Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Тэд бидний тухай: Хоосон амлалтын эсрэг хоосон ходоодтой жагсагчид


АНУ-ын "Jacobinmag" сайтад Монголын жагсаалын тухай гарсан "Хоосон амлалтын эсрэг хоосон ходоодтой жагсагчид" нэрт нийтлэлийг эх хэлээр орчуулан хүргэж байна. Сар бүр 3 сая гаруй цахим захиалагчтай тус сайт нь Нью-Йоркод төвтэй Америкийн ижил нэрт сэтгүүлийн сайт юм. 

Нийтлэлийг: Кристиан Соречэ, Э.Золжаргал

Орчуулсан: А.Амармэнд 

Гэрэл зургийг: Кристиан Соречэ 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-оос 8-ны өдрүүдэд Төрийн ордон хэмээн нэрлэгддэг Парламентын ордны өмнө Сүхбаатарын талбайд залуус оройлсон томоохон жагсаал өрнөлөө. Ирээдүйд итгэх итгэл улам бүр алдрах болсон нь жагсаалын үндсэн шалтгаан байсан бөгөөд залуус “Бид амьдрах биш амьд үлдэхийн төлөө тэмцэж байна”, “Бид Монголдоо сайхан амьдармаар байна”, “Бид ийм ирээдүйг хүсээгүй”, “Энэ амьдрал гэж үү?”, “Монголын эдийн засаг бол эмгэнэл” зэрэг уриа бариж, хоолой нийлүүлэн хашхирч байлаа. Улам бүр өсөх үнийн өсөлт, сүүлийн арван жилийн турш үргэлжилсэн улс төрчдийн удаа дараагийн худал амлалт, мэдрэмжгүй мэдэгдлүүд залуусыг төв талбайд цуглуулжээ. Монголчууд үнийн өсөлтөөс ч өмнө “өрөөс өрийн хооронд” хэмээн амьдралаа тодорхойлдог байсныг дурьдах хэрэгтэй. Дээрх уриануудаас гадна жагсагчдын гол уриа нь иргэдийн бухимдалд хариу үл үзүүлэх хоосон төрийн ордонд хаягласан “Ажлаа хий” байсан юм. Жагсаалын эхний өдрийн үдээс хойш Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х. Нямбаатар иргэдийн өмнө гарч ирсэн ч хоосон цэвэр усны саванд шидүүлсээр хэдэн хормын дараа Парламентын ордон руу зугтан орсон юм. Түүний жагсагчдад хандаж хэлсэн үгс бараг л сонсогдсонгүй. Шөнийн 2-оос 3-н цагийн хооронд цагдаа нар ажиллагаа явуулж, 60 гаруй залуусыг баривчлав. Цагдаа нарын жагсаал тараах зорилготой усан буу бүхий машиныг хуучирсан мод бэлтгэлийн, одоо гудамж талбай цэвэрлэхэд ашиглаж буй машинтай харьцуулсан мийм ч интернет орчинд тархав. Хоёр дахь өдрийн үдээс хойш Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ гарч ирж, жагсагчдын өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахаас эхлээд ачаа тээвэр болон бизнесийн орчныг сайжруулах тухай 15 заалт бүхий шаардлагад хоосон амлалтаар хариу барив.

            Үнийн өсөлтийн эсрэг жагсаал Монголын эдийн засгийн форумтой нэг цаг үед өрнөсөн бөгөөд нэгэн жагсагч “Монголын сүйрлийн форум” хэмээн тус үйл ажиллагааг тодорхойлсон юм. Засгийн газрын эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогыг засгийн газрын гишүүд, гадаадын элчин сайдууд, хувийн хэвшлийн төлөөллийн өмнө танилцуулсан эдийн засгийн форум Ерөнхий сайдын хоосон амлалтын нэгэн адил иргэдийн өдөр тутмын амьдралаас тасарчээ. Зарим жагсагчид “УИХ гишүүн шиг амьдрах сан”, “3 сая Монголчууд хамтдаа идэцгээе” гэсэн уриа барьсан байсан бол зарим нь тал талх, хэрчим мах, хэдэн ширхэг төмс, хоосон тор гэх мэт өдөр тутмын хэрэглээний зүйлс авчран үзүүлэн болгожээ. Энэ бол хоосон ходоод, хоосон амлалт бас хоосон засгийн газрын ордны эсрэг жагсаал байв.

