Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Вакцин


Ковидоор өвдсөн хүмүүс нэг жилийн өмнө халдварласан, эдгэсэн түүхээ ам нээхээс эрс татгалзаж байлаа. Хөршөөс нь авахуулаад олон нийтийн дунд буруутгах, цэрвэх хандлага ид байснаас тэд дургүйцдэг байв. Коронавирусийн вакцин сураг төдий, тахлын талаарх ойлголт бага, бүх зүйл бүдэг бадаг байлаа. Вакцинжуулалт эхэлсэн ч биедээ чип суулгуулах тухай цуу яриа хүртэл тархаж, бид олон мэдэхгүйн дунд эргэлзсээр ирсэн. Ойлгомжгүй зүйлс өдөр өдрөөр нэмэгдэж, нийгмийн сэтгэл зүй бүхэлдээ харанхуй хонгилыг санагдуулам аймшигтай байсан үе л дээ. Харин нэг жилийн дараах энэ өдрүүдэд нүүр номоо дэлгэхэд л таны найзуудаас хэн нэг нь хоёр зураастай оношлуурынхаа зургийг дэлгэж, хүмүүс сайн дураараа эмчилгээний туршлагаа хуваалцаж байна. Гэхдээ коронавирусийн халдварыг энгийн ханиад шиг үзэх, үл тоох, бүх хүн тусаж байж энэ вирус устах мэтээр үлгэр зохиогчдод итгэх хэрэггүй. Одоог хүртэл тусаагүй бол хойшид ч халдвар авахгүйн төлөө хичээх хэрэгтэй. Вирус бүрмөсөн устаж алга болдоггүй сав ертөнцөд амьдрал үргэлжилнэ. 

Өмнөх өдөр нь түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан учраас ковид биш гэдэгт итгэлтэй байлаа. Бүтэн жил халдварлаагүй туршлагадаа дулдуйдан өөрийгөө сүрхий дархлаатай, бусдаас чанга биетэйд тооцож явав. Тиймээс коронавирусийн гурав дахь тунг алгасахаар шийдсэн, дөрөв дэх тунгийн тухай сонсохыг ч хүсдэггүй байсан юм. Яг над шиг бодолтой олон хүнтэй таарч явав. PCR хариу эерэг гарахад л нэг юм арай гэж өөрийнхөө бодит байдалд итгэсэн. Халуурч эхэлснээс хоёр хоногийн дараа амьсгалын дутагдлын шинж тэмдгүүд илэрч, зүрхний хэм огцом алдаж хөнжлөө ч хөдөлгөж чадахааргүй сульдаж эхлэхэд л би анх удаа вакцин хийлгээгүйдээ харамсаж үзлээ. Нойрны эмгэгтэй, бие нь хямрах төдийд цусны дээд, доод даралт нь ойртон эмнэлгийн тусламжтайгаар хэвийн байдалд ордог настай эгч минь коронавирусийн халдварыг миний дэргэд хөнгөхөн давахыг нүдээр үзэв. Эгч нэг сарын өмнө гуравдугаар тундаа хамрагдсан бөгөөд хэрэв тэр үед хориглож байсан бидний үгэнд орсон бол яаж хүндрэх байсныг төсөөлөхөд бэрх санагдана. Эргэн тойронд ковидоор өвдсөн цөөнгүй хүнтэй холбогдоход вакцинтай нь хөнгөн, над шиг вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд алгуурласан нь хүндэрсэн нь үнэн байв.  

Фашист Германы үед гуравдугаар рейхийн удирдлагууд булаан эзэлсэн зүүн Европын орнуудад вакин хориглох, тэдгээр улсын ард иргэдийн дунд вакцины эсрэг цуу яриа түгээх төлөвлөгөөтэй байж л дээ. Хэт үндсэрхэг фашист үзэл санааны үндэс нь социал дарвинизм буюу хүний нийгмийг өөрөөр нь шигших байгалийн цэвэрлэгээ явуулах шаардлага юм. 1942 оноос СС-ийн эмч нар таван жилийн турш эмчилсэн ч үр дүн гараагүй хүнд өвчтөнүүдээ шуудхан устгасан түүхтэй. 1939-1945 онд “эмчлэгдэхгүй” гэх шалтгаанаар 190 мянга шахам хүнийг хороосны дотор 5.8 мянган өсвөр насны хүүхдүүд байжээ. Орчин цагт вакцины хор хөнөөлийг эргэн тойрондоо сурталдах нь энэ үзэл санааны л салаа мөчир болж яваа хэрэг. Мэдэхгүй зүйлээ бичих, хэлэх, ятгах хэрэггүй. Вакциныг эсэргүүцэгчид эмнэл зүйн туршилтын тухай ул суурьтай ярьдаг бөгөөд энэ нь болгоомжтой хүмүүсийн анхаарлыг, итгэл үнэмшлийг гойд татдаг. Гэвч энэ нь үнэндээ бол халдвар тархаад л, өвчлөөд л, хүндрээд л, үхэж үрэгдээд л байвал юу болохыг турших эмнэлгийн туршилт болохоос өөрцгүй.  

Орчин цагийн шинжлэх ухаан Монгол оронд үүсэж хөгжсөний 100 жилийн ойг бид тэмдэглэж байна. 100 жилийн өмнө миний үеийн эмэгтэй (45+) ач, зээ нараа угтчихсан, одоо ганцхан үхэхээ л үзэх дутуу ахмад настан байлаа. Одоо эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.11, эмэгтэйчүүдийнх 75.78 буюу монгол хүний дундаж наслалт 70. Энэ үзүүлэлт арван жилийн дараа 74.5 болох тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Оросын эрдэмтдийн вакцины талаар олон жилийн хугацаанд явуулж буй судалгааны дүнгээр бол, хэрэв хоёр жилийн туршид хүн амдаа алив вакцин хийхгүйгээр зогсоох туршилт хийвэл хүн амын дундаж наслалт хоёр жилээр богиносох магадлалыг өгүүлжээ. 

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.13
Өнөөдрийн зурвас: Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтах албагүй
2
2022.05.11
Өнөөдрийн зурвас: Инээдэм, ханиадам
3
2022.05.05
Өнөөдрийн зурвас: Зүлгэн дээр суух юмсан
санал болгох
1
3 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
Өчигдөр
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
3
Өчигдөр
Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.17 202.126.90.143

Хүний эрх, сонголт ш дээ, өөрийн туршлага, өөрийн ойлголтоо ингээд хүнд тулгасан юм хийгээд яах гээд ч байдын

0 Хариулах