Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цагаан сарын зарга


Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх зөвлөмжийг одоогоос сар гаруйн өмнө Засгийн газар ард иргэддээ өгсөн билээ. Чингээд Төрийн гурван өндөрлөг өөр хоорондоо золгохгүй, улсынхаа хамгийн өндөр настнуудыг ордон тийш урьж тохойг нь өргөхгүй. Энэ нь ирж буй Цагаан сарын баярыг цар тахлын үеэр хэрхэн тэмдэглэх тухайд төр засгаас тавьсан зарлалын шинжтэй анхны мэдэгдэл болсон юм. Улсын онцгой комисс 2020, 2021 оных шиг хөл хорьсонгүй, найрсаг зөвлөгөө өгч байна. Зүгээр “гуйлт” гэж ч болох. 

Хаврын тэргүүн сарын шинийн 1 долоо хоногийн дараа гарах боловч бид бултаараа “өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх” гэдгийг юу гэж ойлгох вэ гэсэн асуулттай тулгараад, хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарласаар өдийг хүрлээ. “Өргөн хүрээнд биш гэдэг нь гэр бүлийн хүрээнд золгохыг ойлгоно” гэж дийлэнх нь тайлав бололтой. Тэгээд гэр бүлийн хүрээнд гэдэг нь эмээ өвөө, аав ээждээ тусдаа амьдардаг хүүхдүүд нь хүргэн, бэр, ач, зээ нарыг нь дагуулан хүрч очихын нэр хэмээн ойлгоцгоосон хэрэг л дээ. Харин Эрүүл мэндийн яам үүнд залруулга болгож, “Цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд биш, гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна” гэсэн ананс цахим сүлжээнд өчигдөр тараав. Хамт амьдарч буй хүмүүс л өөр хоорондоо золгохыг, айлчин хийж алт мөнгө цуглуулан явуутаар одохгүй байхыг Эрүүл мэндийн яам уриалсан нь энэ. Цагаан сарын өмнөх энэ зарга яах вэ, ялихгүй эд. Харин Цагаан сарын дараа..?

Зах дэлгүүрүүдэд уут уутаар бэлэг зэхэх хүмүүсийн хөл их байгаагаас харахад авга, нагац, худ, баз гээд энэ Цагаан сарын золголт өргөн болох янзтай. Гэтэл мэргэжлийн байгууллагууд коронавирусийн тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ хэмээн тооцоолж байгааг УОК анхааруулсаар байна. Аавын гэрт тал талаас цуглан хэдэн гэр бүлээрээ золголоо гэхэд хэн, хаанаас ямар хавьталтай ирж өтгөс нялхаст тараахыг тооцоолох боломжгүй.

Коронавирусийн омикрон хувилбар энэ сарын эхээр манай улсад бүртгэгдэн өдгөө хүн амын дунд халдварын тохиолдол өссөөр өдөрт 2300-д дөхлөө. Ковидын халдвар огцом өссөн, оргил үе тохиох хугацааны яг тэхий голд Цагаан сар тохиож байхад Улсын онцгой комиссын даргын гэр гэртээ шинэлэх найрсаг гуйлтын цаана ганцхан найдвар буй нь вакцин. Цагаан сараа элбэг дэлбэг, өргөн дэлгэр хийх, үгүйгээ комиссоор шийдүүлэхгүй хэмээн эсэргүүцэх иргэдэд ч өөр найдвар үнэндээ байхгүй. Улсын хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар Ковид-19-ын эсрэг вакциныг нийт хүн амын 69,8 хувь 1-р тун, 66,7 хувь 2-р тун, 31 хувь 3-р тунд хамрагджээ. 

Боловсрол, шинжлэх ухааны яам мөн Цагаан сарын дараа эхлэх байсан хоёрдугаар улирлын хичээл болон цэцэрлэг ажиллах товыг хоёрдугаар сарын 14 болгож долоо хоногоор сунгаснаа өчигдөр зарлав. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Сурагч, оюутнууд хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гарчээ. Цагаан сарын айлчин гийчний өргөн золголтын дараа цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл 14-нөөс эхлэх 5/9 хэлбэрийн сургалт бүрэн онлайнд шилжих магадлалтай. 

Цагаан сарын дараа танхимын хичээлийг хойшлуулснаас үүдэх сургалтын хоцрогдлыг хэрхэх, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болох тохиолдолд гол зарга үүсэх магадлалтай тул үр хүүхдийнхээ хичээл ном, эцэг эх, элгэн садныхаа эрүүл мэндийг дээдлэн гэр гэртээ шинэлцгээе. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.