Төрийн орон дахь ихэнх хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд үлдсэн цөөн хэд нь “Ажлаа хий”, “Залуусаа нэгдэцгээе” хэмээн уриалж, гараар бичсэн янз бүрийн уриа, шаардлага барин төрийн ордныг тойрох залуусын давлагааг цонхоор сэмхэн цухуйн харж байв. Төрийн ордны эргэн тойрны замаар явах машин, мотоциклууд жагсаалтай эв нэгдлээ илэрхийлэн дохиогоо хангинуулж байлаа. Хэдийгээр энд ирсэн хүн бүр хувь хувьдаа өөрийн гэсэн бэрхшээл зовлонг туулж, хүсэл тэмүүллийг тээж яваа ч нийт жагсагчид нэгдмэл эв санаа, хамтын сэтгэл хөдлөлөөр удирдуулж Бид амьдарчихмаар байна гэсэн нэгэн хүчин зүйл дээр нэгджээ.

Бид амьдарчихмаар байна.

 Гэрэл зургийг: Кристиан Соречэ

Улс төрчдийн хоосон амлалтаас ялгаатай нь жагсагчдын уриа өөрийн гэсэн дотоод хэмжээсийг агуулж байсан юм. “Үхэж чадахгүй болохоор л амьдарч байна”, нэгэн өсвөр насны залуугийн барьсан “Би амьдармаар байна” гэсэн уриануудыг мартах аргагүй. “Амьдрах” гэсэн шаардлага маш энгийн мэт сонсогдовч, хүний үндсэн эрхийг илэрхийлж буйгаараа ийн үзэх аргагүй юм. “Энэ нь ямар амьдралаар амьдрах вэ?” гэсэн асуултыг дагуулдаг. Жагсагчид уг шаардлагаар өдөр тутмын амьдралын хамгийн энгийн шаардлагуудыг илэрхийлжээ. Талхны мөнгөтэй юу? Мэдээж хэрэг. Гэвч амьдрал гэдэг ганц биологийн амьд үлдэхийн төлөөх тэмцэл биш юм. Харин энэ нь дааж баршгүй их өргүйгээр амьдрах бас нийгмийн амьдралыг зохицуулагч дэд бүтэц ба төрийн байгууллагуудад итгэх итгэлээ алдалгүйгээр амьдрах юм. Амьдрах, сайхан амьдрах шаардлага залуусыг нэг нэгтэй нь холбожээ. Энэ бол хүн бүрийн биеэр мэдэрсэн нийтлэг асуудал юм. 

“Эх орондоо сайхан амьдармаар байна” гэсэн уриаг олон залуус барьсныг онцлох ёстой. Энэхүү уриа жагсагчид өндөр цалингийн төлөө Өмнөд Солонгос, АНУ руу хар ажил хийхээр гарахын оронд эх орондоо амьдрахыг хүсэж буйг илэрхийлж байлаа. Үүгээрээ энэхүү жагсаал нь эх оронч жагсаал байв. Жагсагчид хамтдаа төрийн дууллаа дуулж байх үед сургуулийн хүүхдүүд ч гараа зүрхэн тушаа тавьсан харагдаж байв. Төрийн дууллын араас эх орноо хайрлах сэтгэлийн тухай 

“Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй

Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй

Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй” хэмээн дуулж байв.

“Ажлаа хий”, “Бид Монголдоо сайхан амьдармаар байна” гэсэн хоёр уриаг хамтад нь уншиж үзвээс засгийн газрын үүрэг нь үндэстэн хийгээд иргэдээ амьдрах боломжтой нөхцөлөөр хангах үүрэгтэй гэсэн томьёолол урган гарна. Жагсагчдын эх орондоо ажиллаж амьдрахыг хүссэн шаардлага энгийн бөгөөд утга эрүүл саруул байснаараа хүчирхэг байлаа. 

