Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

"Баавгай болохсон" кино төсөл: Урлагийн хэлээр чиглүүлэхүй


ӨВӨЛ БҮР УЛААНБААТАРТ ТУЛГАМДДАГ ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ БОЛ УТАА. УТААГ АРИЛГАХЫН ТУЛД БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ? УТАА АРИЛАХГҮЙ БАЙГАА ГОЛ ШАЛТГААН ЮУ ВЭ ГЭДГИЙГ “АМИГДАЛА ФИЛЬМС”-ИЙН ПРОДЮСЕР, НАЙРУУЛАГЧ П.ЗОЛЖАРГАЛ “БААВГАЙ БОЛОХСОН” КИНОГООРОО ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛ УГ ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА. 


Түлэх нүүрсгүй, түлээ авах боломжгүй хүмүүс баавгай шиг ичдэг байсан бол амар биш гэж үү? Энэ санаагаар “Баавгай болохсон” гэж кино төслөө нэрлэжээ. Уг бүтээл үзэгчдийн хүртээл болоход цаг хугацаа, хөрөнгө мөнгөнөөс ихээхэн хамаарч байгаа. Дэлхийн хэмжээний бүтээл болгохын тулд П.Золжаргал буюу Зоро томоохон кино фестивалиудыг зорьж, нэр хүндтэй олон орны уран бүтээлч, продюсер, найруулагчтай уулзаж, суралцаж, шүүлгэж, түүнийгээ кинондоо шигтгэж, шингээсээр кино зохиолоо эцсийн байдлаар бэлэн болгожээ. 

Зоро “Би багаасаа кино үзэх их дуртай байсан. Кино үзэхээрээ жаргалтай болж, итгэл найдвар авдаг байсан л даа. Намайг 13 настай байхад манайх гэр хороолол руу нүүж, ээж тэнд дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Тэгж л би өмнө нь огт мэддэггүй байсан ертөнц, амьдралд “нухлуулж” байгаа хүмүүсийг олж харсан. Ургамлын тос граммаар авахаас эхлээд архи зээлэхгүй бол лангуун дээр тэрийгээд хэвтчихдэг хүн ч орж ирнэ. Дэлгүүрт ээждээ тусалснаар би нийгэмтэй нүүр тулж, хүрэлцэж эхэлсэн юм. “Хоосон харьвал аав ээж оруулахгүй” гээд талх зээлэхээр зогсох хүүхэд ч байлаа. Нэг архичин ах хүүхдээ дагуулж орж ирээд 0.75-ын архи авлаа. Хүүхэд нь харваас өлсчихсөн идэх зүйлсээс харцаа салгаж чадахгүй байсан чинь арван төгрөгийн ширхэг чихрээр хуураад гарч явсан дүр зураг сэтгэлд их тод үлдсэн л дээ. Тэр үед би тэдгээр хүүхдүүдийг мэдэрдэг яаж аз жаргалтай болгох тухай бодож эхэлсэн юм. Киноноос авдаг итгэл надвараа тэдэнд өгмөөр санагдсан. Зурагтаар гоё юм үзүүлдэг болохсон гэж бодож билээ” гэв. 

Цөмийн физикч болох мөрөөдөл ч бас л түүнийх. Дүүрэг, нийслэлийн олимпиадад оролцох бүрт эхний гурван байрыг “Шинэ Монгол” сургуулийн сурагчид авч байсан тул тэнд сурахаар шийджээ. Ээжийгээ ятгаж, их сургуулийн төлбөрт нь хуримтлуулж байсан мөнгийг нь “Шинэ Монгол” сургуулийн төлбөрт өгч, тэтгэлгээр их сургуульд сурахаар зориг шулуудсан тэрээр санасандаа хүрчээ. 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцлээ. “Кино урлаг хүмүүст маш ихээр нөлөөлдөг. Тийм ч болохоор “Агшин” кино гарсны дараа хүмүүс амиа хорлох нь ихэссэн. Үүнийг нь “агшиндах” гэж ч нэрлэдэг болсон. Би Ди Каприогийн “Цуст алмаз” киног 17 настайдаа үзээд хэзээ ч алмааз зүүхгүй, алмаазанд шунахгүй гэж шийдвэрлэх жишээ-тэй. «Кино хүнд нөлөөлдөг нь үнэн учраас би кино хийдэг хүн болохыг хүсэж байгаагаа итгүүлсэн учраас тэтгэлэгт шалгарч чадсан гэж боддог». 

