Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Үндэсний номын баяраас онцлох нь: АРВАН ТАВАН шинэ ном


Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид баасан гарагаас эхлэн гурван өдрийн туршид Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй АРВАН ТАВАН номыг онцолж байна.

1. Сормууниршийн Дашдооров "Хатан туулын ус"

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын уран бүтээлийн өвөөс хайрын өгүүллэгийн шилмэл түүврийг судлаач Х.Чойдогжамцын сонголтоор эмхэтгэжээ. Уг түүвэрт “Хатан туулын ус”, “Оосор бүчгүй орчлон”, “Морин жим”, “Ботгон бор толгод” тэргүүтэй 13 өгүүллэг багтсан буй. Судлаач Х.Чойдогжамц сонголт хийхдээ зохиолчийн гар бичмэл, эх бичигт тулгуурлаж хянан шүүсэн бөгөөд урьд өмнө хэвлэгдээгүй шинэ өгүүллэгийг нээж, энд багтааснаараа онцлогтой. 

Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан жирэлзэнэ” хэмээн бичсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровыг “Говийн өндөр” роман, “Холын цэнхэр уулс” тууж, “Бууж мордох хорвоо” өгүүллэг, “Өндөр ээж”, “Саруул талын ерөөл” кино зохиол зэрэг туурвил зүйн бүхий л төрлөөр бичсэн олон бүтээлээр нь уншигчид таних биз ээ. Түүний зохиол бүтээлүүдийг Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр “Нүүдэлч малчин монголчуудын уран зохиолыг шимтэн судалдаг юм гэхэд ухааных нь шигшүүрт гарцаагүй тээглэх хүн бол Сормууниршийн Дашдооров” хэмээн үнэлжээ. Харин утга зохиол судлаач Ч.Билигсайхан “Арван хөрөг” номдоо “Уншигч олны хайр итгэлийг С.Дашдооров зохиолч бүрэн даах хүн” гэж тодорхойлсон нь бий.

2. Жагдалын Лхагва "Толгодын цаана ингэ буйлна" 

Зохиолч Б.Догмид нэгэнтээ "Лхагваагийн хорин настай, хонгор зүстэй байхдаа бичсэн "Толгодын цаана ингэ буйлна" жижигхэн ном гарсан тэр өдрөөс эхлэн дагаж дуурайж хошуурсан олон хүн байсан боловч ганц нь ч Лхагваа шиг өгүүллэг бичиж чадаагүй. Цаашдаа чадна гэдэгт ч би итгэдэггүй..." хэмээсэн нь бий. Энэ бол Монголын богино өгүүллэгийн нэрт мастер зохиолч, орчуулагч, сэтгүүлч Жагдалын Лхагвын тухай яриа юм. Түүний богино өгүүллэгийн "Толгодын цаана ингэ буйлна", "Шөнө ногоо ургадаг", "Атга чулуу", "Алаг чулуу" номуудыг анхны хувилбараар нь шинэчлэн хэвлэжээ. 

"Би өвөл шиг цагтаа ирнэ. Өвөл шиг заримдаа түрүүлж ирнэ. Адгаж ирнэ. Харин чи зун шиг голдуу л хожимдож ирнэ. Туньж ирнэ. Гэхдээ л ирнэ..." хэмээн өгүүлэх "Бид хоёрын болзоо" шүлгээс нь эхлээд олон уран бүтээл нь Ж.Лхагвыг Монголын уран зохиолд томоохон байр суурьт өргөмжилдөг билээ. Зохиолчийн найруулгын онцлог, дотоод чанар, бичлэгийн арга барил хамгийн их шингэсэн бүтээлүүд нь богино өгүүллэгийн төрөлд хамаардаг. 

3. О.Анхзаяа "Анирт алсрах нь"

"Wattpad" сайт дээр анх өсвөр насныхан болон залуусын дунд бичвэрээ хүргэж эхэлсэн О.Анхзаяагийн анхны цаасан ном энэхүү номын баяраар худалдаанд гарах гэж байна. Богино даашинз, оксфорд гуталтай, өөрийгөө ч танин мэдэж амжаагүй өсвөр насны охин нэгэн залуугийн хайр эсэхийг нь үл мэдэх мэдрэмж дунд ээрэгдсээр, дуу хөгжим, намар, бороо, нууцхан үнсэлт дундаас тэрхүү харилцааны утга учрыг, өөрийгөө, гэр бүлийн үнэ цэнийг хайна. Тэр олж чадах эсвэл тэр чигтээ алдагдах эсэхээ мэдэхгүй ч, яг энэ мөчид тэр залуугийн үнсэлт л түүнд хэрэгтэй ганц зүйл гэдэгт бүрэн итгэсэн байлаа. "Мэдрэхэд хэтэрхий эрт, гэвч зогсоход хэтэрхий оройтжээ."

