Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

"Норикате"-ийн төгөл


Анх би айл гэрийн эзэгтэй болж Японд ирээд аяга, таваг сонирхож явахдаа бөөрөн дээрээ оюу ногоон өнгийн мөчир бүхий улаан, цэнхэр өнгийн бөөрөлзгөнө, ногоон, хөх өнгийн усан үзмийн “Ботаникал арт” гар зурагтай аяга, тавагны иж бүрдэл дээр өөрийн эрхгүй нүд унагаж билээ. Навчин хээгээр чимэг урласан аяга, тавагнуудаас бүрдсэн тэрхүү цайны гоёмсог эдлэлүүдээс нэгийг гартаа авч бариад үзтэл нэг тийм дулаан, зөөлөн мэдрэмж төрж асан бөгөөд тэр мэдрэмжийг шаазангийн шаргалдуу цагаан өнгө улам бүр хүч оруулж байв. Аяганы ар талд “Noritake” Bone china гэсэн тамгатай бичиг дурайх авай. Чингээд би анхны харцаараа дурласан тэр гоёмсог эдлэлүүдээс тэсэлгүй худалдаж авсан юм. Түүнээс хойш олон жил улиран одож, үр хүүхдүүд маань өсөж том болсон хэдий ч арлын оронд ирээд анхны харцаараа дурласан тэдгээр аяга, тавагнууд ганц хоёр нь жаахан эмтэрснийг эс тооцвол одоо ч гэсэн манай гал тогооны шүүгээнд өрөөстэй хэвээр эгнэсээр агаад би тэднээсээ байнга хэрэглэдэг, шүүгээнээсээ сонгон авах тоолонд тэд миний ширээн дээр байсаар ирлээ. Охид маань ч мөн надтай адил балчир ахуй цагаасаа л хамгийн түрүүнд навч, жимстэй тэр аягануудаас сонгож, унд цайгаа уудаг байж билээ. Тийм болохоор хааяа нэг тогтож харах тоолонд тэдгээр аяга, тавагнууд надад өөрийн эрхгүй дотно санагдаж, тэр нэгэн өдөр анхны харцаар дурлан нүд унагаж зогссон шигээ би улиран одсон гэрэлт он жилүүдээ нэхэн санаж дурсдаг.

Одоо би дурсамж дээрээ бяцхан тайлбар нэмье. Тэр нь юу вэ гэвэл, дурсах бүр надад дотно сайхан санагддаг, миний амьдралын хамгийн аз жаргалант мөчүүдийг эргэн сануулдаг тэрхүү аяга тавагнууд нь 1980-аад оны үед бүтээгдсэн “Orchid Garden” буюу “Цахирмаа цэцэгсийн хүрээлэн” иж бүрдлийн цуглуулга байлаа. Тодруулбал, дэлхийн дээр сая сая хүмүүсийн хэрэглэх дуртай дээд зэргийн чанар бүхий гоёмсог шаазан урлалын оргилуудын нэг болох “Норитаке” брэнд компаний үүсэл, хөгжлийг харуулсан музей, цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор уг компани байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2004 онд анх нээгдсэн нь тэр бөгөөд одоо гадаадын зочид аялан очих дуртай газруудын нэг болжээ. Тэгэхэд би Айчи мужийн Нагояа хотод байх “Норитаке төгөл” хэмээх цогцолбор газарт галт тэрэгний “Нагояа” буудлаас 10 минут орчим алхаад л хүрч билээ. 

