Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Фото: "Poetry Night by UB LIFE: Над дээр, Чам дээр..." үдшийн зураглал


Өчигдөр орой Ub.life болон Fat Cat Jazz Club-ийн хамтран зохион байгуулдаг "Poetry Night" эвент боллоо. "Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр. Хамгийн нарийн мэдрэмжийг хүлээж байдаг тансаг орон зай" хэмээн зохиолч, судлаач Г.Бадамсамбуу хэлсэн байдаг. 

Батхүүгийн Батзаяаг "Баяртай гуниг минь", "Догдлолууд", "Лонхонд байсан шүлгүүд" яруу найргийн номуудаар нь уншигчид андахгүй биз ээ. Түүний үүсгэн байгуулсан "Boobooks" хэвлэлийн газар нь андерграунд цувралаараа Чарльз Буковскийн "Хүүхнүүд", Ма Жианы "Хэлээ гарга", Даниил Хармсийн "Оршихуй №2", Хятадын цагаач ажилчдын яруу найргийн түүвэр "Төмөр сар", дэлхийн шилмэл өгүүллэгийн түүвэр "Эрчүүдийн үнэн түүх" номуудыг эрхлэн хэвлүүлээд буй билээ.

Өвдөлт шинэ зүйл байхаа больж

заримд нь бууж өгөөд, үс чинь

нэг нэгээрээ унаад л байвал

Чи амьд гэсэн үг.

Дурсамжуудаа шатаан дулаацаж,

яагаад нисэж үзэж болохгүй гэж?

Дурлах ч дээ, арай хүчтэй юм,

мөөг ч юмуу олж идсэн нь дээр.

Жинхэнэ мэдрэмж хүмүүсийн нүдэнд харагддаггүй.

Тиймээс, жингүйдэж явааг чинь

хэн нэг нь харчихна гэж зоволтгүй.

Араасаа хөөлгөж хар хурдаараа зугатах уу...

Амьсгаадна гэдэг дандаа сайхан зүйлийн ард ирдэг.

"Одоо яг гурав тоолоод шүү!

Нэг, хоёр, гурав..."

ойр ойрхон ингэж хэлж байвал

Чи амьд гэсэн үг.

Үхэхээсээ өмнө ахиухан шиг хийж үзэх юмс:

Үнсэлцэх, хайрлах...

Хэрэв чи явах гэж байгаа бол үлдэж буй хүмүүс

тэмүүлэл дүүрэн мөчийг чинь хаанаа ч юм

тэмдэглэн авах болно. Тиймээс,

Чи амьд гэсэн үг.

Цагаанчулуугийн Дэлгэрмаа яруу найргийн төрлөөр "А тэмдэглэл", "Дотоод тэнгис", "Зүрхэнд агч Намур" номуудыг хэвлүүлсэн бөгөөд уран бүтээлчийн зүрх сэтгэлтэй, хүчирхэг яруу найрагч билээ. Гурван жилийн өмнө түүнтэй ярилцахад "Яруу найргийг үгийн урлагаас гадна сэтгэлийн урлаг гэж боддог. Найз нөхөд маань намайг “хэт хувийнхаа мэдрэмжийг шүлгэндээ илэрхийлдэг” гэж хэлдэг юм. Тэр үнэн л дээ. Ямар нэгэн байдлаар миний дотор шаналал байсан бол би тэрийгээ шүлэг болгоод гаргачихдаг. Тэгж өөрийгөө сулладаг" хэмээн өгүүлж байв.

АМЬДРАЛ ЧАМД ӨРГӨХ ТӨРСӨН ӨДРИЙН БАДАГ

Алдаа бүхэн нь минийх 

Амьдрал чамдаа хайртай

Оноо бүхэн нь бусдынх 

Орчлонд урвашгүй хайртай

Дулаан алга нь санагддаг

Дуу шиг ижийдээ хайртай

Дутуу явахад минь ирсэн

Бүтэн үрдээ хайртай

Цагаан үүлнээс бударсан

Цаг хугацаанд хайртай

Цангинам жавраар хулдсан

Өвөл бүхэнд хайртай.

