдрөө бид аль болох эрт ирээд хувийн болон нийтийн бэлтгэлээ хангаж, хөгжмөө бариад л өдөржин суусаар орой тоглолтдоо ордог. 


МУЭ-ийн уран бүтээлч Э.Цагаанцоож: Уран бүтээлийнхээ үүсэл санааг олж авах цаг хугацаа нь хамгийн сайхан

Нас: 32

АЖЛЫН ХЭВ МАЯГ:

Үзэсгэлэнгийнхээ үед өдөр бүр 8,9 гэж урлан дээрээ ирээд оройн 11 цаг хүртэл сууж ажилласан. Жирийн үед урландаа ирээд оройн 8 хүртэл ч юм уу суудаг. Уран бүтээлчдийн цагийн хуваарь өөрөөс нь хамаардаг, төвлөрөх үедээ хангалттай төвлөрч, агаар амьсгалахаар Богд уул явсан ч болно, найзтайгаа уулзмаар бол шууд уулзчихаж болдог чөлөөтэй хэв маягтай. 

УРЛАНГААСАА ОНЦЛОХ 3 ЗҮЙЛ: 

1. Гагнуураар бүтээлээ хийдэг учир гагнуурын ширээ болон багажууд. 

2. Керамик бүтээлээ тавьдаг тавиур. 

3. Цонх (Цонхоор маань тийм ч гоё байгалийн үзэмж харагддаггүй ч гэсэн цонхоор орж ирэх гэрэл урлангийн бүтээлүүдэд тусаад нарны гэрлийн дулаахан өнгийг гаргадаг нь таатай).

ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? 

Урлагаар дамжуулан өөрийн мэдрэмжээ илэрхийлж, миний илэрхийллийг хүмүүс хараад гоё сайхан мэдрэмжийг авч буй нь сайхан мэдрэмж төрүүлдэг. Уран бүтээлийнхээ үүсэл санааг олж авах цаг хугацаа нь хамгийн сайхан. 

ЯГ ОДОО ЯМАР БҮТЭЭЛД АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Анхны бие даасан "Цаг хугацаагаар аялагч" үзэсгэлэнгээ дэлгээд байна. 

Бид ямар нэг зүйлийг харж байгаа бол цаг хугацаагаар аялж байдаг. Учир нь бид аливаа зүйлийг бодитоор нь олж хардаггүй. Тухайн зүйл дээр гэрэл тусаад, ойсон дүрсийг олж хардаг. Гэрэл ч гэсэн хязгаар хурдтай буюу 300 мянган м/с хурдтай. Тэгэхээр гэрэл хэр хол зайнаас ирж буйгаас хамаараад бид аливаа зүйлийн өнгөрснийг харах боломжтой гэдэг санаанаас үзэсгэлэнгээ сэдэвлэсэн. 


Реппер, продюсер, дууны үг зохиогч "Man on the moon" буюу Г.Төгөлдөр: Ганцаараа байхдаа үр бүтээлтэй байдаг

Нас: 32

АЖЛЫН ХЭВ МАЯГ: 

Янз янз. Ихэвчлэн долоо хоногийн таван өдөр студи дээрээ өнждөг дөө. Өглөө босоод номын нэг хэсгийг уншиж өөрийн "mindset" болгож байгаад ажилладаг. Тэр хоорондоо сагс үзэнгээ хоолоо хийж идэх дуртай. Ганцаараа байх үедээ хамгийн үр бүтээлтэй байдаг. 

АЖИЛЛАХ ОРЧНООСОО ОНЦЛОХ 3 ЗҮЙЛ:

Компьютер, чихэвч, микрофон.

ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? 

Өөрийнхөө цаг үеийн мэдрэмжийг илэрхийлэн дуу хөгжимд хувиргаж, түүнийгээ хүмүүст түгээх нь сонирхолтой байдаг. 

ЯГ ОДОО ЯМАР АЖИЛТАЙ БАЙНА ВЭ?

Удахгүй цацагдах Noubold-ийн шинэ дуун дээр ажиллаж байна. 


УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ О.Анужин: Тайз. Балетын шаахай. Тютю. 

Нас: 26

АЖЛЫН ХЭВ МАЯГ: 

Өдөр бүр тогтмол 10 цагаас дасгалаа хийж, дараагаар нь уран бүтээлийн бэлтгэлдээ ордог. Балетын бүжигчид өдөр бүр дасгал сургуулилтаа заавал хийж байж урлагийн бүтээлийг амилуулах чадвараа хадгалдаг. 

АЖИЛЛАХ ОРЧНООСОО ОНЦЛОХ 3 ЗҮЙЛ:

Тайз. Балетын шаахай. Тютю. 

ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? 

Олон жилийн бэлтгэл сургуулилтаар сурсан мэдрэмж, мэдлэгээ тайзан дээр гаргаж, урлагийн бүтээлийг хөдөлгөөнөөр илэрхийлэн, хөгжим ба бүжгийн урлагаар амилуулдаг нь энэ салбарын хамгийн том онцлог, хамгийн сайхан нь. 

ЯГ ОДОО ЯМАР АЖИЛТАЙ БАЙНА ВЭ?

(Тэр биднийг УДБЭТ-т очих үед П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын гоцлол буюу Одетта, Одиллиягийн дүрийн бүтээхээр бэлтгэлээ хийж байв. Уг балет нь энэ сарын 4-нд тайзнаа амжилттай тоглогдсон юм.)


Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, урлагийн түүхч Д.Гоомарал: Үнэт бүтээлүүдтэй ажилладаг учир хувийн эд зүйлээ ажил дээрээ байлгадаггүй

Нас: 31 

АЖЛЫН ХЭВ МАЯГ: 

Өглөө эрт эхэлж, хуваарийнхаа дагуу сан хөмрөг рүү орж, үзмэрийн тодорхойлолт судалгаа хийдэг. Мөн олон нийтэд зориулан үзмэрийн тайлбарыг бичих зэргээр ажилладаг. 

АЖИЛЛАХ ОРЧНООСОО ОНЦЛОХ 3 ЗҮЙЛ:

Түүхэн үнэт бүтээлүүдтэй ажилладаг учир хувийн эд зүйлээ ажил дээрээ бараг байлгадаггүй. Тэмдэглэлийн дэвтэр, сан хөмрөгийн программаа байнга ашигладаг. 


ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? 

Манай музейд Монголын дүрслэх урлагийн эртний түүхээс 20-р зуун хүртэлх түүхийг агуулсан хосгүй үнэт, үнэт бүтээлийн 20 мянга гаруй цуглуулга бий. Миний хувьд хүмүүст судалгааны үндсэн сууринд тулгуурлан түүх, урлаг, соёлын олон талт өнцгүүдээс үзэсгэлэнгүүдийг танилцуулах зорилготой ажилладаг. Мөн өмнө нь судлагдаагүй бүтээлд судалгаа хийдэг. 

ЯГ ОДОО ЯМАР АЖИЛТАЙ БАЙНА ВЭ?

Манайх түрүү сард "Торгонд амилсан шүтээн урлаг" үзэсгэлэн гаргасан. Тэр үзэсгэлэнгийнхээ танилцуулга дээр ажиллаж байна. 


Монгол Улсын Соёлын яам өнгөрсөн арваннэгдүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" хэмээн зарлаж, "Баянмонгол" чуулгын 50 жилийн ойн "Пянзны баяр", зээгт наамлын төрөлжсөн үзэсгэлэн "Торгонд амилсан шүтээн урлаг" тэргүүтэй соёл урлагийн салбарыг хамарсан 150 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

boomer 2021.12.06 202.131.225.20

weeew

0 Хариулах