Ингэж л Зүүн салаанд амьдардаг охин Япон орныг зорьсон түүхтэй. Тэнд өнгөрүүлсэн оюутны дөрвөн жил түүнд тийм ч амар байсангүй. Хангалттай оноо авч чадахгүй бол тэтгэлгээ алдахад хүрэх байв. Тэр энэ тухай “Манай сургууль маш хатуу. Ангийн 10 хүүхдийн 10 хувь нь буюу нэг нь л “A”, 20 хувь нь “B” үнэлгээ авах эрхтэй. Хэрвээ дүнгийн голч “В”-гээс унавал тэтгэлэг зогсоно. Тийм болохоор би маш сайн хичээж, олигтой байх хэрэгтэй болсон л доо. Эхний хагас жил зөвхөн япон хэлээ л хийсэн. Яваандаа орчиндоо дасаж, мөнгө төгрөгөө зарцуулах чадвартай болж, хичээлийн хажуугаар сайн чанарын киног өргөн дэлгэцээр үзэхийн тулд цагийн ажил хийж эхэлсэн” гэлээ. 

Нэг удаа тэр Шинжикүд музей үзэж яваад Ван Гогийн “Наранцэцэг” уран зургийн эх хувилбарыг хараад зогтуссан гэдэг. “Дори Идэр дүүдээ” номоос анх тэр зургийг харахдаа эхийг нь үзэх хувь тохиохгүй байх гэж бодчихсон нь харах агшинд хүчтэй мэдрэмж төрүүлсэн байх. Гайхамшигтай зүйлийг өөрийн нүдээр үзэж таашаасан мөчид Японд сурах дөрвөн жилд мөнгөө өөрөөсөө харамлаж, хурааж болохгүйгээ ойлгожээ. Ингээд хаана гоё жүжиг, кино гарч, хаана музей, үзэсгэлэн нээгдэнэ тийшээ зорьж очдог болсноо ”Урлагийг хүмүүс завтай цагаараа жаргах гэж үзэж, сонирхдог. Миний хувьд хүмүүсийг илүү жаргаахын тулд эхлээд өөрөө туршлага хуримтлуулж, урлагаас авах таашаалыг мэдрэх хэрэгтэй байсан” хэмээн тайлбарласан. Эхний семестертээ дандаа А үнэлгээтэй сурсан Зород кино зохиолын багш нь “Чи бүх хичээлээ онц дүнтэй хийсэн нь сайн байна. Гэхдээ чи F авч үзэх хэрэгтэй. Энэ мэдрэмжийг авч чадахгүй бол чи муу авсан хүний сэтгэлзүйг зохиолдоо гаргаж чадахгүй шүү дээ. Чи бол кино хийх хүн. Энэ хорвоо дээр элдэв хүн болоод амьдрал бий” гэсэн нь түүний тархины түгжээг мулталжээ.

Зоро “Кино гэдэг ерөөсөө түүх өгүүлэх юм. Тухайн киноны гол дүрийн амьдралаар үзэгчдийг амьдруулж, гол дүрийг дагах боломж л олгож байгаа хэрэг. Тэгэхээр кино хийхэд хэний, ямар амьдралыг өгүүлэхийг хүсэж байна, энэ түүхийг өгүүлэхгүйгээр чи оршиж чадах уу, яагаад энэ түүхийг өгүүлэх ёстой вэ гэдэг маш чухал. Хэрвээ нэг кино төсөл эхлүүлээд дундаас нь хаячихвал тухайн дүрийн дуу хоолойг энэ хорвоод хүргэхийг хангалттай хүсээгүй л гэсэн үг” гэлээ.

