Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Бид хэзээ ӨӨРИЙНХӨӨРӨӨ орших вэ?


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Өөрийнхөөрөө байх хэзээ ч амархан байгаагүй ээ. Чи байгаагаараа л байсны төлөө юмс заримдаа шударга бус, ойлгоход төвөгтэй байдаг.

Чи 18 дугаар зуунд Африкт төржээ гэж бодъё. Чамайг болон бусад арван хоёр сая африк хүнийг хар арьстай төрснийх нь төлөө боол болгохоор хулгайлан, Америкт авч иржээ. Тэднээс гурван сая нь амиа алдаж, үлдсэн нь эрх чөлөөгөө алдах гашуун хувь тавилан эдэлнэ.

Чи өнгөрсөн зууны дунд үед еврей хүн болж төржээ. Ингэснийхээ төлөө чи амьд явах эрхгүй болж, зургаан сая ах дүүсийнхээ хамт хүйс тэмтрүүлнэ.

Чи орчин цагийн Америк оронд ижил хүйстэн болж төржээ. Чиний ордог шөнийн клубт ижил хүйстнүүдийг үзэн ядагч, зэвсэглэсэн этгээд дайран орж, хэдхэн минутын дотор 50 хүнийг хөнөөж орхино.

Бас чи ковидын эрин үед ази хүн болж төржээ. Үүнийхээ төлөө халдварт өвчин тараагч, коронавирус тархаагч хэмээн нүд үзүүрлэгдэж, өөр арьстнуудын ертөнцөд дайснаар зарлагдан, алхам бүртээ ялгаварлал мэдэрнэ.

Хүйсийн уламжлалт хүнд хэцүү цагаас алсарсан өнөөгийн дэвшилтэт нийгэмд эмэгтэй хүн болж төржээ. Гэвч сайхан эмэгтэй, журамт эхнэрийг хүлээн зөвшөөрдөг нийгмийн хэвшмэл ойлголтын улмаас чиний үзэл бодол, ур чадвар, хувь хүний үнэ цэн үргэлж хоёрдугаарт байх болно.

Хөгжлийн бэрхшээлтэй бол, хүйсийн цөөнх бол, өөр соёл, үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй бол гэхчлэн нийгмийн хэвшмэл ойлголт, алагчлалд өртөх шалтгаан хэзээд мундахгүй. Ертөнцийн долоон тэрбум хүний нэг нь ч алив нийгмийн бүлэг, тогтсон ёс суртахууны дэгийг бүрэн төлөөлж, би ийм хүн учраас энэ хэсэгт харьяалагдана гэж итгэлтэй өгүүлж чадахгүй. Учир нь долоон тэрбумын дотор яг адилхан хоёр хүн оршдоггүй шүү дээ. Тэгэхээр өөр байна, өөрийнхөөрөө байна гэдэг бол хүний угийн мөн чанар юм. Харин энэ мөн чанараараа оршиход хэзээ ч амархан байгаагүй ээ. Чухам яагаад бусдын хүлээлтээс багахан өөр байх нь шийтгэл шиг байдаг юм бол оо? Өөрийнхөөрөө байж, ялгаварлал алагчлалгүй оршин амьдрах боломж бидэнд бий юу? Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө байхад хэзээ амархан болох вэ?

Хэдхэн жилийн өмнө Лондон хотын захирагч Садик Хан тус хотын нийтийн тээвэр дээрх хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтыг дэврээсэн зураг, утга агуулга бүхий сурталчилгааг хориглосон юм. Тэрээр энэ тухайгаа “хүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн, бусдаас өөр хэмээн мэдрүүлсэн сурталчилгаа, тэр дундаа хэт төгс төгөлдөр бие махбодыг алдаршуулсан, нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зурагт хуудсуудыг буулгах нь зүй.” гэж тайлбарласан юм.