Гэвч засгийн газар тулгамдаж буй бэрхшээлүүдийг түр хугацаанд намжаахаас даяар капитализмын улс төр эдийн засгийн хямралыг шийдэх чадваргүй эдийн засгийн арга хэмжээнүүд авахаас өөрөөр юу хийж чадах нь бүгдэд тодорхойгүй хэвээр үлдлээ. Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтайгаас олон улсын зах зээл дэх түүхий эдийн уналт эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг. 2014 оноос эхэлсэн нүүрс, зэсийн үнийн уналт өндөр хүлээлтийг үгүй хийж, Монголын Засгийн газрыг өрд унагаасан билээ. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал Монголчуудад эдийн засгийн Хятадаас хамаарах хамаарлыг хэрцгийгээр сануулсан юм. БНХАУ нь Монголын экспортын гол түнш төдийгүй өргөн хэрэглээний барааны хамгийн гол импортлогч. Хятадын засгийн газар хилээ хаасан нь жижиг бизнес эрхлэгчид, ажилчин ангийн хэрэглэгчдэд хүнд туссан. Хүчирхэг аж үйлдвэрлэлгүй Монголын эдийн засаг импортгүйгээр оршин тогтнох боломжгүй. Хэдийгээр үндэстнээрээ нэгдэн, засгийн газрыг шүүмжилж буй нь сэтгэл хөдөлгөм байж болох ч энэ бүхнийг капитализмтай эс холбох нь нохой сүүлээ хөөж байгаатай л адил билээ.    

АЖЛАА ХИЙ

            Монголчуудын засгийн газарт бухимдах гол шалтгаан нь улс төрчид иргэдээс өөрсдийгөө бүрэн тусгаарлаж, хөөсөн дотроо амьдарч буй явдал юм. Гучин жил үргэлжилсэн ардчиллын дараа ч ихэнх Монголчууд өөрсдийгөө улс төрийн эрх мэдэлгүйгээр мэдэрсэн хэвээр байна. Сонгуульд хамгийн идэвхгүй оролцдог залуус гудманд гарч, дуу хоолойгоо засгийн газарт хүргэхээр шийдсэн нь онцлууштай. Дэлхий нийтийг хамарсан ардчилалд итгэл алдрах үзэгдлийн үндсэн шалтгаан нь ардчилал нэрийн доор улс төрийн бодлого боловсруулалтыг улс төрийн үзэл санаанаас салангид болгосон явдал байв. Эрх баригч Монгол ардын нам шинэлэг дижитал санал хураалт, зөвлөлдөх механизм зэргийг хэрэгжүүлж буйгаараа бахархдаг. Гэвч тэд хувьчлал, неолиберал шинэчлэл зэрэг асуудлууд дээр идеалогийн хувьд сөрөг хүчин болох Ардчилсан намаас ялгардаггүй. Үүний сацуу МАН идеалоги бүрт дайсагнах хэдий ч олигархуудыг дэмжсэн бодлогод таатай ханддаг гуравдагч гэгддэг төвийн намуудыг санагдуулдаг. Өнгөрөгч 12-р сард болж XXX их хурлаараа МАН хүний эрхийг дээдлэн ажиллах, хууль зүйн цуврал шинэчлэл хийхээ амласан. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Бид ахиад нэг хоосон амлалт өгмөөргүй байна. Бид дотоодын 800 гаруй хууль тогтоомжоос хүний эрхтэй холбоотой 300 гаруй хууль тогтоомжид дүгнэлт хийсэн” хэмээн онцолсон юм. Жагсаалаас хэдэн сарын өмнө УИХ дарга Г. Занданшатар олон нийтэд гудманд гарч жагсаал хийхийн оронд үзэл санаагаа санал өгөх апп-ын тусламжтайгаар илэрхийлэхийг уриалсан. Бодит байдал дээр ийм зөвшилцөх санал хураалтын технологи нь ардчилсан хэлэлцүүлэг бөгөөд санал зөрөлдөөний орон зайг урьдчилан гаргасан сонголтуудын доор хумьдаг. Ийм төрлийн улс төрийн технологийг өнөөдөр ардчилсан мэтгэлцээн өрнүүлэхийн оронд олон нийтийн санаа бодлыг улстөрчдийн сонирхолд нийцүүлэн найруулах зорилгоор буруугаар ашигладаг. 

