Хайх зүйлээ бичнэ үү

25 мин

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Миний сэтгэлзүйн тэнцвэр, итгэл үнэмшил, үнэ цэн энд байдаг


Дипломатч өвөг эцэг, дипломатч аав, ээжийн гэр бүлд төрж өссөн ч Монголын топ банкийг удирдан өөрийнхөө түүхийг бичиж яваа залуу банкиртай танилцлаа. Бидний ярилцлага хэтэрхий ажил хэрэгч хүрээнд, нэг сэдвээр дагнасан ч олон нийтийн анхаарлыг татсан олон сэдвийг хөндөж амжсан. ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавын ярилцлагыг сонирхоно уу. 

-Монголд анх удаа банк бус санхүүгийн хоёр байгууллага нэгдэн ХасБанкыг үүсгэн байгуулснаас хойш улсынхаа топ дөрвөн банкны нэг болж, тогтвортой өссөн 20 жилийн түүхт ойгоо та бүхэн тэмдэглэж байна. Та банкны удирдлагын хувьд 20 жилийн түүхээсээ танай байгууллагын даван туулсан бэрхшээл, банк санхүүгийн салбарт үлдээсэн үнэт сургамж юу байсан, энэ хугацаанд олж авсан бусад банкаас ялгарах давуу тал болон ирээдүйд ч та бүхнийг илтгэх гол чанар юу байх бол?

-Ерээд онд инфляц өндөр, банкны зээлийн хүү ч өндөр, санхүүгийн үйлчилгээний хүртээмж бага тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээл авахад тун амаргүй үе байлаа. 1998 оноос үйл ажиллагаа явуулсан “Хөгжлийн Алтан Сан” маань банкнаас зээл авах боломжгүй иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хялбар зорилготой эхэлсэн. Сангийн үйл ажиллагаа эрчимжихэд банк болох зорилго тавьж, 2001 оны арванхоёрдугаар сарын 27-нд банкны лиценз авсан тэр өдрөөс ХасБанкны он тоолол эхэлдэг. Өдгөө бидний түүх тогтвортой өссөн 20 жилээр тоологдох баялаг болж байна. ХасБанк өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлтэй тулгарав гэхээс илүү бидэнд ямар сорилт, боломж буйд анхаарлаа төвлөрүүлэн ажиллажээ. Банк гэдэг бол ямар ч үед улс орныхоо эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдралд найдвартай, ойр дөхөм түнш байх учиртай. Бид 20 жилийн хугацаанд эдийн засгийн томоохон гурван хямралыг давлаа. Сүүлийн хоёр жилд нийгмийн эрүүл мэндийн том хямрал болсон Ковидыг бид хамтдаа туулж байна. Ковид зөвхөн эдийн засгийн төдийгүй хүний оршихуйн, амьдралын хэв маягийн тухайд ухааруулсан чухал хүчин зүйл боллоо гэж би боддог юм. ХасБанк энэ бүх хугацаанд алив хүчин зүйлийг тогтвортой даван туулахад итгэл алдсангүй. Эдийн засгийн чадавх, компанийн сайн засаглал, хамтач баг, үнэнч харилцагчид маань бидний давуу тал. 20 жилийн ойгоо бид ХасБанкны үнэт зүйл болох харилцагчдадаа талархаж, хамт олноо урамшуулан тэмдэглэж байна. ХасБанк гэж яг хэн юм бэ, юу юм бэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Энэ бол манай харилцагчид, баг хамт олон, удирдлага, хувьцаа эзэмшигчид, банканд хяналт тавьж ажилладаг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гээд бүхэл бүтэн эко систем юм. Заавал хууль журам гарахыг хүлээхгүйгээр салбартаа шинэчлэл эхлүүлэх түүчээ нь байж болдгийн илрэл манай ХасБанк байв. Тухайлбал, өр орлогын харьцааг багасгаж иргэдийг өрийн дарамтаас хамгаалах, зээлийн хүүгийн таазыг тогтоох зэрэг бодлогыг бид журам гарахаас өмнө банкандаа хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан. ТУЗ-ийн бүтцийг ч мөн Банкны тухай шинэ хууль гарахаас өмнө нэг хувьцаа эзэмшигчийн хувь 20-иос дээшгүй байхаар манай банк дотооддоо хэдийн мөрдлөг болгосон байв. Олон нийтийн компани болох нь манай банкны хувьд 10-аад жилийн өмнөөс төлөвлөгдсөн, тодорхой бэлтгэл хангаад явж байсан ажил юм. Тэгэхээр ХасБанк ирээдүйн банкны реформыг эртнээс харж зорилгоо төлөвлөөд, биелүүлэхийн тулд тууштай ажилладаг нь манай багийг илтгэх гол чанар гэж итгэлтэй хэлж чадах байна. 

-ХасБанкны харилцагч, үйлчлүүлэгчдийн хувьд арилжааны бусад банкны харилцагчдаас ялгарах тал нь юу байдаг вэ. Тэдний зүгээс ХасБанканд анх хандсан болон хамтран ажиллахаар итгэл үзүүлсэн шалтгаан юу байдгийг судалбал сонирхолтой статистикууд гардаг байх? 