4. Boobooks "Төмөр сар"  

Хятад, ажилчин гэх зэрэг үгс нь зарим уншигчид харь хол, хамаагүй мэт санагдаж болох. Эдгээр ажилчдын амьдарч буй орчин, бичиж буй шүлгүүдэд туссан нийгмийн асуудлууд нь зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй. "Төмөр сар" түүвэр дэх нажидыг Хятадын яруу найргийн яруу түүхийн 2000 жилийн хаанаас ч хайгаад олохгүй л болов уу!

Та бүхэнд тус түүврээс Тан Ихуны "Ухарч буцсаар гэртээ харихуй" шүлгийг Г.Лхагвадуламын орчуулгаар хуваалцаж байна.

Бээжингээс Шэньжэнь, Дунгуаниас Ханжоу, 

Чаншүгаас Нинбо, Вэнжоугаас Чэндү рүү буцнам. 

Газар дэлхий рүү, өвс ургамал руу, 

үр тарианы сайхан үнэр лүү буцнам. 

Гэлээ ч гэр гэдэг алсын алсад хэвээр. 

Хулсан хос шаахай минь буцсаар, 

үйлдвэрүүдээс, машин төхөөрөмжөөс,

нулимснаас буцсаар. Дөчөөс гуч, 

гучаас хорь, хориос арван нас руу буцсаар.

Тэгэвч гэртээ буцаж очоогүй л байна, би.  

Төөрсөн хулсан шаахай минь ухарч буцсаар, 

ирээдүй өөдөө харсан чигтээ атал

эхийнхээ хэвлий рүү буцсаар байна. 

Энд сүр жавхлан ч, гутамшиг ч үгүй. 

Баян, ядуугийн ялгаа;

хот, хөдөөгийн зааг ч үгүй. 

Энд нулимс ч үгүй.

Уулзсан хүн бүр гэр бүл шиг санагдана. 

5. Рю Мүраками "Бараг л нэвт харагдах цэнхэр"

Японы зохиолч Рю Мүраками 24 насандаа анхны бүтээл "Бараг л нэвт харагдах цэнхэр" романаа бичсэн. Рю Мүраками орчин үеийн өндөр хөгжилтэй японы өндийн босох чухал цаг үе болох 1980-иад оноос гол бүтээлүүдээ туурвиж эхэлсэн бөгөөд хүншсэн, харгис, огт өөр японыг зохиол бүтээлүүддээ нээн харуулдаг орчин цагийн хамгийн нөлөө бүхий, хүчирхэг зохиолчийн нэг юм. "Бараг л нэвт харагдах цэнхэр" романд америкийн цэргийн бааз дагасан японы жижиг хотын хэсэг залуусын мансуурал, секс, рок хөгжмөөр холбогдож буй назгай, чөлөөтэй амьдралын хэв маягийг тун цочир, хэрцгий байдлаар үзүүлснээрээ туйлын маргаантай, хүчирхэг бүтээлд тооцогддог. Рю Мүраками эл бүтээлээрээ 1976 онд японы утга зохиолын дээд шагнал болох Акутагавагийн шагналыг хүртсэн юм.

6. Лана Дель Рей "Өвсөнд мэхийх Нил цэцэг"

Алдарт дуучин Лана Дель Рейн "Өвсөнд мэхийх нил цэцэг" шүлгийн номыг NIL.publishing-аас орчуулан гаргажээ. "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", "Гоо үзэсгэлэн бол шарх" номын орчуулагч Ж.Тэгшзаяагийн дуун хөрвүүлгээр уг ном ном уншигчдын хүртээл болж буй аж.

***

Шинэхэн амрагийнхаа тэвэрт

Цурхиран унахдаа шувуу гишгэчихлээ

Амьдрах гэхдээ алж орхилоо.

***

Өөрийгөө чамд өгсөн

Үдэш бүрээ би үхдэг

Үзэсгэлэнтэй авч гунигтай...

