Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Мэдэх эрхэд тавьсан хязгаарлалт хямралын дараа ч үргэлжилсээр байгаа нь санаа зовоож байна"


Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулдаг Сэтгүүл зүйн ёс зүйн форум энэ жил "Ковид-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" сэдвийн хүрээнд явагдлаа. Тус форумд хүний эрхийн хамгаалагчид, судлаач багш нар цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй, иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Цар тахлын үед нэг чиглэлт мэдээллийн урсгал давамгайлсан гэв

Энэ үеэр МУИС-ийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал цар тахлын үеийн 11 цагийн хэвлэлийн бага хурлын мэдээнд анализ хийснээ хуваалцсан юм. Тус хэвлэлийн хурал мэдээллийн агуулгын хувьд 54.8 хувь нь тайлагнаж, тайлбарласан шинжтэй байсан бөгөөд ковидын үед авч хэрэгжүүлэх дараагийн алхам, шийдлүүдийг танилцуулсан мэдээлэл огт байгаагүй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн төрийн зүгээс нэг чиглэлт мэдээллийн урсгал давамгайлж, сэтгүүл зүйн оролцоо үүргийг хязгаарласан, хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудлыг цогцоор мэдээлэх, сэдвийн төрөлжүүлэх тал дээр сул байсан, олон нийтийн санаа бодолд нөлөөлсөн, даацтай бүтээл ховор байсан гэлээ. 

Б.Алтантуяа: Хямралын үеэр үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхэд тавьсан хязгаарлалт хямралын дараа үргэлжилсээр байгаа нь санаа зовоож байна

Харин Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа цар тахлын үед зөрчигдөж буй мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой олон улсын сургамж, туршлагаас хуваалцсан юм. 

Мэдэх эрх бол хямралын үед хязгаарлаж болдог тансаг хэрэглээ биш юм.

Б.Алтантуяа "Цар тахал бол хүний эрх хямрал байлаа. Ямар ч хямралын үед үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, эрж хайх эрх бол хүний амин чухал эрх юм. Иргэд энэ эрхээр дамжуулж бусад эрхээ эдэлдэг учраас үүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй. Гэтэл манайд цар тахлын үеэр хүний мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилох, мэдээллийн урсгалыг хумих нь улам бүр гаарсан. Ялангуяа нийтийн эрүүл мэндийн байдалтай холбоотой үнэн, зөв мэдээллийг сурталчлахаасаа илүүтэй засгийн газартай холбоотой таагүй мэдээллийг дарах эсвэл сөрөг хүчний улстөрч, шүүмжлэгчдийг, хэвлэл мэдээллийн байгууллага болоод хүний эрхийн хамгаалагчдыг дарах шалтаг болгон ашиглалаа. Засгийн газрууд цар тахлын үеэр хямралыг даван туулах, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор маш олон хууль тогтоомж, захирамжийг гаргасан, зарим улсад онц байдал хүртэл тогтоосон. Хэдийгээр манай улс онц байдал тогтоох хэмжээнд хурцадмал байдал руу ороогүй ч дарангуй хууль, тогтоомжуудыг баталсан. Уг нь бол эдгээр нь хямрал намжих эсвэл зогсох хүртэл түр зуур л хэрэгжих арга хэмжээ байх ёстой. Гэтэл Монгол гэлтгүй дэлхий дахинд ажиглагдаж буй үзэл бодлоо илэрхийлэх эрхэд тавьж буй хязгаарлалт хямралын дараа ч үргэлжилсээр байгаа нь бидний санааг зовоож байна" гэсэн юм. 


Тэгвэл бүлгийн хэлэлцүүлгийн үеэр цар тахалд нэрвэгдсэн сүүлийн хоёр жилд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ямар бэрхшээлтэй нүүр тулж, тэдгээртэй хэрхэн зохицож ажилласан тухайгаа хуваалцлаа. Энэ үеэр оролцогчдын дурдсан онцлох санааг түүвэрлэн хүргэж байна. 

Бодлогод залуусын хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа:

  • Цар тахлын үед иргэний нийгмийн байгууллага, сэтгүүл зүйн салбар, иргэд гээд аль аль талын мэдэх эрх ноцтой зөрчигдсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол үүний тод жишээ юм. Уг хуульд мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж гурав хуваасан. Эдгээрээс бидний хувьд хамгийн анхаарал хандуулж, болохгүй гэж сануулж байсан зүйл нь хязгаарлалттай мэдээлэл хэмээх ойлголт юм. Шинэ хуульд албаны нууц болон хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гээд тодорхойлчихсон. Уг нь бол мэдээллийг нээлттэй олж авах, түгээх эрхтэй байх ёстой байтал энэ хуулиар мэдээлэл авах зорилгоо урьдчилан тайлбарлах, зөвшөөрөл авч шаардлагатай болж байна. Үүгээр ч үл барам мэдээллийн эзэн зөвшөөрлөө бичгээр өгч, цуцалж болохоор тусгасан. 

Өдрийн сонины албаны дарга Я.Баярбаатар:

  • Өдөр тутмын сонинууд маш богино хугацаанд онлайн горимд шилжиж ажилласан. Азийн бусад улсуудтай харьцуулахад зайнаас ажиллах хэв маягт хурдтай шилжиж чадсан гэж боддог. Хамгийн гол аюул нь мэдээллийг заавал нэг цонхоор авах ёстой гэх төр засгийн шийдвэр байсан. Энэ нь хэвлэл мэдээллийн салбар төдийгүй иргэдийн мэдэх эрхэд шууд утгаараа халдсан хэрэг юм. Нөгөөтээгүүр зайнаас ажиллахаар редакцын шуурхай хурал хийх боломжгүй болж, хоорондоо шууд харилцаж чадахгүйд хүрсэн. Үүнээс үүдээд хүмүүст хүрдэг даацтай ярилцлага, нийтлэл багасаж оронд нь албан мэдээлэлд тулгуурласан мэдээ, нийтлэл нэмэгдэх хандлагатай байлаа.

“Цагаан үзэг” холбооны үүсгэн байгуулагч Б.Ундрах: 

  • Хямралын үед нийгмийн сэтгэл зүй маш эмзэг болдог. Иймд нийгмийн сэтгэлзүйг тогтвортой байлгах үүргийг хэвлэл мэдээлэл гүйцэтгэж, төрийн оновчтой, зөв шийдвэр үүнд тулгуур болж өгдөг. Өөрөөр хэлбэл, хямралын үед төр, хэвлэлийн мэдээллийн байгууллага хамтарч ажилласнаар олон нийтэд ашигтай шийдвэрүүд гарч чаддаг. 

  • Олон нийтийн мэдэх эрхийг хангана гэсэн нэрийн дор хандалт авч, өөрийнхөө сайтыг олон нийтэд таниулах гэсэн ёс зүйгүй үйлдлийг зарим сэтгүүлч гаргасан. Угтаа нэг байгууллага, хувь хүн рүү дайрахаас илүү асуудлын шалтгаан, мөн чанар руу нь өнгийж холбогдох хууль, эрх зүйн орчинд нь сэтгүүлчид анхаарах ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.