Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Хүн бүр жаргалтай байхад гуниглаж байгаа минь зүгээр үү?


Дурсах, гуниглах бас баярлах ямар олон зүйл байна вэ. Энэ болгон бидний амьдралыг хэлбэржүүлж, өдөр болгоныг өнгө өнгөөр солонгоруулан байдаг. Шинэ он гарах гээд хүн болгон догдолж, инээд хөөрөөр үүрэн бас завгүй цаг үеийг өнгөрүүлдэг дээ? Баярын бялуу, амттан, жүрж авахаар гүйлдэж, хүүхдүүддээ бэлэг зэхээд л. Эсвэл төрсөн өдрийн үдэшлэгт догдлон, өмсөх хувцсаа бодон эргэлдээд л. Ажлынхантайгаа гадуур сууж, инээлдэж хөхрөлдөн хундага дарс уухдаа ирээдүйгээ ярилцан урам зориг аваад л. Хүүхдийнхээ тоглохыг харж, сэтгэл тэнэгэр инээмсэглэн, яг л хийх ёстойгоо хийчихсэн мэт тайтгараад л. Гэхдээ ийм эгэл, жаргалтай мөчүүдэд ч би нэг л гунигтай байгаа нь... зүгээр үү?

(Cover illustration: Momo Sweet Peach

Illustrations: Mikiko Noji)

Саяхан 26 нас хүрээд чүү ай ойлгож авсан нэг зүйл нь, бид яаж ч хичээгээд өөрчлөгддөг юм байна гэх бодол. Би одоо арван долоон настай шигээ аашилсаар үлдэж чадахгүй бөгөөд юм бүхэн өөрийн болох ёстой цаг үедээ тохиодог юм билээ. Амьдралын нэгэн хэсэг бол нас суух, бүх зүйлийн тухай хөнгөн дурдаад өнгөрөх бус ухаж боддог болох. 

Миний дуртай, гоё амттан зардаг байсан дэлгүүр хаагдаж байхад 16 настай би "Өө дуртай дэлгүүр минь хаагдчихлаа, за байз хаанаас амттанаа олох вэ" гэж бодож байлаа. Саяхан байрны доор байдаг дэлгүүр хаалгаа барихад 26 настай би "Түрээсээ төлөх аргагүй болсон байх даа, одоо энд ямар хүн ирж ажиллуулах бол? Үнээ нэмэх болов уу, хүн тогтох болов уу, баримт өгдөггүй байсан даа, эзэд нь хаашаа явсан бол..." гэх мэт зүйл бодоод зогсож байв. Эндээс эхлээд л бидний амьдралын явцад олж авдаг өөрчлөлтүүд харагдаж эхэлнэ. Бага, залуу байхад ямар ч том асуудал жижиг, том болох тусам ямар ч жижиг асуудал том санагдаж эхэлдэг.

Үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр бид жаргалтай үедээ ч цаанаасаа өөр зүйл бодчихсон сууж байдаг. Завгүй, өдөр тутмын шуугиантай амьдралын дунд бид жижигхэн зүйлд талархаж, баярлахаа мартчихдаг юм шиг ээ?

Саяхан миний төрсөн өдөр болсон юм. Найзууд минь надаас юу хийх вэ гэж асуухад үнэндээ надад ямар ч бодол байгаагүй. Тэд миний өмнөөс догдолж байхад би эсрэгээрээ... Юунд ч юм санаа зовно, юуг ч юм эргэцүүлнэ, тулж ирэх хүртэл нь юу хийхээ ч мэдэхгүй. Тэр үед би өөрийгөө л болохгүй байна даа, баярлах ёстой атал яагаад байна аа гэж гайхаж байлаа. Гэхдээ энэ... тийм ч аймшигтай зүйл биш ээ. Хэдэн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн би, яг тэр үеийнхээ хариу үйлдлийг өөрөөсөө хүсэж байсан. Гэхдээ өдөр өнгөрөх тусам аливаа зүйл хувьсан өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгож авч байна. Нэг л өдөр би дахиад өөрчлөгдсөн байгаагаа анзаарна. Тэр үед би ээжийгээ өөрөөсөө олж харах болов уу? Төрсөн өдрөө гоё тэмдэглэх гэсэн догдлол, хүлээлттэй, баяр болгоноор хэн нэгнийг баярлуулах гэсэн нууцхан гэнэтийн бэлгүүдийг ханцуйндаа нуучихсан орж ирдэг...