Хаврын сэвшээ салхи үлээж, цэцэглэн буй буйлсний мөчрөөс ганц нэгхэн дэлбээ алгуур тасраад эргэлдэн бууж, гудамж нил цайран харагдаж асан. Намайг үүдээр нь оронгуут улаан тоосгон байшингууд эгнэн угтаж, тэдгээрийн урдуур бяцхан горхи урсаж, цэцэглэж гүйцсэн нэг том буйлсны мод хээнцэр төрхөөрөө орчныг чимж байв. Басхүү усан оргилуур бургилж, түүнийг тойрсон түшлэгтэй модон сандлууд дээр ирсэн зочид амран, намуухан яриа өрнүүлнэ. Цогцолборын төвд эгнэсэн улаан тоосгон байшингууд нь 1904 онд баригдаад, 1975 оныг хүртэл шаазангийн үйлдвэр байжээ. Чухам тэнд л Барууны соёл бүхий европ хоолны таваг, кофены болон цайны аягыг анх үйлдвэрлэж эхэлжээ. Цогцолбор дотор галерей, ресторан, дэлгүүр, кафе, музей, гар урлалын төв, үзэсгэлэн бүхий гурав, дөрвөн хэсэг барилга эгнэсэн байлаа. Цэцэрлэг дотор мөргөлийн дуган хүртэл байв. Тэнд цогцолбороос гадна гадаа нь цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд анх шаазан шатааж асан газар доорх зуухнуудын ор үлдсэн байв. Тэднээс түүхт зургаан янданг тэр хэвээр үлдээжээ. Тэр нь Нагояа хотын эртний түүхт цайз, ордонтой дүйцэхүйц үнэ цэнтэй гэлтэй. Гар урлалын төвийн босго алхаад л гайхан бишрэх, бахдан баясах зэрэгцсэн юм. “Норитаке” брэндийн үүсэл аль 1860-аад оноос эхлэн хөврөх аж. Япон улсад дөнгөж гадаад харилцаа нээлттэй болж эхэлж байсан тэр үед үүсгэн байгуулагч Ичизаэмон Моримура гадаад худалдааны бизнес эрхлэхээр “Моримура-күми” хэмээх компаниа байгуулжээ. Түүний мөрөөдөл нь эх орныхоо бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргаж борлуулах чинхүү хүслээс үүджээ. Тиймээс өөрийн дүү Тоёогийн хамтаар 1876 онд Нью-Иорк хотноо “Morimura Brothers” нэртэй эртний эдлэлийн дэлгүүр нээжээ. Түүний дараа буюу 1904 онд гадаадад бүтээгдэхүүн экспортлох зорилготой “Ниппон Токи Гомей” хэмээх компанийг зургуулаа нийлж байгуулсан нь өнөөгийн “Норитаке” шаазан ваарны үйлдвэрийн үндсийг тавьжээ. 

Тэр цагаас хойш тэд гадаадад гаргах экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн тулд олон талт эрэл хайгуул хийж, гарц хайсаар байв. Тийн байтал 1870-аад оны үед Японы уламжлалт хэв маяг шингээсэн шаазан эдлэл гадагш нэлээд экспортлогддог болоход Моримурагийн багийн нэг гишүүн болох дүү Тоёо нь Францад үйлдвэрлэсэн кофены аягыг захианы хамтаар Америкаас илгээжээ. Тэр нь 1883 он байсан бөгөөд тэрбээр захиандаа хэрэв тийм аяга их хэмжээгээр оруулж ирвэл ямар ашигтайг бичсэн байлаа. Чингээд Моримурагийн багийн гишүүд уламжлалт аяга шаазан хийдэг, тухайн үедээ хамгийн алдартай хэдэн газарт захиалга өгсөн боловч тэд урьд өмнө нь огтоос дадаагүй хэлбэр бүхий сэнжтэй аяга хийх амаргүй байжээ. Гэсэн ч уйгагүй эрэл хийж, маш ихээр хичээн зүтгэсний үрээр эцэст нь мөнөөх франц аяганы хэмжээнд дөхөж очих сэнжгүй кофены аяга хийж, түүнийгээ Америк руу экспортлож эхэлжээ. Басхүү 1893 оноос багийн нэг гишүүн болох Магобэй Окура Америк болон Баруун Европоор явж, барууны хэрэглэгчдэдээ зориулан өрнийн хэв маягийн шаазан урлалын дизайны эрэл хайгуул хийж эхлэв. Гэтэл анхандаа Японы шаазан урлаачид барууны хэв маягт ихээхэн дургүйцэж байлаа. Гэвч Магобэй Окура 1893 онд Чикаго хотын Олон улсын үзэсгэлэн яармаг үзэж явахдаа гадаадын янз бүрийн аяга тавганууд өнгө зүс, хийц маягаараа гоц ялгарах төдийгүй чанарын хувьд япон шаазангаас хавьгүй илүү байгааг олж мэджээ. Тийм болохоор хэрэв тэр янзаараа байх аваас Америкийн хэрэглэгчдэд Японы экспортын шаазан бүтээгдэхүүн төдхөн гологдох нь илт байв. Түүнээс гадна 1903 онд Магобэй Окура, түүний хүү Казучика болон өөр нэг гишүүн Котаро Асукай нар Европын шаазан эдлэлийн үйлдвэрүүдээр аялан, туршлага судалжээ. Тэгж явахдаа Австри улсын “Розенфийлдс Викториа” шаазангийн үйлдвэрт Асукай, Казучика хоёр өдөржин ажиллаж, орой нь шаазангийн өнгөлгөө хийж, түүний зэрэгцээ өдөр шөнөгүй судалгаа хийжээ. Гагцхүү тэр бүхний эцэст Магобэй Ичизаэмонтэй даруй холбогдож, өөрсдийн үйлдвэрээ байгуулах болов. Тэгэхдээ тоног төхөөрөмжийг Германы Түринген хотоос авчрахаар болж, түүгээрээ дотоодод хийсэн шаазан бүтээгдэхүүнийг гадагшаа гаргахаар шийджээ. Тийнхүү тэд нутагтаа харьж ирээд, ажилдаа ханцуй шамлан орж, өдөр шөнөгүй туршилт, судалгаа хийсээр байв. 

