ЭЕШ-д 36253 шалгуулагч бүртгүүлжээ
Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа билээ. Улсын хэмжээнд өмнөх оны төгсөгч 7160, энэ оны төгсөгч 29093 нийт 36253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлэв. Шалгуулагчдыг хүйсээр нь ангилбал, 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 1475 хүүхэд шалгуулахаар бүртгүүлжээ. Харин Говьсүмбэр аймагт хамгийн цөөн буюу 203 хүүхэд ЭЕШ-д хамрагдах юм.
Мөн математикийн шалгалтыг хамгийн олон буюу 24316 хүүхэд өгөхөөр сонгожээ. Сонирхуулахад, англи хэлний хичээлээр 22413 хүүхэд, монгол хэлний хичээлээр 13221 хүүхэд, орос хэлний хичээлээр 1153 хүүхэд ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлээд байна. Шалгалтын товыг Боловсролын үнэлгээний төв, БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлах юм.