Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан: Владивостокоос тэнцвэрээ олсон төслүүд ба Нью-Йорк Таймсын онцлох мэдээ


Номхон далайд эрчилсэн "Хиннамнор" хар шуурга энэ сарын 5-7-нд Приморийн өмнөд эргээр дайрах, салхины эрч 23-28 м/с, хур тунадас 110 мм-т хүрэх цаг агаарын урьдчилсан тандалтыг Оросын мэргэжилтнүүд шинэ сар гармагц анхааруулж байв. Энэ шуурга Владивостокийн Дорнын эдийн засгийн долдугаар чуулга уулзалтад түвэг учруулж болзошгүй гэх бөгөөд Японы Окинавад 3000 гаруй айл өрхийг цахилгаангүй болгож, дөрвөн иргэнийг хүнд бэртээсэн “Хиннамнор”-оос болж West Japan Railway Company хурдан галт тэрэгний Санъё чиглэлээ даруй зогсоож, аэропортууд 56 чиглэлд нислэгээ цуцалж, Солонгос, Хятадын далайн тээвэрчид хөлөг онгоцуудаа эрэг рүү яаралтай татан авсан тухай мэдээлэл цацагдаж байх энэ сарын 6-нд Улаанбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөлөглөсөн тусгай үүргийн онгоц Русский аралд газардсан юм. 

Барууны компаниуд Орос орныг орхисон ч Оросын ажил хэрэгч хүмүүс, сэтгүүлчдийнх нь барьсан гар утас, нөүтбүүкээс эхлээд эдэлж хэрэглэж байгаа хувцас гутал, цүнх хараахан барууныхаараа, дэлхийн брэндүүд хүмүүсийнх нь хэрэглээнд хэвээр хадгалагдан үлдсэнийг сониучирхан харж болох чуулга уулзалт байв.

“Олон туйлт ертөнц тийш” үндсэн сэдвийн дор 40 улс, 4000 зочин оролцуулсан энэхүү уулзалтыг ОХУ гадаад бодлогоо Ази руу чиглүүлэх, Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, итгэлцэх, түншлэх эрмэлзлэлээр зохион явуулав. Барууны эдийн засаг, улс төрийн хоригийн эсрэг ОХУ ийм орон зайд олон туйлт ертөнц үүсгэхээр зорьжээ. Америк, Япон зэрэг улс орнууд, Европын холбоо, барууны компаниуд Орос орныг орхисон ч Оросын бизнесийнхэн, ажил хэрэгч хүмүүс, сэтгүүлчдийнх нь барьсан гар утас, нөүтбүүкээс эхлээд эдэлж хэрэглэж байгаа хувцас гутал, цүнх хараахан барууныхаараа, дэлхийн брэндүүд хүмүүсийн хэрэглээнд хэвээр хадгалагдан үлдсэнийг сониучирхан харж болох чуулга уулзалт байв. Форумын үйлчилгээнд ажиллаж байсан оюутан залуус гэхэд англиар нэвтрэлцэхэд ямар ч асуудал үүсэхээргүй сурчээ. Гагцхүү “манай” оросуудын ихэмсэг ч гэмээр, зарим талаараа бүдүүлэг ч санагдаж болох, хэл ойлгохгүй хүнд нүүр биеийн өгүүлэмжээр дээрэнгүй ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг тэр нэг түгээмэл онцлог яг хэвээрээ шүү. 

Владивосток энэ удаа Хятадын дарга Си Жэнпиний Монголын эдийн засгийн салбаруудыг дэмжих бодлоготой Оросын лидер В.Путиний манай төмөр зам, боомт, эрчим хүчний төслүүдийн талаар баримтлах байр суурийг параллель уях сонирхлоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэх нь алдаж болохгүй боломж, нэн чухал цэг байв.

Харин бид энэ уулзалтаас юу хүлээснээ эргэн санавал, Монголын дотоод улс төрийн зөрчлөөс болж саатсан, харин одоо улс төрийн саад тотгорыг нь арилгасан боловч санхүү хөрөнгө тулгамдсан, БНХАУ болон ОХУ-ын дэмжлэгээр шийдэх гарцтай эдийн засгийн гурван том салбар бий: эрчим хүч, түлш шатахуун, боомт ба төмөр зам. Үүн дээр Оросын байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулан Хятадад хүргэх аварга төсөл нэмэгдэнэ. Ийм дөрвөн хүслээ биелүүлэх зорилготой гарч, Ерөнхий сайд Владивостокт ирсэн. ОХУ-ын зүгээс санаачлан бүс нутагт зохион байгуулдаг уламжлалтай Дорнын эдийн засгийн энэ удаагийн чуулга уулзалтаас өмнө БНХАУ-ын зүгээс Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарын амин чухал төслүүдийг дэмжин хамтрахаа улс төрийн түвшинд бат нот болгосон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Владивостокийг зорих шалтгаан болсон гэж хэлж болох. Монгол Улс БНХАУ-тай боомтуудаа сэргээн сайжруулах, төмөр замаар холбох, эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр эцэслэн тохиролцсон. Тиймээс Владивосток энэ удаа Хятадын дарга Си Жэнпиний Монголын эдийн засгийн салбаруудыг дэмжих бодлоготой Оросын лидер В.Путиний манай эдийн засгийн төмөр зам, боомт, эрчим хүчний төслүүдийн талаар баримтлах байр суурийг параллель уях сонирхлоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зоримгоор илэрхийлэх нь алдаж болохгүй боломж, нэн чухал цэг байв. Тухайлбал, Хятадын тал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөхөд санхүүгийн хөшүүрэг болж, Эг дээр Оросын талын хөрөнгө орж ирэхэд хөршүүдийн ашиг сонирхол тэнцвэртэй болно. 