Тэдний нөр их ажлын үр дүн арван жилийн дараа гарсан нь дотоодын түүхий эд ашиглан 1914 онд дээд зэргийн чанарын үнэлгээтэй оройн хоолны зориулалтын “Седан” хэмээх шаазан аяга тавганы иж бүрдэл анх удаа бүтээсэн явдал байв. Гэтэл тэрхүү иж бүрдэл нь гарсан даруйдаа Америк улсад экспортлогдож, хэрэглэгчдийн таашаалыг ихээр татаж эхэлжээ. Гэсэн ч тэр нь Дэлхийн I дайны хүнд жилүүдэд байлаа. Тэглээ гээд тэд ухарч няцсангүй. Янз бүрийн бэрхшээл саадтай учирч, экспортын хоригт орж байсан ч ажлаа үргэлжлүүлсээр, нэрээ “Норитаке Чайна” болон “Роүз Чайна” болгон өөрчилж, 1935-40-өөд онд газар доорх шатаах зуухнуудаа барьж, тоног төхөөрөмжийн шинэчлэлүүд хийснээр бүтээгдэхүүнээ илүү олноор үйлдвэрлэн, илүү үр бүтээмжтэй ажиллах болжээ. Түүнийхээ зэрэгцээ тэд мөн олон улсын зах зээлд өрсөлдөх, дээд зэргийн чанартай стандартад хүрэх хамгийн шилдэг технологи болох гангар буюу ясан шаазан үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулан, судалгаа, туршилт хийсээр байлаа. Тэгэхийн тулд зах зээлд аль хэдийнэ байр сууриа олсон Английн ясан шаазан урлалын түвшинд дүйж очих олон сорилт, бэрхшээлийг давсан юм. Тийнхүү гангар шаазангийн үндсэн түүхий эд болох үхрийн ясны үнсийг хэлбэржүүлэх, шаазангийн өнгөлгөөг улам боловсруулах, чанартай шатаах зэрэг олон туршилт хийсээр 3 жил өнгөрөхөд 1935 онд анхны “Bon China” буюу ясан шаазангийн эх загварыг бүтээж чаджээ. Гэхдээ тэд анхандаа цэцгийн ваар болон чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь санаснаас илүү хүмүүсийн таашаалд нийцэж, гагцхүү 1938 оноос л ясан буюу гангар шаазан цайны аяганы цуглуулга нь их хэмжээгээр экспортлогдож эхэлжээ. Японы эдийн засаг нэн үсрэнгүй хурдаар хөгжиж эхэлсэн 1955 оны үед тэд зөвхөн шаазан эдлэлээр зогсохгүй өөр олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсний нэг нь зүлгүүр машин юм. Түүнээс хойш мөн машин техникийн эд ангиуд, ариун цэврийн өрөөний крант, “Тото” брэндийн жорлонгийн суултуур болон цахилгаан хэрэгсэлүүд, ялангуяа керамик технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан байгальд ээлтэй керамик бүтээгдэхүүнээрээ алдартай болсон юм. 