-Юуны өмнө ХасБанкны нэг сая гаруй харилцагчдаа энэ завшааныг тохиолдуулан баяр талархлаа илэрхийлье. Одоо ХасБанк цар хүрээ өргөн, системийн таван банкны нэг бөгөөд 70 гаруй салбартай, 21 аймаг бүрт тооцооны төвөө ажиллуулж, цахимаар дэлхийн хаанаас ч холбогдоход үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Энэ хүртэл хөгжихөд харилцагчдын маань бидэнтэй цуг байсан гол шалтгаанууд юу болохыг тодруулсан. Манай банкнаас жил бүр хийдэг харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаануудын дунджаас гаргасан дүнгээр бол, ХасБанк түргэн шуурхай, найдвартай, зээлийн нөхцөл уян хатан, компанийн засаглал сайтайг чухалчилсан байдаг. Эндээс “компанийн засаглал” гэж нэр томъёог банкны салбарт юу гэж ойлгох вэ гэж хүмүүс асууж магадгүй. Би тайлбарлах гэж оролдсон ч академик, мэргэжлийн хэллэг тал руу хэлбийлгээд олигтой болж өгдөггүй. Гэтэл манай харилцагчид энэ тайлбарыг өөрсдөө маш ойлгомжтой энгийнээр хэлсэн. Юу гэвэл, “ХасБанк, түүний толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл бол зөвхөн санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг учраас итгэж болох газар” гэж тодорхойлсон. Бизнес хийж байгаа хүн зээл авахаар банканд хандахдаа бүх мэдээллээ, бизнесийнхээ нууцыг ч ил болгох шаардлагатай тулгардаг учраас өөртэй нь ирээдүйд өрсөлдөхгүй, санаа, шийдэл, туршлага, арга замыг нь нууцлах банктай хамтран ажиллахыг хүсдэг юм байна. Банкны засаглал сайн байна гэдгийг манай харилцагчид ХасБанкны ТУЗ, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчид тус бүртээ өөрсдийн шийдвэрийг хараат бусаар гаргадгаар тайлбарлаж, итгэл төрүүлдэг хүчин зүйл хэмээснийг нь судалгаанаас харахад маш сонирхолтой өнцөг санагдсан. “Хөгжлийн Алтан Сан”-гийн үеэс хамтарч эхэлсэн нь мөн цөөнгүй. Бизнесээ эхлүүлэхдээ манайхаас бичил зээл авсан хүмүүс гэхэд л анх 20 мянган төгрөг зээлж, тэр нь 50 мянга, 100 мянга болж өссөөр одоо 100 сая төгрөгийн зээл авах боломжтой хувиариа бизнес эхлэгч нар олон байна. Гараанаасаа л ХасБанктай хамт эхлээд, олон жилийн турш хамтдаа өсөж хөгжсөн харилцагчид үнэнч дэмжигчид болдог юм билээ. 

-Та ХасБанкны гүйцэтгэх захирлаар томилогдоод хоёр жил гаруй хугацааг өнгөрүүлжээ. Анх Таныг ажлын ямар даалгаврууд угтаж байв, хэр биелүүлсэн бэ?

-Энэ албанд томилогдохоос өмнө 2019 оны эхэнд ТУЗ-өөс надад гэрийн даалгавар өгч байлаа. ХасБанкны ирээдүйд ямар стратеги баримталбал зохих, тухайн үед тулгарсан асуудлуудыг юу гэж харж байгаагаа тайлбарлах, хэрхэн өөрчлөх, өөрчлөхийн тулд хэр хугацаа шаардагдах вэ гэсэн асуултуудад хариул гэсэн. Би тэгэхэд ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн удирдлагын багт 2011 оноос хойш ажиллачихаад байсан үе учраас групп болон банкаа мэддэг, Монголын банкны салбар, санхүүгийн зах зээлээ ойлгочихсон байсан. Надад өгсөн 14 хоногийн хугацаанд би сайтар бэлтгээд гэрийн даалгавраа ТУЗ-д танилцуулж байлаа. Одоо танилцуулгаасаа эргээд товч дурдахад, тухайн үеийн ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдож тавигдаад байсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл удирдах бодлого, өр орлогын харьцаанд тавьсан хязгаараас үүдэн банкны бүтцэд, багцыг өөрчлөхөд ашигт ажиллагаанд юу өөрчлөгдөхийг гаргаж ирсэн. Банкаа тогтвортой, ашигтай байлгахын тулд авах арга хэмжээ, дижитал шилжилтэд шаардлагатай алхмууд, түүнийг хэрхэн санхүүжүүлэх тооцоо, банкны салбарт чанаргүй зээл олширч байгаа нөхцөлд баг хамт олноо хэрхэн удирдах талаар ТУЗ-д тайлагнаж байж. Ингээд намайг тэр танилцуулгынхаа дагуу Гүйцэтгэх захирлаар ажилла гэж томилсон. Томилогдсоноос хойш санхүүгийн жилээр тооцвол гурав дахь оныхоо ажлыг тайлагнахад бэлэн болж байна. ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн өгсөн үнэлгээ, санхүүгийн тайлангууд дандаа хөндлөнгийн байгууллагуудаар баталгааждаг бөгөөд эдгээрээс харахад манай удирдлагын баг, банкныхаа 1383 ажилтны хамтаар даалгавраа сайн биелүүлжээ. Одоо бидний өмнө хийх ажил маш их байна. Ковидын улмаас төлөвлөгөөнд байгаагүйгээр тактик, стратегиа өөрчлөх шаардлага ч гарсныг цаг тухай бүрт амжилттай хэрэгжүүлж ирлээ.     