Өвөл шиг цээжинд дуссан

Бүлээн бороонд хайртай

Өлчиржих тусам сорьсон

Өвгөн хорвоод хайртай

Намар намарт хагдарч байх

Навч шиг насандаа хайртай

Нахиалж, хавар нь төлжөөд байх

Мөчир шиг сэтгэлдээ хайртай

Алдаа бүхэн нь минийх

Амьдрал чамдаа хайртай

Аавыг минь дагуулаад одсон

Хатууд нь ч адилхан хайртай!

"Яруу найраг намайг гэрлийг сэтгэлдээ тээгч нэгэн дэнлүүний дүрд хувилгаад, чадал чинь хүрвэл бусдын зүрхэнд галаа хувааж яваарай гээд гарт минь цэнхэр дөл хүртээсэн шидтэн гэж л итгэхийг хүснэ!" хэмээх өгүүлбэрийг яруу найрагч Э.Бүжинлхамын "Сүнс урлал" номын өмнөтгөлөөс уншиж болно. Тэрээр яруу найргийн төрлөөр "Намрыг мартагсад", "Сүнс урлал", үлгэрийн төрлөөр "Яруу найраг", хүүрнэл зохиолын төрлөөр “Ариан” номуудыг хэвлүүлсэн билээ. Э.Бүжинлхам манай өмнөх эвентэд зочноор хүрэлцэн ирсэн бөгөөд тухайн үед ирж амжаагүй олон хүн түүний шүлгээ уншихыг нь сонсохыг мөрөөсөж байсан нь өчигдөр биелэв. Тэрээр "Poetry Night" эвентийн "гэнэтийн бэлэг" байлаа.

Бутардаг зүрхтэйг минь мэдсээр байж

Бутладаг харцтай чамайг яах вэ?

Үйрдэг гунигтайг минь мэдсээр байж

Үйрүүлдэг үгтэй чамайг яах вэ?

Эмтэрдэг нулимсыг минь мэдсээр байж

Эмтэлж л орхидог чамайг яах вэ?

Эдгэдэггүй сэтгэлтэйг минь мэдсээр байж

Эдгээхийг нь л мэддэг чамайг яах вэ?

Яруу найрагч Т.Амар-Амгалан "Хаврын будда", "Жиннн...Цэннн..." номуудыг хэвлүүлсэн билээ. Тэрээр утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг агсны шавь бөгөөд өөрийн багштай хамтарсан яруу найргийн номыг хэвлүүлсэн нь "Жиннн...Цэннн..." юм. Т.Амар-Амгалан өчигдөр оройн эвентийн үеэр багшийнхаа "Poetry night"-д шүлгээ уншиж асныг сонсож байсан тухайгаа дурсаж мөн шүлгээс уншсан нь том ХҮНДЛЭЛ байлаа.

Хэн нэгний үлдээгээд явсан цув шиг 

Хэсэгхэн манан татаад байна аа, Улиастайд

Хэцэн дээр тохсон үүлсийн нүднээс

Хэсэг нулимс унаад байна аа, Улиастайд

Хорин хэдтэй бороо бололтой

Хайртыг минь санагалзуулаад байна аа

Хаанаас ирсэнээ хэлэхгүй уйлуулаад 

Хаашаа одохоо хэлэхгүй

                              уймруулаад байна аа, 

Улиастайн бороо...

Ганцын давааны хаалга гэрэлтээд 

Гарцаагүй буцах өдрийг

                               сануулаад байхлаар нь

Гадаа түлээн дээр суухуйд.., 

Баян - Улаанд тэнгэр болоочоо эргэх

       хүмүүсийн гуниг шагалзаад байна аа, 

Улиастайд. 

Урдаас хойш, баруунаас зүүн тийшээ одсон 

Урьд насныхаа уй гунигт угаагдаж сууна аа, 

Улиастайд. 

Урсаад ширгэх хүртлээ уйлахгүйн төлөөнөө

Урьд насныхаа уй гунигт угаагдаж сууна аа, 

Улиастайд.