Японоос ирээд хоёр кинонд туслах найруулагчаар ажиллаж, ээж болж, Японы хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байсан түүнд “Баавгай болохсон” кино зохиолыг бичих санаа 2016 онд төрсөн нь агаарын бохирдлын тухай Хятадын баримтат кино зурагтаар гарч, төд удалгүй “Утааны эсрэг эцэг эхчүүдийн групп” үүссэнээс эхтэй. Хүмүүс талбай дээр утааны эсрэг жагсаал зохион байгуулж, төр засгийнханд дуу хоолойгоо хүчтэй хүргэх үед зарим хүмүүс гэр хорооллынхныг “оркууд” гэж нэрлэж эхэлжээ. “Гэр хорооллынхон санаатайгаар агаар бохирдуулж, хүүхдүүд хордуулж байгаа мэт хандлага гарч, янз бүрийн пост, сэтгэгдлүүд хүмүүс бичиж эхэлсэн. Хүн ээж болохоороо нийгмийн асуудалд илүү мэдрэг болдог юм билээ. Хүмүүс дулааны шугамыг гэр хороолол руу татъя, тавдугаар цахилгаан станц барья гэж жагсдаггүй мөртлөө “Утааг устгая” гэж жагсаж байсан нь намайг бухимдуулсан. Манайхан хэлбэр дүрс, шинж тэмдэгтэй л тэмцдэг. Асуудлын уг үндэстэй нь тэмцдэггүй ард түмэн. Хэн ч хүмүүсийг хордуулахын тулд гал түлэхгүй шүү дээ. Гэр хорооллоос гарч байгаа утаа зарим хүмүүсийн бодож байгаа шиг хорон ажиллагаа биш гэдгийг харуулахын тулд кино хийхээр болсон. Би утааны жагсаалын үеэр гурван өдөр суугаад л кино зохиолоо биччихсэн. “Баавгай болохсон” киноны эхний зохиол тэгж л бүтсэн юм” гэлээ.

Энэ кинонд нэгэн хүү түлэх зүйл хайж гэр хорооллоор явж байгаа тухай гарах аж. “Зохиолын анхны хувилбар бол гомдсондоо бичсэн “dark draft” л даа. Учир дутагдалтай. Найздаа уншуулахад “Зохиол чинь маш хуурай байна. Наад хүүхдэд чинь ямар нэг юм хэрэгтэй. Ядуу гээд хэн ч өдөржин уйлаад суудаггүй биз дээ” гэв. Зохиолоо нэлээд бодсон. Ер нь хүмүүс ядуу болохоороо нүүрс түлж байгаа шүү дээ. Яагаад хүн ядуу байдгийг  бодохоор боловсролын түвшинтэй хамааралтай болсон. «Боловсролгүй учраас сайн ажилд орж, өндөр цалин авч чадахгүй, боловсролгүй болохоор өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж чадахгүй байгааг ойлгосон” гэсэн юм. 

Дэлгүүрт будаа граммлаад зогсохдоо ирээдүйд ч энэ хэвээр байх юм шиг санасандаа “Би эндээс явмаар байна” гэсэн ганцхан том хүсэлтэй байж. Тийм болохоор “Баавгай болохсон” киноны гол дүрийг гэр хорооллоос явах чин хүсэлтэй, орчноо маш сайн мэдэрсэн хүүхдээр төлөөлүүлж, хичээл хийхийн хажуугаар өвлийг дулаан гэрт өнгөрүүлэхийн тулд өдөржин түлээ, шатаах хаягдал дугуй хайж буйгаар үйл явдал өрнөх юм. Ингэж агаарын бохирдлын эсрэг хийхээр болсон кино эцсийн дүндээ боловсролын тэгш бус байдлын тухай кино болж хувирчээ. 


