Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB LIFE-ийн түүхүүд: Биднийг өвтгөсөн, эдгээсэн 11 түүх


Хэн нэгнээс болж өөрийгөө үзэн ядаж, бусдын хэлсэн үгэнд голдоо ортол гомдож, "body shaming" буюу бие махбод гадаад төрхөөрөө бусдад доромжлуулж, сэтгэлдээ шархалсан, басхүү эргээд эдгэсэн бяцхан боловч "том" түүхүүдийг танд хүргэж байна... Та ч бас өөрийн түүхийг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Бидний бие махбод байгаагаараа л үзэсгэлэнтэй, хүчирхэг, гайхамшигтай билээ. 

#1 Чи будагтай хамаагүй дээр харагддаг юм байна аа. Будаж бай, будаж бай гэдэг үг сонсож билээ :))

- Нэрээ нууцалсан

#2 Найз өдөржин өлсөөд байна юм идмээр байна гээд байхаар нь “Ярьшиг намайг ид” гэсэн чинь “Олон танихгүй хүний дунд өөх иддэггүй ш дээ” гэж хариулсан. Тэр үедээ инээгээд л өнгөрсөн. Одоо хэчнээн турсан ч гэлээ тэр хүний хэлсэн үг ерөөсөө санаанаас гардаггүй юм.

- 19 настай, E

#3 Манай сургууль жил болгон эмчийн үзлэг хийнэ. Эмч өрөөндөө хүүхдүүдийг 3,4-өөр нь оруулж өндөр, жин, шүд үздэг юм. Өнгөрсөн жил биеийн тамирын хичээл орж байх үед үзлэгээ хийхээр болов. Тэр үед зааланд хоёр анги хамт хичээллэж байсан. Би тухайн үед санаа зовоод үзүүлэхгүй гээд сууж байтал багш намайг загнаад электрон жин дээр зогсоосноо “Яанаа чиний жин хэд хүрээ бол оо” гэж чанга дуугаар заалаар нэг орилж билээ. Хүүхдүүдийн жин, өндрийг манай ангийн 3 охин тэмдэглэж авч байв. Би санаа зовоод тэднээс холхон ганцаараа сууж байхад багш намайг дуудаж өнөөх жин, өндөр үздэг электрон төхөөрөмжөө надаар өргүүлээд эмчийн өрөө лүү зөөлгөсөн. Тэр үед  багш “Чамд л гэж хэлэхэд хоолоо сайн хасаад, дасгал хий, ямар их иддэг юм”  гэж хэлж байсныг сайн санаж байна. Тэрнээс хойш манай найзууд намайг бага багаар элдвээр хэлж эхэлсэн. Давхраа оёулсны дараа ч гэсэн тэд намайг гоочилсон хэвээр байна. Яг яаж үүнийг давж гарахаа би одоо хүртэл ойлгоогүй л явна. Зүс, царайнд биш дотоод мөн чанарт хүний гоо үзэсгэлэн оршдог гэдгийг үеийнхэндээ ойлгуулах юмсан. 