Олон олон судалгаагаар ийм сурталчилгаа, ил далд агуулга бүхий дүрслэл хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сааруулж , бие махбодоо голох, ичих, дутуу мэт мэдрэх, түүндээ гутрах, эрүүл мэндийн төрөл бүрийн асуудалтай болох зэргээр нөлөөлдгийг тогтоосоор байна. Сэтгэл зүйчид үүнийг лавшруулан судалж, ямар төрлийн зар сурталчилгаа нийгэмд ээлтэй болохыг харьцуулж үзэхэд хүний биеийн өндөр нам, өргөн нарийн, хар шар янз бүрийн байдлыг бодитоор илэрхийлж харуулсан сурталчилгаа хувь хүний өөрийгөө бусдын адил гэдгийг мэдрэх, нийгэмтэйгээ эерэг харилцаа үүсгэх, өөрийгөө бодитоор үнэлэх үнэлэмжийг нэмдэг болохыг харуулжээ.

Тэгэхээр бид энэхүү ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн нийгмээ баяжуулж, хаалганы гадна хэнийг ч үлдээлгүйгээр лондончууд шиг хортой сурталчилгаа, хэвшмэл ойлголтоосоо ангижирч, сэтгэл хангалуун, тайван орших боломжтой бус уу.




“Бидэнд цорын ганц нийтлэг үнэн бий. Тэр бол бидний өөр хоорондоо ялгаатай байдал. Үүнийг бэлэг гэж санан, өдөр бүхэн талархаж байгтун.”                  Уинстон Черчилль

Хүмүүсийн хүч чадал угтаа тэдний өөр хоорондоо ялгаатай байдал дээр суурилдаг. Олон өөр үзэл бодол, дуу хоолой нийлж байж ардчилал, чөлөөт нийгмийг бүрэлдүүлдэг шүү дээ. Бүгд ижилхэн бодол, адилхан итгэл үнэмшилтэй бол амьдрал хэчнээн гунигтай байхсан билээ? Харин бид хэдий чинээ бие биенийхээ ОЛОН ТАЛТ ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХҮНДЭТГЭЖ, АЛАГЧЛАЛ ҮГҮЙ ЗЭРЭГЦЭН ОРШИНО төдий чинээ хүчирхэг нийгэм, улс гүрэн бүрэлдэнэ.

Гэтэл нийгмийн diversity буюу олон талт ялгаатай байдлыг дэмжихийг зарим хүмүүс ихэд өнгөцхөн ойлгодог. Хэсэг бүлэг нийгмийн цөөнх оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчиж амьдрах, зарим тохиолдолд тэдний эрх ашгийн тухай хөндөн ярих төдийг л дэмжлэг гэж үздэг. Үнэндээ ялгаатай байдлыг дэмжих нь зөвхөн хүлээн зөвшөөрөх, хүлцэн тэвчих бус нийгмийн бүлгүүдийн ялгаа, өөр өөр онцлогт ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлж өгөх явдал юм. Тайзан дээр нэг удаа тэдэнд микрофон шилжүүлэх бус, тэдний дуу хоолой, дүр төрхийг таниулах, үргэлж сонсогдож байх боломжоор хангахтай зүйрлэж болно. Үүнийг inclusivity буюу тэгш хамруулах гэж нэрлээд буй юм.

Олон талт ялгаатай байдлыг дэмжих нь үдэшлэгт хүн бүрийг урихтай ижил. Харин тэгш хамруулах нь хүн бүрийг бүжгэнд урих явдал юм.