Найруулагч чансаатай бүтээл хийхийн тулд үүргэвчдээ төслөө хийгээд томоохон кино фестивалиудаар явж эхлэв. Үүнийгээ тэрээр “Кино бол урлаг бас бизнес. Энэ хоёр балансыг тааруулах ёстой. Шатахгүй гээд би бэлэн өгөөштэй, хөнгөн, худал кино хийхийг хүсэхгүй. Зөвхөн мөнгө олох гэж дутуу дулимаг, амьдралыг хэт хөнгөн, худал харуулсан кино хийж чадахгүй. Дээрээс нь киногоо бүтээхийн тулд бүх зүйлээ зориулах учраас олон хүнд үзүүлж, хүргэхийг хүсэж байна. Манайх шиг хөгжиж буй орны уран бүтээлчид олон хүнд киногоо хүргэхийн тулд фестивальд шалгарах, фестивалиас шагнал авч байж кинотеатруудад гаргах эрхтэй болно. Netflix ч гэсэн Монголоос кино авъя гэвэл фестивалиудаар хэр явсныг харна уу гэхээс Монголд сод бүтээл хийснээр нь дүгнэхгүй л байх. Би жишээлбэл Уругвай, Украйн, Угандад амьдардаг хүмүүст ч киногоо хүргэмээр байна шүү дээ” гэлээ.

Тэрээр “Berlinale Talents”-т оролцохын тулд 2014 оноос хойш материалаа илгээсэн ч тэнцээгүй тул Азийн кино уран бүтээлчдэд зориулсан хувилбар болох “Talents Tokyo”-д 2017 онд тэнцэхдээ л кино төслөө сая “амьтай” болж байгааг ойлгожээ. 20 орноос тэнцсэн уран бүтээлч Токиод кино төсөлтэйгөө очоод долоо хоногийн турш дэлхийн хэмжээний томоохон продюсер, найруулагч зэрэг 4-5 ментороос сургалт авсан төдийгүй хэрхэн киногоо ярьж, “панаалдаж” мөнгө олох аргыг ч заалгасан байна. Тэнд очоод “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 долларын шагналын сантай уралдаанд түрүүлжээ. Энэ нь түүнд өөртөө итгэх итгэл өгсөн үр өгөөжтэй санхүүжилт байлаа. “Энэ ертөнцөд ийм түүх яригдах ёстой гэдэгт хүмүүс итгэж байгааг ойлгоод үүний араас явах хэрэгтэйгээ мэдэрсэн. Кино зохиол зөвхөн монголчуудад биш дэлхийн хэмжээнд хүлээн авч, ойлгохуйц байх хэрэгтэй. Хүн бүхэнд тохиолддог баяр баясал, гуниг харуусал, догдлол, хайр байж л кино болно. Тэндээс ирээд шагналын мөнгө дээрээ нэмж зээл аваад “ Torino film lab”-руу материалаа явуулж, Италид дөрвөн өдрийн сургалтад суусан. Тэнд 2018 оны зургаадугаар сард сургалтад суугаад юу бичих ёстойгоо маш сайн ойлгоод ирсэн. Явах тусам дэлхийн кино урлаг хэрхэн “хөдөлдөг”-ийг бага багаар ойлгож байна” хэмээн ярилаа. Үүний дараа Азийн А зэрэглэлийн Бусаны кино наадмын залуу найруулагчдын сургалт, Локарно олон улсын кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр, Хонконгийн кино маркетад оролцсон зэрэг кино зохиолоо бичиж эхэлснээс хойш гурван жилийн турш “Баавгай болохсон”-ы аялал үргэлжилсэн байна.  