- 17 настай, Г

#4 Би арьс цайрах эмгэгтэй, хөмсөг хэсэг маань цагаан юм л даа.  Хальт харахад түлэнхийн сорив шиг их эвгүй. Үүнээсээ маш их ичиж, хөмсгөө хар будгаар буддаг байлаа. Гэхдээ байнга будахаар арьс харшлах учраас чухал үйл явдлын өмнө л будна. Ахлах сургуульд их хэцүү байдаг байсан. Зөрөөд өнгөрч байгаа охидууд “Хөөх хөмсгийг нь хар даа” гээд л шивнэлдэнэ. Би ангиасаа ч гарах дургүй хүүхэд байв. Эрэгтэй хүн намайг элдвээр хэлбэл шууд зодолддог. Саяхан уушийн газарт санамсаргүй нэг хүнтэй танилцаад нэлээн уугаад цааш хамт үргэлжлүүлэхээр болсон юм. Дэлгүүрээс уух юмаа аваад бичүүлээд зогсож байхдаа миний хөмсөг рүү заагаад "Чи Албино юм уу, үнэхээр күүл харагдаж байна" гэсэн юм билээ. Би бараг тасарч байсан учраас хэлснийг нь өөрөөр ойлгоод шууд цохиод авсан. Тэр залуу зөрүүлж цохиогүй. Дараад нь “Эмзэг сэдвийг нь хөндчихлөө, уучлаарай хөгшөөн” гэхэд нь би их гэмшсэн дээ. Танилцаад удаагүй байсан хүн намайг “Күүл” гэж хэлснийг нь одоо бодохоор баярлаад байдаг юм. Тэр явдлын дараагаар автобусанд цонх налаад унтаж байсан чинь хижээл насны эмэгтэй “Хөөе түлэгдсэн нүүртээ босоод энэ эмээг суулга” гэхэд нь маш их эмзэглэсэн. Багаагсаа л ичиж санаа зовсоор байгаад сүүлдээ сэтгэлээр унаж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг болов. Сэтгэлзүйч маань надад “Харагдах байдлаасаа ичиж, эмзэглэвэл ирээдүйд улам их асуудалтай тулгарна” гэсэн нь бүр ч их хүндээр туссан. Нүүрэндээ ил харагдах эмгэггүй хүмүүс “Бусдын үгийг битгий тоо” гэж хэлэх нь надад асар том дарамт өгдөг дөө…

22 настай

#5 Дунд ангид байхад ангийн хөвгүүд намайг гахай шиг хамартай, царай муутай, бүдүүн гэж шоолдог байсан. Тэрнээс хойш хүний урдаас эгцэлж харж чадахаа больж, хүнтэй уулзахаас ч төвөгшөөдөг болсон.

- 21 настай, Х

#6 Дунд ангиас эхлээд волейболын дугуйланд явахад багш намайг цаашдаа өснө гэж бодоод авсан байх тэр үед нэлээдгүй өндөр байсан юм. Гэхдээ би өсөөгүй. Дугуйлан маань дүүргийн, улсын томоохон тэмцээнд ордог байсан болохоор би өсөж, өндөр болохыг хүсэж, тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Бурхан минь намайг өндөр болгоод өгөөч” гэж бичдэг байлаа. Хүсэл минь намайг хясаж би намхан чигээрээ 10 жилээ төгссөн. Дугуйлангаасаа намхан гэсэн дарамт аваад удаачгүй бэртэлтэй болоод гарсан. Дунд сургууль бол миний хувьд аймшигтай газар, өсвөр насныхны мангас. Энд чи намхан, бүдүүн, батгатай, хүмүүсийн хэлдгээр сонин биетэй, нийтэч бус, ер нь гадна төрхөөрөө ямар нэгэн асуудалтай, чиний өөрчлөх боломжгүй ямар нэгэн сул тал л байвал өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг их хэцүү зүйл шиг санагддаг. Миний хийж чадах зүйл ганцхан онц сурах байсан ч онц сураад тийм ч сайн нэмэртэй байгаагүй, би гадуурхагдаж, дээрэлхүүлдэг байсан. Бага насанд авч байсан сэтгэл зүйн гэмтэл хэчнээн би өөрийгөө хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хүлээж авдаг болсон ч одоо хүртэл сэтгэлийн аль нэг хэсэгт бараан толбо болон үлдсэн. Эцсийн эцэст би өөрийнхөө буруугаас болж намхан болоогүй. Зүгээр л манай удам намхан хүмүүстэй. Би ген гэдэг зүйлийг яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй шүү дээ. 

- 22 настай, О


#7 14-тэй байхад ах намайг өргөж буулгаад “Чи жирэмсэн эгчээсээ ч хүнд байна” гэж хэлсэн. Би жижигхэн биетэй, жин ихтэй хүүхэд. Харин эгч маань том өндөр биетэй, нэмээд жирэмсэн болохоор жин их нэмчихсэн байсан юм. Одоо ч  би хэчнээн турсан гэлээ хүнд гээд хэлчихвий гэдгээс санаа зовоод найз залуудаа үүрүүлж, өргүүлж чаддаггүй.  