 7. Волтер Тевис "Бэрсийн Гамбит"

Гагц шатрын ном гэж бүү эндүүрээрэй. Энэ бол өөрийгөө ялан дийлэх чин эрмэлзэл, унаж уруудсан ч эргээд босох сэтгэлийн тэнхээ, асрамжийн газрын дуу цөөтэй өнчин охиноос дэлхийн аварга болж чадсан тэмцлийн түүх.

Уран зохиолын хувьд bildungsroman буюу төлөвшлийн романд хамаарах эл бүтээл уншигч таныг 1960-аад оны Америк орноор аялуулж, арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах явдал хэвийн үзэгдэл болсон Хүйтэн дайны үеийн нийгмийн нөхцөл байдлын тухай өгүүлэх болно. Чухам энэ цаг үеийн эрчүүд ноёлсон шатрын ертөнцөд Бет Хармон цойлон гарч ирж, өөрийн дуу хоолойгоо хүргэж чадсан нь өнөөг хүртэл цуурайтсаар…

8. Я.Э.Голосовкер "Домгийн логик"

Сонгодог хэл зүйч, философич Я.Э.Голосовкерийн "Домгийн логик" Ж.Отгонбаярын орчуулгаар "Утга зохиолын судлал шинжлэл" цувралын 46 дахь ботиор хэвлэгджээ. Тус редакциас домог зүйн цогц бүтээлүүд цувралаар орчуулан хүргэхээр төлөвлөсний эхнийх нь энэхүү алдарт онолын бүтээл аж. Голосовкер бол өөрийн амьдралаараа, бүтээл туурвилаараа “Цурамнаас дахин амилсан Галт шувуу” юм.

Мөн "Утга зохиолын судлал шинжлэл" цувралын 51 дэх ботид Америкийн уран зохиолын нэрт шүүмжлэгч, утга зохиол судлаач, Йелийн их сургуулийн профессор Хэролд Блүмийн алдарт "Өрнийн канон" бүтээлийг хэвлүүлжээ. Эрин цагийг эзэлсэн ном зохиол, дэг сургуулиудын тухай өгүүлэх шинжлэлт сэтгэлгээний охь энэхүү номыг утга зохиолч судлаач, орчуулагч Ц.Магсар эх хэлнээ хөрвүүлсэн юм. "Өрнийн канон" бүтээл "Аристократын эрин", "Демократын эрин", "Хаосын эрин" хэмээх гурван цуврал ботиор хэвлэгдэнэ.

Блүмийн философи сэтгэлгээний онцлог, судалгааны итгэл үнэмшил нь объектдоо хандах хандлага, интерпретаци хийх арга зүй, бясалгалын хэв маягаараа тууштай бөгөөд хүчирхэг тул хялбар няцаагдахгүй. Тухайлбал, түүний үзэж байгаагаар гоо зүйн үнэт зүйл гэдэг нь ихээхэн харьцангуй ойлголт бөгөөд түүнийг “ойлгож хүртэх цорын ганц хэрэгсэл хийгээд гол шалгуур бол хувь хүн”. Гагцхүү хувь хүн тээж, хувь хүний таашаалд оршихуйн утга хэлбэрээ олдог тэрхүү үнэт зүйл халдашгүй дархлагдсан байх ёстой. Гоо зүйн үнэт зүйл нь зохиолын амьдрах чадварыг тодорхойлох амин чухал үзүүлэлт, хувь хүний дотоод ертөнцтэй уялдаатай тул тухайн хүний мэдрэхүй, хүртэхүйн түвшин шууд хүлээж авах боломжгүй тохиолдолд түүнийг итгүүлэн сэнхрүүлэх асуудал байх боломжгүй гэж үздэг.

9. Мартын Батзориг "Би ч цэг чи ч цэг"