"Тагтаа" паблишингийн Үүсгэн байгуулагч, "Хөх мэдрэхүй" бүлгэмийн яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан мөн өөрийн шүлгээс уншсан юм. Тэрээр яруу найргийн төрлөөр “Арван гуравдугаар сарын бороо”, "Эдгэрэл" орчуулгын төрлөөр Орхан Памукийн "Цас", "Дур булаам" антологи тэргүүтэй номуудыг хэвлүүлсэн билээ. 

Жаргаж явахдаа хааяахан гаргаж харж баймаар

Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа.

Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог

Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ.

Гунигтайдаа хувааж татсан тамхины иш шигээ

Гудамжинд хөглөрөөд л үлдэх дурсамжууд бид бүтээжээ.

Агаарт нь хүртэл чиний үнэр шингэсэн энэ хотыг

Ардаа үлдээж түвдэлгүй өдийг хүрлээ, явна аа.

Санаж гэгэлзэхээрээ гаргаж харж баймаар 

Сайхан дурсамж бидэнд ховор шүү дээ, гайхмаар аа

Уулзахсан, харахсан гээд зориод ирье гэхнээ

Улаанбаатарын гудамжууд аанай л хоосон шүү дээ, гашуун аа.

Зохиолч, яруу найрагч Балдоржийн Алтанхуягийг гярхай уншигч, сайн нийтлэлч гэдгээр нь уншигчид мэдэх биз ээ. Утга зохиол судлаач П.Батхуяг түүнийг "Монголын уран зохиолын “ШИНЭ ЦОНХНУУД”-ын нэг хэмээн үзэж мөн "Түүнээс ямархан салхи сэвэлзэхийг одоохондоо би гадарлана" хэмээн "Салхины үүсэл доторх шинэ цонх" эсээндээ тэмдэглэн үлдээжээ. Тэрээр ирэх сард яруу найргийн шинэ түүврээ хэвлүүлэх юм.

“Уулзмаар байна” гээд залгавал

Дэгдээд очихоо мэднэ, энэ зүрх.

Учирсан өвөл, цасны будраа, хөлөрсөн алга

Уучлал дунд чинь багтах инээмсэглэлийг санана.

Хүүхэд шиг гэнэн занд чинь энэ хайр

Хүзүүний ороолт шиг зүүлттэй яваад итгэнэ.

Өөрийг минь багтааж шүлэг бичвэл чинь

Өмнөхөөсөө ч эрмэг амьдарч чадна.

Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайг эзэлсэн, уран бүтээлч Э.Доржсүрэн буюу Дооноо хүрэлцэн ирж, гоцлол тоглосон юм. Энэ бол "Poetry night" эвентийн онцлох мөч байлаа. 14-хөн настайдаа найрал хөгжимд зориулсан анхны бүтээлээ туурвисан түүнийг “Black box” театрын "Ширэнгэд", "Сандлууд", "Хүн хүний хайр" зэрэг жүжгийн хөгжмийг бичсэн, "Voice of Mongolia" шоуны хөгжмийн найруулагч, даралтат хөгжимчин гэдгээр нь андахгүй биз ээ.

Залуу яруу найрагчдын хэсэгт мөн л сонирхолтой шүлгүүд уншигдав. Тэдний нэг нь өнөө жилийн "Tagtaa Prize" утга зохиолын уралдааны яруу найргийн төрөлд түрүүлсэн Батдоржийн Тэргэл юм. 

Минийх шиг эгэл амьдралд 

Ихдэхгүй  байгаа, ийм урт нас 

Хөнгөн явдалтай ч 

Хүнд сэтгэлтэй 

Аавдаа гал шиг 

Амрагтаа ус шиг 

Дурлалд сохор 

Дарсанд шунанги 

Үгэнд автагч 

Үлбэгэр, гутранги 

Минийх шиг гэмгүй амьдралд 

Ихдэхгүй  байгаа, ийм их ичгүүр 

Мөхөс, хүлцэнгүй ч 

Цухас дээрэнгүй 

Эхдээ бар шиг 

Эрдээ бал шиг 

Хувилдаг нүүртэй 

Хувирдаг зүрхтэй 

Гэнэн энхрий ч 

Гэтэгч хартай 

Минийх шиг нимгэн итгэлд 

Хүнддэхгүй байгаа, энэ их худал.

