Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Фото: "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам нээлтээ хийлээ


Монголын урлагийн зөвлөлөөс "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн VI сард зохион байгуулах болсноор өдгөө долоо дахь зунаа угтаж байна. Энэ жилийн наадам "Дархлах тун" сэдвийн хүрээнд өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар болон Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдах юм. 

М.Батзориг:  Орчин үеийн урлаг амьдралаас хол, салангид зүйл биш

Нээлтийн үйл ажиллагааны үеэр "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадамд өнөө жил куратороор ажиллаж буй зураач Мартын Батзоригтой ярилцав. 

Тэрбээр "Медиа урлаг сонирхолтой боловч бас хэцүү төрөл. Бүтээгчээс шинжлэх ухаан, технологийн мэдлэг давхар шаарддаг онцлогтой. Тэр хэрээрээ цөөхөн артистууд энэ салбар руу ордог байх. Гэхдээ энэ наадамд олон уран бүтээлч оролцож, харин бүр сонголттой ч болсон байна гэж бодлоо. Мөн энэ удаагийн “Улаанбаатар” медиа урлагийн наадамд дижитал, орчин үеийн технологид суурилсан хийгээд интерактив ажлууд ирүүлсэн нь сонирхолтой. Жишээлбэл, Г.Энх-Амар гэдэг программист залуу өөрийнхөө мэргэжлийг урлагтай холбоод интерактив бүтээл хийжээ. Уран бүтээл гэдэг ганцхан бүтээгчийн санаа байхаа хэдийн больсон. Харин үзэгч оролцож санааг нь хамтран бүтээдэг болоод буй. Энэ бүтээл үзэгчийн тийм оролцоог шаардсан интерактив ажил болсноороо онцлог юм.  Мөн Б.Мөнхдорж гэдэг аниматор залуу үзэгч өөрөө тоглож болох компьютер тоглоомон бүтээл хийсэн аж. Энэ нь бидний урлаг гэж үздэг байсан уламжлалт ойлголтоос өөр гэдгээрээ шинэлэг юм. Заавал мэргэжлийн сургууль төгссөн хүн уран бүтээлчээр ажиллах ёстой гэж боддоггүй. Дүрслэх урлагт аль болох өөр салбарын, өөр өнцөг, шинэ талбар бий болоосой гэж хүсдэг. Орчин үеийн урлаг амьдралаас хол, салангид зүйл байхаа больчхоод байна. Мэргэжлийн уран бүтээлч биш ч урлагийг бүтээх бололцоотой, үүгээрээ урлаг илүү энгийн зүйл болон хувирч буй. Тэр чиглэлийн санаануудыг түлхүү оруулахыг зорьсноороо энэ удаагийн “Улаанбаатар” медиа урлагийн наадам бас онцлогтой. Урлаг бол санаа. Тэгэхээр бүтээгч санаагаа юугаар ч илэрхийлж болно. “Улаанбаатар” медиа урлагийн наадмын ач холбогдол нь шинэлэг байна. Урлагт өөр аяс, шинэ хандлага хүч түрж байна. Тэр нь дандаа л залуу хүмүүсээс гардаг. Үеийн үед л эсэргүү гэмээр уламжлалыг эвдсэн өөр ойлголтууд залуучуудаас л гарч байсан. Тийм залуучуудын тэр бүр сонсогдоод байдаггүй дуу хоолойг нэгтгэж буй нь нэг том олз. Куратор гэхээрээ л хүний санааг шууд өөрчлөхгүй. Бүтээгчийн санаа хамгийн чухал. Мэргэжлийн бус хүмүүстэй ажиллахад хялбар, илүү сонирхолтой байдаг. Уран бүтээлчийн бодоогүй өнцгийг өөр мэргэжилтэй хүмүүс шинээр нээдэг. Урлаг, технологи даяарчлагдсан өнөө үед нийлмэл талбар чухал. Тэрийг л би хөгжил болов уу гэж боддог..." хэмээн өгүүлэв.

Ц.Энхчимэг: "Улаанбаатар" наадмын хүрээнд Германы 360 ͦ медиа уран бүтээлч 

Ali Demirel-ийн бүтээлээс олон нийтэд хүргэнэ

Мөн энэ үеэр Монголын урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Энхчимэгтэй ярилцлаа.

"Контемпорэри урлагийн төрлүүд уран бүтээлчдийн хувьд өөрийгөө илэрхийлэх сонирхолтой талбар гэж ойлгодог. Энэ жилийн “Улаанбаатар” наадамд гурван орны 21 уран бүтээлч оролцож байгаа. Бид наадмын хүрээнд медиа чиглэлээр бүтээл туурвидаг олон улсын уран бүтээлчдийг урьж авчрахыг зорьдог. Энэ жил Тайванийн уран бүтээлч Yu- Hao хүрэлцэн ирсэн бөгөөд мөн Германы 360 ͦ медиа уран бүтээлч Ali Demirel бүтээлээрээ оролцож байна. Түүний бүтээлийг наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр үзэгчдэд хүргэнэ. Мөн оролцогчдын бүтээлийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Улаан гэр галерей, White rock center гэсэн газруудаар дамжуулан үзэгчдэд хүргэх юм. Галт тэрэгний аялалыг зохион байгуулж, Сайншанд хот болон Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад оролцогчдын бүтээлийг танилцуулна. Галт тэрэгний аялалын үеэр уран бүтээлчид маань үзэл бодлоо солилцож, хамтарсан бүтээл гаргах шийдэл хэлэлцэн, шинэлэг санаа төрөх сэдэл мөн тэдэнд төрнө гэж итгэдэг. Түүнчлэн хөдөө орон нутагт урлагийн шинэ төрлийг хүргэх зорилготойгоор төрөл бүрийн үзэсгэлэнгүүд зохион байгуулдаг билээ. “Улаанбаатар” медиа урлагийн наадмын үндсэн зорилго нь монголынхоо уран бүтээлчдийг олон улсад сурталчлах, хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлэх, мөн гадны шилдэг бүтээлүүдийг монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагт техник, технологийн дэвшилтийг тусгасан шинэ урсгалыг монголдоо хөгжүүлэх байдаг. “Улаанбаатар” наадмыг анхнаас нь дэмжиж, хамтран зохион байгуулагч Гёте институт, мөн энэ жилийн наадмыг Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар болон Тайванийн ардчиллыг дэмжих сан дэмжиж ажиллаж байгаа. Түүнчлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, White rock center наадмын үйл ажиллагааг маань жил бүр дэмжин, хамтарч ажилладаг. Бас музейн үйл ажиллагааг сурталчлах, залуусыг тийш татах сэдэл болдог байх. Контемпорэриг DJ урлагтай холбосноор сонирхолтой хамтын ажиллагааг өрнүүлж байгаа хэмээн найдаж байна..." хэмээн ярьсан юм.

Та бүхэн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хөтөлбөр болоод бусад мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.