Эл номонд зураач, урлаг судлаач Мартын Батзоригийн сүүлийн арав орчим жилийн хугацаанд бичсэн орчин цагийн дүрслэх урлагийн ертөнцөд өвөрмөц өнгө, төрх, хэлэмжээрээ ялгарч буй бүтээлчдийн тухай танин мэдэхүйн гучин эсээ, нийтлэл болон бүтээлийн зургууд багтжээ. Монголын зураач До.Болд, Ц.Энхжаргал, Л.Ганболд, Г.Пүрэвбат зэрэг зургаан бүтээлч болон болон германы Гэрхард Рихтэр, Жосэф Бойз, Америкийн Энди Вархол, Жэф Күүнс, Английн Аниш Капүүр, Жилиан Виерин, швейцарийн барималч А.Жиакометти, японы Яаёо Кусама, хятадын Шү Бин, солонгосын До Хо Сү, Чой Ү Рам, казахстаны Алмагуль Менлибаева зэрэг өнөө цагийн урлагийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч монголын уншигчдын хувьд зарим нь төдийлөн танил бус хорин зургаан бүтээлчийн тухай өгүүлэл багтсан нь дүрслэх урлаг, тэр дундаа ойлгоход төвөгтэй, ярвигтай мэт санагддаг модерн, контемпорари хандлагын өнөөгийн дэлхий ертөнцийн байдлын талаар зохих ойлголттой болоход нөлөөлнө. Мөн зохиогч эл номоо мэргэжлийн бүтээлч, судлаачдад зөвхөн зориулалгүйгээр эл салбарыг сонирхогч залууст сонирхолтой байлгахаар төлөвлөжээ. Энэ салбарт сүүлийн хорь орчим жилд гараагүй танин мэдэхүйн бүтээл болсон нь энэ номын нэг гол онцлог юм.

10. Баасангийн Наминчимэд "Байтаг Богдын нүргээн"

1940-өөд онд Байтаг Богд, ер баруун хязгаарт арвин их үйл явдал өрнөжээ. Тухайн үеийн БНМАУ-ын 15 баатрын 9 нь энэ хязгаараас төрсөн юм. Их бага 62 тулаан болж, жижиг зөрчил тоогоо алджээ. Бидний сайн мэдэх Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын баатарлагаар амь эрсэдсэн тулаан нь тэр 62-ын зөвхөн нэг нь гэхээр л Баруун хязгаарын бужигнааны цар хүрээ төсөөлөгдөнө. Энэхүү баримтат туужид тэдгээр үйл явдлын хатуу ширүүн мөн чанар, эгэл цэрэг эрсийн туулсан хүнд хэцүү шалгуур сорилтыг аль болох бодит байдалд дөхүүлж харуулахыг хичээлээ. "Дарийн утаа үнэрлээгүй бол дайны тухай бүү бич" гэж Хемингуэй бичиж, гэвч тэр баруун хязгаарт арав гаруй жил өрнөсөн үйл явдлын амьд гэрчүүдийн халуун дурсамжийг сонсож өссөний хувьд бичиж үлдээхгүй бол алдас болох биз. Аавынхаа дурсамжаас гадна Улсын баатар Ж.Нэхийт нарын зэрэг 30 гаруй хилчдийн дурсамжийг онгичиж, хил хязгаарын түүх судлаач, Хурандаа Ч.Алтангэрэлийн нөр их судалгааг шүүрдэн байж бичив. Цаг үе хүнээ төрүүлдэг гэдэг. Байтагт тулалдсан эрчүүд бол яах аргагүй л тэр цаг үеэ дааж үүрэхээр төрсөн баатрууд байжээ.

11. Бөхийн Бааст "Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд"

Зохиолч Бөхийн Баастын арвин өв сангаас олдсон 300 гаруй хальс 10000 гаруй гэрэл зургийн бүтээлийг нь анх удаа эмхэтгэжээ. Урьд өмнө хэзээ ч дэлгэгдэж байгаагүй ХХ зууны Монгол орон болоод дэлхий нийтийн өнгө төрхийг илтгэсэн 500 гаруй гэрэл зураг багтсан “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд” хоёр боть ном цөөн тоогоор хэвлэгдэж буй тул Үндэсний номын баяраар "Бөхийн Бааст" сангаас зөвхөн урьдчилсан захиалга авах юм.

Б.Баастын авсан гэрэл зургууд бүхий "Ус хаа ч адилхан", "Бидэнд даарах зав байсангүй" нэртэй хоёр боть номд орсон БНХАУ-ын соёлын хувьсгалын он жилүүд, БНАГУ-д эх орны дайны дараах бүтээн байгуулалтын явц, Вьетнамын дайнд Монголын зохиолчдын эвлэлийг төлөөлөн цор ганцаар сурвалжлага хийхээр явахдаа авсан зургууд, Монголчуудын ахуй амьдрал, хөрөг зургууд голлох байр эзлэх бөгөөд эдгээр нь баримтат гэрэл зургийн бие даасан бүтээл болох юм. Гэрэл зургуудын тайлбарыг Б.Баастын тэмдэглэлийн дэвтэр, яруу найраг, баримтат өгүүллэгүүдээс нь шүүтгэн бүтээсэн ажээ. 

