Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтах албагүй


Нэгэн шүүх ажиллагаанаас шалтгаалан дэлхий нийтээр гэр бүлийн хүчирхийлэлд эрэгтэйчүүд ч өртдөг тухай ярьж эхэлцгээв. Би энд алдарт жүжигчин Жонни Дэпп, түүний хуучин эхнэр Эмбер Хэрд нарын хэргийн талаар ярьж байгаа нь илэрхий биз ээ. Гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүд хохирдог нь үнэмлэхүй олонх тохиолдолд үнэн ч гэлээ эрчүүд ч бас энэ төрлийн хүчирхийлэлд өртдөг, цаашлаад, өртсөн тохиолдолд илчлэн гаргах боломж, орон зай тун хомс байдаг нь мөн үнэн. Нэн ялангуяа Монгол шиг хийморь лундаа гэх ойлголтыг бүхнээс дээгүүрт тавьдаг эрчүүд олонтой газар “эхнэр маань намайг зодож, хүчирхийлж байна” гэх үгэнд ямар жин байх билээ? 

Эмбер Хэрд “Аль аль нь буруутай гэж хэлээд, хүмүүс, шүүгч юу гэх нь вэ, хараарай. Бүгдэд ярь л даа, Жонни. “Би, Жонни Дэпп, эрэгтэй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, би ч бас эрхтэй” гээд яриад хэдэн хүн чиний талд орохыг хараарай” гэж хэлсэн бичлэгийг нь шүүх хурлаар сонсгосныг бид ч бас олж сонсов. Энэ үг өөр лүү нь харсан дуранг нөгөө тийш нь хандуулсан. “MeToo” хөдөлгөөн дэлхий дахинд хүчтэй өрнөсний дараа хүчирхийллийн эсрэг дуугарах эмэгтэйчүүдийн орон зай эрс тэлсэн шиг, энэ мөчийг ашиглан (үнэхээр хэнийх нь буруу вэ гэдгээс үл хамааран) эрчүүдэд бас тэр орон зайг дорвитойхон нээж өгцгөөвөл ямар вэ? Ер нь хохирогч гэж яг юуг хэлэх вэ, эдгэрч, сэтгэл зүйн хувьд эрүүл байхын төлөө энэ үгийг өөртөө нааж, хүлээн зөвшөөрч чаддаг байхын тулд ямар орон зайг эрчүүдэд гаргаж өгөх ёстой вэ гэдгийг бодох л асуудал. 

Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухайд хуульд энэ төрлийн хүчирхийллийг дөрвөн хэлбэр (бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн)-т хувааж авч үзсэн байдаг. Ихэнх тохиолдолд хоёр, бүр түүнээс ч олон хэлбэр давтагддаг гэх. Эрчүүдийн тухайд, сэтгэл санааны буюу “хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэх” хүчирхийлэлд өртөх нь илүү түгээмэл. 

Хохирогч гэхээр сул дорой, эмзэг гэсэн үг биш. Хүчирхийлэлд өртөж байгаа гэхээр л түүнд бүрэн дийлдчихсэн, бүх зүйл болохгүй бүтэхгүй байгаа гэсэн үг биш. Гялалзсан амжилттай, карьертай яваа эр ч далд хүчирхийлэл дор амьдарч байж мэдэх юм. Сүүлийн жилүүдэд барууны зарим улс хүчирхийлэлд өртсөн эрчүүдэд зориулан тусламжийн утас нээсэн. Олон улсыг судалгааг харахад эрэгтэйчүүдийн 10 хувь орчмынх нь эхнэр, хамтран амьдрагч бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг аж. Гэвч тэр дундаас хэдхэн хүн л хүчирхийлэлд өртөж байгаа талаараа цагдаад ч юм уу, ойр дотнынхондоо мэдэгддэг гэнэ. Олонх нь мэдэгдэх юм бол элдвээр хэлүүлнэ, шоолуулна гэж эмээдэг. Энэ нь ч үнэндээ оргүй айдас биш. 

“Эмэгтэй хүнд зодуулсан гэж хэлбэл намайг юу гэж бодох бол?” 

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангаас 2017 онд 8000 орчим өрхийг хамруулан хийсэн “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-нд тухайн эмэгтэйчүүд хамтрагч эрэгтэйтэйгээ хэрхэн харьцдаг, хамтрагч нь түүнд гар хүрээгүй байхад хамтрагчаа цохиж зодож байсан эсэх тухай асуулт оруулж судлахад, өөрт нь гар хүрээгүй байхад хамтрагчаа цохиж, зодсон эмэгтэйчүүд нийт хамтрагчтай байсан/байгаа эмэгтэйчүүдийн бараг 10 хувийг эзэлж байгаа нь харагджээ. Үүгээр зогсохгүй, 12 хувь нь байнга давтагддаг гэж хариулсан байх юм. Товчхондоо, байнга зодуулдаг гэсэн үг. Юм шидэх, юмаар цохих, маажих, үснээс нь зулгаах зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийх үед эрэгтэй нь гарыг нь барих, тэврэх, тэврээд дарж хэвтэх зэргээр зогсоогоод, гарч явж, шар айраг уух, тамхи татах зэргээр тайвширдаг гэсэн байна. 

Эр хүний тухай хэвшмэл ойлголт энэ бүхэнд буруутай. Ер нь эр хүний дотор “эмээлтэй, хазаартай морь” багтдаггүй юм биш үү? Үнэхээр л багтдаг сан бол амиа хорлосон хүмүүсийн 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд байх байсан уу? Ерөөс тэр морийг ч, эмээлийг ч, хазаарыг ч багтаах гэдэггүй байвал яасан юм бэ? 

Эр хүн шиг байх гэж ер нь юу гэсэн үг вэ? 

Хамгийн их уншилттай
1
2022.05.29
Street fashion | Бороотой хотын загварлаг залуус
2
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
3
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
холбоотой мэдээ
1
2022.05.24
Өнөөдрийн зурвас: Роман
2
2022.05.11
Өнөөдрийн зурвас: Инээдэм, ханиадам
3
2022.05.05
Өнөөдрийн зурвас: Зүлгэн дээр суух юмсан
санал болгох
1
Уржигдар
Анхны виртуал гишүүнтэй "Superkind" К-поп хамтлагийн тухай 7 баримт
2
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
3
3 өдрийн өмнө
2060 он гэхэд 65-аас дээш насныхан 1.2 тэрбумд хүрнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0