Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дотор хүн | Xолын аяллаас торж үлдсэн мэдрэмжүүд


Уртаас урт замыг туулан, хэзээ ч очоогүй газрыг үзэн, хэзээ ч мэдрээгүй агаарыг амтлан, хэзээ ч уулзахгүй ч байж мэдэх байсан хүмүүстэй уулзан нөхөрлөж, тэр бүхнээс зүрх сэтгэлдээ бяцхан орон зай үүсгэн, дурсамж бүтээхээр үүргэвчээ үүрэн аялалд гарах мэдрэмж... Аялал том жижиг, үнэтэй үнэгүй, алс хол ойрхон эсэхээс үл хамааран өдөр бүрийн завгүй, яарсан, самгардан уймарсан амьдралаас холдон явж, дотор орших дуу хоолойгоо чагнан, амсхийн амрах бяцхан чөлөөг буланг бидэнд бэлэглэдэг билээ. 

Хаврын эхэн сард Хөвсгөлийг зорьж, хэдий дүүрэн цасаар хучигдсан байсан ч эргэх дөрвөн улирлын өнгийг зүрхэндээ мэдрэн, холын тэр л аяллаасаа торж сэтгэлд үлдсэн мэдрэмжүүдээ би тантай хуваалцъюу. 

#1 Моддын доторх жижигхэн гэрт амьдрахыг хүснэ

Хаа ч явсан дүүрэн хүнтэй хотын завгүй амьдралаас чөлөө аван гарсан аялалаасаа би буйдхан боловч хамгийн баялаг, эгэл энгийн нэгэн хүслийг тээн буцсан нь тосгоны жижигхэн гэрт амьдрах... Энд хэн ч биднийг яаруулахгүй, зөрөн өнгөрөх олон хүн ч байхгүй, нэг л мэдэхэд амьдралын том хэсгийг хугасалсан байдаг замын түгжрэл ч үгүй тийм л амар амгалан. Одоо биш ч "нэг л өдөр" хүсэл минь мөрөөдөл, амьдрал болон хувирч, моддоор хүрээлүүлсэн жижигхэн дулаахан гэртээ амьдрах болноо. 

#2 Гүн гүнзгий, хязгааргүйгээс тайвшрал мэдэрнэ

Зам зуур цонхон цаана эрээлжлэн өнгөрөх уулс, тосгод, хүмүүс, сууринууд, түүний араас залган ирэх үгээр хэлэмгүй хязгааргүй уудам тайвшрал мэдрүүлэх аж. Гүн гүнзгий далай, уртаас урт зам, өндрөөс өндөр уулс, эгц ёроолгүй мэт хавцал, гүн амьсгал шиг уудам тэнгэр... Уужим уудам бүхнээс хэлтлэн авч өөрийн сэтгэлдээ уужим уудам бүхнийг бүтээх сайхан. 

#3 Гайхалтай ертөнцийг олж нээмээр

Өөрөөсөө огт өөр хүмүүс, өдөр тутмын амьдрал, халж ярьж буй бүхнээ харьцуулахад дэндүү өөр мэт боловч өнгийгөөд сэтгэлээ чагнавал өөр хоорондоо тун ижилхэн ертөнцүүдтэй аяллын ачаар танилцах нь юутай зол вэ? 

#4 Төсөөлөмгүй дулаан, амсхийлт

Гэрээсээ, хайртай бүхнээсээ хол явахад яг л гэр шиг тэврэн авах хүмүүс, газар бий. Нэг л удаа аялалд гараагүй бол, нэг л учиг нь зөрвөл амьдралдаа хэзээ ч уулзахгүй, таньж мэдэхгүй байсан байж мэдэхээр хүмүүсийг бид аяллын сайхнаар мэдэрдэг нь гайхалтай. Ямар ч аяллыг бидний уулзан учирч, үг сольсон, танилцсан, нөхөрлөсөн хүмүүс хамгийн ихээр дулаацуулан, дурсамж дүүрэн болгох ажээ. 

#5 Холыг зорих усан онгоц, хүмүүсийн хүслийг чагнана

Тэртээ холыг зорин яваа усан онгоцонд ямар хүмүүс, хаанаас ирэн чухам хаанахыг зорин, ямар хүсэл тээн явж буй талаар та бодож үзсэн үү? Магадгүй хэн нэг нас дээр гарсан өвөө хэзээ ч хараагүй ээжийнхээ өсөж өндийсөн нутгийг харахаар сэтгэл өндөлзөн яваа болов уу? Магад дөнгөж гэрлэсэн залуухан хос хуримын бал сараа хийхээр нэгнийхээ гараас гараа холдуулж ч үл чадан, нэгэндээ хоргодон зүүд мэт л нуурын долгиог ширтэн явж байгаа байх даа? 

Бүр эсвэл яг л над шиг хэн нэг эмэгтэй зүрхнийхээ гүнд мартсан дуу хоолойгоо эргэн санаж, мөрөөдлөө өөрийн гараар бүтээх хүслийг олж авахаар баяртай чиг зөөлөн гунигтай чиг яваа болов уу? 

#6 Юмсыг шинээр харж, хайрлах 

Байдаг л нэг өдөр, манддаг л нөгөө нэг нар, өдөр бүр л уулздаг өнөөх хүмүүс. Гэвч бид дэндүү завгүй яваад л анзаардаггүй болохоос жаахан амсхийгээд л харвал эргэн тойрон хорвоо ертөнц бүхэлдээ гайхамшгаар дүүрэн болохыг мэдэрдэг. Өдөр бүр нар мандаж, нар шингэх ч тэр л эгэл энгийн нь өөрөө хайрламаар, тэврээд авмаар, гайхамшигтай биш гэж үү? 

#7 Аяллын дараа өөрийгөө илүү ойлгосон байдаг

"Ажил түрийвчийг дүүргэх бол аялал таны зүрхийг дүүргэдэг" гэх үг бий. Аяллын дараа бид өмнөх шигээ атлаа арай өөр, илүү уужим уудам нэгэн болсон байдаг. Цэлийсэн тал газраас уужуухан сэтгэлийг, уулын өндөр оргилоос эрчлээнт салхи мэт эр зоригийг, зүслэх цастай Хөвсгөлийн хүйтэн агаараас цээж онгойлгом цэнгэгийг аваад харьж байгаа юм чинь дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.05.18
Хүүхэд нас, хагацал, дулааныг мэдрүүлэх 100 үгт "дулаан" түүхүүд
2
2022.01.01
Дотор хүний үгс | Өдөр бүхэн "Шинэ жил" шиг!
3
2021.06.25
Дотор хүний үгс | Гунигтай ч гэсэн, КОВИД чамд баярлалаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.