12. Дэжидмаагийн Галсансүх "Хагас реалист шүлэг”

"Болор цом"-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх 27 жилийн өмнө анхны номоо "Хүн судлал" нэртэйгээр хэвлүүлж байсан бөгөөд "Хагас реалист шүлгүүд" яруу найргийн төрлөөр бичсэн түүний найм дахь ном юм. Утга зохиол судлаач П.Батхуяг "Галсансүхийн шүлгүүд яруу найргийн шалтгаан тогтолцооны нэг давамгай шинжийг бус бүхэл бүтэн систем тогтолцоог илэрхийлдэг. Түүний яруу найргийн аналог үндэслэлүүдийн нэг нь энэ. Тэрээр мөн яруу найрагтаа хязгааргүй метафор боломжуудыг сэтгэлгээний дур зоргоороо “хэрэглэж”, баригдмал бус өөрийгөө хязгаарласан бодол санаа, шахалт дарамтыг үл тоосон, хэн нэгэнд тал зассан, хүсэл таалалд нийцүүлэх гэсэн ямар ч “дайвар” зорилго агуулдаггүй эрхэм дээд чанартай. Галсансүхийн яруу найргийн бидний сонирхолыг татдаг өөр нэгэн аналог шалтгаан энэ юм" хэмээн үнэлсэн нь бий.

13. Boobooks "Эрчүүдийн үнэн түүх"

Boobooks-ээс эрхлэн гаргаж буй "Эрчүүдийн үнэн түүх" дэлхийн шилмэл өгүүллэгийн түүвэрт уран зохиолын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн шилдэгт нэрлэгдэх өгүүллэгүүдийг багтаажээ. Тэдгээрээс Трүмен Капотегийн "Миний ярих ээлж", Альберто Моравиагийн "Битгий их бод" өгүүллэгүүд хөнгөн егөөтэй. Магад ийм эрчүүд бидний дундаас, энэ нийгмээс хэдэн зуугаараа төрөн гарсаар байгаа юм бил үү гэж эрхгүй бодогдохоор бүтээлүүд юм. 

Эрнест Хемингуэйн бичлэгийн давтагдашгүй хэв маягийн оргилд тооцогддог "Фрэнсис Макомберын зуурдын жаргал", Харүки Муракамигийн өвөрмөц арга барилыг товчхон агаад тод томруун харуулах "Тони Такитани" зэрэг өгүүллэг нь амжилт, манлайллын нийгэм дэх ялагчдын дотоод дахь энгүүн оршихуй, сэтгэлзүйн зөрчлийг хөндөж, гашуун ёжлолоор гарган тавьжээ. Мөн та эл түүврээс Хэнри Миллерийн задгай авьяас, Владимир Набоковын идэр залуу насны яруу мэдрэмжийг амтлах болов уу гэж найдна. 

14. М.Уянсүх "Аварга мод"

М.Уянсүх нь 1980-аад оны сүүлчээс шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгээр оролдож тухайн үедээ Монголын уран зохиолд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн шинэ сэрэгдэл бүхий богино өгүүллэгүүдийг бичиж эхэлсэн байна. Тэрээр "Аварга мод" романаараа 2019 онд "Алтан-Өд" шагналыг гурав дахь удаагаа хүртсэн билээ. "Ямар ч гүн харанхуй байлаа гээд өнчин лааны хөх дөлийг залгиж дийлсэн удаагүй..."

15. Сэрээнэнгийн Бэрцэцэг "Агаарт гуниг зурна"

Түүний яруу найргийн төрлөөр гаргаж буй хоёр дахь түүвэр. 

***

Соль, ля, си, до... 

Сонгодог аялгуунд ялаа 

Солиорч үхтлээ үймэлдэнэ 

Соль, ля, си, до... гэх 

Солгой эгшгүүд бас 

Зүрхэнд ирж “зоогдоно” 


Гоо сайхан байна гэдэг 

Бүсгүйн тархийг гашилгаж 

Эрчүүдийг тамладаг гэлтэй... 


Эрүү эгц, толгой дээшээ 

Эргэлдэгч тэр бүсгүй

Харцаа нууж үлдээгээд

Үсээрээ салхи зүсэх мэтэд

Сэтгэл нь үүлс шиг хөвөлзнөм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.14 202.131.245.170

сайхан танилцуулгууд бн

0 Хариулах


Зочин 2022.09.14 66.181.161.18

Тайлбар бичвэр нь таалагдлаа. Баярлалаа☺️

0 Хариулах