Тус цогцолборын шаазан урлалын төвөөр ороход нэг, хоёрдугаар давхарт шаазанг хэрхэн хийхийг дэс дараатай тайлбарласан үзүүлэнгүүд, харин шилэн хананы цаана жинхэнэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд байх ба мөн тэнд шаазангийн түүхий эдийг хэрхэн боловсруулах үйл явцыг шат дамжлага бүрээр ил тод харуулсан байв. Тиймээс тэнд зураг авах хатуу хориотой ажээ. Шаазан эдлэл нь дотроо хэд хэдэн янз байдаг бөгөөд хамгийн дээд чанарын гангар шаазанг бат бэх болгож басхүү хаш цагаан өнгө оруулахад үхрийн ясны үнс, шилэн болгоход жонш, цайруулахын тулд нарийн цагаан шавар гэгдэх каолин, уян хатан болгоход өөр бусад шавартай хольж зуураад хэвэнд цутгаж, 14 цагийн турш 1230 хэмийн халуун зууханд шатаана. Тэгэхэд хэмжээ нь 13% агшдаг ажээ. Түүний дараа нимгэн бүрхүүл өнгөлгөө хийж, дахин 11 цагийн турш 1130 хэмийн халуун зууханд шатаасны дараа хээ урлалаар чимж, дахин 850 хэмийн халуун зууханд шатаана. Дараа нь амсар болон сэнжийг алтан эмжээрээр чимэхийн тулд гар аргаар будаад, дахин 800 хэмд шатааж, бэлэн болсон шаазангаа нягтлан шалгаж бүтээгдэхүүн болгодог аж. “White Porcelain”буюу энгийн шаазанг жонш, цахиур, нарийн цагаан шавар каолин болон өөр бусад шавраар хийх агаад эхний шатаалтын дараа хэмжээ нь 9% агшдаг зэрэг шаазангийн тухай бүхий л мэдээллүүд зураг хөрөг болон дэлгэрэнгүй тайлбартайгаа байв. Харин гуравдугаар давхарт нь гарахад шаазан аяга тавганд хээ хуар урлаж, цор ганц өөрийн гэсэн бүтээлээ хийх боломж олгох сургалтын танхимд олон хүн шаазан дээр зураг зураад сууж байв. Дөрөвдүгээр давхарт шаазан урлагийн галерей буюу энэхүү брэндийн аяга, тавгийг он цаг, нэрээр нь өрж тавьсан үзүүлэн, самбар дурайж байв. Шилэн хоргоны цаана өрөөстэй байгаа гоёмсог хээ хуар, уран зураг, алт мөнгөн чимэглэл бүхий жижиг том ваар, өрнө дахины үдийн болон оройн хоолны аяга тавганы иж бүрдэл сэлтийг ширээнээ засан байрлуулжээ. Тиймээс би эл шилдэг брэнд бүтээгдэхүүний он цагийн түүхээр дамжин аялж, шаазан урлалын гайхамшиг, япон хүний нягт нямбай чанар, гярхай нарийн мэдрэмж, хосгүй нандин урлалыг биширч, нүд сэтгэлээ баясгасан билээ. 

Япон улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, түүхэнд үлдсэн хүн бол яахын аргагүй “Норитаке” брэндийн үүсгэн байгуулагч Ичизаэмон Моримура мөн юм. Тэрбээр нэг удаа гадаад улсад явж байхдаа нэг тавган дээр нүд нь тусч, түүнийгээ гартаа барьж үзэнгээ яг ийм гялалзсан цав цагаан, бас нимгэн таваг хийх юмсан гэж хүссэн агаад түүний тэр оргилуун бөгөөд бадрангуй, гал халуун хүслээс нь өнөөгийн дэлхийд алдартай “Норитаке” брэндийн гангар шаазан бүтсэн ажгуу. Тэгэхээр ямарваа нэгэн улсын хөгжил гэдэг эх орныхоо төлөө зүрх нь цохилогч эгэл жирийн хүний цор ганцыг бүтээх хүсэл эрмэлзэлээс эхэлж, тэр нь цаашлаад дүрэлзсэн халуун сэтгэлээр жигүүрлэн, түүнийхээ төлөө мятаршгүй зүтгэсэн их тэмцлээр цогцлон босдог болов уу гэж би бодном. Тиймээс ямарваа нэг зүйлийг цоо шинээр дахин бүтээхийн тулд гаднын технологийг өөриймшүүлж, уйгагүй туршиж, гүнзгий судлаж, улам боловсронгуй болгож, түүнээсээ дэлхийд “цор ганц” шилдэгийг бүтээж бий болгож ирсэн тэрхүү тууштай зам нь өнөөгийн япон чанарыг бий болгожээ гэж бас бодном. Миний энэ бодлыг батлах мэт “Норитаке” компаны уриа нь үүсгэн байгуулагчийнхаа хэлсэнчлэн “Хамгийн сайн чанар, гадаадад гаргах, хамтран дэвжих!” гэсэн үгсээр цуурайлж, басхүү хөгжил дэвшлийн замналыг нь цааш өртөөлөн хөтөлж, дэлхий дахинд нэрийг нь дуурсгасаар байнам. 

Нийтлэлийг бичсэн: Х.Эрдэнэцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.