Нийгмийг нэгэн том ширээгээр төсөөлбөл хүн бүрийг тэр ширээнд суулгаж, өөрийгөө илэрхийлэх боломж олгож, чи энэ ширээнд суухад үргэлж нээлттэй шүү гэдгийг ойлгуулж, илэрхийлэх нь ОЛОН ТАЛТ ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХ (DIVERSITY), ТЭГШ ХАМРУУЛАХ (INCLUSIVITY) сайн үлгэрлэл юм. Энэ ширээнд хэдий олон хүн суух тусам төдий өргөн хүрээний мэдлэг, туршлага, асуудлыг шийдэх гарц гаргалгаа, бүтээлч, инновацлаг арга замууд төрдөг. Үүнийг төрөл бүрийн судалгаанаас харж болно. Янз бүрийн гарал үүсэл бүхий маш ялгаатай хүмүүс нэг дор цугласан газар орон, бүс нутгуудад хөдөлмөрийн бүтээмж өндөр, тэр хэмжээгээр цалин хөлс өндөр байдаг эдийн засгийн судалгаа ч байна. Энэ бол олон төрлийн ур чадвар, авьяас билиг нэг дор цуглаж, үр өгөөжөө өгч буйн илрэл юм.

Нас хүйс, царай зүс, үндэс угсаа, гарал үүсэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, бие махбодын хөгжлийн ялгаатай байдал, нийгмийн статус, улс төр, шашны итгэл үнэмшил гээд бүхий л талаараа өөр эдгээр хүмүүс харилцан ээлтэй зэрэгцэн оршихын тулд унших ном, үзэх кино, эзэмших боловсрол, хүлээж авах мэдээлэл, хийх ажил, уулзах хүмүүс, очих үдэшлэг гээд амьдралын бүх үйл явдлуудад нь тэгш илэрхийлэмж, үлгэрлэл байх нь чухал.

Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц улам бүр хуваагдаж байна гэж ярих боллоо. Улс төрийн, шашны итгэл үнэмшил, үзэл санаа, арьс өнгө, гарал угсаагаар гэхчлэн зарим улс орнууд өөр дотроо хагаралтай байх нь ч бий. Үүний хэрээр тэгш бус байдал газар авч, нийгмийн зарим бүлэг системтэй ялгаварлан гадуурхалт, алагчлалд өртөх шалтгаан болсоор байна. Үүнийг халахын тулд улс орнууд төрөл бүрийн арга санаачлан хэрэгжүүлж, нийгмийн бүлгүүдээ сонсож буй сайн жишээ олон. Үүний нэг нь Их Британи.

Тэд уран зохиолын салбартаа олон өөр үндэстэн ястан, нийгмийн төлөөллүүдийн ном хэвлэлийг түлхүү оруулж, янз бүрийн гарал үүсэлтэй, өөр өөр бүлгийн төлөөлөл болох зохиолчдыг дэмжих бодлого баримталж байна. "Гардиан" сайтын мэдээлснээр 1996 онд Британид аливаа зохиолчдод олгодог шагналд ганц ч хар арьстан зохиолч нэр дэвшиж байгаагүй бол 2020 онд энэ тоо 21 хувьд хүрч өсчээ. Өөрөөр хэлбэл шагналд нэр дэвшиж буй таван зохиолч тутмын нэг нь өнгөт арьстан байна. Ном хэвлэлийн бизнес олон жил арьс өнгөний тэгш бус байдалд ужгирч ирлээ хэмээн судлаачид болон уншигчид хүчтэй шүүмжилснээс энэ бүхэн эхэлсэн юм. 2018 оны судалгаагаар Англид хүүхдийн номын гол дүрүүдийн зөвхөн 1 хувь нь л өнгөт арьстны дүр байжээ. Бусад 99 хувь нь цагаан арьстан гол дүр байна. Энэ мэт шүүмжлэл дорвитой өөрчлөлт хийх суурь болж, мөн өнгөрсөн жил Британид өрнөсөн "Blaсk Lives Matter" хөдөлгөөний дараа бүр ч эрчимжжээ.