-Монголын Банкны тухай хуульд энэ оны эхээр тодорхой шинэ заалтууд орсны дагуу ХасБанк ямар арга хэмжээнүүдийг хийж амжаад байна вэ? 

-Хууль батлагдсанаар нийцүүлэх учиртай болсон олон шаардлага гарч ирсний дийлэнхийг ХасБанк хангасан. Нэг гол ажил үлдсэн нь 2022 оны зургадугаар сарын 30-наас өмнө нээлттэй хувьцаат компани болох. Олон улсын жишгээр банк нээлттэй хувьцаат компани болоход 3-4 жилийн бэлтгэл ажил шаардагддаг бол бидэнд 16 сарын хугацаа өгснөөс одоо ердөө зургаан сарын хугацаа үлдлээ. Хэдий богино хугацаа боловч ХасБанк үнэт цаасны танилцуулгаа бэлтгэж байна. Хөндлөнгийн аудит, үнэлгээний компани, андерврайтер, хуулийн фирм гээд олон байгууллагатай хамтран ажиллаж байна.  

-Хуулийн шинэ шаардлагаар тавьж буй нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээшгүй хувьтай байх тааз бусад банканд шууд хэрэгжих боломжтой юу? 

-Банк бүр өөрийн гэсэн стратеги, үйл ажиллагааны онцлогтой. Хувьцаа эзэмшигчдийн бүтцээс шалтгаалаад зорилтууд ч харилцан адилгүй байдаг. Тэгэхээр нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувь эзэмшихгүй гэсэн заалтыг биелүүлэхэд нэлээд хугацаа шаардагдана. Цөөхөн хувьцаа эзэмшигчийн бүтцийг задалж өөрчлөх, өөрийн бодлого, стратегид яв цав нийцсэн хувьцаа эзэмшигч олж, оруулж ирнэ гэдэг нь цаг хугацаа харамгүй шаардах үйл явц юм. 

-ХасБанкны нэг хувьцаа эзэмшигч анхнаасаа л 20-иос дээшгүй хувьтай байхаар тохироод ажиллаж байтал хуулийн шинэ заалтад хувьцаа эзэмшигч 20-иос дээшгүй хувьтай байхыг заасан нь сонин давхцал биш үү? Танайх ийм бодлого гарахаас өмнө эл жишгийг хэрхэн тогтоосон юм бол?

-ХасБанк одоогоос 10 жилийн өмнө олон нийтийн нээлттэй компани болох алсын хараа боловсруулан ажиллаж ирсэн. Хэдэн арав, бүр хэдэн зуун мянган хүн манай хувьцааг худалдаж авах боломжтой болох үүднээс манай банк бодлого, стратегийнхаа хүрээнд нэг хувьцаа эзэмшигчид хэт төвлөрөл үүсгэх нь зохимжгүй гэж үзсээр ирсэн. Үүнийхээ үндсэн дээр тогтоосон дээд хэмжээ нь 20 хувь байсан. Энэ нь анхнаасаа нэг хүн давамгай шийдвэр гаргахгүй, компанийн засаглал зөв, ил тод, үйл ажиллагаа явуулахад боловсронгуй хялбар байхад чиглэсэн хэрэг. ХасБанк өнөөдөр 12 хувьцаа эзэмшигчтэй. Тэдний долоо нь нөлөө бүхий буюу тус бүр таван хувиас дээш эзэмшдэг стратегийн хөрөнгө оруулагчид. Стратегийн хөрөнгө оруулагчид зөвхөн мөнгө хөрөнгөөр үл хэмжигдэх дэлхийн санхүүгийн мэдлэг туршлага, олон улсын ололт амжилт, жишиг стандартаас оюуны хөрөнгө оруулдаг давуу талтай.  

-Өнөөдөр үргэлжилж буй эдийн засгийн тааламжгүй, тодорхойгүй, урьдчилан төсөөлшгүй нөхцөл байдлуудын дунд Банкны тухай шинэ хууль бүрэн хэрэгжихэд ямар эрсдэлүүд гарч болзошгүй талаар Таны байр суурийг мөн сонсмоор байна?

