Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Ёслолын буудлагагүй шинэ танхим


Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш нэг жил зургаан сарын дараа Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөн нь Монголын улс төрийн тогтворгүй байдлын алтан дундаж хугацаа. Ихэвчлэн 100 хувь өөрчлөгддөг буюу огцордог байсан уламжлал энэ удаа сайд нарын 50 хувь дээр тогтсоноороо онцлог статистик болов. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнийн авторласан шинэ сэргэлтийн бодлого 1.5 жилийн настай Засгийн газруудын эсрэг, тогтвортой хөгжлийн төлөө зохиогдсоныг сануулах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ шинэ Үндсэн хуулийн дагуу сайд нарын танхимаа анх удаа өөрөө сонгож буй эхний Ерөнхий сайд болов. Нэгдүгээр ээлжинд “мэргэжлийн” хэмээн урьж ажиллуулсан сайд нарын оронд давхар дээлтэй 10 сайд авчирсныг хоолондоо орохоор жагссан хэсэг улстөрч гэж харах уур хилэн амьдралд бодитой нүүрлэсэн учир ингэж муугаар харах эрх иргэдэд буй. 

Эдгээр сайд нарыг олон нийтэд танилцуулахаасаа хамаагүй урьтан Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх амбицтай, чадамжтай сайд нараар танхимаа бүрдүүлнэ” гэсэн нь тэдэнтэй өөрөө ч танилцахаасаа өмнө хэдийн дээш “шидчихсэн” сонголтууд биш байгаа гэж эргэлзмээр. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нь амбийц мөн үү гэвэл яах аргагүй мөн. Харин заавал сольж өөрчлөх байсан уу гэвэл энэ асуулт бас л мөн. Тиймээс ингэхгүй л бол нам дотор эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй жигүүр өдөлсөн, хоорондын хатгаас, зөрчил нь МАН-ын дарга, Ерөнхий сайдаа зүгээр байлгахгүй хэмжээнд хүрсний гэрч нь энэ халаа сэлгээ болов уу гэж дүгнэх байна. Л.Оюун-Эрдэнээс анх гарсан АН-тай хамтрах санал унасан нь ч хоёрдугаар ээлжинд орох хүлээлт МАН-д чивчрэн чангарсантай холбогдох байх. Түүнчлэн маргашгүй гаргалгаа ганц байгаа нь энэ баг УИХ-ын 2024 оны сонгууль хүртэл огцрохооргүй бөх бат болов. Цахилгаан, дулааны хүндрэл, экспортын гацаа, инфляцын огцом өсөлт гээд олон бэрхшээл тулгарах бэрх өвлийн босгон дээр Засгийн газраа УИХ-ын 14 гишүүний дээлээр давхар хучаад авлаа. Л.Оюун-Эрдэнийн танхим шинээр бүрэлдсэн дотоод нөхцөл ийм байна.

Дэлхий өмнө нь эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа уриатай байсан бол одоо тэр нь геополитик гэсэн ганц гудамжтай, түүгээр болгоомжтой зорчиж байж л санасандаа хүрэх эмзэг орчин болон өөрчлөгдөж буйг бид анхаарах ёстой.

Гадаад орчин нэн онцгой болж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин тун сэргэг мэдэрч байгаад эргэлзэх юун. Түүний засгийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг улирч байгаагаас ч харж болно. Дэлхий өмнө нь эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа уриатай байсан бол одоо тэр нь геополитик гэсэн ганц гудамжтай, түүгээр болгоомжтой зорчиж байж л санасандаа хүрэх эмзэг орчин болон өөрчлөгдөж буйг бид анхаарах ёстой. Ковидоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, геополитикийн шалтгаантай хямрал, үүнээс үүдсэн инфляцыг улс орнуудын Засгийн газрууд адилхан туулах нь ойлгомжтой болсон. Ердөө энэ оны сүүлийн хоёр сарын хугацаанд Орос, Хятад, Япон, Америк, Солонгос, Европын холбооны Гадаад хэргийн сайд, сайд нар болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ар араасаа шил даран Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Энэ бол огтоос тохиолдлын эсвэл төлөвлөгөөт айлчлал байгаагүй юм. Манай хойд их хөрш Украинтай, өмнөд их хөрш Тайваньтай үүсгэсэн асуудал л тэднийг бидэн рүү яарахад хүргэсэн гэж ойлговол зохино. Тэд Монгол Улс Орос, Хятадын талыг баримталж байгаа, эсэхийг тандаж мэдэхийг л хүссэн. Хөршүүд хийгээд баруун гэсэн хямралт харилцааны таталцал хийгээд түлхэлцэл дундаас эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх санхүүжилтийг олж авах, экспортоо нэмэгдүүлэх амаргүй үүрэг хариуцлага шинэ Засгийн газарт ногдов. Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ч тийм даалгавар багтаа өгснийг шинэ сайдууд амнаасаа унагасан анхны мэдэгдлүүдээрээ гэрчилж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын хоёрдугаар ээлжийг улаан хивс, амжилтын ерөөл, ёслолын буудлага угтахгүй. Тэдний өмнө УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдах хүртэл хоёр жил, Дарханы зам, Хөгжлийн банк, инфляц, экспорт юутай хийтэйгээ, цаана нь бас шийдэл нь яагаа ч үгүй олон ажил доогтой хүлээж байна. Санасандаа хүрч сайд болсон гишүүдийн баяр хөөр, энгийн иргэдийн уур бухимдал хоёр яг тэнцэж байна.

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс онцлох 5 баримт
2
2022.11.22
Н.Ялалт: Хувь тавилан надад боломж олголоо. Эхнийхийг би өөрөө дэггүй халуунаар алдсан юм
3
2022.11.09
Авторын булан: Маргааш хэдүүлээ хэнийг огцруулах вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.