Хүмүүс ном сониноос өөрсдийнх нь амьдралын туршлагыг төлөөлж чадах зохиол, түүх уншиж, сонссоноор belonging буюу өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгээ, надтай ижил түүхтэй, аж амьдралтай хүмүүс байгаа гэдгийг хүчтэй мэдэрдэг гэнэ. Ингэснээр уншигчид нийгэмтэйгээ нээлттэй харилцах, өөрийн түүхээ хуваалцахад бэлэн болдог аж. Алив нийгмийн өөрчлөлт шинэчлэлт эндээс л эхэлдэг. Уран зохиол, урлаг, хэвлэл мэдээлэл бол хүмүүст хамаатуулах, хамаатай байх мэдрэмж өгөх, бас бусдын оронд өөрийгөө тавьж үзэх төсөөлөлд хөтөлдөг агуу хүчтэй нөлөөлөл билээ. Энэ нөлөөллийг бүх л нийгмийн бүлгүүдэд тэгш хүргэхийн тулд тэдний аж амьдралыг ижил тэнцүү тусгаж, дуу хоолойг илэрхийлж байх нь чухал аж. Ингэснээр уран зохиол, урлаг ба нийгмийн амьд харилцаа сэргэх, уншигч, хүлээн авагчдын тоо нэмэгдэх, соёлын хуваагдал, ялгарлаас сэргийлэх, тэгш бус байдал, гадуурхлаас ангижрах зэрэг сайн үр дүн их.

Нийгэмд оршсоор байдаг хэвшмэл ойлголт, ухамсартай болон ухамсаргүй өрөөсгөл үзэл хаанаас бий болдог вэ? Чухамдаа эдгээр нь бидний ямар үнэт зүйлийн системээр хүмүүжсэнээс шалтгаалдаг. Гэр бүл, сургууль, найз нөхдөөс олж авах хүмүүжил, боловсролын систем, соёл, ёс заншил, медиа ертөнцийн нөлөө чамайг өөрөө ч мэдээгүй байхад чиний оюун санаанд гүн бат шигдэн сууж, шигдэн шивсээр ямархан хүн болохыг чинь хүчтэй тодорхойлдог. Чиний бусадтай хэрхэн харилцах, аливаад ямар хариу үйлдэл үзүүлэхийг удирдаж, заримдаа хэт өрөөсгөл, шударга бус үйлдэлд хөтлөх нь ч бий. Зүгээр дээ хүн бүхэнд ийм ухамсаргүйгээр илэрдэг өрөөсгөл чанар бий. Үнэн хэрэгтээ үзэн ядахгүй мөртлөө, дэмжиж чадахгүй зүйлс бидэнд бишгүй л байдаг шүү дээ. Ийм үед яагаад, надад ямар муу юм хийсэн гэж, миний оршихуй, аз жаргалтай байдалд хэрхэн нөлөөлсөн гэж бодож, цэгнэхийг урьтал болгоорой. Бусдад шошго нааж, нэгийг нөгөөгөөс тусгаарлан үзэж буй тэрхүү ухамсаргүй bias буюу өрөөсгөл үзлээ таньж чадвал дотоод өөрчлөлт тохиох нь гарцаагүй.

Өөрөөрөө байна гэдэг бол өөр л байна гэсэн үг. Ялгаатай байдлыг дэмжих тусмаа бид хүчтэй. Нэг нэгнээ сонсож, нэгнээсээ суралцаж, нээлттэй байх тусам ертөнцийн хязгааргүй боломжууд улам бүр нээгддэг гэдэгт итгэж байна. Чи ажлын байр, нийгмийн бүлгүүд, нийлдэг найзуудынхаа орчныг хүртэл төрөл бүрийн хүмүүсээр баяжуулж, тэгш хамруулах дадлыг бий болгон үлгэрлэж, дэлхий ертөнцийг илүү дээр газар болоход хувь нэмрээ оруулаарай. Дэлхий хэнийг ч ялгалгүй, бүгдийг хайрладаг шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

gntulgagrustnaya 2022.04.01 103.140.10.237

ystoi ynztai shit baina

0 Хариулах


Зочин 2022.02.10 66.181.161.74

Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлчэтэй холбогдож болох уу? Хүний эрхийн мэдрэмжтэй хүн байна

0 Хариулах