Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Төрийн шагнал хүртсэн зохиолч Ш.Гүрбазарын анхны номоос онцлох ДОЛООН шүлэг


СГЗ, зохиолч Шагдарсүрэнгийн Гүрбазарын эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ. Тэрбээр анхны номоо 1991 онд "Дугуй хээтэй наадам" нэртэйгээр хэвлүүлсэн билээ. Түүний бичсэн дууль, шүлгүүд бүхий уг номыг Д.Урианхай редакторлан, Бавуугийн Лхагвасүрэн агсан өмнөтгөл бичжээ. "Шинэ номонд хайчилж өгөх <<эсгий үнэг>>" хэмээх өмнөтгөл хэсэгт "Зөн билгийн сэрэл, аав ээж, нутаг усны өнгө хөгөөр бичсэн энэ ном Гүрбазарын багадаа тоглож өссөн чулуун гэрийн тойрон дэлхсэн олон мал сүрэг <<өнгөт ногоон толгой>>, <<өлзийт булгийнх нь>> олон алаг чулуу билээ. Бэлд нь янцгаасан унаганы дууг оргилын хад сонсдог гэж малчин түмэн минь ярьдагсан..." гэж тодотгосон авай. Ингээд Төрийн шагналт зохиолч Ш.Гүрбазарын "Дугуй хээтэй наадам" анхны номоос ДОЛООН шүлгийг онцлон хүргэж байна.

#1 Дугуй хээтэй наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд

Хэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирж

Зуузай харшуулсан гурван сумын морьд 

Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулцгааж

Хөх торгон баадантай хөлийн хоёр асар

Хэцийн цэнхэр салхинд, хээгээ гээтэл дэрвэхэд

Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах

Есөн давааны бөхчүүд наадмын цагаригт тэнцэлдлээ

Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа

Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэргүүлэхэд

Хатирч саарал мориных нь 

                   газар асгасан сүүлнээс нь

Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо

Дэлгэр хэтийн наадам гурван хоног нижигнэсэн

Дэвжээ энэхэн дэнж дугуй хээтэй үлдэв ээ

Морь инээд хоёр цуглах жамтай талбараас

Монгол газар шороо минь 

                  туурайн хээтэйг ухаарав аа

#2 Үртэй хүний сэтгэл

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ

Хорвоод хүний л эцэг гэгдэхээр өөр юм билээ

Бүрий хөлхөх үдшээр 

Бүүвэй аялдаг боллоо

Айдсы нь үргээх гэж дуулан

Аясхан шөнөөр үлгэр ярьдаг боллоо

Туурган цаана уйллаа ч 

Айсан чихэнд дуу нь чанга

Торгон дээр бүдэрлээ ч

Түгшсэн сэтгэлд эд нь хатуу

Уйлах, инээх хоёрт нь

Санаа зөөлөрч

Унаган сэвлэгий нь үнэрлэхэд

Самсаа нялхармаар

Жамыг дагаад өснө гэж тайтгарахаас

Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү

Заяа нь түшээд торнино гэж тайвшрахаас

Жаргалд эргэлзэн нулимсанд нь уятах нь илүү

Биеэрээ үзээгүй зовлонгоо

Үрээрээ жишиж мэдрэхдээ

Би эцэг болсноо ухаарсан юм

Амь хайр хоёр шингэсэн

Үрийнхээ тухай бодохоор

Атахуй сэтгэл минь аяндаа

Сүжигт дөтлөөд ирэх юм аа 

#3 Орчлонгийн дуу

Аавдаа би эрхэлдэг байсаан

Аавдаа би эрхлэхдээ

Алтан гадасны од аргамжаа буулгаж

Зээрийн шагайгаа холбоё оо гэж

Аадрын сүүлчийн солонго барьж

Шилбүүрийн үзүүртээ уяя аа гэж

Үлгэр дуустал 

Үүр цайлгахгүй гэж

Өлөн шүүдрийг

Өдөр өнжөөнө гэж

         Эрхэлдэг байсаан

         Элдэвлэдэг байсаан

Ээждээ би эрхэлдэг байсаан

Ээждээ би эрхлэхдээ

Өлзийт булгийн халгайны

Өргөс бүхнийг түүлгэнэ гэж

Өвдөг шалбалсан чулууны

Өөрийн нь ёолохыг үзье гэж 

Намайг өсгөсөн өвөөгөө

Холоо явахад нь авчирнаа гэж

Намрын шувууг буцаалгүй

Нуурын хөвөөнд тоглоно гэж

         Эрхэлдэг байсаан

         Элдэвлэдэг байсаан

Одоо тэхнээ...

Алтан гадасны од аргамжаа буулгахаар

Аав минь явчихсан юм биш байгаа даа 

                                       Алга байна

Өлзий булгийн өргөс бүхнийг түүх гээд 

Ижий минь ирэхгүй юм биш байгаа даа

                                       Эвгүй байна

Мөнх бусын орчлонгийн дутууг

Үрдээн бүтэн болгохсон гэхдээ

Миний хоёр буурал 

Гэртээн одоо алга байна

#4 Уянгын үнэн

Мөчөөн тэнцүүлж өндийн хөлд орохын цагт

Мөөмөнд нь байсан сүү ,

         сэтгэлд нь шингэдэг ээжий минь

Мөрөөн цувуулж тамгалан, хүн болохын цагт

Сэтгэлд нь багтаагүй сүү нь,

         санчиганд нь гэрэлтдэг ээжий минь ээ

#5 Уянгын эндүүрэл

Айл гэр болдог цагаан чулуугаа ташихад

Ангаахай гарна даа

        гэж томоогүй нас минь эндүүрэхдээ

Аргал түүхдээ хүртэл саврын шүднээс эмзэглэн

Алтан ширээгийнхээ 

        чулууг, шувууны амиар хайрласаан

#6

Явах ойртох тутам

Ярианаас минь инээд холдож

Бидэн хоёр

Бишүүрхсэн юм шиг чив чимээгүй

Явах мөчөөр дөхөхөд

Ярилцах маань улам цөөрч

Хөөрхөн цээжинд нь цохилох 

Зүрхний нь чимээ нь харин 

Хэлж амжаагүй үнэн бүхний 

Амьд халуун гэрч мэт ээ

Үдэхдээ

Үхэхийн хэртэй цовхчих зүрхний шивнээнээс чинь

Надад хайртайгий чинь

Наслахын хэртэй үнэн байгаад би итгэж байна.

#7 Хань

Жаргалтай ханийхаа дэргэдээс сар хугас холдоход

Жавартай үдшийн

          сэрчигнээнд өврий нь хүртэл санах юм

Дурлаж догдолсон тэр жилийн

Дутуу нойртой олон шөнөөр бол

Инээхэд нь сормуус нь

          будардаг харцаар нь л чамайгаа

Илүү ч их мөрөөддөг байсан байлгүй дээ.

Зүс ааш хоёры чинь зүүдэлж догдлоогүй ч гэсэн

Зүгээр жирийн

          тохиолдол сэтгэлийн дэмээр чинь өнчрөх юм

Үгүй дутуугаа

          ярилцаж өчнөөн жил ханилсан чамайгаа

Үнсье гэж бодоогүй ч санаад л байх юм аа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.