Цаг хугацаа бидэнд өөр юу бэлдсэн бол, би ямар өөрчлөлтийг туулах бол гэхээр сэтгэл догдлом биш гэж үү? Би хоёр жилийн дараа ямар хүн байх бол, арван жилийн дараа, тэгээд бүр эмээ болсон хойноо ач зээ нартаа юу гэж дуудуулдаг болсон байх бол... Бид нэгэн хэвээр л хөгширсөөр байдаг бол догдлон хүлээх зүйл амьдралд үгүй болно. Харин өдөр болгон бид өөрчлөгдөж, баярлах ёсгүй үедээ баярлаж, уйлах ёстой үедээ инээж, айх ёстой үедээ зоригжин тэмүүлж байгаа нь, бусад хүн жаргалтай байхад гуниглаж байгаа нь амьдралын нууц дүүрэн цаг хугацааны урсгалын бэлэг биш гэж үү?

Тиймээс та гуниглаж байгаагаа ч хайрлаасай гэж би хүсэж байна.

Инээж байгаа өдрүүдээ дурсан санаж, ууртай, атаархуу, гомдож цөхөрсөн мөчүүдээ ч амьдралын тань нэг хэсэг хэмээн бодож өнгөрүүлэхийг хүсье. Гунигтай мөчдөө үүрд дарагдан үлдэхгүйн төлөө, яг одоо та гунигтай байгаа ч нэг л өдөр инээнэ гэдгээ санаасай гэж хүсье. 

Найз минь, уншигч минь, би яг одоо гунигтай байгаа шиг чи ч бас гунигтай байна уу?

Зүгээр дээ. Уйлах үедээ уйлж, цөхрөхдөө цөхөрч, дахин босохдоо өөрөөрөө бахархаж, өөрийгөө тэвэрч, өөрчлөлт болгоноо өөрийн нэгэн хэсэг хэмээн ойлгоорой. Гурван жилийн дараах төрсөн өдрөө би яаж тэмдэглэж байхаа мэдэхгүй ч, тэр үед одоогийн гуниглаж байснаасаа өөр байхыг л мэдэж байна. Энэ л гарцаагүй үнэн билээ.

Бидний гунигт хэдэн зуун шалтгаан байж болно. Үүнд буруу зүйл огт байхгүй гэдэгт итгээрэй. Ямар ч шалтгаан байсан та өөрийгөө бусдаас хоцорч байна, өөр байна, муухай байна гэж харин бүү бодоорой. 

Учир нь бидний амьдрал бол чихэр дүүрэн таваг. Гараа сунган шүүрэхэд таны дуртай чихэр ч гарч ирж магадгүй, бүр эсвэл таны огт дургүй амттан байж ч мэднэ. Амьдрал ямагт нэгэн хэвийн байдаггүй, тиймээс л амттай байдаг. Гуниглаж, ганцаардаж байгаа учраас л бид илүү сайхан өдрүүдийг элгэндээ наан хайрлах боломжтой болдог юм. Тиймээс нийтлэлийн гарчигт өгөх хариулт бол: Зүгээр дээ.

Нар, сар ээлжлэх хооронд улам том болж байгаа, тэнэг алдаа гаргаж, утгагүй үг хэлж, заримдаа шархалж, гомдож бас инээмсэглэж, итгэл тээж, хайраар дүүрч байгаа өөрөөрөө бахархаарай. Энэ хүртэл ирэх гэж ямар их зүйлийг туулсан билээ дээ. Тиймээс гуниглах боломжийг ч өөртөө олго.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
11
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tsetseg~ 2022.10.05 103.126.107.154

Yaltchgu tanii bichdeg niitlele shildeg bhiimdaa T^T

0 Хариулах