- 21 настай, Э

#8 Багадаа гадаад дүр төрх, биеийн галбираар ялгаварлах, өөртөө эмзэг хандаж, байгаа байдалдаа итгэлгүй болох гэх мэт зүлийг мэддэггүй байлаа. Төгс сайхан биетэй биш ч өөртөө сэтгэл хангалуун нэгэн байв. Их сургуульд ороод найзуудтай болоход өөрсдийнхөө болон миний гадаад үзэмж, хувцаслалт зэргийг шүүмжилж эхэлсэн. Хөл ийм, гэдэс ийм, үс, хумс, арьс, уруул, хамар бүх л зүйлсээ голж гоочилж байхыг сонсоод би ч бас биеийнхээ хэсгүүдэд санаа зовдог болчихсон байсан. Хамар минь нээрээ ч далий юм шиг, засуулчихвал зүгээр ч юм шиг санагдаж, өглөө гарахдаа тэр ингэж хэлэх болов уу гэж санаа зовнин,  нүүрээ будаад гарах гэж хичээдэг болж, тухгүй ч гоё харагдах хувцаснуудыг илүүд үзэх болсон байсан. Хичээлийн жил дуусч зуны амралт эхлэхэд өөрийгөө ямар их өөрчлөгдсөнөө сая нэг ойлгож, буцаж хэвэндээ орох гэж, хичээсэн ч биеийн хэсгүүдээ голох бодлууд огт алга болоогүй. Эргэн тойрны хүмүүс шууд нөлөөлдөг юм байна лээ. Уг нь муу хүүхдүүд биш, хөгжилтэй, ханьтай хөөрхөн охидууд болохоор одоо ч нийлсээр байгаа. 

- 24 настай

#9 Хүнд дурлаад чатлаж байгаад анх уулзахад “Өө чи чинь ийм бондгор охин байсан юм уу?” гэж хэлэх үед сонин байдалд орж билээ. Амьхандаа уулзахдаа таалагдах гэж хичээгээд өсгийтэй гутал өмсөөд очиход гутлыг минь хүртэл шүүмжилсэн дээ. Тэр явдлаас хойш би сэтгэлээр унаж, турах гэж мөн ч их хичээсэн. Хоол идэхээ больж, өдөрт ганц л ширхэг талх иддэг болсон. Идсэн талхныхаа араас өөрийгөө таргаллаа гэж зүхдэг. Ийм байдалтай таван сар явсан. Ээж минь намайг хоол идүүлэх гэж их зовсон доо. Удалгүй намайг надаас илүү хайрлаж, байгаагаар минь хүлээж авдаг найз залуутай болсон. Намайг хүндлэж, хайрлаагүй хүмүүсийн төлөө өөрийгөө тэгж их өвтгөсөндөө одоо харамсдаг. Хүн өөртөө хөөрхөн байхад бусдын үг хамаагүй шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.

- 20 настай, Э

#10 10 жилд байхад хамраа их шоолуулдаг байсан кк. Тэрнээс болж нэлээн удаан хамрандаа эмзэг явсан. Харин манай аав, найз залуу хоёр хамар нь хамгийн хөөрхөн гэдэг. Тэгсэн ч гэсэн эмзэг хэвээрээ. Сүүлийн үед бусад хүмүүст яаж харагдаж байгаа бол гэхээсээ илүү өөрөө юу гэж бодож байгаагаа чухалчилдаг болсон. Тэгээд харахад надад л лав миний хамар хөөрхөн л байна. Тэгэхээр эргээд бодоход миний хамар муухай биш өвөрмөц болохоор л 10 жилд хүүхдүүд шоолдог байсан байх. 

- 28 настай, Г

#11 Хүн ямар ч байж болно. Намайг тарган,  давхар эрүүтэй гэж шүүмжилдэг. Тэд зөв бүтэцтэй галбиртай байж болно л доо. Гол нь бусдыг үзэн ядаж, төгс дүр хайн хэн нэгний сэтгэл зүйг бүү гэмтээгээч гэж хэлмээр байна. Байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж хэн нэгэн чамайг гоочилсон эвгүй биеийн хэлэмж үзүүлсэн ч “Хүн бол хүн, чи бол цор ганц шүү” гэж хэлье. Харагдах байдлаар өнгөц дүгнэлгүй, хүний дотоод гоо сайхан хайрыг олж хардаг мэлмийтэй байгаасай.