-Манайхан “Яарвал даарна” гэлцдэг. Монгол ардын зүйр энэ үг бүтнээрээ “Яарвал даарна, ядарвал өлсөнө” юм шүү дээ. Яаруу дааруу гарснаас зовж зүдрэх вий л гэсэн санаа явж байна. Том реформыг дэндүү богино хугацаанд хийснээс олон эрсдэл гарна. Бүгдийг тодорхой тайлбарлавал энд бидний цаг хүрэлцэхгүй учраас энд зөвхөн хоёр эрсдэлийг хэлье. Нэгдүгээрт, банк нээлттэй ХК болоход хөрөнгө татах зах зээлийн багтаамж хангалттай бий бил үү? Сүүлийн үед олон компани Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийчихлээ. Энэ үйл явц цаашид үргэлжилсээр байна. Тэгэх тусам хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой иргэдийн тоо цөөрнө. Хоёрдугаарт, койн руу хүмүүс хошуурч байгаа үзэгдэл юунд хүргэх вэ? Зарим мэдээллээр койн руу хийсэн монголчуудын нийт хөрөнгө хоёр их наяд төгрөгт хүрсэн гэнэ, зарим нь найман их наяд л гэнэ. Юу болж байгааг хэн ч мэдэхгүй байна шүү дээ. Маш их хэмжээний хөрөнгө тэнд орсон байна, лавтай. Банкны системийн банкууд IPO хийхэд нийт 700-800 тэрбумын хөрөнгө татах шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ хэмжээний зах зээлийн багтаамж, ийм мөнгө оруулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байна уу гэдэг асуулт дагуулсан том эрсдэл ургаж таарна. Хоёрдугаарт, банкны нэг хувьцаа эзэмшигчид тогтоосон 20 хувийн хязгаартай холбоотой том эрсдэл үүсэж байна. Ихэнх банк 15-20 хувиа л олон нийтэд санал болгоно. Үлдсэн 80 хувийг хангахын тулд одоо байгаа 1-2 хувь эзэмшигчтэй банкууд багаар бодоход л нэмж 3 том хувьцаа эзэмшигч олох, тэд нь хөрөнгө оруулагч хайлаа гэхэд хэдэн их наядаар хэмжигдэх мөнгөний тухай яриа хэлэлцээ болно. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засаг ээлтэй байх учиртай ч одоогоор тийм нөхцөл бүрдээгүй байна. Одоо үлдэж байгаа хагас жилийн хугацаанд тийм том хөрөнгө босгох нь эрсдэл гэсэн үг. Нээлттэй ХК-ийн IPO гаргачихаж болно гэхэд нэг хувьцаа эзэмшигчид тогтоосон 20 хувийн хязгаарыг биелүүлэхийн тулд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 11 арилжааны банк тус бүр хөрөнгө татах, олон хөрөнгө оруулагч нэг банканд ирээд тухайн байгууллагынхаа бодлого, стратегийг нэгдмэл байдлаар дагаж мөрдөж чадах уу гэдэг бол үнэхээр том эрсдэл. 

-Арилжааны 11 банк өөр хоорондоо нэгдэх үйл явц танай салбарт ажиглагдах байх даа?   

-Сүүлийн хоёр жилд хоёр ч нэгдэл боллоо шүү дээ. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк нэгдсэн. Саяхан Кредит, Тээвэр хөгжлийн банк нэгдлээ. Ийм реформын үед банкууд нэгддэг жам олон улсад бий. Гагцхүү ашиг сонирхол нэгтэй, байгууллагын соёл төстэй байх гээд банкууд нэгдэхэд олон чухал хүчин зүйл шаардлагатай. Тэгэхээр ер нь хойшид банкууд нэгдэх боломжтой. Монголын зах зээлд 11 банк хэтэрхий олддог, ирээдүйд нэгдэх үйл явц гарцаагүй гэж би хардаг. 

-Нийт банкуудад иргэд, байгууллагын 17 их наяд төгрөгийн хадгаламж байдаг мэдээлэл бий. Банкууд хувьцаагаа нээлттэй арилжаад эхлэхээр хүмүүс хадгаламжаа татаад хувьцаа авахаар шамдацгаавал юу болох бол. Жишээ нь, ХасБанкны хадгаламж эзэмшигчид танай хувьцаа эзэмшигчид болоод хувирчихвал яах вэ?

-Сонирхолтой асуулт байна. Юуны өмнө банкууд 17 их наядын хувьцаа гаргахгүй. Тиймээс тодорхой баланс, хуваарилалт бий. ХасБанкны хадгаламж эзэмшигчдийн талаар Таны асуусанд хариулахад, манай хадгаламж 2021 онд өмнөхөөс 14 хувь өссөн. Хэдийгээр койн, чэйн гэж хөрөнгө оруулахыг уриалсан санхүүгийн сурталчилгаанууд хүчтэй явж байгаа ч хадгаламж өссөн үзүүлэлт юу хэлж байна вэ гэвэл, эрсдэлээс болгоомжилдог хэсэг бүлэг байдгийн бодит үзүүлэлт. Богино хугацаанд мөнгөө нугалж өсгөх аз соригчид банканд мөнгөө хадгалуулахгүй шүү дээ. Манай иргэдийн олонх нь хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэгээр тун нимгэн цаг үе, одоогоор. Тиймээс хадгаламж эзэмшигчид хувьцаа руу шуурах магадлал байж болно. Банкны реформ хөрөнгийн зах зээлд иргэд идэвхтэй оролцох нөхцөлийг авчирлаа. Зөвхөн банкны хувьцааны тухайд ч биш, ер нь аливаа компанийн хувьцааг мэдлэг мэдээлэлгүй, тооцоо судалгаагүйгээр авбал алдана, үгүй ядаж хүлээлт нь зөрчигдөхөд л тухайн хүнд хямрал үүснэ. Хадгаламж бол тогтсон хүүтэй, баталгаатай, ойлгомжтой. Гэтэл хөрөнгийн зах зээл гэдэг өөрөө савладаг эд. Нэг нь алдаж, нөгөө нь олж байдаг арилжаа. Урт, богино хугацааны хөрөнгө оруулалтыг ойлгох, хөрөнгийн зах зээл дэх хувьцаа, бонд, цахим хөрөнгө гээд олон төрөл зүйлийг ялгаж салгах гээд хувь хүн нэлээд мэдлэгтэй оролцох хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлд нэгдүгээрт, хувьцааны өсөлтөөс, хоёрдугаарт ногдол ашиг хүртэх гэсэн орлогын хоёр эх үүсвэр байна. Хөрөнгө оруулалтын мэдлэггүйгээр ороод хэрэггүй ийм л харилцаа шүү дээ. 