            Ардчилал дахь утга учиртай оролцоо нарийвчлан хумигдсан бодлогын сонголтуудад хязгаарлагдах ёсгүй. EIU, Freedom House болон бусад ардчиллын тоон индексүүд суурь нийгэм эдийн засгийн динамик, санал зөрөлдөөн хийгээд хүсэл тэмүүллийг авч үзэх чадваргүй. Хүртээмжтэй хэмээн цоллогддог улс төрийн технологиуд нь нийгмийн өөрөө өөрийгөө зохион байгуулах чадвар, нийтлэг бүрэн эрхийн орон зайг хязгаарлаж орхидог. Энэхүү нүднээ ил технократ үзэл ба популизмын парадокс хослол нь тун сонирхолтой. Учир нь технократ үзэл нь мэргэжилтнүүдийн удирдлагад суурилдаг бол популизм нь сонгогчидтой шууд холбоо тогтоохыг хамгийн чухал гэж үздэг. Гэвч өнөөдрийн Монголын хувьд энэ хоёр эсрэг тэсрэг үзэгдэл мутацид орсон симбиоз буюу харилцан хамаарал бүхий нэг цогц болон уусан нэгджээ. Төлөөллийн ардчилсан сувгуудыг алгасах зорилготой технократ санаачилгууд ноёрхогч бүлгийн сонгогчидтой холбогдох гэсэн “хүслийг” харуулах ч үүгээрээ тэд хөндлөнгийн зөвлөхүүдээс хамааралтайгаар засаглах оролдлогоо хууль ёсны болгодог.

Эрх баригчдын илүүд үзэж буй технологид суурилсан иргэдийн оролцооны “шинэлэг” хэлбэрийг үл ойшоон гудамжинд үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүст үзүүлсэн МАН-ын хариу үйлдэл нь үймээн дарах цагдаа нар, усан буугаар зэвсэглэсэн хуягт машин байв. Залуусын тайван жагсаалын эсрэг цагдаагийн хүч хэрэглэсэн нь Засгийн газрын аль эртнээс л хоосон сонсогдох болсон хүний эрхий талаарх амлалтад итгэх итгэлийг бүрэн үгүй хийсэн. Нэгэн комедиан уг үйл явдлыг сүүлийн үед өрнөж буй гэр бүлийн хүчирхийлэл ба эр хүний тухай хуучинсаг үзлийн талаарх мэтгэлцээнтэй холбон “Цагдаа нар биднийг өдөр нь хайрлаж, шөнө нь зоддог” хэмээн хошигносон. Нэгэнт жагсаалын үндсэн шалтгаан даяар капитализмд биежсэн Вестфалийн энхийн гэрээгээр шийдвэрлэх боломжгүй тул цаашид амь бөхтэй орших нь гарцаагүй. Иймд дахин ийм жагсаалууд зохион байгуулагдах нигууртай. Энэ тохиолдолд Монгол Улс ардчилагдах эсвэл илүү дарангуй арга хэмжээ авах гэсэн хоёр сонголттой нүүр тулна.