Энэ талаар П.Золжаргал “Кино маань зүгээр нэг савангийн дуурь биш. Жил бүрийн өвөл утааны хэрүүл, утааны попрол эрчээ авах болгонд бачууруулдаг түүх л дээ. Гэр хорооллын нүүрсний үнэрээс би ичдэг байсан. Энэ бол нийгмийн давхаргын үнэр. Би “Talent Tokyo” руу явахдаа энэ киног 150 сая төгрөгт хийхээр төсөвлөсөн байлаа. Гэтэл тэнд продюсерүүд намайг шоолоод “Төслөө 250 мянган долларын төсөвтэй болго. Чи дэлхийн түвшний кино хийнэ гэсэн биз дээ. Яаж өөртөө цалингүй ажиллах юм бэ. 50-аас дээш мянган долларын төсөл биш бол чамд ямар ч гадаад продюсер олдохгүй. Хэнд ч ашиггүй шүү дээ” гэсэн. Уг нь стандартын тоног төхөөрөмжөөр, хүн бүрт хангалттай цалин хөлсийг нь өгөөд хийвэл 250 мянга гаруй доллар болно. Би тэгж зүрхлэхгүй л байсан хэрэг. 

2019 оны наймдугаар сар хүртэл киногоо 250 мянган долларын өртгөөр төсөвлөж явсан. Анхны киногоо хийх гэж яваа залуу найруулагч тийм их төсөвтэй кино яриад явах нь бодит байдал дээр амаргүй л дээ. “Номадиа пикчерс”-ээс зохион байгуулдаг кино төслийн уралдаанд би “Баавгай болохсон” төслөөрөө шалгарахад тус компанийнхан тодорхой хэмжээний хөрөнгө оруулахаар болсон. Ийм том зүйлийн араас “галзуу” юм шиг хөөцөлдөөд санасандаа хүрч чадахгүй яваа ч сурч буй зүйл их тул заримдаа нүүрээрээ унасан ч гэсэн баяртай л байгаа” гэлээ.

П.Золжаргал охинтойгоо Netflix-ээр кино үзэхээр “Та кино хийгээд л байдаг. Таны кино энд байдаггүй юм уу?” гэж асуудаг аж. Ээжийнх нь бүтээсэн кино Netflix-д орж амжаагүй ч өнгөрсөн аравдугаар сард болсон Улаанбаатар кино наадмаар түүний хийсэн богино хэмжээний “Шат” киног гарахад охин нь хамгийн гоё даашинзаа өмсөж очоод баяртайгаар үзжээ. “Манайх хоёр жилийн өмнө Зүүн салаанаас байранд орсон. Олон хэрэгцээ маань хангагдсан ч намайг дүүрэн жаргалтай болгоогүй. Харин миний “Шат” киногоор дамжуулаад тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан ганц ч болтугай шат Улаанбаатарт баригдвал би аз жаргалтай болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

"Би киногоо хийхээс өөр замгүй. Хийхгүй бол амьдралынхаа турш харамсах байх. Киногоо хийхийн төлөө явж, энэ бүх замыг туулсны эцэст манай улсад мэргэжлийн продюсер маш их хэрэгтэйг ойлгосон. Энэ киногоо би найруулчихмаар байна. Түүнээс хойш продюсер болно. Олон улсад кино бүтээж, түгээх талаар зах зухаас нь мэддэг болсон учраас авьяастай, кино хийхээр шатаж яваа уран бүтээлчийг олоод продюсер хийх хэтийн зорилго бий” гэсэн юм. 


“Баавгай болохсон” кино төслийн нийт төсвийн 65% бүрдсэн бөгөөд зураг авалт дуусахад шаардлагатай үлдсэн хэсэгт хөрөнгө босгохоор кино баг хандивын уулзалт хийх гэж байна. Та энэ сарын 14-нд "Fat Cat Jazz Club"-д зохиогдох эвэнтэд биеэр оролцон эсвэл дансаар хандив өргөх боломжтой. 

Хандивийн данс: 

Голомт банк, 3005128321

Амигдала Филмс ХХК

Гүйлгээний утга: Овог, нэр, холбогдох утасны дугаар

Та "Баавгай Болохсон" кинонд хандив өргөж дэмжсэнээр:

  • Киноны төгсгөлд нэрээ оруулах
  • Кино дууссаны дараах тусгай үзвэрт уригдах
  • Киноны гол дүрүүдтэй зураг авахуулах
  • Ид Шидийн орны үйл ажиллагааг тогтвортой дэмжих ид шидтэй хандивлагч болох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  даран аваарай. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.