-Мөнгө, хөрөнгө гэдгийг цалингаараа ойлгож, багахан илүүчилснээ банканд хадгалуулан хуримтлал үүсгэн түүгээрээ ирээдүйн хөрөнгө оруулалтаа хэмждэг санхүүгийн боловсрол бол бидний олонх гэр бүлийн бодит дүр зураг. Гэтэл одоогийн Банкны тухай хууль энэ уламжлалыг нэлээд өөрчлөх санал болж нийгэмд хүрэх гээд байна л даа. Жишээ нь, ХасБанк олон нийтэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалт явуулах уу. ХасБанкны нээлттэй хувьцааг худалдан авахыг сонирхож буй хүмүүст Та үүгээр дамжуулан анхны зөвлөгөөг өгөөч гэвэл юуг анхааруулах вэ?

-2022 он гармагц манай сургалт эхэлнэ. Бид хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгодог мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд гэр бүл ойр зуурын буюу хагас жилээс бүтэн жилд ахуй амьдралдаа зарцуулахаар төлөвлөсөн өрхийн хуримтлалаараа банкны хувьцаа худалдаж авах хэрэггүй гэдгийг юуны өмнө зөвлөх ёстой. Харин урт хугацааны дараа төлөвлөсөн зардалд зориулан хадгалж буй мөнгөөрөө хувьцаа худалдаж авч болох юм. Ингэхдээ хэсэг хугацааны дараа хувьцаагаа зарах тохиолдол гарч болохыг ч мөн тооцоолон таны авсан хувьцаа хэр эрэлттэй байх талаар бодож шийдвэр гаргах хэрэгтэй.  

-Банкны тухай шинэ хуулийн дагуу системийн бүх банк хуулийн зохицуулалтаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болно. ХасБанкны нээлттэй хувьцааг худалдан авахыг сонирхож буй хүмүүст Та үүгээр дамжуулан мэдээлэл өгөхгүй юү? 

-Нээлттэй хувьцаа гаргах санхүүгийн төлөвлөгөөгөө банкны хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-д танилцуулж батлуулсны дараа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн дагуу 2021 оны долдугаар сарын 1-нд гаргаж өгөх үүргээ биелүүлсэн. Энэ бол хувьцаатай холбоотой олон нийтэд зориулсан төлөвлөгөө биш, манай ХасБанкны реформын бодлогын зураг гэвэл илүү ойлгомжтой болох байх. Одоо бид үнэт цаасны танилцуулга бэлтгэх шатанд ажиллаж байгаа тухайгаа дээр өгүүлсэн шүү дээ. Үнэт цаасны танилцуулга бэлтгэх ажил дуусаад бид Монголбанк, СЗХ-нд мэдүүлнэ. Үүний дараа олон нийтэд хувьцаагаа санал болгох үйл явцыг эхлүүлэх эрх бидэнд үүсэх юм. Тэр болтол бид олон нийтэд хувьцаагаа санал болгох, сурталчлах эрхгүй, хуулийн дагуу. Гэтэл харилцагчид биднийг асуултаар дараад эхэлчихсэн. Хэзээ? Хэр их хэмжээний хувьцаа гаргах юм? Нэгж хувьцааны үнэлгээ хэд вэ? Энэ асуултуудад баттай хариулах цаг 2022 оны эхээр байх болов уу. Бид компанийн хувьцааны үнэ цэнийг өсгөх, ногдол ашиг өндөр олгохын тулд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад явж байна.  

-Танай банкны “Ирээдүйн саятан” хадгаламжинд хүүхдүүдийнхээ нэр дээр хуримтлал үүсгэсэн айл олон бий. Эцэг эхчүүд энэ хадгаламжаар хүүхдүүдийнхээ өмнөөс хувьцаа авч болох уу?

-“Ирээдүйн саятан” хадгаламж эзэмшигчид хувьцаа авах боломжит хувилбаруудыг боловсруулж байгаа. Хувьцааг эцэг эхийн нэр дээр худалдах зохицуулалт арай хялбар харагдаад байгаа боловч аль болох хүүхдүүд ирээдүйн хувьцаа эзэмшигч болох зохицуулалтыг бид бодож байна.

-Банкны хуулийн өөр нэг шинэ заалтын дагуу зээлийн хүүг богино хугацаанд 12 хувьд хүргэж бууруулах боломж бий болов уу?