“Ажлаа хий” гэсэн эрүүл саруул боловч өнгөц уриа нь үлэмж тодорхойгүй байдлыг өөртөө агуулна. Ардчилал, чөлөөт зах зээлийн тухай ялгуусан хүүрнэлд автсан социалист түүхтэй улсын иргэдийн хувиар Монголчуудын дийлэнх нь капиталист эдийн засаг дахь төрийн оролцоонд шүүмжлэлтэй ханддаг бөгөөд ийм санал санаачилгыг “хуучин коммунист нийгмийн үлдэгдэл” гэж үздэг. Гэвч үүний сацуу тэд төрийн оролцоо шаардлагагүй гэгддэг капиталист тогтолцоо нь хүмүүсийн өдөр тутмын наад захын хэрэгцээг ч хангах чадавхгүй болж сулралд орж буйг биеэр мэдэрсээр байхад ийм нийгэмд цэцэглэн хөгжиж, сайхан амьдрах талаар төсөөлөх ч бүр илүүц мэт. Үнэн хэрэгтээ улс төрийн үзэл санаанаас ангид, неолиберал улсын хувиар засгийн газар –“ажлаа хийж” буй нь л энэ бөгөөд асуудлын гол нь энд оршиж буй. Төр бүтцийн хямрал, капитализмын зөрчлийг засах чадваргүйг, мөн биелүүлэх аргагүй хэрэгцээ шаардлагын хариу болсон хоосон амлалтаар илрэх иргэдийн төрд нөлөөлөх чадвар үгүйрснийг энэхүү жагсаал шууд бусаар илчлэв. Гэвч бид иргэд хэзээ ч хамаагүй гудманд гаран жагсах нөхцөл боломж бий гэдэгт анхаарал хандуулсан хэвээр байх ёстой. Залуу үеэс үлбэгэр амлалт, үртэс талхны статус квог нийтээр үл хүлээн зөвшөөрөх хандлага хүчтэй мэдрэгдэж байлаа. 

Ирээдүйг бүтээхүй 

Гэрэл зургийг: Кристиан Соречэ

Жагсагчдын хэлэхийг хүссэн гол санаа нь энэ бол амьдрал биш, өнөөдрийнхөөс илүү амьдармаар байна байв. Капитализмын доорх амьдралд сэтгэл дундуур байгаа энэ үзэгдлийг шуудхан капитализмын шүүмж байдлаар хүлээн авч болохгүй ч зах зээлд нэвтрэх тэгш боломжийн төлөөх шаардлага хэмээн харж болно. Жагсаалыг тайлбарлах оролдлого нь өөрөө жагсаалын нэг хэсэг юм. Нэг талаасаа олон Монголчууд хогийн ургамал мэт тархан буй нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг; бас энгийн иргэд хөдөлмөрөөрөө хангалттай мөнгө олж чадахгүй байхад улс төр, бизнесийн элитүүд тэс өөр ертөнцөд амьдарч байгааг харж, хил хаагдсанаар Хятадаар дамжих импортоос хараат байдлаас эдийн засагт үүссэн цохилтыг яс махандаа шингэтэл мэдэрч, ирээдүй нь тэднээс нүдэн дээр нь нүүр буруулан одож буйг ойлгон хоцорно. Жагсаалаас нэг долоо хоногийн дараа нэгэн хүн төв талбайд өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь жил гаруйн хугацаан дахь хоёр дахь тохиолдол болсон юм.

Улс төрд дуу хоолойгоо хүргэх боломжгүй болон эдийн засгийн тэсвэрлэшгүй хүнд нөхцөл байдал нь дээрх харамсалтай тохиолын шалтгаан болсон юм. Үүнээс гадна жагсаалын үеэр биежиж идэвхэжсэн эв нэгдэл, хамтач байдал нь ямар чухал болохыг эдгээр үйлдлүүд бидэнд давхар сануулна. Жагсаал нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг нийслэл хотоор хязгаарлагдаагүй бөгөөд орон нутагт ч нэгдсэн жагсаалууд зохион байгуулагдсан юм. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хуулийн дагуу жагсаал зохион байгуулах хүсэлт гаргасан ч хотын захиргаанаас зөвшөөрөл авч чадаагүй. Ингээд тэд онлайн жагсаал, үнийн өсөлтийг авч хэлэлцэх форум зохион байгуулсан билээ. Жагсаалаас долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 12-нд эвлэлийн гишүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үүдэнд цугларан, бодит орлого, цалин хөлс болон цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, инфляцийг бууруулах арга хэмжээ авахыг шаардсан. Гэвч эдгээр анги давхаргын эв нэгдлийг илтгэсэн үйл явдлуудын дараа ч иргэд ирээдүйг нь капитализмаас илүүтэй авилга үгүй хийж байна хэмээн буруутгасан хэвээр байна.