Владивосток ширүүн бороотой, олон улсын нисэх онгоцны буудал өсгий далд орсон их уснаа зочид төлөөлөгчдөө угтлаа. ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингээс “Хиннамнор” ирэх талаар яриа өдөхөд “Шуурга холуур, холуур. Монгол хүн чинь хувьтай хүн хурнаар гэдэгсэн биш билүү” гэв. Үнэхээр ч маргааш нь энэ арал есдүгээр сар ба тэнгис далайн хамгийн сайхан хоршилд шинэ өдрийг цэлмэг өнгөрүүлсэн юм. 

Дорнын эдийн засгийн долдугаар чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээсээ өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоусыг хүлээж авснаар гол уулзалтууд эхэллээ. Олон улс, бүс нутгийн хэмжээнд аж үйлдвэр, автозам, уул уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулагчаар ажилладаг Газпромбанк Монгол Улсад хий шингэрүүлэх үйлдвэр байгуулахад техник технологи болон санхүүжилтийг бүрэн шийдэхэд бэлэн гэлээ. Түүнчлэн хоёр талын худалдааг төгрөг, рублиэр хийх, Газпромбанкинд монгол төгрөг арилжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мөн дуулгасан. 

Байгалийн хий, түлшний олборлолт, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхах үеэрээ Орос, Хятадыг Монголоор холбох хийн хоолойн төслийн ажлын цаашдын төлөв өдгөө Хятадаас хүлээгдэж буй худалдах, худалдан авах гэрээ, арилжааны нөцөл тодорхойгүй байгаагаас түр азнасан байдалд орсныг мэдэгдэв. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх 962 км урт хийн хоолойн төслийн Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг хуваарийн дагуу ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэх бүх талын боломжийг ханган ажиллаж буйд “Газпром” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа мөн илэрхийлсэн. 

Узбекистанд удахгүй болох ШХАБ-ын лидерүүдийн уулзалтын үеэр В.Путин Си Жэнпиньтэй уулзахдаа Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаар ярилцахаа Владивостокийн чуулгын үеэр нотолсныг Нью-Йорк Таймс мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг нээсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьж, Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилгаа илэрхийлж, тодорхой төслүүдийнхээ танилцуулгыг дэлгэцээр үзүүлсэн нь зөвхөн Путинд хандсан хэрэг болоод зогсоогүй, дэлхийн анхаарлыг татсан үйл явдал болжээ. Нью-Йорк Таймс цахим хуудсын гол мэдээний хураангуйд өчигдөр энэ тухай онцолсон байлаа. Узбекистанд удахгүй болох ШХАБ-ын лидерүүдийн уулзалтын үеэр В.Путин Си Жэнпиньтэй уулзахдаа Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаар ярилцахаа Владивостокийн чуулгын үеэр нотолсныг Нью-Йорк Таймс мэдээлэв. Нью-Йорк Таймс цахим хуудас гол мэдээнийхээ хураангуйд тухайн өдөр дэлхий дахинд болсон олон улсын хамгийн, хамгийн нэн чухал сэдвийг түүвэрлэдэг билээ. 

Нэгдсэн хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй цаг орчим ганцаарчлан уулзаж амжсан бөгөөд эл уулзалтаар зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг дэмжих, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр Монголд худалдах, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг 300 МВт-аар нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг 2029 онд ашиглалтад оруулахаа В.Путин илэрхийлсэн байна. Энэ нь Монгол Улс Владивостокоос олсон олз, Нью-Йорк Таймс хүртэл олзуурхсан гол мэдээ боллоо. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.09 43.242.241.151

Алга ташихаас аргагүй айлчлал болжээ. Амжилт хүсье. Залуу Ерөнхий сайд шинэлэг хэлбэрээр илтгэлээ тавьж байгааг нь хараад үнэхээр олзуурхсан даа.

0 Хариулах