-Захиргаадалтын аргаар бол боломжтой. Хүчилж шийдэхээр урт хугацаандаа эдийн засагт тогтворгүй нөхцөл байдал үүсдэг, зээлийн хүү буцаад өсдөг сөрөг тал бий. Банк ашигтай ажиллахын тулд зээлийн хүүгээ өндөр тогтоодог гэх ойлголт иргэдийн дунд байдаг нь том эндүүрэл юм. Зээлийн хүү бага байх тусам эргэн төлөлт сайжирч, тэр хэрээр банкны найдвартай үйл ажиллагаа эрчимжиж, улам бүр тогтворждог зүй тогтолтой. Банк бол хүүгийн зөрүүгийн бизнес мөн үү гэвэл мөн. Зээл болон хөрөнгө оруулалтын хүүгээс орлого олно. Хадгаламж, гадаадаас оруулж ирсэн эх үүсвэрийн зардлын зөрүүгээс орлого олно. Тэгэхээр банк аль болох чанаргүй зээл гаргахгүйн тулд санхүүгийн сахилга баттай ажиллана шүү дээ. Үүнээс зээлийн хүү бага байх нь банканд ч ашигтай талыг олж харж болно. Манай улсын эдийн засаг тогтвортой байх тохиолдолд эх үүсвэрийн өртөг багасна, энэ нөхцөлд зээлийн хүүг зэрэгцүүлж бууруулбал энэ нь органик арга зам болдог учиртай. Ковидын улмаас инфляц өссөн ч цаашид инфляц, бодлогын хүүг зургаан хувьд тогтвортой байлгах замаар зээлийн хүүг аажмаар буулгаж болох юм. Тэгэхээр би юү гэж хэлэх вэ гэвэл, зээлийн хүүг буулгах нь богино хугацаанд хэцүү, урт хугацаанд бүрэн боломжтой. Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал тогтвортой, гадаад валютын хангалттай нөөцтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт багаар бодоход 6-8 хувьтай байх үед зээлийн хүү аяндаа буурна. 

-Дэлхий даяар цар тахлын үеийг туулж байгаа энэ үед Монголын банк санхүүгийн систем дэх томоохон банкны нэгийг удирдаж байгаа Танаас шинээр тулгамдсан асуудлууд юу болох, ямар алхмууд, голлох шийдвэрүүдийг гаргав, хэрхэн даван туулж буй талаар асуумаар байна?

-Цар тахлын үед бид гурван зүйлд голлон анхаарч ажилласан. Нэгдүгээрт, ковидоос улбаалан харилцагчдын маань орлого буурах, заримынх нь хувьд огт орлогогүй болох зэрэг нөхцөл бодитоор үүссэн учраас зээлийн төлөлтийг урт хугацаагаар сунган уян хатан нөхцөлд хамтран ажиллалаа. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлын байрыг хадгалах, зургаан хувийн хүүтэй ипотекийг дэмжих хөтөлбөрүүдэд бид идэвхтэй оролцож харилцагчдадаа үйлчилж байгаа нь зөвхөн ковидын үеийн гэлтгүй ковидоос хойших эдийн засгийн сэргэлтэд чиглэсэн бидний дэмжлэг гэж үзэж байна. Гуравдугаарт, бид удаан үргэлжилсэн хөл хорионы үеэр төлбөр тооцоо найдвартай гүйцэтгэх, харилцагчдынхаа зээлийн нөхцөлүүдийг хөнгөвчлөх, хойшлуулах зэргээр эмч, цагдаа нарын адил гэрээсээ гарч ажиллах үүрэг хүлээснийхээ хувьд банкны ажилтнуудынхаа эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь чухалчилж байлаа. Халдварын сэжиг өчүүхэн ч гэсэн илэрсэн тохиолдолд ажилдаа ирэх үүрэг хүлээлгүй тав хоног цалинтай чөлөөлөгдөх, өвдсөн тохиолдолд эдгэрэх хүртэлх ажиллаагүй өдрүүдийн цалинг 100 хувь бүтэн бодох боломжийг ажилтнууддаа олгох зэрэг олон шийдлээр ХасБанк цар тахлыг даван туулж байна. 

-Харилцагчдынхаа зээлийн нөхцлийг уян хатан болгож өөрчилснөөс банканд гарч болзошгүй хүндрэл юу байна, та бүхэн хэрхэн сэргийлж байна вэ?  

-Ковид хэр удаан үргэлжлэхийг тааварлашгүй боллоо. 3-6 сар тутамд шинэ хувилбар үүсэж, цаашид ковидтой төстэй вирустэй дасан зохицох магадлалтай байна. Иймд бид байнгын бэлэн байдалд, цаг алдахгүй шийдвэр гаргаж ажиллах ёстой л болно. Манай банк харилцагчдаа өрийн дарамтад орохооргүй хэмжээний зээлээр дэмжих, эргэн төлөлтийг богино хугацаагаар хойшлуулж, хаа хаанаа хариуцлагатай хандах, илэн далангүй ярилцаж шийдэх харилцааг баримталж байна.  

