Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зуны намуун үдэш, бороотой өдөр унших 11 ШҮЛЭГ


Нарны “нялуун” илчинд хөөрөн гүйх зуны дулаан өдрүүд сайхан. Гэлээ ч өнөөдөр шиг бүрхэг бороотой өдрүүд хэн хүнд тунгаан бодох чөлөө өгөх нь бий. Шүлэг хамгийн яруу, дурсамж хамгийн тод томруун мэдрэгдэх бороотой өдөр дараах шүлгүүдээс уншаарай.
                                                                           Тө.Бямбасүрэн

#1
Чиний өглөөд
миний шүүдэр
Чийг болж хөлийг
чинь жиндүүлэхээс
өөрцгүй юмдаа.

                                                                            А.Эрдэнэ-Очир


#2
Алиалагхан орчлонгийн
Аашийг нь олохгүй ч гэлээ
Амьд явмаар байна.

                                                                            А.Урантогос


#3
 Хүүрнэгч өдрүүд, хөлд үрэгдэгч сарууд хэмээх бүлэг шүлэг
Тав.
Өөрөө өндийх
Өвс ногоонд
Өчүүхэн шороо
Юутай хүнд
Ханьгүй амьдрал
Хүйтэн шорооноос
Юугаараа өөрийг
Хэн хэлж мэднэ.

#4
Долоо
Бүх дурсамж хоосорч
Бүх хүн чамаас холдоход
Сар үлдэнэ
Сайхан зүйл үлдэхгүй
Бүх хундага хоосорч
Бүгдийн дотор чи архи шиг
Шингэхэд нар үлдэнэ
Шинэ зүйл үлдэхгүй
Чиний үнэн
Чамтай цуг өөд болоход
Хэн ч түүнийг хаанаас ч хайхгүй
Хорвоо гэдэг их цэвэрлэгээ.

#5
Хамаг хувцсаа норгочихоод
дараа нь шүхэр гуйдаг
Хамаг найдвараа алдчихаад
юу ч бодолгүй инээмсэглэдэг
Хамаг бүхнээ зориулчихаад
хаяж дор нь үгүйсгэдэг
Хамаг буйгаа харуулчихаад
хэн гэдгээ асуудаг
Чамд ч, хэнд ч дурлаж чадах
Чамайг ч, хэнийг алдаж чадах
Зоригтой гэнэн яваагаа
Зовлон гэж итгэхгүй.

                                                                              Ц.Гончиг

#6
Гар тээшээрээ
Дүүрэн дурсамжтай
Гарч явнадаа
чиний хотоос…

                                                                             Г.Аюурзана

#7
Бодлогширсон цонх
нүд шиг нулимсарна
Бороо яахавдээ
ордоггүй эд биш
Босъё доо…
Хөнжилдөө гал ноцтол
бодлоо гээд дэргэд
чи ирэх биш!

                                                                              Р.Чойном

#8
Бороо
Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж
Агаа их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав.
Асгаран орох борооны жигд усан ширхгүүд
Алтан ятга хуурын нь утаснууд шиг харагдав.
Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал
Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод-санаа гэмээр.
Нүргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ
Түргэлэн товших хөгжмийн нь нэгэн аялгуу гэмээр…
Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа
Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод
Тэргэл дугуй солонгоор уул, үүлийг дамнуулан
Тэр хөгжмийнхөө нотыг гэрлийн хуулиар бичив…

#9
Хүйтрэх, дулаарах тэнгэрийн явдал
Хүний санаснаар болсонгүй гэж
Дэмий ч гэсэн, сэтгэлээ засаж
Дээшээ хялалзан хялалзан муулцгаана.
Орчлонд, хүн гэдэг амьтан
Овилго муутайгаараа гаргууд билээ.
Хэрвээ тэнгэр хүний санаагаар загнах юм бол
Хэдийнэ, энэ ертөнц сөнөх буй заа.

                                                                                Ши Мөрөн

#10
Бүрэнхийн дуу
Харуй бүрийд сүүмэлзэх
хээр талд би дуртай
Харанхуй нөмөрч гүйцээгүй,
бүх өнгө сүлэлдэн нэгсэж
Толгод дээрх сахлаг, өтгөн ногоон зурвас дундаас
Тодхон ааг хүсэл сүүлчийн удаа үзэгдээд
Хүний амьдралын ийм л өнгөнд
хэчнээн дуртай вэ, би
Хэрэг явдал бүхэн хэвээ үлдээж өнгөрсөн
Хэрхэн дуусах төгсгөл
Хараахан амжиж ирээгүй үе.
Инээмсэглэлээр би
Эргэн тойрноо ажин суунам
Эргэлзэж энэлж асан өнөөх
Зүрх юугаа л хайнам.

#11
Гомдол үгүй залуу нас
Хангал залуу насандаа хэрвээ
Хэн нэгэнд сэтгэл алдуурвал
Хамт байх мөчүүд урт эсвэл охорхон ч бай
Хайлан энхрий хандаарай, түүндээ
Хэн хэндээ эерүү зөөлнөө дэвсэн
Хором мөч бүхнийг сэвгүй сайхнаар үдээрэй
Хагацлын өмнө эрхгүй ирлээ ч
Хэн хэндээ бас баяртай гэж хэлж зүрхлээрэй
Дурсамж үлдээснийх нь төлөө
Талархаарай, талархан зүрхнийхээ угт хадгалаарай
Өсөж, нас тогтохын цагт
Өнгөрснөө дурсах тэр мөчид чи сая ухаарна
Үгүйрэх гомдол үлдээгүй хангал залуу нас гэдэг
Өөвөн толгод дээрх үдшийн аниргүй саран мэт ээ

Нийтэлсэн: М.Анухатан

                                                                                      ☁

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
2
2022.07.29
Номонд дуртай хүмүүст таалагдах 19 сонирхолтой ажил
3
2022.07.07
Төрийн шагнал хүртсэн зохиолч Ш.Гүрбазарын анхны номоос онцлох ДОЛООН шүлэг
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.