Авилгыг жигшин зэвүүцэж буй нь ойлгомжтой ч түүнд хэт их анхаарал хандуулснаар шударга, хариуцлагатай удирдагчдын үед ч оршин байх илүү өргөн хүрээтэй бүтцийн асуудлыг орхигдуулна. Авилгатай тэмцсэнээр капитализмын аюулыг зайлуулах аргагүй. Гэвч өнөөдрийн Монголд Марксист анализ хийх нь харь гарагийн хэлээр ярихтай л ижил. Хэдийгээр өөрсдийгөө неолиберал хэл яриагаар энтерпренер хэмээн ойлгох болсон залуусын дунд Марксист шүүмж өрнүүлэх амаргүй ч найдвар унтарсан гэж үзэж болохгүй.

            Шинэ ирээдүйг төсөөлөхийн тулд өнгөрсөн үеийн ноёрхогч хүүрнэлээс салах нь маш чухал. Марксизм, социализмтай шууд холбогддог өмнөх социалист төрийн нуран уналт, түүний талаарх таагүй түүхэн дурсамж зэрэг нь Монголын шинэ залуу ардчилсан нээлттэй нийгэмтэй харшилна. Эрх баригч Монгол Ардын Нам нь Монголыг социализмын доор 70 жил удирдсан Монгол Ардын Хувьсгалт Намын үргэлжлэл гэдэг нь ч тус биш ус болж асуудлыг зөөлрүүлдэггүй. Ихэнх хүн улс төрчдийн авилга, уян хатан бус хүнд суртал, хоосон амлалт нь “Социализмын үлдэгдэл” гэж үзэхээс сонгуулийн өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн бүтээсэн мангас гэдгийг ойлгодоггүй. Ихэнх Монголчууд социализмыг өнгөрсөн үеийн алдаа гэж хардгаас шинэ, ардчилсан социализмыг төсөөлж чаддаггүй. Үүний үр дүнд улс төрийн хэлэлцүүлэг нь коммунист занданшуулсан шарил нарын эсрэг эрэлхэг ардчилсан залуус гэсэн улиг домог дунд гацжээ. Ингэснээр бид эрх баригчид хийгээд сөрөг хүчний аль аль нь харгис капиталистууд гэдгийг мартаж орхидог.

            Сүхбаатарын талбайд болсон жагсаал нь үнэндээ капитализмын эсрэг жагсаал байв. Капиталист хүслийн биед хоригдсон антикапитализмын хий үзэгдэл гудманд гаран жагссан билээ. Жагсагчид социализмын дараа гарч ирсэн ардчилал болон капитализмын сайхан амлалтад итгэхийг хүссэн хэвээр байгаа нь өнөөх амлалтууд нь тулгараад буй асуудлын нэг хэсэг болохыг хараахан ойлгоогүйг илтгэж буй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
10 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.05.02 103.212.118.134

Эрх баригчид хийгээд сөрөг хүчний аль аль нь харгис капиталистууд гэдгийг мартаж орхидог. 100% санал нийлж байна. Че Гвера үхэхийнхээ өмнө хэлсэнчлэн "Эрх мэдэлтнүүд мерседес унан сэлгүүцэж байхад хүүхдүүд нурж унаж буй барилгад хичээллэж байгааг өөрчлөх гэж би коммунист болсон юм". Ард түмнээ шулж баяжсан Ардын намынхан ичиг ичиг.

0 Хариулах


Зочин 2022.05.02 192.82.82.36

Ёстой гадна өнцөгөөс, нарийн сайхан тодорхойлж бичсэн нийтлэл байлаа. Би бас тэгж боддог төрөөс халамж гуйх хэсэг нь коммунист мөртлөө төрийн оролцоог багасгахыг давхар шаардөх нь бид хүслээ сайн тодорхойлоогүйг илтгэнэ. Улам ихийг судлаж улс төрийн ыоловсролоо сайжруулнаа

0 Хариулах