-Банкууд цахимжиж, технологижсоор байна. ХасБанк дижитал талбарт нэвтрүүлж буй Цахим банкны шинэ платформын бусад банкаас ялгарах онцлог юу вэ?

-Шинэ платформ, шинэ аппликэйшн гэж байгууллага болгон ярьдаг болж байна шүү дээ. Цаг үе дижитал болж байгаа учраас банкууд цахим хөгжүүлэлтийг тус бүртээ идэвхтэй хийж байна. Манай ХасБанкны үндсэн системийн суурь тун боловсронгуй байсан хэдий ч бид шинэчлэн сайжруулахаар сүүлийн нэг жил төслөө хэрэгжүүлээд амжилттай ажиллаж байна. Системийн суурь сайн байсан учраас шинэчлэл лего угсарч байгаа юм шиг уян хатан, түвэг багатайгаар зүгшрэх боломжтой боллоо. Манай шинэ аппликэйшний давуу тал гэвэл, харилцагчид салбарт ирэх шаардлагагүйгээр зээл, хадгаламжийн бүх үйлчилгээг зөвхөн онлайнаар авч чадахаар болсон. Харилцагчаа таньж мэдэхийн тулд банк үйлчилгээ үзүүлэх хүнээ заавал аль нэг салбарт хүрэлцэн ирэх, нотариатаар баримт баталгаажуулах шаардлага тавьдаг байсан бол одоо бид Засгийн газрын ХУР, ДАН системүүдтэй холбогдсоноор зайнаас бүрэн үйлчилнэ. Банкны хууль эрхзүйн зохицуулалт банк бус санхүүгийн байгууллагууд дээр хамаардаггүй учраас түвэг чирэгдэл бага байдгаараа финтекүүд банкуудаас түргэн шуурхай үйлчилдэг байсны ялгааг бид арилгалаа.  Би багтаа 3-6 сар тутам аппликэйшнаа шинэ үйлдлээр цэнэглэж хөгжүүлэлтийг улам бүр төгс болгохыг даалгасан. ХасБанкны үндсэн систем, аппликэйшнаас гадна маш чухал нэг зүйл бол API гэх холболтын систем болж байна. Бид ямар ч компанийн системтэй холбогдох боломжтой болж, одоогоор 60 гаруй байгууллагатай холбогдсон, цаашид нэмэгдээд явах юм.   

-Санхүүгийн үйлчилгээг цахимжуулснаар гарч буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ХасБанк ямар ажлуудыг хийж байна вэ? 

-Кибер аюулгүй байдлыг хамгаалах, цахим гэмт хэргээс сэргийлэхийн тулд банк тус бүр бие даан ажиллах нь үр дүн багатай учраас системээрээ хамтрах хэрэгтэй юм билээ. Монголбанк, Банкуудын холбоо, арилжааны банкууд, зарим банк бус санхүүгийн байгууллага Цагдаагийн газартай хамтраад “Ятгах тусам нягтал” нэртэй нийгэмд хандсан ажил явуулсан. Цахим гэмт хэргүүдийг ажиглаад байхад иргэдийн гэнэн итгэмхий байдлыг далимдуулан үйлдэгддэг нь харагддаг. Жишээ нь, олон нийтийн сүлжээгээр лайв хийж, “Та регистр, цахим шуудан, утасны дугаар болон банкныхаа дансыг үлдээгээрэй, бид 10 мянган төгрөг шилжүүлье” гэдэг. Хүмүүс олноороо хүссэн мэдээллийг нь өгнө. Ингээд 10 мянган төгрөг авах гээд дансаа хоослуулж орхих. Гэмт этгээдүүд иргэдээс авсан чухал мэдээллүүдээс дансны нууц үг байж болох хувилбаруудыг тогтоож, түлхүүр тааруулах замаар бусдын данснаас их хэмжээний мөнгө дээрэмддэг. Тэгэхээр хувийн мэдээллээ болгоомжгүй үйлдлээр бусадтай хуваалцахаас иргэд өөрсдөө татгалздаг байх хэрэгтэй. Ямар ч хувийн мэдээлэл гартаа оруулалгүйгээр банкны систем рүү нэвтэрч, бусдын данснаас мөнгө авна гэдэг маш их зардал, өндөр ур чадвар шаарддаг бөгөөд тийм хулгай дэлхийд ч тун ховор тохиолдол.  

-Иргэд мөнгөө банканд хадгалуулах гэхээсээ криптовалют авбал ашигтай гэсэн сурталчилгааг сүүлийн үед багагүй анхаарах болсонд Та ямар байр суурьтай байна вэ?