- 26 настай, Үдэнбаарай 

  Бэлтгэсэн: Т. Нандин-Эрдэнэ

Illustrations@_dotorhun_

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

123 2023.04.02 64.119.23.92

Хөлийн буруу тавилтаас болоод булчин буруу хөгжөөд майга хөлтэй болчихсон. Бага ангийн зурган дээр зүгээр тэгшхэн хөлтэй байснаа өсвөр наснаас эхлээд булчин нь гадагшаа хөгжчихсөн. Одоо болтол хөлнөөсөө ичдэг. Ер нь бие махбодид маань аятайхан юм ховор. Хөх бөгс байхгүй шахуу. Жин нэмсээр байгаа. Гэхдээ тоохоо больчихсон. Ухаантай, мэдрэмжтэй, мэргэжилдээ сайн болохоор өөртөө итгэлтэй болсон. Ажлаа мэддэг болохоор эр эм хөгшин залуугүй бүгд хүндэлж харьцдаг, үгийг минь сонсдог, хүлээн зөвшөөрдөг. Мөнгө ч сайн орж ирдэг. Тархинд минь, ухаанд минь, мэдрэмжинд минь, урин тачаангуй байдалд минь ухаан алдталаа дурласан хүнтэйгээ учирсан.

0 Хариулах


Шумуулан хөлт 2023.03.30 202.126.88.70

Дунд ангид байхад хөл чинь хэтэрхий нарийхан болохоор юбка, шорт зохихгүй байна, гүйхээрээ хачин харагддаг гээд биеийн тамирт орохоосоо ичдэг болсон. 174 см өндөр эмэгтэй боловч 1 ч спортоор хичээллээгүй. Байнга өргөн, шулуун өмд өмсдөг. Болзсон залуу маань алгын чинээ нүүрэнд хүч хүрээд батганаасаа салчихаж чадаагүй гэж хэлснээс болоод бараг 10 жил болзоонд яваагүй байхөө. 35 хүрч байж л өөртөө итгэлтэй болж найз залуутай болсон доо. Ийм л их хор хөнөөл миний амьдралд учруулсан даа. Төгс гоо үзэсгэлэнгүүд минь

0 Хариулах


Зочин 2023.03.30 202.55.188.89

Арван жилдээ , өөрийнхөө өгзгийг том уу жижиг үү гэж анзаарахаас ч өмнө манай ангийн банди нар намайг хамгийн хавтгай бөгстэй охин номинацид нэр дэвшүүлчихсэн гэж байж билээ. Хамгийн гол нь тэрийг нь манай эмэгтэй найз надад хэлээд инээж нтр ???? Тэрийг сонсоод л юу бил ээ , нээрээ өгзөгийг том жижиг гэж ялгадаг бил үү гэж бодож эхэлсэн. Шатаар өгсөх болгондоо шат алгасаж яваад л нэг хэсэг өөрийгөө их зовоосон. Одоо ч хааяа манай нөхөр том өгзөгтэй сайхан эмэгтэйг хүсдэг болов уу ч гэж хааяа бодох юм даа .

0 Хариулах


Зочин 2023.03.30 202.55.188.89

Ёстой чухал сэдвийг хөнджээ. ???? Би ч гэсэн арван жилдээ өөрийгөө батгатай гээд их шаналдаг байж билээ. Хичээлийн амралт дуусаад буцаад хичээлдээ ороход нэг ангийн охин маань сайн уу гэхээсээ урьтаж, “Өө чиний батга гайгүй болсон байна ш дээ ” гэж байж билээ . Одоо ч батга ч гайгүй болж, сүүлийн үед л ээж болох гээд гормоны өөрчлөлт явагдаад батга гарч эхэлж байна. Одоо хэг нэгэн миний батгыг хараад хариу үзүүлвэл , би мммм гээд л өнгөрнө кк

0 Хариулах