Мөн "Tagtaa Prize" утга зохиолын уралдааны орчуулгын төрөлд Хятад-Английн зохиолч Ма Жианы "Орхин одогч" өгүүллэгийг англи хэлнээс орчуулан тэргүүн байрт шалгарсан Эрдэнэ-Очирын Цогзолмаа өөрийн шүлгээс уншив. Тэрээр МУБИС-ийн Монгол хэл, утга зохиол судлалын ангийг төгссөн юм.

Уг нь би урт үстэй, уйлж унждаггүй халуу дүрэлзсэн эрсийг хүсэмжилж 

Урвагар дорой улигт мэдрэмжүүдээ ч нуудаг байлаа. 

Харин одоо бол халзан, уйтгартай, найдваргүй бас архичин хачин этгээд хүнд дурлах болсон. 

Түүний нүд шүд эрүү уруул нь 

Түймэр гал үнс элс юм. 

Заримдаа ээрч түгдэрч орилж бачуурч замганд ороолдсон загас шиг л татвалзана, би 

Хайр хайр хайр

Хараал зүхэл цөхрөл 

Хаалга үүд нь дэлгээтэй үхэл хүлээх газар эсвэл эмнэлэг юм. 

Эдгэрэх гэж биш 

Эвхэрсэн цээжин дэх эрхтнүүдээ эм шиг эмч шиг эрлэг шиг чамаар хадуулах гэж хаалгаар нь дандаа шагайдаг юмаа, би.

Анхны яруу найргийн номоо "Улаахан далавчит" нэрээр хэвлүүлээд буй Лхагвасүрэнгийн Мажиггарав өөрийн шүлгээс уншлаа. Тэрээр Р.Чойномын нэрэмжит утга зохиолын "Залуу нас" бүлгэмийн гишүүн бөгөөд МУБИС-ийг Монгол хэл бичиг, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.

Энэ хавар цэцэг ургахгүй 

Ээж минь нулимсаа залгилсаар суугаа 

Эрхэлдэг байсан, эрддэг байсан 

Ээжтэй өдрүүдийн дулаахан дурсамж минь 

Чшшшш... 

Чимээгүй би ээжийнхээ тухай бодож байна 

Ноднин жилийн ноолж, дарж хэвтсэн 

Ногоон тэрлэгний энгэр цоорчихсон байсныг 

Өвдсөн нүднээсээ ганц нэг нулимс унагаад нөхөж суусан 

Эх минь энгэрээ нөхжээ. 

Гадаа бороо биш цас орж байна 

Зовнилоор хучигдсан сэтгэл үйрч байна 

Алгаа тосоод дараа өвөл болтол 

Энэ цасанд би зогссоор байна 

Гарцаагүй, гарцаагүй дараа хавар л цэцэг ургана.

Мөн "Ерэн есөн ертөнц" номын зохиолч К.Ану шүлгээ уншлаа.

Он удаан дарсан 

Улаан вино шиг энэ газрын 

Бүдэг шаргал бүлээн гэрэлд 

Цаг хугацаа ухарч эргэнэ... 

Уйтгарт уламжлалыг эвдэн эгшиглэсэн 

Утга өргөн жазз хөгжим 

Унтаа хотын зүрхэн төвд 

Урлагийг сэрээж эрх чөлөөг тунхаглана! 

Аварга том дугариг сартай 

Аагим зуны уртаа шөнө 

Алаг эрээн тарган муур 

Адар дээврээр дамжин гүйхдээ 

Хаа нэгхэн "- мяу" гэх шиг 

Зүрх гижигдэм жазз мэдрэмж! 

Труба, саксофон, пианино, 

Бэлхүүс гоо контрбасс, 

Гүйцэж сонсомгүй бөмбөрийн нүргээн 

Хүлхдэг чихэр шиг цээл хоолой... 

Энэ бүхэн нэгдэн нийлээд 

Энд л орших ертөнцийг бүтээнэ 

Уусан нэгдэх энэ л агшныг 

Утга гүн шүлгэндээ мөнхөлнө!

Гэрэл зургийг: Г.Ананд

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.