-Миний анзаарснаар, койн руу хэсэг шуурч байтал блокчэйн гээд ард нь нуугдаад байгаа юм. Койныг шүүмжлэхээр хүмүүс блокчэйн ойлгодоггүй юм уу гэж довтлоод байдаг юм. Тэгэхээр бид блокчэйн бол технологи юм гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй. Блокчэйн бүх салбарт технологийн тэсрэлт гарцаагүй хийнэ. Тэгвэл койн гэж юу юм гэдгийг хялбаршуулж хэлбэл, энэ бол блокчэйнд суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Койн, блокчэйн хоёрыг хөрөнгө оруулалтын талаас нь хольж ойлгож болмооргүй тусдаа асуудал байгаа биз. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл криптовалют гэхээсээ криптовалютыг олон нийтэд сурталчилж байгаа арга, эрхзүйн ямар ч зохицуулалтгүй байдал. Та хэдэн зуу дахин үржүүлж олно, болгоомжлоод байгаа бол зөвхөн алдахад харамсахгүй мөнгөө хийгээд үз гэх мэтээр мөрийтэй тоглоомын шинжтэй, бусдыг донтуулж, ухаан санааг нь урхидах замаар хоослох маш ёс зүйгүй сурталчилгаа, үйлдлүүд газар аваад байна. Хүмүүс койнд улайран шунах тусам хөөс бий болно, хөөс хагарахад заавал хохирол гарна. Сайн технологитой, ёс зүйтэй сурталчилгаатай, цаана нь үнэ цэнтэй бизнесийн санаатай, алсын хараатай, удирдлагууд нь бизнес санхүүгийн туршлагатай койн гараад байх шиг итгэл үнэмшил төрүүлээд байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр миний хувьд нэг л зөвлөгөө өгмөөр байна. Бүх койн статистикийн магадлалаараа амжилттай байх ямар ч боломжгүй ээ. Амьдралд 80:20-ийн зарчим баримтал гэсэн яриа байдаг шүү дээ. Түүн шиг 80 хувь нь ашиггүй, эсвэл алдагдал хүлээнэ, 20 хувь нь дунд зэргийн ашигтай, үүнээс нэг хувь буюу топууд нь ашгаа аваад гарна. Нийлбэр нь тэгтэй тэнцэх ийм л тоглоом юм. Богино хугацааны сэтгэл хөөрлөө удирдахгүй бол хэдэн жилийн өмнөх Хадгаламж зээлийн хоршооны хохирогч шиг олон хүн хоцрох нь гарцаагүй. Сая гэхдээ Виртуал хөрөнгийн хууль батлагдлаа, зохих зохицуулалттай болсон нь сайн хэрэг. 

-Эдийн засгийн хямралгүйгээсээ хямралтай байх нь өөрөө манай улсын бодит нөхцөл болж байна. Та Ковидын ирээдүйд учруулах алдагдал, тахлын дараах нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, ХасБанканд ямар төлөвлөгөө боловсруулж байна вэ?

-Манай банк үүсэн байгуулагдсан цагаасаа эх дэлхийгээ хайрлах уриатай ажиллаж, ногоон бизнесийг дэмжиж ирсэн нь ковидын дараах ХасБанкны алсын хараа, “Эх дэлхий” “Эрдэнэт хүмүүн”, “Эрүүл ашиг” үйл ажиллагааны зарчим, онцлогийг улам бүр тодорхойлох болно. Бид байгаль орчинд сөргөөр нөлөөлөх алив санаа, бизнесийг дэмждэггүй, хамтран ажиллахаас татгалзсаар ирсэн. Коронавирус хаанаас бий болов гээд судлахаар олон эрдэмтний таамаг улам бүр нэг учир шалтгаанд тогтсоор байна. Уур амьсгалын өөрчлөлт, хотуудад хэт төвлөрөл үүсэж байгаагаас байгаль сүйдэж, төрөлх эко орчноосоо нүүдэллэсэн амьтдын биед байгалийн жамаар өөрийгөө хамгаалах вирус үүссэн нь өөр амьтанд халдварласнаар мутац бий болгосон хүнд халдварласан байна шүү дээ. Хүний үйл ажиллагааны улмаас хүн төрөлхтний амсаж байгаа ээлжит цар тахал бол Ковид. Тэгэхээр ХасБанк ковидын дараа уур амьсгалаа, байгаль орчноо хадгалж хамгаалахын тулд өмнө бүтээсэн үнэ цэнээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. 

-Ярилцлагынхаа сүүлчийн асуултыг Танд тавья. Банк бол ашгийн төлөө бизнесийн хатуу зарчим баримталдаг байгууллага. Ялимгүй зөөлдөхөд хаа нэгтээ доголдол үүсэх, олон хүн хэмжээлшгүй хохирох магадлалтай газар. Банкны захирал байх хэцүү юү?

-(Инээв) Хэцүү. Бид нэг талаас нь харвал ашгийн төлөө бизнес, нөгөө талаараа бол нийгмийн байгууллага юм шүү дээ. Банкны үзүүлж буй үнэ цэн гэж юу болохыг бид жил бүрийн тайлангаасаа тодорхой хардаг. Хадгаламж эзэмшигчдэдээ бид жил бүр хэдэн төгрөгийн хүү төлж өгөөж бүтээв? Хэдэн зээлдэгчийн хүсэлт хангагдсан бэ? Ажилтнууддаа хэдий хэмжээний цалин урамшуулал олгов, нийгмийн даатгал гэх мэт зардлуудад хэдийг төлөв? Хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэнийг ажлын байраар хангав? Ашгаасаа бид улсдаа хэр хэмжээний татвар төлөв? Эдгээр асуултад хариулж чадах дүнгүүдийг графикт оруулахаар тэнцвэр харагддаг. Үүнд миний сэтгэлзүйн тэнцвэр, итгэл үнэмшил, үнэ цэн байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.